2013-01-15

КЛЕОБУЛ : Афоризм

Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.
               *               *               *
Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг
Үнэн юм биш л бол түүнээс холуур яв
               *               *               *
Хэмжээ гэдэг бүхнээс чухал
               *               *               *
Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий.
               *               *               *
Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ.
               *               *               *
Өөртэйгээ адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно.
               *               *               *
Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс.
               *               *               *
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай.
               *               *               *
Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж.
Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.
               *               *               *
Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан.
Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
               *               *               *

Титэм үг - Том ажлаас бүү ай, жижиг ажлыг бүү гол

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Аливаа ажил үйлс бүхэн эхлэх, дуусах цагтай, дунд нь үргэлжлэх хугацаатай. Том үйлс бүтээе гэвэл цаг их зарна. Авсаархан жижиг зүйлийг бага цагт амжуулна. Ажлыг эхлэх амаргүй. Янз бүрийн хүмүүсийн төлөвлөсөн ажлаа эхлэх араншин янз бүр. Нэг хэсэг нь зорьсон хэргээ эхэлж чадахгүй, барьж авахаас халган, хойш сууж, цааргалан зүрхшээж цаг алдана. Улмаар энэ зүрх зориггүй үйлдэл нь дадал дасал болж, насан туршид нь хойш чангаана.
Залхуурч хойш суух урагшгүй муу зуршилд хүлэгдсэн хүмүүс хайран цагийг яйран болгон сүйтгэж, өөрийгөө хорлоно. Нөгөө хэсэг нь аажуу алгуур, долоо хэмжиж нэг огтлох хэтэрхий буурьтай хашир зарчмаар хандана. Энэ бол ажилд хандах муу хандлага биш, хөнгөн хийсвэр, тооцоо судалгаагүй гоомой алхмаас сэргийлэх сайн талтай ч үйл явдлын өрнөл их хурдтай, ихэд өрсөлдөөнтэй болсон одоо цагт хөхүүлэн сайшаахад учир дутагдалтай арга барил. Зарим нь шууд ханцуй шамлан барьж авч, зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэх зарчмаар гялалзуулна. Ажлын хувь заяаг шийдвэрлэх нэг гол хүчин зүйл нь хурд. Хурд бол амжилтын үндэс.
Шийдвэр гаргахдаа ч, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ч хурдтай, эрчтэй ажиллаж байж өршөөлгүй өрсөлдөөнт ертөнцөд тэсч үлдэн, сэтгэл тэнүүн урагш тэмүүлнэ. Бага цагт ихийг амжуулах алтан боломжийг хурд хэмээх шидэт туслагч чамд нээж өгнө. Өрсөлдөгчөөсөө дутуу буюу, ижил хурдтай байгаад түүнээс илүү гарч, ялж дийлнэ гэж хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Цагийн үнэлэмжгүй, цаг барих соёлгүй хүн амжилтын төлөөх уралдаанд үргэлж сүүл барин хоцорно. Тийм ч учраас бидний өвөг дээдэс цааз мэдэхгүй хүн эндэж алдах, цаг мэдэхгүй хүн хоцорч алдах гэж сургамжлан захьдаг байж. Гараас нь юм гарахгүй удаан, зүгээр суугаагүй мөртлөө бүтээл нь харагдахгүй хүн үнэхээр залхуутай. Тийм хүмүүсийн яст мэлхийнийх шиг удаан хөдөлгөөн, босож суух нь хүртэл хурдан гавшгүй хүнд дотор бачуурам тээртэй харагддаг юм. Хурдан гавшгай хүн урамтай.

2013-01-10

Н.Гантулга: "Уулсын сэтгэлгээний тэлэлтийг..."

"Болорцом-30" наадмын тэргүүн шүлэг


Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

2012-12-12

Талархал


Титэм үгсийг блогтоо нийтлэх эрх олгосон "Титэм үг" цуврал номын зохиогч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайдаа талархал илэрхийлье!

Эрхэм уншигч та Титэм үгсийг блогийн маань "Титэм үг" булангаас уншаарай!

Л.Өлзийтөгс - Гэм

Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ

Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.

