2012-10-23

[Титэм үг] Хүлээцтэй хүн хүссэндээ хүрнэ


Бидний өвөг дээдэс яарвал даарна гэж сургасан. Хурдтай байх их сайн, харин яаруу адгуу байх сайн юманд хүргэхгүй. Бүх юм өөрийн гэсэн эхлэх, үргэлжлэх, дуусах цагтай. Цаг нь болоогүй байхад адган дайрах, цаг нь өнгөрсөн хойно адайран зүтгэхийн аль аль нь адгийн муу. Дөтийг харж дөрөв хонов гэдэг шиг аажуу байж арай болохгүй ч аливаа юманд хүлээцтэй хандаж сурвал амьдралдаа маш их зүйлийг хожно.
Үгэнд хүлээцтэй байж чадвал хараал хэрүүлийн бузраас хол явна. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо. Хэрүүл өдсөн үгний өөдөөс хэдэрлэж хариулахаа хүлээ. Бодол санаанд харван орж ирсэн болчимгүй үгийг амаа хамхин, алдахгүй байхыг бод. Ам алдвал барьж болдоггүй. Сэтгэл сэмрэх хэрүүлийн муу үгийг амны босго давуулалгүй, тас жимийн тэсч дөнгөвөл сэтгэл хямраах сөргөлдөөнөөс сэргийлж өөрийгөө хамгаална. Магтах хийгээд муулах аялгатай үгсийг сэтгэлийн хөөрөл багатай, тайван тогтуун хүлээж авбал чамд хэрэгтэй. Чам руу чиглэсэн шүүмжлэлд хүлээцтэй бөгөөд тэсвэртэй, авах гээхийн ухаанаар хандаж байвал урагшлах замаа зөв засна. Сайн санаж ил хэлсэн, нуруунд хүйтэн хөлс чийхарч, нүүр улайм шүүмжийг ч нөхөр ёсны хатуухан үг надад хэрэгтэй гэдэг талаас нь хүлцэн хүлээж авбал хүнээрээ үлдэхэд тус болно. Бүр адгийн муугийн дотор ч авууштай сайн зүйл байдаг юм. Буруу зөрүүг нүүрэн дээр чинь ил цагаан хэлж байгаа тэр хүн өсөрхөн хагаралдах дайсан биш, өмөг түшиг болох нөхөр мөн. Далдуур муулсан дам үгийг дамжуулж чамд шивнэвэл сэтгэлдээ хадгалалгүй, чихний хажуугаар өнгөрөө. Дамын үг дамжигтай, дамжсан юм сэжигтэй, шивнээ үг сэтгэлд халтай, шиврээ бороо дээлэнд халтайг сана.
Андуу эндүү хэлэгдсэн шүүмжийг анхаарч тунгаах, араас нь санаашрах шаардлагагүй. Хэрэггүй болсон цаасыг хамж базаад хаядаг шиг хөсрийн болсон хэрэггүй үгсийг үнс шороо салхинд хийсэх адил бодол сэтгэлээсээ хийсгэ. Үгний өөд урууг ялгахгүйгээр өрвөлзөн сөргөлдөхөөс зайлсхий. Сайныг бодсон санаагаа муухан үгсээр хачирлаж, өргөсөө гадагш, өнгөө дотогш гаргагч хүнд туньж уурлан, тунирхан муудвал чамд л хохиролтой. Үнэнийг хэлэх сайн хүмүүс үүл салхинд хөөгдөх адил чамаас холдоно. Тус болох хатуухан үгийг тосч авах тэнхээтэй бай. Сайшаал магтаалын үгийг сайтар сонсож тунгаа. Урам өгч урагш хөтлөх магтаалыг ухаан бодолдоо шингээж ав. Хоосон магтаалд хөөрч дэврэх хэрэггүй, хоол биш хор болно. Өсгөж хөөрөгдсөн магтаалд өөриймсөн баярлаад нэмэргүй, үнэнийг онож хэлээгүй болохоор өөрт чинь наалдах юмгүй. Үнэнд ойр урам магтаалыг урамшин хүлээж авахдаа гадна харагдах сэтгэл хөдлөлөө бага, дотогшоо шингээхийг нь их байлгахыг эрмэлз. Магтаал сайшаалын үгэнд ил харагдах сэтгэл хөдлөл шүдэнз зурахын төдийд нүүрэн дээр гэрэлтэн өнгөрнө, дотогшоо шингэсэн урмын үг дотор сэтгэлээс өнө удаан гэрэлтүүлэн бүлээцүүлнэ.

