2016-09-25

Өөрийнхөөрөө амьдар

Нэгэн сувилагчийн ярьсан түүх: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн мөч тулахад өвчтөнүүд бүгдийг мартаж, уучилдаг. Би өвчтөн бүртэйгээ ярилцахдаа нэг зүйлийг заавал асуудаг байлаа. “Та энэ амьдралдаа юунд хамгийн ихээр харамсаж байна вэ?”. Тэд өвчин зовлон, царай зүс, ааш зангаараа тэс өөр ч дээрх асуултын хариулт “ИЖИЛ” байсан юм.

2015-12-03

Тэмдэглэл 2015.12.03

Монгол блогчид - 2011 наадам
Монгол блогчид наадам яг 4-н жилийн өмнө болж байжээ. / ФБ сануулав 
Шагнал нтр аваад нэг их бичээгүй болохоор энэ сайхан Наадмын нэр хүндийг унагасан байх вий гэж хааяа санаа зовдог л юм. Ерөнхийдөө энэ наадмаас агуулгыг өөрөө бүтээх ёстой юм байна, чанартай агуулга үнэ цэнэтэй байдаг юм байна, үнэ цэнэтэй агуулга бүтээхийн тулд илүү мэдлэг чадвартай байх ёстой юм бна... гэх мэт зүйлс бодсон. /зарим талаар өөртөө хязгаарлалт тавьсан байж магад. 
Өнөөдөр контентийн салбарынхан цугласан Content Summit гэж үйл ажиллагаа боллоо. 2006,7-н оны үед Монгол хэлээр хайлт хийхэд илэрц гарч ирэх магадлал бага байдаг байлаа. Одоо бол шал өөр, ховор үг биш л бол овоо хэдэн илэрц гарч ирдэг болсон. Үүнд блогчдын хувь нэмэр багагүй гэж боддог. Сөүшил платформууд эрчимтэй хөгжсөнөөр бүгд л Твиттер, Фэйсбүүк, Линкедин, Гүүгл пласын хэрэглэгчид болжээ. Мэдээж хувь хүнд бий болгож болох маш олон цахим орон зай байна. 
Түүний яг хаана нь БИ ӨӨРӨӨ байх вэ? гэдэг асуултын хариулт магад эргээд "Блог" байх бизээ...

2015-11-29

Цаг хугацаанаас

Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв

Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ.
Л.Өлзийтөгс

2015-04-26

5S зарчим



5S гэж дараах япон үгнүүдээс гаралтай бөгөөд Японы үйлдвэр, оффист хэрэглэгддэг эмх цэгцтэй, дэг журамтай ажиллах алтан зарчим юм. 
1s SEIRI Сайн зохион байгуулах 
Ажлын байранд аливаа зүйлийг хэрэггүй, хэрэгтэйгээр ангилж, хэрэггүй зүйлийг хаях
2s SEIRON Сайн нягт нямбай байх 
Хэрэгтэй зүйлээ хурдан олж авч хэрэглэж болох газар байрлуулж, ойлгомжтой тэмдэг тэмдэглээ хийх 
3s SEISO Сайн цэвэрлэж, цэмцийлгэх 
Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, багаж хэрэгслээ шалгах 
4s SEITSUKE Сайн хэвшүүлэх хэзээ ч хэн ч харсан, хэн ч ашигласан эмх цэгцтэй, цэвэр үзэмжтэй байлгаж хэвшүүлэх. 
5s SHITSUKE Сайн сахилага баттай байх 
Ажлын байрны дүрэм журамыг баримтлах. Батлаж тогтоосон дүрэм журмыг ягштал зөв баримталдаг болгохын тулд дээрх 4S-ийг хэрэгжүүлэх дадал зуршилтай болгох.

Компани 5S-ийг нэвтэрүүлсэнээр үргүй зардал буурч, бүтээмж дээшлэх, ажилчдын ажилдаа хандах хандлана дээшлэх төдийгүй ажиллах орчин сайжирдаг давуу талтай.

5S-ийг нэвтэрүүлсэнээр компанид дараах давуу тал үүснэ: 
  • Үргүй зардал багасана
  • Бүтээгдэхүүн
  • Үйлчилгээний чанар дээшилнэ
  • Цагийн юмыг цагт нь хийнэ 
  • Хөдөлмөр хамгаалал дээшилнэ
5S-ийг нэвтэрүүлсэнээр ажилчдад дараах давуу тал үүснэ: 
  • Ажилчдын ажиллах орчин сайжирна
  • Ажилчдын бүтээмж дээшилнэ
  • Ажилчид ажилдаа өөриймсөг хандана
  • Илүү идэвхи санаачлагатай ажиллана

Эдгээрийг нэгтгэж үзвэл 5S-ийг компанид нэвтэрүүлсэнээр ажилчид бүтээлч, санаачлагатай болох, компани үргүй зардлаа бууруулах, ашиг орлоно нь нэмэгдэх, ажилчдын цалин нэмэгдэх бололцоотой болдог байна.

2015-01-04

Сайн байна уу? 2015 он.

Шинэ оны эхний өглөөний нар.
Цонжин болдог орчимоос...

Шинэ ондоо санасан сайн үйл бүхнээ бүтээгээрэй найзуудаа! :-)

2014-12-31

Баярлалаа...

