2013-11-26

Н.Амарсанаа - "Би юу хийв"

Монголчууд мориноосоо бууж төмөр унаа зайдлахад
Малчин ард минь малаасаа салж, нүүдэллэхээ болиход
Монголын хөдөө эзгүйрч, эмгэд хөгшид л хоцорч байхад
Монгол хэмээх сүүлчийн нүүдэлчидийн төлөө би юу хийв

Монгол залуус өөртөө биш өмдөн дэхь бордоо захирагдахад
Монгол охид нь үрээ хөнөөж, оршуулагагүй үхлээр үдэхэд
Монгол даяар дархлалын олдмол хомсдол цэцэглэж байхад
Монголын ирээдүйгээр үлдэх охид хөвгүүдийн төлөө би юу хийв

Эх хэл минь гадаад хэлтэй хутгалдан, ихэнх үг нь мартагдахад
Эзэн богд Чингис хаан шилэн дээр шивэгдэж хог болон хаягдахад
Монгол гэр, морин хуурыг Хятадынхаар бүртгэх гэж байхад
Монголын түүх, бичиг үсэг, урлаг соёлынхоо төлөө би юу хийв

Тусгаар улс, үндсэрхэг үзэл гэж харийнхныг балбан
Тусгаар тогтнол, эрх чөлөө гэж өөрийнхөөрөө авирлаж
Тусгаар тогтнолын тунхагийг буруугаар үлгэрлэж байхад
Тэр бүхний төлөө би юу хийв, нүдэн балай явсан минь буруу

Тусгаар тогтнол гэж хэлээрээ ярьж, хилээ хамгаалах боломж
Тусгаар тогтнол гэдэг нь хуулиа баталж, хувьчлан тогтнох мэдэл
Тусгаар тогтнол гэж өөрийн нутаг, бичиг соёл, түүх, хүн их баялаг
Тусгаар тогтнол гэдэг нь ирээдүй хойчдоо өөрийгөө тунхаглах гавъяа

Монгол хэмээх сүүлчийн нүүдэлчидийн төлөө би юу хийв
Монголын ирээдүйгээр үлдэх охид хөвгүүдийн төлөө би юу хийв
Монголын түүх, бичиг үсэг, урлаг соёлынхоо төлөө би юу хийв
Монгол улс минь дэлхийд тусгаар үлдэхийн төлөө би юу хийв ээ. 



Н.Амарсанаа
2013.11.24

3 сэтгэгдэл:

Anonymous said...

Ямар үнэн үгтэй шүлэг вээ? Энэ хүн зохиолч уу?

Frank said...

Би(д) юу хийв?

Гантулга said...

Гэр бүлийн радиогийн хөтлөгч залуу бий.
2012 оны Болор үзэгтэн хүн дээ...

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.