2012-12-03

[Титэм үг] Боломжгүй гэх үгийг бодлоосоо арчиж хая!

Залуу анд минь! 
Боломжгүй гэх билэггүй үгийг бодол санаанаасаа хурдан арчиж хаяарай. Бодол санаа, хүсэл мөрөөдөл нь боломжгүйн хог новшоор дүүрч, чадахгүйн занганд хүлэгдсэн хүний амьдралд утгат юмгүй, гэрэл гэгээт зүйлгүй, үргэлж бүтэлгүйтнэ. Болж ирсэн, бүтэж явсан бүхэн нь хүртэл болохгүйн салхинд хийсч, чадахгүйн шуурганд туугдан одно. Энийг сурах боломжгүй, тэрийг сурч чадахгүй гэсэн хөөтэй бодол тархи толгойд орж ирсэн гайтай мөчөөс сурч болох байсан эрдэм ухаан хүнийсэж холдсоор, давж туулахад бэрх сэтгэл зүйн саад хаалтыг сурч, боловсрох замдаа хөндөлсүүлэн босгоно. Сурч мэдэх замаа таглан хад чулуу овоолсон хүн боломжгүйн намагт урагш хөдлөх аргагүй шигдэх нь харамсалтай. Урагш ахихгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Сурч мэдэх хүслээ боомилон хязгаарлаж хэрхэвч болохгүй. Сурч мэдэхээс хойш суун цааргалах нь өөрийгөө санаатайгаар хорлож байгаа ухаан мулгуу, утга учиргүй хэрэг мөн. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэл, хичээл зүтгэлтэй хүнд сурч болохгүй, мэдэж чадахгүй юм бараг үгүй, мэдлэгийн өргөн дардан зам харгуй өмнө нь үргэлж нээлттэй цэлийнэ. Хэдийчинээ ихийг сурч мэднэ, төдийчинээ ухаан сууж, хүч чадал нэмнэ. Сурч мэдсэн юм бүхэн хэзээ нэгэн цагт хэрэг болж, ач тусаа өгнө.

Чингис хааны сургаалиас...



Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

                              *                    *                    *

Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс
Зүтгэснийх нь бүтнэ
Алгуурласных нь алдагдана

                              *                    *                    *

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар

                              *                    *                    *
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох

                              *                    *                    *
Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй

                              *                    *                    *

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу

                              *                    *                    *

Зорьсон бол бүү цөхөр
Зориглосон бол бүү шантар

                              *                    *                    *

2012-10-23

[Титэм үг] Хүлээцтэй хүн хүссэндээ хүрнэ


Бидний өвөг дээдэс яарвал даарна гэж сургасан. Хурдтай байх их сайн, харин яаруу адгуу байх сайн юманд хүргэхгүй. Бүх юм өөрийн гэсэн эхлэх, үргэлжлэх, дуусах цагтай. Цаг нь болоогүй байхад адган дайрах, цаг нь өнгөрсөн хойно адайран зүтгэхийн аль аль нь адгийн муу. Дөтийг харж дөрөв хонов гэдэг шиг аажуу байж арай болохгүй ч аливаа юманд хүлээцтэй хандаж сурвал амьдралдаа маш их зүйлийг хожно.
Үгэнд хүлээцтэй байж чадвал хараал хэрүүлийн бузраас хол явна. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо. Хэрүүл өдсөн үгний өөдөөс хэдэрлэж хариулахаа хүлээ. Бодол санаанд харван орж ирсэн болчимгүй үгийг амаа хамхин, алдахгүй байхыг бод. Ам алдвал барьж болдоггүй. Сэтгэл сэмрэх хэрүүлийн муу үгийг амны босго давуулалгүй, тас жимийн тэсч дөнгөвөл сэтгэл хямраах сөргөлдөөнөөс сэргийлж өөрийгөө хамгаална. Магтах хийгээд муулах аялгатай үгсийг сэтгэлийн хөөрөл багатай, тайван тогтуун хүлээж авбал чамд хэрэгтэй. Чам руу чиглэсэн шүүмжлэлд хүлээцтэй бөгөөд тэсвэртэй, авах гээхийн ухаанаар хандаж байвал урагшлах замаа зөв засна. Сайн санаж ил хэлсэн, нуруунд хүйтэн хөлс чийхарч, нүүр улайм шүүмжийг ч нөхөр ёсны хатуухан үг надад хэрэгтэй гэдэг талаас нь хүлцэн хүлээж авбал хүнээрээ үлдэхэд тус болно. Бүр адгийн муугийн дотор ч авууштай сайн зүйл байдаг юм. Буруу зөрүүг нүүрэн дээр чинь ил цагаан хэлж байгаа тэр хүн өсөрхөн хагаралдах дайсан биш, өмөг түшиг болох нөхөр мөн. Далдуур муулсан дам үгийг дамжуулж чамд шивнэвэл сэтгэлдээ хадгалалгүй, чихний хажуугаар өнгөрөө. Дамын үг дамжигтай, дамжсан юм сэжигтэй, шивнээ үг сэтгэлд халтай, шиврээ бороо дээлэнд халтайг сана.