Он солигдох нь ээ...
Хүн бүр л өнгөрсөн жилийн амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэн ирэх жилийн зорилго, төлөвлөгөөгөө гаргаж байгаа байх. Миний хувьд ЧАНГАХАН л жил өнгөрлөө.
Юуны өмнө хэцүүхэн үед хажууд байсан, тусалж дэмжиж, санаа чилээж байсан сэтгэлтэй, хүн чанартай сайхан найзууд, хамт олон, ах эгч нартаа баярлалаа...
 - Муу найзынхаа төлөө ажил төрөл хамаг юмаа хаячихаад очёрт зогсож явсан Шинээдээ баярлалаа! Бас Норовоо, Тайванаа, Оокоо 3-таа баярлалаа.
 - Уйдсан амьтны уйдааг гаргахаар үе үе ирж, олон сонирхолтой зүйлс ярилцаж байсан найзууддаа баярлалаа. Та нар бсан учираас л муу найз нь тэнгэр / тэнгэр ч гэж дээ тааз. Ккк... / ширтсэн амьтан хэвээр үлдчихээгүй ч юм билүү? Ккк...
 - Хагалгааны өмнө ирж сэтгэл зүйчийн ажил хийж байгаад явсан найзууддаа баярлалаа. Үр дүнгээ өгсөөн өгсөн. Ккк...
 - Сэтгэл гарган тусласан Хамт олондоо баярлалаа.
 - Найзуудаас минь илүү санаа чилээсэн зарим найзуудын аав ээж, ах эгч нарт нь баярлалаа.
 - Биеийн байдал сайжирсанд учиргүй их баярлаад байсан, баярлаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. ... гээд бичээд байвал ч их юм байна аа... байна, байна шүү...
Хол ойр байгаа хүмүүсийн санааг чилээсэнд уучилж ажаамууу...
2014 он. ЦЭГ.

Дараагийн 7 хоногоос ажилдаа орно оо...
Хэвийн байдалд бүр илүү дөхнө гэсэн үг. Ккк...
2015 онд: "Сурах, сурах бас дахин Сурах". Ер нь сурч болох бүхнийг сурна гэж мэгээд...
За тэгээд ийм урт бичвэрийг тэвчээр заан уншсан танд: "Шинэ ондоо Эрүүл энх, Аз жаргал, Амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөе өө..."

2014-03-05

Албан захидал буюу И-мэйл бичихдээ анхаарах зүйлс

И-мэйл бичихдээ анхаарах зүйлс
И-мэйл нь бичиж болох текстийн хэмжээ, санаагаа зөв илэрхийлэх боломж, мэдээлэлээ олон хүнд, хурдан шуурхай хүргэх боломж гэх мэт бусад харилцааны хэрэгслүүдэд тэр бүр байдаггүй олон давуу талтай. Иймээс өнөө үед албан харилцаанд И-мэйл харилцааг чухалчлах болжээ. И-мэйлийг ажил хэрэгтээ оновчтой ашиглаж сурах нь байгууллагын ажилтны чухал чадвар юм. Мөн таны илгээсэн и-мэйлийнх агуулга, бичсэн арга барил, найруулга, үг үсгийн алдаа, санаагаа тодорхой, үнэн зөв илэрхийлсэн байдал зэргээс ажил хэргийн харилцагч тань таныг ямар түвшний боловсролтой, тухайн ажил хэргийн харилцаандаа хэр их ач холбогдол өгч байгаа талаар тодорхой дүгнэлт хийдэг бөгөөд энэ нь тухайн ажил хэргийн цаашдын харилцаанд эерэг болон сөргөөр нөлөөлөх тал бий.
Ингээд ажил хэргийн и-мэйл бичих талаар танд тус болох хэдэн зөвлөгөөг хүргэе. 

2014-02-12

Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг

Жаргалсайхан

"Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг" гэдэг үгийг би анх бүү яар! аливаа зүйлд тайван ул суурьтай ханд гэсэн утгаар ойлгодог байлаа. 
Нэг өдөр Б.Жаргалсайхан гуай "Оюутан гэж хэн бэ?" сэдвээр лекц уншив. Лекц уншив ч гэж дээ... тэр өдөр Оюутан гэж хэн болох тухай ганц ч үг ган хийгээгүй, уулзалт нь сонгуулийн сурталчилгаа, тархи угаалт болчихсон тал бий... 
Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байсан болхоор би Ерөнхийлөгч болвол..., Манай нам..., гээд л уйтгартай ярианууд... гараад явчихмаар санагдаж байсан ч дуустал нь суусан. 2,3 цаг үргэлжилсэн тэр ярианаас ганц л үг тод үлдсэн нь "Намайг өртэй л гээд цаагуур чинь муулаад байна үнэндээ юм хийж үзээгүй хүн хэзээ ч өр тавьж үзээгүй л байдаг байхгүй юу?" гэдэг үг. Энэ тайлбарыг сонсоод нөгөө л "Алхаж яваа хүн бүдэрдэггүй гүйж яваа хүн бүдэрдэг" гэдэг үгээ шал өөрөөр ойлгож эхэлсэн юм. 
"Өндөрт байгаагүй хүн хэзээ ч өндөрөөс унадаггүй..."

