2 жилийн өмнө Лектор төвийн сургалтанд суугаад сүүлийн хичээл дээр Мартин Лютер Кинг-ийн "Би мөрөөдөж байна" илтгэлийн өнгө аясыг шингээсэн илтгэл бичиж баг багаараа уралдах болж, тэр оройжингоо нервтэж байж нэг юм буулгаад маргааш нь багийн 2 гишүүн дэмжсэнээр нилээн нервтэй, бас жаахан сандралттай танилцуулж байж билээ...
Сая бас нэг юм бодож нервтэж байгаад ийм юм бичиж, бас уншиж байснаа санаж нооргууд дотроосоо ухаж гаргаж ирж нийтэлж байна аа... Яг тэр эхээр нь хүргэе.
Сайн байцгаана уу?
Залуусаа!
Би жирийн нэгэн монгол залуу хүн. Та бүхэнтэй адилхан эх орондоо ихийг бүтээж сайхан амьдрахыг мөрөөддөг.
Өнөөдөр би та бүтэндээ “Монгол мөрөөдөл” хэмээх илтгэлээ танилцуулахаар энэ индэр дээр гарч ирээд байна аа.
Бид бүгдээрээ л ая тухтай сайхан амьдрахыг хүсдэг. Ая тухтай амьдралын суурь бол амьдрах орчин. Хэн ч гадаа 40 градустай байхад хүйтэн гэрт өглөө босохыг хүсдэггүй, бүгд л дулаан байранд өглөө бүр сэрэхийг хүсдэг.
Тэгвэл жирийн Монгол залуу хүн хэдэн жилийн дараа өөрийн гэсэн байртай болох вэ?
Ая тухтай амьдралыг бид 20 жилийн хөдөлмөрөөрөө худалдаж авна. Би оюутан байхдаа төгсөөд л 5, 10-н жилийн дараа байртай болно гэж мөрөөддөг байсан. Арай тодорхой мөрөөдхийн тулд нэг өдөр тооцоо хийж үзлээ. Гэтэл 5 биш 10 биш 20-н жилийн дараа л миний мөрөөдөл биелэх байв. Саяхан байрны үнэ 1,5 дахин нэмэгдлээ. Магадгүй энэ хугацаа 10 биш, 20 биш магадгүй 30 болсон байх. Би үүнийг тооцохоосоо айж байна.
Насаараа зөвхөн л суурь хэрэгцээний нэгээхэн хэсэг болох амьдрах орчныхоо төлөө амьдрана гэдэг хариу гарах вий гэдэгээс айж байна.
Насаараа зөвхөн л суурь хэрэгцээний нэгээхэн хэсэг болох амьдрах орчныхоо төлөө амьдрана гэдэг хариу гарах вий гэдэгээс айж байна.
Харамсалтай байна!
Өнөөдөр Монгол залуу хүн зөвхөн л суурь хэрэгцээгээ хангахын төлөө залуу насаа, бүхэл бүтэн амьдралаа зориулна гэдэг... Харамсалтай байна.
20,30-н жил монголдоо ажиллаад арай гэж авах тэр байрыг арай бага хугацаанд олж авахын тулд Өнөөдөр монгол залуус мянга мянгаараа Солонгосыг зорьж байна. Тэд тэнд хамгийн хүнд хэцүүг хийж байна. Тэд 20 биш 30 биш 10,15-н жилийн дараа байрны мөнгө өвөрлөөд хэдхэн жилийн настай болтлоо хордоод ирнэ.
Эмгэнэлтэй байна!
Өнөөдөр Монгол залуу хүн зөвхөн л суурь хэрэгцээнийхээ төлөө хүний нутагт залуу нас, эрүүл мэндээ золино гэдэг... Эмгэнэлтэй байна.
Өнөөдөр Монгол улсаа хөгжүүлэх залуу цалингаа сарын хэрэгцээндээ хүргэх гэж толгойгоо гашилгаж явахад Монгол улсыг Хэн?..., Хэн?... эзэний сэтгэлээр хөгжүүлэх юм бэ?
Өнөөдөр баялаг бүтээх залуус суурь хэрэгцээгээ хангахаар мөнгө бүтээх аянд гарсан юм бол? Хэн?..., Хэн?... энэ оронд баялаг бүтээх юм бэ?
Монголд ирээд сард сая төгрөг авдаг тэр хятад барилгачид биш! Тэдэнтэй зэрэгцэн ажиллаад сард таван зуун мянган төгрөг авдаг тэр л жирийн монгол залуу хөгжүүлнэ! Тэр л жирийн монгол залуу монголынхоо төлөө монгол баялагийг бүтээж чадна!
Өнөөдөр зөвхөн суурь хэрэгцээгээндээ сарын цалингаа хэрхэн хүргэх вэ? гэж тархиа гашилгаж суугаа залуу Хэзээ..., Хэзээ... баялаг бүтээх юм бэ?
Өнөөдөр зөвхөн яаж хурдан байртай болох вэ? Лизингийн зээлийн өрөө яаж хурдан дуусгах вэ? гэж бодож суугаа төрийн албан хаагч Хэзээ...?, Хэзээ...? шударга болох юм бэ?
Үнэндээ тэдэнд үлдсэн шударга байх цор ганц шалтгаан бол Монголоо гэсэн сэтгэл л байх...
Хүн бүхэн л ая тухтай, сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл ая тухтай амьдрал Яагаад...?, Яагаад...? ийм үнэтэй байгаа юм бэ?
Хүн бүхэн л ая тухтай, сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл ая тухтай амьдрал Яагаад...?, Яагаад...? ийм үнэтэй байгаа юм бэ?
Би Монгол залуу хүн үнэлэгдэхийн тулд гадагшаа явдаг биш, эх орондоо ирдэг байгаасай гэж хүсч байна.
Би Монгол залуу хүн эх орондоо хөдөлмөрлөөд өөрийн гараар амьдралаа, ирээдүйгээ бүтээгээсэй гэж хүсч байна.
Би Монгол залуу хүн цалингаа хэрхэн хүргэх вэ гэсэн жижиг асуудалд биш Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ? гэж санаа зовдог байгаасай гэж хүсч байна.
Би Монгол залуу хүн яаж хурдан байртай, машинтай болох вэ? гэж биш Монгол улсдаа хэрхэн баялаг бүтээх вэ? гэж санааширдаг байгаасай гэж хүсч байна.
Би зүгээр л монголдоо сайхан амьдармаар байна...
0 сэтгэгдэл:
Post a Comment