2012-12-03

[Титэм үг] Боломжгүй гэх үгийг бодлоосоо арчиж хая!

Залуу анд минь! 
Боломжгүй гэх билэггүй үгийг бодол санаанаасаа хурдан арчиж хаяарай. Бодол санаа, хүсэл мөрөөдөл нь боломжгүйн хог новшоор дүүрч, чадахгүйн занганд хүлэгдсэн хүний амьдралд утгат юмгүй, гэрэл гэгээт зүйлгүй, үргэлж бүтэлгүйтнэ. Болж ирсэн, бүтэж явсан бүхэн нь хүртэл болохгүйн салхинд хийсч, чадахгүйн шуурганд туугдан одно. Энийг сурах боломжгүй, тэрийг сурч чадахгүй гэсэн хөөтэй бодол тархи толгойд орж ирсэн гайтай мөчөөс сурч болох байсан эрдэм ухаан хүнийсэж холдсоор, давж туулахад бэрх сэтгэл зүйн саад хаалтыг сурч, боловсрох замдаа хөндөлсүүлэн босгоно. Сурч мэдэх замаа таглан хад чулуу овоолсон хүн боломжгүйн намагт урагш хөдлөх аргагүй шигдэх нь харамсалтай. Урагш ахихгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Сурч мэдэх хүслээ боомилон хязгаарлаж хэрхэвч болохгүй. Сурч мэдэхээс хойш суун цааргалах нь өөрийгөө санаатайгаар хорлож байгаа ухаан мулгуу, утга учиргүй хэрэг мөн. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэл, хичээл зүтгэлтэй хүнд сурч болохгүй, мэдэж чадахгүй юм бараг үгүй, мэдлэгийн өргөн дардан зам харгуй өмнө нь үргэлж нээлттэй цэлийнэ. Хэдийчинээ ихийг сурч мэднэ, төдийчинээ ухаан сууж, хүч чадал нэмнэ. Сурч мэдсэн юм бүхэн хэзээ нэгэн цагт хэрэг болж, ач тусаа өгнө.
Мэдлэг бол урагшлах замын хөтөч. “Жинхэнэ мэдлэгийн ачаар л чи нэн зоригтой, ажил бүртээ төгс төгөлдөр байх болно”. Ямар нэг зүйлд суралцаж байгаа бол дутуу дулимаг оромдон, сурсан ч биш, сураагүй ч биш, өөрийгөө хуурч, цаг нөхцөөх хэрэггүй. Хагас дутуу мэдсэн болсноос огт мэдэхгүй байх нь ч дээр байж мэднэ. Хагас дутуу мэдсэн хүн сурч мэдсэн бага сага зүйлээ үйл ажилдаа хэрэглэхээсээ урьд үг хэлээрээ мэдэмхийрч, сайн юманд садаа учруулна. Аливаа хүнийг үг хэлээр нь биш, үйл хэргээр нь, үлдээсэн мөрөөр нь үнэлэх ёстой. Сурч байгаа зүйлээ төгс сайн сурахыг хичээх хэрэгтэй. Төгс сайн сурсан хүн төгс сайн хийдэг алтан гартан болж, өрөөл бусдад хүндлэгдэхийн хамт өөрөө сэтгэл хангалуун, бахархах сайн үйлсийн эзэн байна. Ер нь хүн бүр эрхэлж буй үйл хэргээ маш сайн мэдэж, гаргууд сайн хийдэг байх ёстой. Ажлаа сайн мэддэг хүн хийж бүтээснээсээ хавьгүй ихийг хийх боломж байна гэдгээ ухаарч, бүтээлч хүч чадал нь булгийн ус мэт ундарч байдаг. Тийм хүний зүрх сэтгэл нь их үйл хэрэгт зорин тэмүүлж, санаа бодол, хүсэл зориг нь бүтээлч үйлсэд газарчлан хөтөлнө.
Өнөө, маргаашаа яаж ийгээд аргацаах төдий шар өдөр, бор хоногийг өнгөрөөж байгаа хүн өөрийн хүч бололцооны өчүүхэн хэсгийг чадан ядан ашиглаж, худгаас ховоогоор татсан усаа элс рүү юүлэн асгах мэт асар их боломжийг хоосон урсгаж байдаг. Цаг ямагт ирээдүйгээ харж, яаж үүнээс илүү сайн, давуу ихийг хийх вэ гэж бодож байгаа цагт л өөрийнхөө асар их боломжийн хязгааргүйг олж үзэн, түүнийгээ дүүрэн ашиглахын төлөө махран чармайн зүтгэнэ. Энэ хүмүүс боломжгүй гэх үгийг хэлэх нь бүү хэл сонсох дургүй цээрлэн цэрвэх итгэл үнэмшлийн эзэд.