2014-01-23

С.Цагаан: Хөдөлмөрлөвөл амжилтанд хүрч болдогийг ойлгосон тийм л хүүхдүүд төгсгөхийг хичээдэг

Улсын Мэдээлэл зүйн олимпиадын хошой аварга, 17н жилийн дараа нутагтаа Математикийн олимпиадын мөнгөн медаль авчирсан, өдгөө улсын олимпиадаас 6н медаль хүртээд буй, сүүлийн 5 жил түүний шавь нар Баянхонгор аймгийн Математик, Мэдээлэлзүйн өнгийг тодорхойлж, улсын олимпиадад ч чамгүй амжилттай оролцдог гээд түүний тухай яриад байвал дуусахгүй урт амжилтууд цуврана. Юутай ч чадварлаг багш, нутгийнхаа Математик, Мэдээлэлзүйн сургалтын чанарыг сайжруулахаар хичэн зүтгэж буй, Баянхонгор аймгийн "Алгоритм сургалтын төв"-ийн багш Сүхбаатарын Цагаан багштай ярилцлаа...


2014-01-19

Бид чинь тэгээд Хүн чононууд болж таарах нь уу?

Яаая хүмүүс нээрээ "Бид чинь Бөртэ чоно Гуа маралын удамтай" гэж ирээд л "Чоно гэдэг чинь ижил тэнгэртэйдээ харагддаг Илүү тэнгэртэйдээ алагддаг эд" гэж холбоод л ёстой улайтал улайтал авхымаа...
Тэгхээр Монголчууд гэдэг чинь "Чоно хараад сэргэдэг Хийморь хэмээгч сүлдтэй Чоно, буга 2-ын дундаас төрсөн Хүн чоно"-нууд болж таарах нь байна ш дээ... гэж мэгээд тэнэгтээд байхгүй юу? :-P
За за балайрах яахав хүмүүсийн ийм яриаг сонсхоор нээрээ өмнөөс нь санаа зовоод бхымөө... Тайлбарлаад ч ойлгохгүй нтр...
Шинжлэх ухаан ийм өндөр түвшинд хөгжчихсөн, түүх судлал ч бас овоо хөгжчихсөн ядаж л Монголчууд Чононоос үүссэн гэж тэнэгтээгүй, биологи хүн юунаас үүссэнийг бүрэн дүүрэн баталчихаагүй боловч 1200 жилийн дотор чононоос хүн үүсэж амжина гэж бас тэнэгтчихээгүй Өө бас нууц товчоог уншчихсан юм бол ядаж түүхэн зохиол болхыг нь мэдмээр, 10 жилд сурсан юм бол уран зохиолд уянгын халил мэтийн чимэглэл байж болохыг ойлгомоор...
Ер нь миний санахад нэг чоно, буга 2 ч билүү явж байгаад хүн болоод байдаг дүрслэл Үндэсний телевизийн Үлгэрийн цагаар гардаг байсан байх аа... арай түүгээр түүхээ төсөөлж явдаггүй л байлтай...
Уул шугамандаа Бөртэ чоно гээд яриад байгаа зүйл чинь Чоно биш хүн, Бөртэ-Чино (Бөртэ-Чину) гээд хүний нэр юм л даа. Зарим хүмүүс онгон шүтээн гэж үздэг тал ч бий л дээ гэхдээ түүхчид судлаад: "Бөртэ-Чино хэмээх баатар эр (Байгаль далай орчмоос юмуу, дархадын хотгорын цаад хэсгээс...) нүүдэллэн ирж Бурхан халдун ууланд суурьшсан бөгөөд тухайн үед Онон, Хэрлэн мөрний сав газрын Монголчуудын ахлагч байсан" гэсэн түүхэн баримтууд гаргаад ирчихсэн. Бөртэ Чиногийн амьдарч байсан энэ үе бол түүхэн он цагийнхаа хувьд Манай Эриний 8-р зууны үед хамаарна.
Эрүүл хүний, саруул ухаанаар бодоод үзсэн ч 8-р зууны үед чононоос хүүхэд төрөөд л... гэж мэгээд бодох гэхээр Логикт баригдсан миний ухаан лав хүрдэггүй юм л даа... :-P
Ярихаасаа өмнө бодоод үз л дээ найз минь...

2014-01-16

Хуурах маркетинг


Анх И-мэйл маркетингаар лаг гоё Гарчигтай боловч Гарчигнаасаа тэс өөр агуулга бүхий сурталчилгаа явж эхэлснээс хойш уншигч, хэрэглэгчдийг тэс өөр үг, зургаар хууран өөрсдийн сурталчилгаагаа ХҮЧЭЭР үзүүлдэг болоод удаж байна.
"Нараагаас... Сараагаасс...
Тоглолт үзэх үү хөө?
Нөгөө газрыг чинь олсооон..." гэж ирээд л танилаас маань мэдээлэл ирж байна гэж бодхоор Гарчигтай И-мэйлүүдийг нээж үзээгүй, түүнд хууртаагүй хүн бараг байхгүй биз...
За үүнийг Маркетинг ч гэх үү? дээ... Хууран мэхлэлт л юм даа...

