МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.
Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд. “Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсөгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах; хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.
Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн.
Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. “Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх” гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. “Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр” гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. “Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна” гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ёсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь “Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө”.
Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүүрнээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурханы сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй. Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий. “Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”. Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө.
Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй.
Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсөгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. “Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн зангаар удаан ханилж үл болох” гэж монгол ардын сургаалд өгүүлдэг. Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу. Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод.
Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. “Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас чинь хавьгүй дээр” гэдгийг санаж яваарай. “Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш. Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр, надад хэн зусарднав тэр миний дайсан” гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. “Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу”.
Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.
0 сэтгэгдэл:
Post a Comment