2013-01-30

[Титэм үг] Ойрын хөрш холын садангаас дээр

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Амь нэгтэй, санаа нэгтэй айл хөршүүд л амгалан тайван амьдарч, ажил төрлөө хамжин хамтран хийж, найрсаг дотно аж төрнө. Айл, саахалт буусан айлууд амь нэгтэй, санаа нэгтэй байж л зүй зохистой, ая тавтай, нийлэн нийцэж хөршилнө. Санаа нэг, амь нэг байж эс чадах аваас салж нүүхэд хүрнэ. Саах тавих газар хөршлөн бууж, хурга ишгээ хониндоо зөрүүлж нийлүүлэн хариулах нь дэм дэмэндээ амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын мал маллагааны хийгээд аж төрөхүйн шал гарсан аргуудын нэг. Саахалт айлын хаа хурга ишгийг саах зөрүүлтэл хоньтойгоо бэлчээж, таргалуулан махлуулж, хөршийн төлийг өөрийнх мэт хариулах бичигдээгүй хууль үйлчилж, харилцан хүлээх үүр гээ нэн хариуцлагатай ухамсарлан хэрэг жүүл дэг байжээ. Малчид хамтарсны буян их гэдгийг яс махандаа хүртэл ойлгодог хүмүүс. Хэнийтэй хаяа хатган айлсаж, хэнийтэй саахалт буухаа сонгохдоо ус бэлчээрээ бодолцохын зэрэгцээ айл өрхийн гишүүдийн ноён нуруу, ам хэл, ажил үйлийг давхар бодолцдог байв.
Айл саахалтын хүүхэд, хөгшидгүй бүгдээрээ ах дүүс мэт ойртон дасаж, жаргал зовлон, баяр хөөр, уйтгар гунигаа хуваалцана. Ахуйн хэрэгцээний дутуу гуцуугаа айл саахалтаасаа залгуулна. Нутаг усандаа нэр хүндтэй, ноён нуруутай, ажилсаг айлтай айл, саахалт буувал аз гийсэн учрал ерөөл. Хаяа муутай айлаас холхон байхыг бодно. Залхуу айлаас зайтай бууна. Хэл амтай хэрүүлч, урт хошуутнуудтай айл буухаас цааргална. Хулгай зэлгий хийдэг, хаяагаа хадардаг буруу гарын хүмүүсээс хол байхыг чухалчилна. Монголчууд эрт дээр үеэс ойрын хөрш холын садангаас дээр, халамжг үй саднаас хар элгийн хүн дээр гэж үзэж ирсэн байна. Дөрвөн улирлын ааш аягт дасан зохицож, аж ахуйгаа эрхлэн аж төрж олон зууныг элээсэн нүүдэлч малчдын хөршөө сонгох нарийн ухаан гайхамшигтай.

Хөдөөгийн уламжлалт айл хөршийн харилцаанаас суурин газрын хөршийн харилцаа хот, хөдөө мэт ялгаатай. Өвөлжөөндөө хотны хоёр захад буусан айл гэрийн хүмүүс нэг ам бүл мэт ойр байдаг бол ердөө ганц хана, банзан хашааны наана, цаана амьдарч байгаа хот газрын хөршүүд зүс таньдаг мөртлөө танихгүй юм шиг, бие ойр мөртлөө сэтгэл нь холын хол байсаар он жилүүдийг үднэ. Тийм айл хөршүүд юун жаргал зовлон, баяр хөөрөө хуваалцах, ахан дүүс болох, нүүр тулан тааралдвал хагас дутуу мэндтэй явахаас өөр харилцаагүй шахам хол хөндий хөршилн ө. Амь нэг, санаа нэг айл хөршийн сайхан уламжлал хот суурин газруудад мартагдан алга болчихлоо гэж халаглахгүй юмаа гэхэд бүдгэрэн холдсоор байна гэвэл үнэнд ойртох байх.