2012-10-12

Р.Чойном - Үгүй

Өлгийд минь буцааж аваачих шидтэн гэж үгүй
Өвгөрсөнийг минь залуу болгох хүчтэн гэж үгүй
Өөрийн минь ээжийг ахиж төрүүлж өгөх увдистан гэж үгүй

Үгүйгээр дүүрсэн хорвоо юм уу тэгвэл
Үгүйрлээ нөхдөггүй хотол юм уу тэгвэл
Үгүй огт үгүй хүслээр тасардаггүй хорвоо
Үгүй огт үгүй хүнээр дундардаггүй орчлон

Үхэх үгүйгээр төрөх гэж үгүй
Өтлөх үгүйгээр залуу гэж үгүй
Үгүй гэж байхгүй бол байна гэж байхгүй
Үгүй гэж байхгүй бол за гэж бас байхгүй

Хар цагаан хоёр харшилдсан
Нөхөр дайсан хоёр нүдэлцсэн
Зөв буруу хоёр зөрөлцсөн
Амаргүйхэн орчлонд амьдарч явна даа би

Зүгээр сууж чадахгүй
Зүрхээ хүнд бэлэглэхгүй байж чадахгүй
Адал бэртэгчинд өшрөхгүй байж чадахгүй
Анд нөхөртөө баярлахгүй байж чадахгүй

Үгүй
Тэнгэргүй аргаа баран сажилж чадахгүй
Үгүй
Тэмцэлгүй ая тал засан амьдарч чадахгүй
Үгүй
Үгүй гэдэг үг үнэтэй байна

За гэж Засдаг үгээр хуурсанаас
Үгүй гэж Үнэнээ хэлсэн нь дээр

Үгүй
Нүглээ цаасанд савлаж хов зөөж би чадахгүй
Нүднээс далдуур хүнийг муучилж би чадахгүй

Үгүй
Өөрийгөө өндөрт гаргах гэж
Өрөөлийг би хөнөөж чадахгүй

Үгүй үгүй Үгүй

[Титэм үг] Амжилтаараа ялгар


“Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч хаяж чаддаггүй” гэдэг. Амьдралаа зөвхөн дээшлүүлэхийг чармайгаад зогсохгүй утга учиртай, баяр баясгалантай, алсын хараатай цогцлоохын төлөө эрчимтэй ажиллаж, тууштай тэмцэх хэрэгтэй. Амьдрал утга учиргүй, угтах зорилгогүй тусмаа зовлон зүдүүртэй, хүнд бэрх байна. Аж амьдралаа одоо байгаагаас нь илүү утга учиртай болгох маш тодорхой зорилго тавьж мэрий. Хүн чиглэсэн зорилготойгоор хүчээ шавхан хичээн зүтгэвэл хүссэн амжилтандаа зайлшгүй хүрнэ. Амжилтанд цагаан эсгий, улаан хивс дэвссэн замаар шулуухан алхсаар хүрч очно гэж амар хялбар төсөөлбөл алд дэлэм алдана. Асар их саад тотгорыг даван туулж, хөлөө холгож, хөлсөө урсгаж байж амжилтын хаалганы бариулаас атгана. Амжилтанд хүрсэн хүний амжилтын үнэнхүү хэмжүүр нь гагцхүү давж туулсан саад тотгорын нийлбэр.

