2013-12-11

Дуугай байх нь тэнэгийн шинж биш

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Нийтлэлч Н.Багабанди
Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг шиг дуугарах газарт дуугарч, дуугай суух газар амаа хамхиж сурах нь хүн бүрийн эзэмдвэл зохих эрдэм юм. Дуугай байх нь тэнэгийн шинж биш. Дуугарах хэрэггүй юман дээр дуугай байж өнгөрөөх нь харин ч мэргэн ухааны илрэл. “Дуугай байх нь заримдаа хамгийн ариун шударга, хурц гоё үгнээс илүү их учир утгатай, илүү эрхэм дээд байдаг бөгөөд олон тохиолдолд илүү их ухаантайг гэрчилнэ”. Мэдэх юман дээрээ ултай бөгөөд ухаантай, товч бөгөөд тодорхой дуугарч байвал чи олны хүндэтгэл зүй ёсоор хүлээнэ. Мэдэхгүй юман дээр үглээ шаазгай шагшрах мэт ам уралдан дуугараад байвал хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог болно. “Дуугай байх нь ухаантай болохыг дандаа нотолдоггүй ч тэнэг биш гэдгийг баталдаг”. Саргүй шөнө одод илүү гэрэлтэнэ. Ухаантай хүн орчин тойрноо гэрэлтүүлэн гийгүүлнэ. Олны итгэл найдварыг хүлээсэн ухаантан дуугүй байхдаа ч эргэн тойрноо ухаанаараа гийгүүлж, намба төрх, харах харцаараа удирдан зална. Тэдний хэлсэн үгийг ямар ч хууль журам, тушаал заавраас илүүтэй үг дуугүй ёсчилон дагах нь урамтай. Тэд хоосон бөгөөд хэрэггүй үг амнаасаа унагахгүй, хэлж ярих нь ухаалаг бөгөөд оновчтой, хэрэгтэй бөгөөд хүртээмжтэй. “Төлөв даруухан ончтой ярилцах чадвар уран үгнээс илүү үнэтэй”.


Бодол санаанд ёроол үгүй, хэлэх үгэнд хязгаар үгүй. Сав ертөнц хязгааргүй, санаа бодол үзүүргүй гэж ч ярьдаг. Бодол санаанд орсон бүхнээ хэмжээ хязгааргүй, амаа чилтэл яриад байх аваас сонсч буй хүмүүсээ залхааж, дургүйг хүргэхээс өөр хүрэх үр дүнгүй. “Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна” хэмээн дорны нэгэн сэтгэгч хэлжээ. Ухаанаа гадагш нь асгаж юүлчихгүйн тулд үүд хаалгыг нь хаах үедээ хааж, нээх үед нь нээж хамжаарга цэгцтэй байлгах хэрэгтэй. Их идвэл бал хүртэл гашуун мэт санагдана, ам халж эцэс төгсгөлөө мэдэхгүй их ярьвал бал мэт амттай үгс ч сохор зоосны үнэгүй болох тохиолдол бий. Амаа мэдэж ярих нь амин чухал бол цагийг нь олж дуугарах нь онцгой чухал. Юу юуны туханд хүрэлгүй, хэлтэй амтай нь ганцхан би гэх шиг юм юмны түрүүнд дуугарах онцгүй. Түргэн амтай хүмүүс түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг үгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Цагийг нь олж хэлээгүй үгс алт шиг үнэтэй байсан ч үр дүн хаданд хашгирсан цуурай мэт хоосон. Цагийг нь олж дуугарах нь онцгой чухал бол хэнд хэлэв гэдэг бүр их чухал. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хүлээн авахгүй хүнд хэчнээн үнэтэй сургамж хэлээд нэмэргүй. Авах хүнд энгийн үг ч эрдэнэ, орхих хүнд ухаантны үг ч улиг. Дутуу хагас мэддэг зүйлийнхээ талаар түрүүлж дуугарах бүр ч шаардлагагүй. Хагас дутуу мэдсэнээс огт мэдэхгүй нь ч дээр гэдэг. Мэдэхгүй зүйлийнхээ тухай мэдэмхийрч айдангалавал олны ичгүүр шившиг, түмний элэг доог болно. Мэдэхгүй зүйлийнхээ талаар ам нээхгүй байх нь сул доройгоо баталсан хэрэг биш, харин ч ухаалгаа нотолсон үйлдэл. Хүн бүх зүйлийг мэдэх албагүй, тийм бололцоо ч байхгүй. “Бага мэдэгчид их бурцгаадаг бол их мэдэгчид бага ярьцгаадаг”. Буруу зөрүү зүйл ярьчихаад түүнийгээ зөвтгөх гэж муйхарлан зүтгэж, нүүрээ ширлэх нь тэнэг үйлдэл. Буруугаа хүлээн зөвшөөрөхгүй муйхарлан зүтгэгчийг илжигтэй зүйрлэдэг. Хүмүүсийн дунд илжиг мэт бүү бай, илжиг чамаас илүү үнэлэгдэж мэднэ. Чиний ам алдсан үгний алдааны төлөө хэн нэгэн буруутай биш, чи өөрөө л буруутай. Бусдын бурууг шүүмжлэхдээ бузгай сайн мөртлөө өөрийнхөө бурууг өндгөө дарсан шувуу мэт өмгөөлөх нь тун өөдгүй зуршил. Бусдын бурууг илчилж чаддаг ч, өөрийн бурууг уучилж чаддаггүй хүн журамт хүмүүн билээ. “Дуугүй байх нь хэлгүйн шинж бус. Ярих хэлэх хоёр тэс ондоо зүйл. Хүн эцэс төгсгөлгүй ярих атлаа ганц ч зүйл хэлэхгүй байх тохиолдол бий. Тэгэхэд өөр нэг нь дуугүй л суугаад байна, гэхдээ чухам ийн юу ч ярихгүй байснаараа маш их зүйлийг хэлж чаддаг” гэж их сэтгэгч хэлсэн байна. 

