2013-07-31

Титэм үг - Урагшлах хүний санах сэдэх нь их

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.
Чиний оюун ухаан дотор насан турш цадталаа идэх хоол чинь бэлэн зэхээстэй бий. Гадаа хэвтсэн төмөр зэвэнд идэгддэгийн адил оюун ухаанаа тордон ажиллуулахгүй зөнд нь орхивоос төмөр адил зэвэрнэ. Ашиглаж бай­гаа түлхүүр байнга гялалзаж бай­даг шиг ажиллаж байгаа уураг тархи эзнээ гялалзуулна. Мэл­хий хэчнээн дэвхрээд намгаас холдохгүй. Түүний адил оюун ухаанаа дайчлахгүйгээр урагш ахина гэж үгүй. Чөдөртэй морь шиг дороо дэвхэцсээр цагийг барж, насыг илээнэ.
Хүн бүрийн оюун ухааны сан хөмрөгт урагш ахиж, улам дэвжих нөөц хүч хангалттай бий. Урагш ахихын тулд урагш нь түлхэх хүч хэрэгтэй. Урагш түлхэх эрчит хүч бол санаачлага юм. Хүн бүхэн санаач­лагатай, байнгын ажил хэрэгч санаачлагатай байхыг хичээ. Санах сэдэх дадалтай, санаачлах сэхээрэх ухаантай хүн бусдын дор орж, ард үл­дэнэ гэж үгүй. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундрага билээ. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцорч, ахиж дэвжихгүй орхигддог юм.

2013-07-24

Шунал - Сургамжит өгүүллэг

Мөнгө
Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.
Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.
Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.

2013-07-17

Сахиусан тэнгэр - Сургамжит өгүүллэг

Сахиусан тэнгэр
Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд ... БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:
-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг "ЭЭЖ ЭЭ" гэж дуудаж болно гэлээ.

2013-07-08

Сэгсрээд Үсэр! - Сургамжит өгүүллэг

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсанаас живсэнгүй.  Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв. Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болхоор шороогоор дүүрэгцгээе гэв. Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байжээ. Тиймээ ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргасанаар ийнхүү аврагдсан юм гэнэ.
Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л "Сэгсрээд Үсэр! "

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.