Оюун ухаант хүн төрөлхтөн түү- хэн хөгжлийнхөө явцад боломжгүй мэтээр төсөөлөгдөж байсан тоо томшгүй олон асуудлыг боломжтой болгож чадсан. Тэнгэр огторгуйд шувуу мэт дүүлэн нисэх бодол хүний туйлын хүслийн нэг байжээ. Гэвч хөөрөн нисэх даль жигүүргүй болохоор шувуу адил дүүлэн нисэх нь хүсэл мөрөөдөл төдий, огт боломжгүй зүйл мэт төсөөлөгдөж байв. Хүний оюун ухаан боломжгүйг боломжтой болгон хувиргагч аугаа их хүч, ид шидтэн билээ. Байгалиас хүнд нисэх жигүүр хайрлаагүй ч оюун ухаан заяасан болохоор ухааныхаа чадлаар тэнгэрээр нисэх төдийгүй, сансарт аялах болов. Ухаант хүн хэзээ нэгэн цагт тэнгэрээр ниснэ гэдгийг монголчууд зөн билгээрээ таан мэдэж, үлгэр туульс, домог яриагаараа илэрхийлдэг байжээ. Үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр газар товчлон нисэх гуурст хөлгийн тухай домог, нисдэг бор морины тухай үлгэр, сарын газрыг өдрөөр, хоногийн газрыг хормоор товчлон харвасан сум шиг хурдан түргэн ирж очих тухай домгийн сэдэл зэрэг нь өнөө цагийн хөгжил дэвшлийг балар эртнээс зөгнөн бэлгэдсэн нь монгол түмний зөн билгийн мэлмий хэчнээн хурц бөгөөд оновчтой болохыг илэрхийлнэ.
Боломжгүй мэтээр төсөөлөгдөж байсан зүйлсийг боломжтой болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн зүтгэгч хүн нэн бүтээлч эрхэм. Боломжгүйг боломжтой болгон хувиргахад сэтгэлийн тэнхээ, өөдрөг сэтгэл, эр зориг хөдөлгөгч хүч нь болж тусална. Болгоно, бүтээнэ гэсэн сэтгэлээр зориглон зүтгэж, чадал бололцоогоо дайчлан шаргуу ажиллаж, боломжгүй мэт бодогдож байсан олон ажил хэрэг цогцлон бүтэж, үр дүнг нь харж, урамшин баярлах бахархам сайхан. Бүтээнэ, цогцлооно гэсэн итгэлээр жигүүрлэн, хийж бүтээхийн төлөө сэтгэлээ зориулан мачийн зүтгэвэл хэн ч гэсэн боломжгүйн хориг хаалтыг даван, ололт амжилтын нэр төртэй эзэн байж чадна.
Боломжгүйг боломжтой болгох арга зам зөндөө бий. Юуны урьд боломжгүй гэх үгийг амны уншлага битгий болго, огт хэрэглэхгүйгээр орхи. Тэр ч болохгүй, энэ ч боломжгүй гээд суугаад байвал боломжтой юм нэгээхэн ч үлдэхгүй. Хийж бүтээх хүслийг боломжгүй болгон ухаан бодлыг чинь хордуулагч буг чөтгөрийн хорлолыг үлдэн хөөж, суларч хоосорсон орон зайд нь бурхны бүтээгч хүчийг урин залж, байр суурийг нь баттай эзлүүл.
Боломжгүйг боломжтой болгох дуусч шавхагдашгүй эх ундарга бол санаачлила. Санаачилгатай зүтгэлтэй хүн үржил шимгүй элс мараатай газрыг үзэсгэлэнт баянбүрд болгон хувиргах мэт маш олон боломжгүйг боломжтой болгон хувиргана. Үргэлж шинийг сэдэгч, сайнд хөтлөгч, мэргэн ухаант санаачилгатай ажилтан үнэлж баршгүй эрдэнэ. Шинэ санаа хэзээд чухал бөгөөд үнэ цэнэтэй, гэхдээ энэ чинь ердөө л санаа, түүнээс цаашгүй. Хүний бодол, мөрөөдөл хязгааргүй. Хэн ч юу ч санаж, юуг ч санаачилж, зохион бодож болно. Харин түүнийгээ амьд ажил, биет бүтээгдэхүүн болгож, үр шимийг хүртэх л жинхэнэ үр дүнтэй санаачлага. Шинэ санаа бүхэн үр ашигтай байдаггүй. Тиймээс хүмүүс түүнд эргэлзэж, болгоомжтой ханддаг. Шинэ сэргэг зүйлээс зүрхшээн болгоомжилж, эргэлзэн цааргалж идэвхгүй сууснаас зөв бурууг туршин шалгаж, хэрэгтэйг нь шилж аван, хэрэггүйг голж орхих хэрэгтэй.