Ер нь энэ сурталчилгаа хир үр дүнтэй болдог бол?
Тэс өөр үгэнд хууртаад сурталчилгаруу дарж орлоо гэж бодъё. Ороод агуулгыг нь хараад хэрэглэгч хууртсанаа мэднэ. 
Хууртагдсан хүнд ямар анхны сэтгэгдэл үүсэх вэ?  
- СӨРӨГ
Хичнээн сурталчилгааг уран гоё агуулгаас тэс өөр үгэнд хууртан дарж үзсэн ч гэсэн СӨРӨГ сэтгэгдлээр тус мэдээллийг анх хүлээж авсан хүн хэрхэн хандах вэ?
- Хэрэгтэй мэдээлэл байгаад холбогдлоо гэж бодход өөрөө ч анзаарахгүйгээр анхны сэтгэгдэл нь сөрөгөөр үүсчихсэн, харамсалтай нь энэ анхын сэтгэгдэл тус харилцаа холбоог дагасаар, түүнд нөлөөлсөөр байх болно. Лав л ийм хуурмаг маркетингийн эцсийн үр дүн нь ЭЕРЭГ гарахгүй л болвуу?
Ганц удаа бүтээгдхүүн худалдаад л өнгөрөх, өөрөөр хэлбэл богино хугацааны, нэг удаагийн дамын наймаа зэрэгт ашиглавал зорилгоо гүйцэлдүүлж чадаж магадгүй л дээ. Гэхдээ Байгууллагад, урт хугацаанд оршин тогтнох бизнест энэ арга яагаад ч зохихгүй.
Маркетер энэ аргыг хэрэглээд сурталчилгаагаа асар олон хүнд амжилттай хүргэж чадсан гэсэн тайлан бичиж чадхаар тоо баримт гаргаж авч чадах боловч энэ нь Байгууллагын нэр хүндэд СӨРӨГ-өөр нөлөөлөх бүдүүлэг алдаа болно.
Тэр тусмаа байгууллагууд маш соёлтой байдлаар нийгэм дэхь нэр хүндээ бүрдүүлхээр хичээдэг болсон өнөө үед...

Би лав яг ийм сурталчилгааны аргыг үзэн яддаг,
Даанч манайхан энэ тэнэг зүйлээ хийсээр л... 
Нэгийгээ хуурсаар... 
Сөрөг сэтгэгдэл, Бухимдал үүсгэсээр л...

2014-01-15

Монгол мөрөөдөл

2 жилийн өмнө Лектор төвийн сургалтанд суугаад сүүлийн хичээл дээр Мартин Лютер Кинг-ийн "Би мөрөөдөж байна" илтгэлийн өнгө аясыг шингээсэн илтгэл бичиж баг багаараа уралдах болж, тэр оройжингоо нервтэж байж нэг юм буулгаад маргааш нь багийн 2 гишүүн дэмжсэнээр нилээн нервтэй, бас жаахан сандралттай танилцуулж байж билээ...
Сая бас нэг юм бодож нервтэж байгаад ийм юм бичиж, бас уншиж байснаа санаж нооргууд дотроосоо ухаж гаргаж ирж нийтэлж байна аа... Яг тэр эхээр нь хүргэе.

Сайн байцгаана уу? Залуусаа! 
Би жирийн нэгэн монгол залуу хүн. Та бүхэнтэй адилхан эх орондоо ихийг бүтээж сайхан амьдрахыг мөрөөддөг. 
Өнөөдөр би та бүтэндээ “Монгол мөрөөдөл” хэмээх илтгэлээ танилцуулахаар энэ индэр дээр гарч ирээд байна аа. 

Бид бүгдээрээ л ая тухтай сайхан амьдрахыг хүсдэг. Ая тухтай амьдралын суурь бол амьдрах орчин. Хэн ч гадаа 40 градустай байхад хүйтэн гэрт өглөө босохыг хүсдэггүй, бүгд л дулаан байранд өглөө бүр сэрэхийг хүсдэг. 

Тэгвэл жирийн Монгол залуу хүн хэдэн жилийн дараа өөрийн гэсэн байртай болох вэ? 
Ая тухтай амьдралыг бид 20 жилийн хөдөлмөрөөрөө худалдаж авна. Би оюутан байхдаа төгсөөд л 5, 10-н жилийн дараа байртай болно гэж мөрөөддөг байсан. Арай тодорхой мөрөөдхийн тулд нэг өдөр тооцоо хийж үзлээ. Гэтэл 5 биш 10 биш 20-н жилийн дараа л миний мөрөөдөл биелэх байв. Саяхан байрны үнэ 1,5 дахин нэмэгдлээ. Магадгүй энэ хугацаа 10 биш, 20 биш магадгүй 30 болсон байх. Би үүнийг тооцохоосоо айж байна.  
Насаараа зөвхөн л суурь хэрэгцээний нэгээхэн хэсэг болох амьдрах орчныхоо төлөө амьдрана гэдэг хариу гарах вий гэдэгээс айж байна. 

Харамсалтай байна! 
Өнөөдөр Монгол залуу хүн зөвхөн л суурь хэрэгцээгээ хангахын төлөө залуу насаа, бүхэл бүтэн амьдралаа зориулна гэдэг... Харамсалтай байна.

20,30-н жил монголдоо ажиллаад арай гэж авах тэр байрыг арай бага хугацаанд олж авахын тулд Өнөөдөр монгол залуус мянга мянгаараа Солонгосыг зорьж байна. Тэд тэнд хамгийн хүнд хэцүүг хийж байна. Тэд 20 биш 30 биш 10,15-н жилийн дараа байрны мөнгө өвөрлөөд хэдхэн жилийн настай болтлоо хордоод ирнэ. 

Эмгэнэлтэй байна! 
Өнөөдөр Монгол залуу хүн зөвхөн л суурь хэрэгцээнийхээ төлөө хүний нутагт залуу нас, эрүүл мэндээ золино гэдэг... Эмгэнэлтэй байна.