Хүний хэзээ ч хаяж болдоггүй мөнхийн дагуул хоёр зүйл бий. Бодол санаа ба хүсэл эрмэлзэл. Ухаалаг бодол санаа, өөдрөг хүсэл эрмэлзэлээ бусадтай хуваалцан чин сэтгэлээсээ ярилцах урамтай сайхан. Сайхан бодол санаа, өөдрөг хүсэл эрмэлзэлээ ажил хэрэг болгочихоод, үр дүнг нь үзэж суух нь бахархам үйлс, хүний амьдын жаргал. Гэхдээ бодол санаа, хүсэл эрмэлзэл бүхэн гэгээн гэрэлтэй, сайн сайхан байдаггүй, хорлонтой бас тэнэг бодол ч тархи толгойд үе үе орж ирнэ. “Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүмүүс түүнээ гаргаж хэлдэггүй”. Хэрэгжүүлэхийг зорьдоггүй.

Хүнд хэлэх юм, хэлэхгүй юм гэж байна. Улс амьтнаас нуун далдалж, ухаан бодолдоо хав дарж хадгалах зүйлс бий. Зуун хүнтэй зөвлөлд, нууцаа ганцхан хүнд дэлгэ. Ганц ч хүнд хэлэхгүй нууцлах зүйл ч байж магад. Нууцыг найз нартаа итгэн хэлэх хэрэггүй. Яагаад гэвэл найз нарт чинь бас найз нөхөд бий. Үхэрт хэлсэн нууц хадгалагдана. Хүнд хэлсэн нууц задрана. Гурван хүнд мэдэгдэж байгаа нууц, нууц биш болсон гэх үг байна. Тэр ч бүү хэл хоёр хүнд нууц хадгалагдах ганцхан нөхцөл бий гэнэ. Тэр нь нэг нь амьд байхгүй нөхцөлд. Итгэж ярьсан нууцыг итгэл эвдэн дэлгэх нь өөдгүй урвалт. Чамд хамаагүй нууцыг мэдэх гэж мэрийх нь ямар ашиг тустай юм бэ? Нууц нууцаараа л үлдэг. Саваагүй юманд савчих хэрэггүй, хамаагүй юмыг мэдэх хэрэггүй. Нууцлаарай гэж чамд итгэн хэлсэн нууцыг хадан хайрцаг мэт хадгалж, амаа үдүүлсэн мэт дуугүй явах ёс суртахууны үүргээ чандлан хэрэгжүүл.