Байшин худалдаж авахаасаа өмнө хөршүүдээ хэн болохыг асуу. Энэ маш чухал шүү. Байр сууцны чанар чансааг гойд сайн нягтлан шалгах нь зүйн хэрэг. Түүнээс дутуугүйгээр хөршүүдийнхээ хүн чанар, дэг хүмүүжлийг сураглаж мэдсэн хойно сонголтоо хийвэл орон гэртээ тайван амгалан амьдрахад чинь хэрэгтэй. Насан туршаа амьдрах байшингаа сонгохдоо насан туршаа хамт амьдрах ханиа сонгох мэт нухацтай, бодлоготой ханд гэх агуулгатай үг ч бий. Архинаас аюул, сархдаас самуун үүсдэг тул архи ууж, агсам согтуу тавьдаг хөрштэй бол амар тайван байлгахгүй. Дээр үед манай хамар хашаанд архи уудаг ганц бие хөгшин байж билээ. Агсам согтуу тавихгүй. Гэхдээ орой болохоор л орилж эхэлдэг муу зуршилтай. Нойр муутай, настай хүмүүст нэн тээртэй байдагсан. Хэрүүл зодоон хийдэг хөрштэй байх амаргүй. Тэдний чанга чанга дуугаран хэрэлдэх хэрүүл, уйлаан майлаан хана туурга нэвт, хашаа даван сонсогдож, тайван амгалан суулгахгүй. Хэрэлдэж байгаа хүмүүс хэлэх хэлэхгүй үгийн муугаар дуудалцан сэтгэл сэмлэн уралцана. Хэдэр ядар үгээр дайралцаж байснаа, хэрцгий догшин уурлана. Хэдэр догшин байд лаа хянаж эс чадах аваас хэдэр хэрцгий авир гаргаж, зодоон нү дээндээ хүрнэ. Хэрүүлтэй газар хиншүү тогтдоггүй гэх ардын үг бий. Хэрүүл доруул хэзээ ч сайн юманд хүргэж байгаагүй.
Аяган дээр чулуу уналаа аяга хөөрхий, аяга чулуун дээр уналаа аяга хөөрхий гэдэг шиг хэн нь хэрүүл өдсөн бай хамаагүй эцсийн эцэст хоёулаа сэтгэл санаагаа түйвээн, хамтдаа хөөрхий болон хоцорно. Хэрүүлтэй газар хэрүүлийн бузар үүрлэнэ. Орчноо бузарлаж, тойрноо бохирлоно. Хэрүүл өдөөх, хэрүүлд оролцохоос аль болох зайлсхий. Хоёр хүн хэрэлдвэл гурав дахь нь дотроо баярлаж суухыг үгүйсгэх аргагүй. Баярлаж суугаа гурав дахь хүн тэр хоёрт далдуур атаархагч буюу дайсагнагч байх нь гарцаагүй. Дайснаа баярлуулах шаардлага бий гэж үү? Хүндээ хөнгөнөөс өгч хэрүүлд хөндлөнгөөс оролцвол сэтгэлээ зовоож, биеэ хямраахаас өөр олдох олдвор, хожих хожвор нэгээхэн ч үгүй. Ялангуяа эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр гэр бүлийн хэрүүлд хошуугаа хөндлөнгөөс бүү дүр. Зодож байгаа нөхөртэйгөө эхнэр эвлэрдэг, харин зодуурыг болиулж байгаа хадмыгаа үзэж чаддаггүй гэх солонгос ардын зүйр үг байдаг юм билээ. Хэрүүл даамжирвал хонь, чоно хоёрын хооронд нөхөрлөл үгүй гэдэг шиг юм болно. Ажил муутай, анхиагүй залхуу, бохир заваан хөрштэй байх хэцүү. Ачаатай тэмээнээс уул өөд өгсөх, уруудахын аль нь хэцүү вэ? гэж асуув. Аль аль нь хэцүү. Бас гурав дахь бузар булай бий. Тэр нь бохир заваан билээ гэж хариулав гэх утгатай перс түмний үг байдаг. Тэмээ бохир завааныг бузар булай гэж үзэж байхад хүн бохир буртаг дунд хөглөрч сууна гэдэг хэтэрхий арчаагүй хэрэг. “Жижиг байсан ч амьдрах газар цэвэрхэн байх ёстой”.