Өнөөдөр Монгол улсаа хөгжүүлэх залуу цалингаа сарын хэрэгцээндээ хүргэх гэж толгойгоо гашилгаж явахад Монгол улсыг Хэн?..., Хэн?... эзэний сэтгэлээр хөгжүүлэх юм бэ? 
Өнөөдөр баялаг бүтээх залуус суурь хэрэгцээгээ хангахаар мөнгө бүтээх аянд гарсан юм бол? Хэн?..., Хэн?... энэ оронд баялаг бүтээх юм бэ? 

Монголд ирээд сард сая төгрөг авдаг тэр хятад барилгачид биш! Тэдэнтэй зэрэгцэн ажиллаад сард таван зуун мянган төгрөг авдаг тэр л жирийн монгол залуу хөгжүүлнэ! Тэр л жирийн монгол залуу монголынхоо төлөө монгол баялагийг бүтээж чадна! 

Өнөөдөр зөвхөн суурь хэрэгцээгээндээ сарын цалингаа хэрхэн хүргэх вэ? гэж тархиа гашилгаж суугаа залуу Хэзээ..., Хэзээ... баялаг бүтээх юм бэ? 
Өнөөдөр зөвхөн яаж хурдан байртай болох вэ? Лизингийн зээлийн өрөө яаж хурдан дуусгах вэ? гэж бодож суугаа төрийн албан хаагч Хэзээ...?, Хэзээ...? шударга болох юм бэ? 
Үнэндээ тэдэнд үлдсэн шударга байх цор ганц шалтгаан бол Монголоо гэсэн сэтгэл л байх...

Хүн бүхэн л ая тухтай, сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл ая тухтай амьдрал Яагаад...?, Яагаад...? ийм үнэтэй байгаа юм бэ? 

Би Монгол залуу хүн үнэлэгдэхийн тулд гадагшаа явдаг биш, эх орондоо ирдэг байгаасай гэж хүсч байна. 
Би Монгол залуу хүн эх орондоо хөдөлмөрлөөд өөрийн гараар амьдралаа, ирээдүйгээ бүтээгээсэй гэж хүсч байна. 
Би Монгол залуу хүн цалингаа хэрхэн хүргэх вэ гэсэн жижиг асуудалд биш Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ? гэж санаа зовдог байгаасай гэж хүсч байна. 
Би Монгол залуу хүн яаж хурдан байртай, машинтай болох вэ? гэж биш Монгол улсдаа хэрхэн баялаг бүтээх вэ? гэж санааширдаг байгаасай гэж хүсч байна. 

Би зүгээр л монголдоо сайхан амьдармаар байна...

2014-01-08

Биднийг доромжлохоо боль л доо...


Өнөөдөр мэдээний сайтууд яг л 10 жилийн өмнөх шар хэвлэлүүд шиг ажиллаж байна. "Шар хэвлэл" гэдэг үг МОДАнаас гараад "Шар сайт" гэдэг шинэ нэршил бий болж байх шиг... Цахимжсанаас биш 'Сахил хүртээд шал дордов' гэгчээр Хаана, ямар балиар, бусармаг явдал болно шүүрч аваад л бичнэ. Тэр нь ядаж Facebook хуудас дээрээ #ClickJack-аар цуглуулсан 10, 10 мянган хүнд нь хүрнэ. Өглөө бүр 10,10 мянган хүний Timeline хар бараан мэдээлэлээр дүүрч, амьдрал яг л тийм нобшийййн болчихсон юм шиг саарал өдрүүд өнгөрсөөр...
Нийгэм ямар аймар юм бэ? гэж бодхоос, бухимдахаас өөр аргагүй болтол балиар бараан мэдээллээр бөмбөгдүүлж байгаа хүмүүс Өөдрөг бодол бодож чадна гэж үү?

Би нэг хэсэг Мэдээний сайтууд дагадаг л байлаа. Гэвч Хар бараан мэдээлэлүүд урсаад л..., урсаад л байна... Гялтайх өөдрөг сайхан мэдээлэл байхгүй...
Эхэндээ мэдээнүүдийг нь гарчиглаад л өнгөрдөг байлаа, Сүүлдээ нервтээд, нүд хальтарч эхэлсэн. Тэгээд л эрх чөлөөгөө хэрэгжүүлээд Unlike-аа бөөнөөр нь дарж санаа амарсан даа...

Хамгийн тэнэг нь Шар хэвлэлүүд, Шар сайтууд: "Хүмүүс хар бараан, сөрөг мэдээлэлд дуртай тиймээс бид эрэлт хэрэгцээг дагаж хүмүүсийн хүсч байгааг л бичих нийтлэх хэрэгтэй. Ингэж л уншигчидаа татаж, барьж чадна" гэсэн өчүүхэн тэнэг бодолтой байдаг. Тэр нь бараг сайтынх нь бодлого болчихсон шахуу. Өөрсдөө түүнийгээ хээв нэг ярьж явна...
Энэ үзэл нь хэзээний, хэдэн оны судалгаан дээр суурилсан Хэдэн оны, Хэнд зориулсан үзэл баримтлал вэ?
Өнөөдөр энэ л үзэл баримтлалаа бариад яваад байгаа нь үнэндээ ДОРОМЖЛОЛ.

Өнөөдөр тэр их хар бараан мэдээлэлээс хэн? юу? сурах, хэрхэн хөгжих юм бэ? ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?
Хэн нэгний энд хүрэхгүйдээ шаналан байнга хүний улруу нь шагайж явдаг, сөрөг муу мэдээллээр доош татахыг хүсэгчдэд, бас сөрөг мэдээллээр хооллож бухимдахаас өөрийг хийхээ больсон сөрөг Коммэнтчидод л хэрэгтэй байх.

