2012-01-31

Уучлал - Сургамжит өгүүллэг

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндиийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр "Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна." гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эргэтэл тэр "Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм." гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: "Хүү минь, би чамаар бахархаж байна." гэж бичсэн байлаа. 

2012-01-28

Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог - Сургамжит өгүүллэг

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, "Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Шунал "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явья" гэхэд хариуд нь "Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья". Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусласан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог" гэжээ.

2012-01-24

Гутранги Үзэл - Сургамжит өгүүллэг

Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл үр дүнд хүртлээ устай аягыг "" гэж хэлдэг хүн байлаа. Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөчтэй вагонд засвар хийж байсан Ник, санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотроосоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр. Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болохоороо тоосонгүй. Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ гэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхдэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв...

2012-01-20

Титэм үг - Оролдлого сайт оройд нь гарна

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм.
Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад хав дарсан байна. Аав, ээж тэр гайтай захиаг уншсан бол яана аа гэж үе үе халаглан ярьдагсан.
Эцэг эхдээ мууг дуулгаж, муухайг үзүүлэхгүй гэсэн бодолтой элбэрэлт үр, ухаант хөвүүний ухаалаг бодол санаа.
Сайн хүү аав, ээжийгээ өвдөж л зовоохоос өөр бусдаар зовоох ёсгүй гэдгийг тэр маш сайн мэддэг, ёсчлон сахьдаг, хэрсүү залуу. Найз маань гоц авьяасгүй ч, гойд оролдлоготой нэгэн байлаа. Удаавтар боловч уйгагүй. Нэгдүгээр ангийн эхний хагаст мунгинаснаасаа хойшхи дөрвөн жил гаруйд номын мөрт шулуудаж, хичээл номоо оролдон, ширээний ард залсан бурхан шиг суусан даа. Амжилтгүй явдлын сүүлчийн шатыг амжилтын эхний шат болгож чадсан нь бахархууштай бөгөөд сургамжтай. Нэгдүгээр ангидаа сүүл хэрд жагсаж байсан тэрээр их сургууль төгсөхдөө толгойн хэсэгт өрсөлдөгчийн нэг болж чадсан. Хэрэв дахиад нэгээс хоёр жил сурсан бол яалт ч үгүй тэргүүн магнайд давхих байсан гэж боддог юм. Ленинградын Нева мөрөн дээрхи аварга том гүүр дээш сөхөгддөг аргыг инженерийн бүдүүн баргийн хийц, би илүү боловсронгуй болгож дөнгөнө гэж ярьдагсан. Хэрэв тэрээр уг ажлыг зориглон барьж аваад оролдсон бол чадах байсан гэдэгт би эргэлздэггүй. Яагаад гэвэл хүн бүрт төдийлөн байдаггүй тэвчээр, оролдлого хоёр хамтдаа, түүнд харамгүй заяасан байсан. Оролдлого сайт оройд нь гарч чаддаг гэдгийг би найзынхаа амьд жишээнээс эргэлзээ тээнэгэлзээгүй хэлэх болсон юм даа.

2012-01-18

Титэм үг - Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн.
Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун.
Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.

2012-01-14

Амьдралын үнэ цэнэ - Сургамжит өгүүллэг

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч "Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь: Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.

2012-01-13

Титэм үг - Цаг заваа дэмий юманд бүү үр

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Та бидний өвөг дээдэс цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй гэж сургамжлан захисан. Энэ сургаал үг цагийн юмыг цагт нь амжуул гэсэн утгыг агуулахын хамт цаг заваа дэмий юманд бүү үр гэсэн санааг давхар илэрхийлсэн гүн утгатай.
“Мөнгө үнэтэй, хүний амьдрал түүнээс үнэтэй ч цаг хугацаа бүхнээс үнэтэй” гэсэн нэгэн ухаантны үгийг би өмнө ишлэн өгүүлж байснаа давтан хэлж байна.
Цаг хугацаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь гэдгийг цаг нартай уралдан бүтээж, туурвидаг хүн бусдаас илүү ойлгон хэрэгжүүлнэ.
“Хэрэв цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цагийг гарздах нь хамгийн том үрлэг мөн”. Харамсалтай нь ихэнх хүмүүс “хамгийн том үрлэгийн” эзэд байдаг. Хүн мөнгөө дэмий юманд үрчихвэл харамсдаг. Тэгсэн мөртлөө бүхнээс үнэтэй алтан цагийг дэмий үрж гарздаж байна гэдэгтээ тэр болгон харамсдаггүй.
Хүмүүс мөнгөтэй, мөнгөгүй, их мөнгөтэй, бага мөнгөтэй янз бүр. Харин тэнгэр бурхан хүн бүхэнд ижил тэгш хайрласан, мөнгөнөөс хавьгүй үнэт баялаг бол “цаг”. Цагийн үнэлэмж хүн бүрт өөр, өөр. Нэг хэсэг нь цагийг нүдний цэцгий мэт хайрладаг үнэт эрдэнэсийнхээ магнайд залж дээдэлнэ. Нөгөө хэсэг нь цаг завгүй гэж үглэнэ. Зарим нь цаг нөхцөөх гэж зовно. Цагийг шал дэмий зүйлээр оролдон өнгөрөөдөг хүн цөөнгүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж хүлээсэн хүнд цаг хэчнээн удаан өнгөрнө гээч. Жаахан удаад өгөөсэй гэж хүссэн хүнд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. “Дундаж хүмүүс цагийг яаж үрэхийг бодож байдаг бол авьяаслаг хүмүүс түүнийг яаж зөв ашиглахыг бодож байдаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Ухаант залуус та нарыг цагийг яаж зөв ашиглахыг бодож байдаг хүмүүс байгаасай гэж хүснэ. Зөвхөн бодоод суугаад байх биш цаг алдалгүй хэрэгжүүлдэг болоосой гэж бүр их хүсч байна.