Ажилсаг, цэвэр цэмцгэр хөрш бол сайныг нь дуурайн саараа засах, үлгэр авч аж байдлаа өөд татах амьдралын их сургууль юм. Буянтай айлтай хөршлөн амьдарвал танайд ч буян хурна. Буянтай айлын бух нь хүртэл тугаллана гэж зүйрлэн хэлдэг. Ажилтай хөршийн тахиа нь галуу шиг том. Өөрийн охин бусдаас царайлаг, хөршийн ургац хэзээд илүү харагдана. Хөршийн ургац илүү сайн байна гэж атаархлын харцаар битгий хар, атаархаж сууснаас дуурайсан нь хавьгүй өгөөжтэй. Мал удмаа дуурайж, малгай толгойгоо дуурайж, маахай хөлөө дуурайна гэдэг шиг арчаатай ажилсаг хөршийг дуурайж амьдар. Улмаар алтны дэргэдэх гууль шарлана гэдгийн адилаар хөршөөсөө дутахгүй ажилсаг, цэвэр цэмцгэр болж, ойрын үзэх, холын дуулах бүхэн та нарыг зүй ёсоор үнэлэн, магтан сайшаах болно. Хөршийн тугал бяруу шиг, өөрийн тугал хурга шиг харагдаад байвал өөрийн тугалаа бяруу шиг болгох тухай л бод. Хөршдөө сайныг хүс, сайн хөршийнхөө хэмжээнд хүрэхийн төлөө тэлүүлэн тэмүүл. Манай хөрш хоёр үнээтэй болчихгүй бол би ганц үнээтэй байхдаа яах вэ гэсэн атаархуу сэтгэлээр хандаад байвал чи өөрөө сайн хөрш байж чадахгүй. Хүүхдүүд хөршийнхөөрөө байнга орж гарна. Хөршийн боорцог амттай. Ажилтай, анхиатай айлын хүүхдүүд нь ажилсаг. Ажил хөдөлмөр хийж аав ээждээ тусалдаг хүүхдүүд хөдөлмөрийн хүмүүжилтэй, зөв төлвшилтэй. Хөршийн хүмүүжил сайтай хүүхдүүдтэй үр хүүхэд чинь үерхэж, сайныг дагавал сарны гэрэл гэдэг шиг ач тусыг хүртэнэ. Муу муухайг баалж олон дахин чихэнд үглэснээс сайныг ганц удаа нүдэнд нь үзүүлбэл хүүхдийн хүмүүжилд илүү тустай.
Зуун удаа сонссоноос нэг удаа үз гэдэг. Сайн хөрш хүүхдийг чинь сайн хүн болоход ажил үйлээрээ үлгэрлэн тусална. Хүүхэд сониуч амьтад. Мууд үлгэрлэж, саард уруу татах хөрш таарч болохыг мартуузай. Мууг дагавал могойн хорлол. Болгоомжлоорой. Эвийн эцэст тос, эвдрэлийн эхэнд хэрүүл байдгийг байнга санаж, хөрштэйгөө эв найртай амьдарвал нэн сайнсан. Хөрштэйгөө эв эвдэрвэл хажуу хавирганаас мөсөөр хайрах адил хүйтэн жавар байнга үлээнэ. Адайр ааштай, гаж араншинтай хөрштэй учирвал амар заяа үзүүлэхгүй сэтгэлийн зовлонд унагана. Сайн хөрш таарвал хувь заяа чамайг ивээж байна гэж бодоорой. Танай гэр бүлийн амьдрал хөршөөс тун их хамааралтай. Дээд давхраас чинь ус байнга алддаг хөрштэй бол хэцүү биз дээ? Хөршийн хашаанд дэгдсэн түймэр танай амбаарыг ч шатааж мэднэ. Хөрштэйгөө сайн бай, харин хөршөөсөө зааглаж буй хашаагаа битгий буулга. Хашаа, байшин худалдаж авахдаа хөршөө хэн болохыг хашаа байшингаасаа дутахгүй сонирхон тандаарай. “Хөрш айл хамаатнаас илүү ойр байдаг юм”.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.