Хүн хамгийн сайн чадах зүйлээ хийж байж амжилтанд хүрнэ. Дургүй ажлаа хийсээр дуулимд цуурайтах амжилтанд хүрсэн хүнийг олъё гэвэл өвсөн бухал дундаас хаяж гээсэн зүү хайж олохтой адил юм болох байх. Насаараа алх барьж, дөш нүдсэн дархан хүнийг мэргэжлээ сольж хийлчин болоод хөгжмийн ертөнцөд алдраа мандуул гэвэл юу гэх бол? Хүн дуртай ажлаа хийсээр амжилтанд хүрэхийн гадна бас өөрийнхөө хүчинд итгэж байгаа газартаа чадах юмаа хийж байж зорьсон зорилгодоо хүрэх нь тодорхой. Нэгэн алдартай бөх, дэнж нь хотойхгүй бол би энэ наадамд түрүүлнэ гэсэн утгатай үг хэлж аархсан тухай ам дамжин яригддаг. Энэ бол онгироо сагсуу хүний дэмий үг биш, өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэж, эр бярандаа багтаж ядсан, бөхийн амжилтандаа бардам байгаа зоримог үг байжээ.

Хөнгөн хялбар олдох амжилт ховор. Ойгүй газар араатан ховор, уулгүй газар чулуу ховор, усгүй газар загас ховор гэдэгтэй адил. Хөнгөн олдож байгаа амжилт удаан тогтохгүй. Хаврын цас сэмрэн хайлан урсах мэт тун удалгүй алга болно. Амжилтын оргилд мөчит дөрвөн хөлтөн хүрч эс чадах өндөр уулын халилд үүрэндээ нисэн очих өл бүргэд мэт нисч очихгүй, мэдээж. Амжилтын оргил өөд мацаж байгаагаа өндөр уулын оргил өөд авирч байгаатай л зүйрлэ. Уулын оргилд бэлээс нь мацна. Салхи шуурга, цас мөс, хүйтэн нойтоныг туулж, амь эрссэн эр зоригийн тулаан хийж байж бүргэд өндөглөсөн өндөр халилд дөхөж очно. Уулын оргилд авирахад туулах тэр л бэрхшээл зовлон, бэрх хатууг даван, эр зоригийн тулаан хийж, ялан урагшилсаар амжилтын оргилд дөхнө. Амжилтанд хүрэх өөр дөт бөгөөд шулуун дардан замыг хэнд ч, хэн ч засаж бэлдээгүй. Тийм бэлэн зассан зам хүсч мөрөөдөж байгаа бол амжилтын оргил мөрөөдсөний гарз.

Амжилт өөд ганцхан зам хөтөлнө. Энэ бол ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн зам. Энэ зам өргөн нарийнтай, дэгэн догонтой. Зарим хүнд нарийн бүдэг зөрөг зам ч тохиож магад. Ийм замаар өгсөж яваа хүн үнэнхүү их ухаан, үлэмж их хүч чадал зарж, бусдаас шаргуу хөдөлмөрлөж, илүү хичээх хэрэгтэй болно. Амжилтанд хүрэхийн тулд ажил хөдөлмөр хичээл зүтгэлийн замаас өөр зам хайж байгаа бол бүтэлгүй буруу зүйл бодож төлөвлөж байна гэсэн үг. Тийм хүмүүсийг сэргээш хэрэглэсэн тамирчин шиг цахилгаан цахиад өнгөрөх төдийд баярлуулаад гомтгосон гунигтай амжилт хүлээнэ. Сэргээш хэрэглэсэн тамирчин шагналаа буцаан хураалгаж, нэр төрөө баллах болохоор юуных нь ч амжилт байх билээ дээ. Зөв явбал зөрөг замаар ч ахиж гэлдэрсээр амжилтын эзэн болох боломж бий.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.