2013-10-21

Титэм үг - Эрдэмт Хүн Даруу

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Хүмүүс ээ. Даруухан байцгаая! Энгэсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ.
Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

2013-10-20

Нас их, Ёс ахиуг сонс

Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Үр хүүхдэдээ сайны дээдийг хүсч, сайхны дээжийг хүртээхийг хичээх нь бүх аав, ээжийн чин зүрхний хүслэн билээ. Аав ээжийн амнаас унаж байгаа үг бүхэн үр хүүхдээ зөвд залах, буруугаас халхлах сэтгэл зүрхний шүншигтэй, алт эрдэнэсээс үнэтэй сургаал юм. Тийм ч учраас монголчууд аав ээжийн сургаал сайхан, алтан нарны илч сайхан гэж хэлж ярьсаар ирсэн байна. Аав ээжийн үг бол цаг ямагт ач санаж, хайр шингээсэн, рашаан булгийн ус мэт ариун тунгалаг. Эцэг, эхийн зарим үг өнгөн дээрээ өргөстэй харганаар ороолгох мэт ширүүн хатуу сонсогдлоо ч өрцөн дороо өндгөө дарсан шувуу мэт өмгөөлөл өмөгшил, өрөвч сэтгэл агуулсан, өр зүрхнээс оргилох хайр энэрэл нэвт шингэсэн байдаг юм. Үр хүүхдэдээ хар буруу санаж, мууг хүсч, муухайг зөгнөдөг эцэг эх энэ хорвоод үгүй.
Аав ээжийнхээ зөвлөж сургасан, загнаж зандарч хэлсэн аль ч үгийг тэнгэр бурхны хишиг лүндэн лугаа бодож, мөргөж сөгдөн хүлээж авах хэрэгтэй. Бага залуу насны омголон дэврүүн зан, ой сууж, ухаан тогтоогүйн харгайгаар хатуу зөөлөн үгний ханшийг мэдэхгүй мунхаглаж, хэлсэн ярьсан үгийг нь хэнэггүй царайлан өнгөрөөж байснаа, хэдэрлэн зөрж муйхарласнаа хожим хойно ухааран харамсаж өөрийгөө зүхэн гомдовч, үе үе шаналавч нэгэнт болоод өнгөрснийг буцааж болох биш дээ.

2013-10-16

Афоризм

Дадал эзэмшихийн тулд

Дургүй юмыг хийж

Дуртай юмаар тэтгэгдэнэ


         *          *         *

Бичгийн ур чадвар нь бидний оюун ухааны хурц байдлыг болоод мэдлэгийн хуримтлалыг тусган харуулдаг.


         *          *         *

Мэдрэмжгүй байдлаас ангижирч чадах юм бол та эрх чөлөөтэй болно.


         *          *         *

Хүний дотоод сэтгэл нүднээс нь харагддаг

Нүдрүү нь харахгүй бол дотоод сэтгэлийг нь олж харахгүй


         *          *         *

Илүү их анхааралтай хүн

Илүү ихийг ойлгодог


         *          *         *

Мөнгө хэрэггүй мэт ажилла
Хэн ч таныг гомдоогоогүй мэт бусдыг хайрла

Хэн ч таныг харахгүй байна гэж бодоод бүжиглэ

Хэн ч таныг сонсоогүй мэт дуул

         *          *         *

2013-10-15

Хувь хүний сэтгэл зүйн темпрамент

Темпрамент
Темпраментийн Холерик, Сангивиник, Плегматик,  Миленхолик гэсэн 4н хэв шинж байдаг.  Хүмүүсийг темпраментийн хэв шинжээр нь ямар зан чанартайг нь тодорхойлж болох бөгөөд зан чанараас нь хамаараад ямар  ажилд илүү тохирхыг нь бас тодорхойлсон байдаг. Багаар ажиллахад эдгээр хэв шинжтэй хүмүүсийг хослуулах нь ажлын үр дүн бүтээмжид эерэгээр нөлөөлдөг ажээ.  Дээрх 4н хэв шинжийн онцлог нь:

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой . мөн Спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик байдаг.

Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай. 

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, Нябо, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог. 

Миленхолик ууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, Програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгэм, массын хөгжлийг урагш чирэгчид байдаг. 

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.