2014-01-06

Тангараг бүтэн явах сайхан

Хаяа багтвал бууж, хошуу багтвал иднэ гэх зан үйл нүүдэлчин монголчуудын аж төрөхийн бичигдээгүй хууль болон үйлчилсээр олон зууныг илээжээ. Нутаг нуга, айл саахалтынхантайгаа ам муруйхгүй эвтэй найртай, тангараг бүтэн амьдарч байсан нь бидний элэнц хуланцын үеэс мөрдөж ирсэн уламжлал заншлын маш том үнэт зүйл мөн аж. Тиймээс ч айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэх үгийг хотлоороо мэдэж, түүнийгээ аж амьдралдаа ягштал сахин биелүүлсээр ирсэн байна. Чухамхүү амь нэг, санаа нэг байж л байгалийн хатуу ширүүн ааш араншинг харьцангуй бага хохиролтой давж туулсаар өдий хүрч. Амь нэгтэй, санаа нэгтэй байж чадаагүй нь айл саахалтынхандаа ад үзэгдэнэ. Амиа тойглогч айлтайгаа таарахгүй болдог учир ийм таагүй байдалд орохоос аль болох зайлсхийнэ. Айл буухыг буу, нохой хүүхдээ мэд гэх монгол үг маш эртнийх байх. Айл буусан хот айлын учир мэдэхгүй, ухаан суугаагүй хүүхдүүд нь тоглоом наадмаа булаацалдан уйлалдах, зүс мэдэхгүй ноход нь яс булаацалдан хэмлэлдэхээс өөр санаа зовж болгоомжлох зүйл байсангүй. Ухаан суусан хүмүүс нь учраа олж, хүчээ нэгтгээд амьдрах тангарагтай байсан нь бахархам уламжлал. Айл аймаг эетэй нь сайхан, ах дүү нар эвтэй нь сайхан гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгосон байсан учир цус нэгтэй ах дүүс биш ч, тангараг нэгтэй нөхөд болон айл бууж, аж төрөн суудаг байсан нь дээдсээс улбаатай ариун нандин заншлын нэг яах аргагүй мөн.

2013-12-16

Гэгээлэг талаас нь хар

Нэрт сэтгүүлч Аюушийн Авирмэд өөртөө тохиолдсон нэгэн сургамжтай зүйлийг надад ярьсан нь санаанд тод үлджээ. Тэрбээр ярьж байгаа зүйлээ сонсож байгаа хүнийхээ сэтгэлд хоногштол хүргэж чаддаг ховорхон авьяастны нэг. “Би янз бүрийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Нийгмийн муу муухай, бузар булайг зад шүүмжилж шүүрдэн цэвэрлэе гэсэн дэвэргэн санаа төрж, нэвтрүүлэг бэлтгэн, өөрөө хөтөллөө. Бурууд нүд хурц гэгчээр таагүй, тааламжгүй тааралдсан болгоноо баруун солгойгүй шүүмжиллээ. Гэхдээ оргүй хоосон юм уу гүтгэж гүжирдсэн шүүмжлэл хэлээгүй. Бүгд баримттай, нягталж шалгасан, олны нүдэн дээр ил, олон түмэн хавтгайдаа ярьж байгаа тэр л сэдэв.
Нэвтрүүлгийн олз омгоо муу муухай, болохгүй бүтэхгүй дундаас цуглуулдаг болохоор сүүлдээ бүх зүйлийг дан сөрөг талаас нь харж, сайн юм таарлаа ч нэг л итгэж өгөхгүй, эргэлзэх байдалтай болоод ирсэн. Бүхнийг дан болохгүй, бүр бүтэхгүй хар бараан талаас нь харж, зад шүүмжлэн яриад байхаар тодорхой хугацааны дараа түүндээ бүр автаж, донтоно гэдэг нь болж байгаа юм байлгүй, гэрэл гэгээтэй зүйл олж харахаа больж, урам магтаалын буюу аядуу зөөлөн үг хэлье гэхээр ам хэл эвлэж өгөхгүй болчих гээд байсан. Тэгэсхийгээд тэр нэвтрүүлгээ зогсоож, санаа амрав аа, хөөрхий. Юмыг ер нь гэгээлэг талаас нь харж байх хэрэгтэй юм байна лээ шүү” гэж Авираа маань нөгөөх хөгжилтэй инээдээрээ инээн хуучилж билээ. Ухаантай хүний сургамжтай үг яриа ангасан хүнд ус, өвдсөн хүнд эм дөхүүлж өгөх мэт тус болно гэдэг юутай үнэн. Амьдралын алхам бүрт тохиолдож байгаа үйл явдлууд бүгдээрээ сургамж. Хожим чамд тус болох туршлага юм.

2013-12-11

Дэлхийн хамгийн тансаг зочид буудал баригдсан түүх


Шавхагддаг баялагаас 
Шавхагдашгүй бизнест...