Шийдвэр гаргахдаа яаран сандран, хам хум хандалгүй, бодолтой бөгөөд хүлээцтэй шийдвэл хүсч мөрөөдсөн ажил чинь бүтэмжтэй бөгөөд үр дүнтэй байх суурь дэвсгэрээ сайн тавилаа гэсэн үг. Барилга байшингийн суурийг муу тавибал баригдаж дуусалгүй нурахад хүрдэг шиг хөнгөн хуумгай гаргасан алдаатай шийдвэр бүх ажлаа хөөдөн, хуу нурахад хүргэнэ. “Ул үндэсгүй үйл ажиллагаа юунд ч чиглэсэн байлаа, дандаа дампуурч дуусдаг” гэж бичгийн их хүн анхааруулжээ. Манай ухаант дээдэс шийдвэр гаргахдаа хүлээцтэй, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдэж байгаарай гэж захисан. Энэ бол шийдвэр гаргахдаа баримтлах алтан зарчим. Хүлээцтэй байна гэдэг нь яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, өөх ч биш, булчирхай ч биш, дүлэгнэж суухын нэр биш. Хүлээцтэй байна гэдэг нь алсхи бодолтой, асар хариуцлагатай байхыг хэлж байна. Хүлээцтэй байх нь алмай царайлсан, алхайн саатах биш, нарийн нягт тооцож судлан, бодож төлөвлөн, түргэн шуурхай үйлдэхийг шаардана. Хүлээцтэй үед хүний оюун санаа тайван тогтуун, бодол ухаан цэгцтэй төвлөрсөн байна. Ийм үедээ асуудлыг уужуу тайвуу, алс хэтийг харж, олон талаас нь бодож тунгаан, эрсдэл багатай, оносон зөв, мэргэн цэцэн шийдвэр гаргах боломжтой. Том үйл хэрэг сэдсэн бол том бэрхшээлтэй учирна гэдгээ тооцсон байх учиртай. “Асар их саад тотгоргүй аугаа их үйл хэрэг гэж байдаггүй”. Аугаа үйл хэрэг аяндаа өөрөө бүтнэ гэж бодож санасны гарз. Тархи толгойгоо гашилтал бодож, хөлсөө дуслуулан, амсхийх чөлөөгүй зүтгэн хөдөлмөрлөж байж их үйл хэргийг бүтээн цогцлооно. Гагцхүү хөдөлмөрлөж, зөвхөн хөдөлмөрлөж байж л ходоодоо хоолтой байлгана гэдгийг хүн бүр, дор бүрнээ ухамсарлах ёстой. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдгийг мэддэг мөртлөө хүмүүс үнэгүй юманд учиргүй дуртай байдаг нь гайхмаар. “Хүн үйл хэргийн төлөө бүтээгдсэн. Хүний хувьд үйл хийхгүй байх нь оршин тогтнохгүйтэй адил”.
Тэвчээртэй хүн хүлээцтэй. Хүлээц тэвчээртэй хүн барагтай л бол алдаандаа бүдрэхгүй, харин амжилтанд гарцаагүй хүрнэ. Яах ийхийн зуургүй, гэнэтийн шийдвэр гаргаж «бушуу туулай борвиндоо» гэгчээр алдаж гишгэн, тэр алдаагаа засах гэж эргэж буцан цаг алдаж, хөрөнгө хүч үрж, сэтгэл санаагаа түйвээж байснаас аажуу уужуу бодож, тэвчээр хүлээцтэй шийдэх нь хавьгүй дээр. Тэвчээр муутай хүний ам нь ч түргэн, үйлдэл нь ч яаруу. Шөвгөөр хатгуулсан мэт огло харайн, онож алдахыг хольж хутган бужигнуулаад хаячихна. Тэгээд хүлээцтэй байж чадаагүйнхээ гашуун горыг амсана. Тэвчээр заан хүлээж суусаар байтал хамаг сайхан хажуугаар нь өнгөрч, өөрөө хоосон янгиа зайдлан хоцорно шүү гэж яаруу адгуу хүмүүс давчдан яарна. Хүлээцтэй, тэвчээртэй хүнд санаж бодсон бүх зүйл нь цаг хугацаандаа ирнэ. «Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чадна». Тэвчээртэй, сэтгэлтэй хүмүүс л үржил шимгүй элсэн цөлийг мод, ус нь жигдэрсэн баянбүрд болгон хувиргах увидастай. Саяхан говьд мод тарьж, ихээхэн амжилтанд хүрсэн эрхмийн яриаг сонсож ихэд бахдав. «Говьд бүх мод, сөөг ургана. Гагцхүү тэвчээр, сэтгэл хоёр хэрэгтэй» гэж тэр хүн омог бардам өгүүлж байна. «Эцсийн эцэст няцашгүй зориг оргилд нь хүрдэггүй тийм уул гэж ертөнц дээр байдаггүй» гэж их зохиолч Ч.