Боломжгүйг боломжтой болгоход туслах дуусаж дундаршгүй нөөц бол итгэл. Би үүнийг заавал сурна, түүнийг хийж чадна гэсэн итгэл байхгүй бол бүтэх тавилантай ажил төрөл ч бүтэлгүйтэн замарч, савангийн хөөс мэт тэр дороо үгүй болно. Итгэл бол хүн бүрт туслахад хэзээд бэлэн өгөөмөр өглөгч далдын хүч. Гагцхүү өөрт бэлэн байгаа тэр их нөөц хүчийг үр дүнтэй ашиглаж сурах хэрэгтэй. Үүнийг хийх ямар ч боломжгүй гэж итгэл алдарсан хүнээс боломж бололцоо нь талын салхинд хийсэх тоос шороо адил ор сураггүй алдагдах нь амьдралын гашуун үнэн. Сурна, хийнэ, чадна гэсэн итгэлийн галаа үргэлж өрдөн бадрааж бай. Давж туулахад бэрх хүндрэл бэрхшээлийг амжилттай гэтлэхэд эр зориг, эрч хүч хэрэгтэй. Түүнтэй адил боломжгүйг боломж болгон хувиргахад цуцашгүй эр зориг шаардагдана. Эр зоригийн хүчээр шинэ, шинэ боломжийн үүд хаалгыг итгэл төгс нээнэ. Хүндрэл бэрхшээлийг улаан нүүрээрээ угтахад ч түүнийг даван туулахад ч эр зориг түших сайн нөхөр мэт тусална. Эхлээгүй байхад маш олон зүйл бодол хүслийн манан дунд сүүтэгнэн огт боломжгүй, хүнд хэцүү мэт бодогдон, зүрх үхүүлнэ. Хийж эхлэхээр зориглон зүтгэж, бүтэхгүй хэмээн зүрхшээж байсан ажил үйлээ хэнээс ч дутахгүй хийж бүтээн, сэтгэл хөөрөн баясаж, чин зүрхнээсээ баярлах үнэхээр урамтай.
Хүмүүст боломж олгох хэрэгтэй, тэгвэл далд нуугдаж байсан хамаг сайн шинж нь ил гарч, олдсон боломжоос бүх чадлаараа зууран, биеэ дайчлан хөдөлмөрлөж эхэлнэ. Байхгүй байсан боломж нь олдож, өөрийн дуртай ажлаа эрхлэн учир утгатай амьдрах нь тухайн хүний хувьд дээдийн аз жаргал, өөрийгөө хүндэтгэх шалтгаан. Миний дуртай ажил надад болон гэр бүлд маань тав тухтай, бусдын дайтай амьдралыг өгч, урам зориг хайрлан, сэтгэл тэнэгэр, тэгш дүүрэн явуулж байна гэж бодож мэдэрсэн хүн ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулан утга төгөлдөр хөдөлмөрлөнө.
Боломжгүйн үрийг цацагч хорлолт дайснууд олон бий. Залхуучуудын аманд боломжгүй гэх үг бэлэн зэхээстэй орогноно. Зөвхөн ам хэлийг нь төдийгүй залхуу хүний тархи толгой, ухаан бодлыг нь боломжгүй, чадахгүй гэдэг бодол санаа эзэлсэн байдаг. Эрх мэдэлтнүүдийн амнаас боломжгүй гэх бэлэн зэлэн үг байнга урсана. Хэн нэгэн эрх мэдэлтэн тийм боломж байхгүй гээд дуугарчихвал түүнийг даган баясагч бялдууч долдойнууд боломжгүй хэмээн чихэнд чийр болтол цуурайтуулан давтана. Боломжгүй, байхгүй гэх үгс тусч сэтгэлгүй хүний өдөр тутмын хэрэглээнд үргэлж бэлэн байдаг ёозг үй үг юм. Боломжгүйг боломжтой болгон хувиргахад өгөөмөр нинжин, хүнлэг тусархуу, ажилсаг хөдөлмөрч сэтгэл бүхнээс илүү чухал гэдгийг мэдээрэй.

МУын Ерөнхийлөгч асан "Титэм үг" цуврал номын зохиолч Нацагийн Багабанди

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.