Дээхнэ Боловсрол телевизээр Дубай дахь далай дээр баригдсан, тансаг зэрэглэлийн 7 одтой "Бурж Аль Араб" зочид буудлын тухай сонирхолтой нэвтрүүлэг үзсэн юм түүнийгээ сийрүүлье. 
Арабын нэгдсэн Эмират улс орлогын эх үүсвэр, томоохон бизнес ч үгүй их ядуу байж азаар газрын тосны орд олдсоноор орлогын эх үүсвэр бий болж иргэдийнх нь амьжиргаа ч дээшилжээ. Гэвч газрын тос шавхагдашгүй баялаг биш учир удахгүй дуусаж ард иргэдийн амьжиргаа, улс орны байдал ч уналтанд орох төлөвтэй байв. Ингээд газрын тос дуусахаар эргэн байрандаа очих уу? эсвэл газрын тосноос орж ирэх үлдсэн орлогоороо ямар нэг зүйл хийж өөр төрлийн орлоготой болох уу? гэдэг замын уулзварт зогсож байв. Газар зүйн байршлынхаа хувьд тэдэнд нэгэн томоохон давуу тал, боломж байсан нь далай, түүнд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх байв. 
Ингээд Шейх нилээд эрсдэлтэй шийд гаргасан нь "6н жилийн хугацаанд 650 сая долларын хөрөнгөөр усан дээр дэлхийн хамгийн тансаг зочид буудлыг барих" байв. Инженер, Архитектуруудын хувьд шейхийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөөх 6 жилд агаар дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц рестораныг барилгын дээд хэсэгт барих, зочид буудалд ирэх далайн салхи, давалгааны хүчийг бууруулах гээд өмнө хийгдэж байгаагүй томоохон төсөл учир маш олон шинэ шийдэл боловсруулах ажил тэдний толгойг гашилгаж байв. Гэхдээ тэд чадсан, олон бэрхшээл тулгарсан, олон тохиолдолд барилгын ажил бүр мөсөн зогсож ч мэдэл байдал үүсч байсан ч 2000 он гэхэд 200 метр өндөр, 60 давхар, 202 өрөөтэй, далайд тэнгист, агаарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхуйц шийдлүүд бүхий дэлхийн хамгийн тансаг, өвөрмөц зочид буудлыг байгуулж чаджээ. 
Өнөөдөр дэлхийн баячууд "Burj Al Arab"-д 1 хонохын тулд 2'500$-45'000$ төлж тэнд жинхэнэ аялал жуулчлал оргилон хөгжиж, Эдийн засаг нь шавхагддаг баялагаас хамааралтай байхаа больж, шавхагдашгүй бизнест бүхэл улсаараа хөл тавьж чаджээ...

Дуугай байх нь тэнэгийн шинж биш

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Нийтлэлч Н.Багабанди
Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг шиг дуугарах газарт дуугарч, дуугай суух газар амаа хамхиж сурах нь хүн бүрийн эзэмдвэл зохих эрдэм юм. Дуугай байх нь тэнэгийн шинж биш. Дуугарах хэрэггүй юман дээр дуугай байж өнгөрөөх нь харин ч мэргэн ухааны илрэл. “Дуугай байх нь заримдаа хамгийн ариун шударга, хурц гоё үгнээс илүү их учир утгатай, илүү эрхэм дээд байдаг бөгөөд олон тохиолдолд илүү их ухаантайг гэрчилнэ”. Мэдэх юман дээрээ ултай бөгөөд ухаантай, товч бөгөөд тодорхой дуугарч байвал чи олны хүндэтгэл зүй ёсоор хүлээнэ. Мэдэхгүй юман дээр үглээ шаазгай шагшрах мэт ам уралдан дуугараад байвал хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог болно. “Дуугай байх нь ухаантай болохыг дандаа нотолдоггүй ч тэнэг биш гэдгийг баталдаг”. Саргүй шөнө одод илүү гэрэлтэнэ. Ухаантай хүн орчин тойрноо гэрэлтүүлэн гийгүүлнэ. Олны итгэл найдварыг хүлээсэн ухаантан дуугүй байхдаа ч эргэн тойрноо ухаанаараа гийгүүлж, намба төрх, харах харцаараа удирдан зална. Тэдний хэлсэн үгийг ямар ч хууль журам, тушаал заавраас илүүтэй үг дуугүй ёсчилон дагах нь урамтай. Тэд хоосон бөгөөд хэрэггүй үг амнаасаа унагахгүй, хэлж ярих нь ухаалаг бөгөөд оновчтой, хэрэгтэй бөгөөд хүртээмжтэй. “Төлөв даруухан ончтой ярилцах чадвар уран үгнээс илүү үнэтэй”.

2013-12-02

Манж чин улсын төрийг барьж байсан Монгол хатан

1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа Хиад Боржигон овогт бээл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амарлингуй гэнэ. Гэвч түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу гэж тэмдэглэсэн байдаг.