Диккенс бичжээ. Алдарт уулчин Дэнзэн Норгой хамтрагчтайгаа дэлхийн хамгийн өндөр цэг Хималайн оргилд анх авиран гарсан. Тэд няцашгүй зориг, цуцашгүй тэвчээр, эрч хүч, эрэмгий чадлаар «мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй» оргилыг эзэмдэж чадсан юм. Тэднээс хагас зуун жилийн дараа Монголын уулчин Г.Өсөхбаяр дэлхийн оргилд гарсан нь бидний нэгэн бахархал.
Юу юуны туханд хүрэлгүй ямаан омог гаргаж, уурлаж омогдохоо хүлээзнэ. Эрдэм багатын омог их гэдэг. Эрдэм боловсролоор дульхан мунхаг нэгэн гэдгээ олонд ил зарлаад юу хийх вэ. Уур чинь хүрвэл тэвчээртэй хүлээцтэй байхыг бод. Уур хүрэх тоолонд уурлаж савсганаад байвал уурын тулам, ухааны мунхаг гэгч болно. Уур ихтийн ухаан цухал, ухаан сайтын сэтгэл уужим байдаг юм. Уурлалаа ч гэсэн ухаантайхан уурла. Ухаанаа уландаа гишгэж, уурандаа толгойгоо мэдүүлсэн үед ой тойнд оромгүй мунхаг үйлдэл хийж болохоос сэрэмжил. Уураа багасгаж, уурлахаа болихыг хэн нэгэн сургамжилж, өөр хэн нэгэн өөд уруугүй үглэн, зарим нь загнаж зандарч зан араншингаа янз янзаар үзүүлэх ч уурын мунхагтай өөрөө тэмцэж, өөрөө ухаарахгүй бол өөр хүн нэг их тус болж чадахгүй. Уурлаж байгаа хүнийг сөрж уурлавал гал дээр тос нэмсэнтэй л адил. Савандаа байсан уур нь сагаж дэврэхэд хүрнэ. Түргэн уур хэрүүл дэгдээж, түүдэг гал түймэр дэгдээнэ. Уурын мунхагаар энэ ертөнцөд хэчнээн бузар булай, хэрцгий догшин үйлдэл болсныг мартаж болно гэж үү? Уурын мунхаг өөдлөхийн дайсан байдаг. Уурын боол болсон хүн өөдөлье дэвжье, хүн шиг амьдаръя гэж ухаанд нь гэрэл гэгээ гийвэл уураа багасгаж ухаантайхан амьдарч, хүний дайтай хүн байхыг өөрөөсөө хатуу шаардан өөрийгөө хүчлэн ятгах хэрэгтэй. Юм юманд хүлээцтэй байхыг хичээ. Чиний аврал өөр хэн нэгэнд биш, зөвхөн өөрт чинь байгаа. Янз янзын шалтгаанаар гал мэт дүрэлзэн уурлаад байвал янз бүрийн өвчнийг өөртөө дуудах болно. Хайран сайхан биеэ өвчний үүр болгон хайр найргүй сүйтгэхийн хэрэг юу байна. Уурыг ухаан, хүлээц, тэвчээр л дийлнэ. Хүлээцтэй байх нь алдааг багасгаж амжилтыг ахиулахад тус болно. Чармайлт амжилтын эх байдаг бол хүлээц тэвчээр амжилтыг бататгаж өгнө. «Аугаа их үйл хэргийг шууд хийчихдэггүй» юм. Хүлээцтэй хүн хүссэндээ хүрнэ, хийх гэснээ хийнэ.

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Iim saikhan ukhaantai mergen, amidrald heregtei surgaali niitlesen chamd ich bayarlalaa. Unshihad uneheer tusgaj avan amidrald heregjuuleheer zuil ich baina.

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.