2012-01-12

Ц . Хулан ″ Аавдаа ″

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа

Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ

Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг

Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна

Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг

Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ

Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно

Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино
Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна
Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг

Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

2012-01-11

Титэм үг - Сайн араншин

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Арын мод алагтай цоогтой байхын адил аавын хөвгүүдийн араншин сайнтай, муутай байна. Хүүхэд, залуус та нар сайн араншинтай хүн болохыг сэтгэлийн гүнээсээ хичээ. Сайн, муу араншинг салгаж ялгахад түвэггүй. Жинхэнэ сайн араншинтай хүн мөн үү, биш үү гэдгийг жишиж харьцуулах арга, хэмжиж нягтлах хэмжүүр олон янз. Тэдгээрийн дотроос алдаа мадаггүй арга нэг бий.
Өөрөөсөө доорд хүнд хэрхэн хандаж байна вэ гэдгээр нь хүний сайн, муу араншинг хөдөлгөөнгүй тодорхойлж болно.
Эмэгтэй хүнийг ээж шигээ хайрлаж, эгч шигээ хүндэлж байгаа эр хүн бүр сайн араншинтан мөн. Эмэгтэй хүнийг дээрэлхдэг, элдэвлэж доромжилдог эр хүнийг сайн араншинтан гэж хэн ч хэлэхгүй. Дээр ч бай, дор ч бай албан тушаалтантай, дээр дорын ялгаагүй нэг л зангаар харьцах нь сайн араншинтны нийтлэг төрх. Доорд тушаалын хүмүүсээ дооглон тохуурхахгүй, дээрэлхэн доромжлохгүй, хүнийг хүн ёсоор үзэх нь сайн араншинтны шинж. Доорд тушаалын хүмүүстээ эелдэг зөөлөн, өрөвч нинжин сэтгэлээр ханд. Энэ нь чиний сайн араншинг улам тодруулан бэхжүүлж өгнө. Эсэргүүцэх чадалгүй хөөрхий хүнийг элдэвлэн доромжлогчийг сайн араншинтан гэж хэн ч үзэхгүй. Ханилж явсан нөхрөө нэмэр болохгүй гээд түлхдэг, нөмөр болохгүй гээд хөндийрдөг хүнийг сайн араншинтан гэж хүндлэх үндэсгүй. Бяд, чадал муутай нэгнийг басамжлан дээрэлхэж байгаа бол сайн араншингийн үртэс ч санаа сэтгэлд чинь үлдсэнгүй ээ гэж мэд. Багш нь шавьдаа, дарга нь цэрэгтээ хандаж байгаа хандлагаас жинхэнэ сайн араншингийн жишиг янзыг харж болно. Бага тушаалын хүмүүстэй бар арслан мэт бархирч архирч харьцах мөртлөө дээд тушаалтны өмнө мууранд базуулсан хулгана мэт эвхэрдэг хүнээс сайн араншин салан холдсон байдаг.

2012-01-10

Ааваа уучлаарай! - Сургамжит өгүүллэг

Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв.

2012-01-07

Бялуу - Сургамжит өгүүллэг

Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Тэлхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.

2012-01-06

Титэм үг - Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ. Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж.
Хуульч Сандагийн уг шүлгэнд “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов” гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж “нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх” мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал “эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох” хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

2012-01-05

А.ЭрдэнэОчир - Зам /2002 оны Болор цомын тэргүүн шүлэг/

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь
өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжг
үй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд г
өрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ с
үвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу з
үүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
С
үүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
С
үү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа

2012-01-04

Титэм үг - Буурлын буян дундаршгүй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Буурлын буян дундаршгүй. Та бидний дээдэс эх орон, газар шороо, уул усаа хадгалж хамгаалж үлдээсэн. Туурга тусгаар төр улсаа бэхжүүлж үлдээсэн. Эрдэнэт мал сүргээ өсгөн өвлүүлж үлдээсэн. Эх орны эрдэс баялгийг манаж хайрлаж үлдээжээ. Эцэг өвгөдөөс улбаалсан их түүх соёл, эх хэлээ уламжлан дамжуулсан.
Өнөөгийн бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хэн бүтээж үлдээсэн бэ? Буянтай буурлууд.
Буурлуудынхаа буянаар орох орон, оочих аяга, хөл дүүжлэх унаа, хөлдөө углах гуталтай яваа билээ бид. Аав ээжээ хайрладагийн адилаар ахмад буурлуудаа алагчилалгүй хайрлаж, дээдлэх үүрэгтэй бүгдээрээ.
Хэрвээ цаг бусын гай түйтгэр дайрчихгүй л бол үс нь цайж, зүс нь үрчийх цаг хүн бүрт хүссэн хүсээгүй ирэх нь замилан хорвоогийн жам. “Хэн ч өтөл насыг хүсдэггүй боловч бүгд л удаан амьдрахыг хүсдэг” нь хүний хорвоогийн маргашгүй үнэн. Удаан амьдрах тэрхүү чин хүсэл биелбэл өтөл насанд хөтлөн аваачиж өгнө. Хүмүүс өтөлдөг. Гэвч энэ бол удаан амьдрах цорын ганц арга нь юм. Өтлөх сайхан биш ч урт наслаж, удаан амьдрах сайхан. Өтлөх, урт наслах хоёрыг тус тусд нь байлгаж болдоггүй, үргэлж хамтдаа байдаг нь яахын ч аргагүй үнэн бөгөөд яаж ч өөрчилж болдоггүй амьдралын хууль.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.