Тэрээр Манж чингийн анхны их хаан Нурхач баатрын 9 дэх хүү, хаан ширээг залгамжилсан Тай цун буюу “Дээд эрдэмт” хааны хатан нь байв. Анх тэрээр хааны ордонд хаан угсаа залгамжлагчийн 9 дэх татвар эм нь болж очсон байна. Хүүхэд наснаасаа гүйцэд салаагүй түүнд ханхүүгийн татвар эмсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ ордны хуучин бурхинууд үл тоон харьцдаг байв. Амарлингуйд хэдэн шивэгчдээс нь өөр ойр дотны хүн байсангүй. Эдгээр шивэгчидтэйгээ Амарлингуй жинхэнэ найз нөхрийн ёсоор харьцдаг байсан учир тэрээр шивэгчдээ дорд үзэж тэдэнд дээрэнгүй ханддаг байсан бусад хатад болон татвар эмсээс эрс ялгарч байв. Ингэж л өөрийнхөө төлөө яахаас ч буцахгүй хэдэн сайн хүнтэй болж авчээ. Амарлингуйг ордонд ирэх үед нь Ар халхын нэгэн ноён Чибхэмэн, ханхүүд мундаг догшин морь нэгийг бэлэглэсэн байв. Тэр морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадаагүй юм гэдэг. Гэтэл Амарлингуй өнөөх догшин морийг хэдхэн хоногийн дотор үйлийн үргүй номхон морь болгож чадсан төдийгүй омголон Монгол зангаараа өөрөө унан хаа сайгүй хуй салхи шиг давхиж байх болсон учир түүгээр бахархсан ханхүү түүнд өнөөх морийг нь бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, эд эрдэнэ, алт мөнгөөр шагнав. Гэтэл гайхалтай нь өнөөх их эрдэнэсээр Амарлингуй бусдын адил баярхаж хөөрсөнгүй, түүний оронд бүгдийг нь хааны ордны ихэс дээдсүүдэд, тэр бүү хэл доод ажилчдад хүртэл тарааж өгсөн гэдэг. Ингэж л өөрийгөө тойрон хүрээлэгчдийг алхам алхмаар бий болгож байжээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай. Энэ арга ухааныг түүнд эцэг ноён бээл Зайсан нь зааж өгч байсан ч байж магадгүй. Тийм биш бол тэрээр төрөлхийн арга ухааны дээдийг эзэмшигч мөн болой. Түүний энэ арга ухаан, овжин зан нь ханхүүд ихэд таалагдаж эхлээд байсан учир тэрээр 1626 онд буюу Тай цун хаан сууринд суумагц Амарлингуйд "Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Ердөө ганцхан жилийн өмнө хааны ордонд ирсэн тал нутгийн Монгол охин ингэж л 16 хан насандаа ордны их хатнаар өргөмжлөгдсөн түүхтэй...

2013-11-26

Н.Амарсанаа - "Би юу хийв"

Монголчууд мориноосоо бууж төмөр унаа зайдлахад
Малчин ард минь малаасаа салж, нүүдэллэхээ болиход
Монголын хөдөө эзгүйрч, эмгэд хөгшид л хоцорч байхад
Монгол хэмээх сүүлчийн нүүдэлчидийн төлөө би юу хийв

Монгол залуус өөртөө биш өмдөн дэхь бордоо захирагдахад
Монгол охид нь үрээ хөнөөж, оршуулагагүй үхлээр үдэхэд
Монгол даяар дархлалын олдмол хомсдол цэцэглэж байхад
Монголын ирээдүйгээр үлдэх охид хөвгүүдийн төлөө би юу хийв

Эх хэл минь гадаад хэлтэй хутгалдан, ихэнх үг нь мартагдахад
Эзэн богд Чингис хаан шилэн дээр шивэгдэж хог болон хаягдахад
Монгол гэр, морин хуурыг Хятадынхаар бүртгэх гэж байхад
Монголын түүх, бичиг үсэг, урлаг соёлынхоо төлөө би юу хийв

Тусгаар улс, үндсэрхэг үзэл гэж харийнхныг балбан
Тусгаар тогтнол, эрх чөлөө гэж өөрийнхөөрөө авирлаж
Тусгаар тогтнолын тунхагийг буруугаар үлгэрлэж байхад
Тэр бүхний төлөө би юу хийв, нүдэн балай явсан минь буруу

Тусгаар тогтнол гэж хэлээрээ ярьж, хилээ хамгаалах боломж
Тусгаар тогтнол гэдэг нь хуулиа баталж, хувьчлан тогтнох мэдэл
Тусгаар тогтнол гэж өөрийн нутаг, бичиг соёл, түүх, хүн их баялаг
Тусгаар тогтнол гэдэг нь ирээдүй хойчдоо өөрийгөө тунхаглах гавъяа

Монгол хэмээх сүүлчийн нүүдэлчидийн төлөө би юу хийв
Монголын ирээдүйгээр үлдэх охид хөвгүүдийн төлөө би юу хийв
Монголын түүх, бичиг үсэг, урлаг соёлынхоо төлөө би юу хийв
Монгол улс минь дэлхийд тусгаар үлдэхийн төлөө би юу хийв ээ. 



Н.Амарсанаа
2013.11.24

2013-11-22

Найз

Би нэг удаа ангийнхандаа энэ өгүүллэгийг ярьж өгсөн юм. Даанч бүгд ийм нөхөрлөл гэж юу байсан юм бэ? гэцгээгээд л өнгөрсөн дөө. 
Яагаад ийм нөхөрлөл байж болохгүй гэж? Би бол болно л гэж бодож байгаа. Та ч бас өгүүллэгийг уншаад өөрийн бодлоо хуваалцаарай! :-)

Маш эелдэг сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгоод түүнийг гомдоохыг хүсээгүй учир өөртөө байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд урьдынхаасаа ч илүү ашигтай амжилттай ажиллав. Хэсэг хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагдсан тухай хэлээд түүнээс гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байгаа учраас үгүй гэж хэлэлгүй бүсгүйгээ өгчээ. Цаг хугацааны явцад гэнэн сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унан явтал гэнэт хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийджээ. “Би түүнийг ядарч явахад нь тусалсан гээд” найзынхаа ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсэхийг асуужээ...

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.