“Ноён нуруутай хүн барагтай л бол яаран сандран дуугараад байдаггүй. Ноён нуруутай хүн хонхтой адилхан. Цохихгүй бол дуу гаргахгүй. Дуугай байдал бол хэзээ ч урвадаггүй үнэнч нөхөр мөн”. Малгайгаа хэзээ өмсөх, хэдийд тайлахаа мэддэгийнхээ адил хэзээ дуугүй суух, хэдийд ам нээж дуугарахаа эрхбиш мэддэг байх хэрэгтэй. “Дуугүй суух нь үгний хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ”. Цэцэнд хоёр чих цөөднө, тэнэгт нэг хэл илүүднэ гэж монголчууд ярьдаг. Тэгвэл эртний Герегийн ухаантан “Ихийг сонсож, бага ярь хэмээн бидэнд хоёр чих, ганц ам заяасан” гэж хэлжээ. Өөр нэг суутан “Хэлнээсээ илүү чихээ сайн ашиглаж бай” гэж сургасан байна. Бидний өвөг дээдсийн ухаант үг хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн суутнуудын хэлсэнтэй утга дүйж байгаа нь бахархам. Хэлье гэхээр хэл ам нийлэхгүй, ярья гэхээр яриа хөөрөө таарахгүй хүмүүсийн дунд амаа үдүүлсэн мэт дуугай суух нь өлзийтэй. “Дуугүй байх нь зарим үед аливаа үг ярианаас илүүгээр юмс үзэгдлийг илэрхийлж чадна”. Түр зуурыг өнө мөнх юм шиг, муу муухайг сайхан юм шиг, зовлонг баяр цэнгэл юм шиг андуурдаг оюун санааны харанхуйд төөрч будилсан ольдон хүмүүс хэлсэн үг, ярьсан ярианы учрыг олж, хужрыг тунгаахдаа тун маруухан, тэр ч бүү хэл тэмээ гэвэл ямаа гээд зогсч байж мэднэ. “Бүдүүлэг бурангуйчуулын дотор мэргэн хүнд үг хэлэх боломж олдохгүй байж болно. Бөмбөр нүдэж байх үед пийпаа хөгжмийн аялгуу сонсогддоггүй, сармисны үнэрт сарнайн анхилан дарагддаг билээ” гэж долоон зууны тэртээ ухаантан хэлсэн байх юм.

Уур омгондоо дүрэлзэн шатаж, хараал урсгаж, хэрүүл өдөөсөн бузар азар орчинд хэрсүү хашир байж, гал дээр тос нэмж үг сөргөн сөргөлцөлдөлгүй амаа хамхин, ус балгасан мэт дуугүй байх нь дээр. Галыг тосоор унтраадаггүй, усаар унтраана. Уурыг уураар номхотгохгүй, ухаанаар тайвшруулна. Нэгэн гүн ухаантан “Дуугүй байх нь шазруун зан, бузар булай юмуу атаа жөтөөгөөр тулгагдсан аливаа зөрчилдөөнд өгөх хамгийн найдвартай хариулт болдог” юм шүү гэж ухааруулсан байна. Цэцнийг үг хэл гэж шагнана, тэнэгийг бүү дуугар гэж шагнана гэх үг бий. Мунхаг ухаанаар мулгуу үг муйхарлан хэлж хэлчихээд сэтгэл сэргэм сайхан яриа хөөрөө өрнөнө гэж битгий хүлээ. Тэнэг зүйл асуучихаад ухаалаг хариулт нэхээд нэмэргүй. Тэнэг асуултанд ухаантан ч хариулж эс чадан бүдэрнэ. “Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх явдал”. Хэлэх гэсэн зүйлээ цагийг нь олоод эвтэйхэн илэрхийлэхэд их ур чадвар шаардагддаг бол дуугай байх шаардлагатай үед үг дуугарахгүй тэвчээд өнгөрөхөд мөн багагүй ур чадвар хэрэгтэй. Энэ ур чадварыг эзэмшвэл амьдралын чинь туршид ангаж байхад ус дөхүүлж өгөх адил ач тусаа үзүүлэх болно. Олны дунд амаа мэдэхгүй чалчсанаас дуугай байх нь хавьгүй илүү үнэ хүндтэй. “Дуугүй байна гэдэг өөртөө итгэж буйн шинж”. Үг олдохоороо үргэлж олиггүй, сонсож суугаа хүмүүсээ уйдаан залхааж, уйтгар гунигийн мананд төөрүүлнэ. Олон юм бурдаг хүн үг алдаж бусдын сэтгэлд сэв суулган, өнгөрсөн хойно өөрөө гэмшихэд хүрнэ. Үг дуугараагүйн төлөө өрөөлийг гомдоож, өөрийгөө зүхэх хэрэг гарахгүй л болов уу. Хорвоогийн эрээн барааныг мэдэх болсон ухаалаг хүмүүс дуугарах юман дээрээ дуугарч, дуугай байх газраа хэлээ хазаж чаддаг юм. “Дуугай байснаар олон зүйлийг хэлээд зогсохгүй, олныг хийчихэж болно”. Амьтан хүний дунд амаа мэдэж, амаа татаж яваарай.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.