2013-02-05

Титэм үг - Эрхэлсэн Ажилдаа Эзэн Бол

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Хүний амьдрал бол зөгийн бал, цөсний хослол мөн гэсэн үгийг Та лавтай сонссон байх аа. Зөгийн бал жигтэйхэн сайхан амттай. Цөс жигшим муухай гашуун. Амьдралд бал шиг амт, цөс мэт гашуун хоёр заримдаа ээлжлэн, хааяа холилдон сүлэлдэн байдаг ажээ. Бал мэт амт нь яавал ахиу, цөс шиг гашуун нь яавал дутуу байж болох вэ? Хөнгөн хийсвэрийг зөгнөн, төөрөг тавиландаа найдаж, гар хумхин суугаад гайхалтай сайхан амьдралыг туулна гэж бодож санахын ч хэрэггүй.
Тархиа гашилтал бодож, чөмгөө дундартал сууж, гар хөлөө цуцтал хөдөлмөрлөдөг хүний амьдрал амттай, баяр хөөртэй, утга төгөлдөр.
Ажилгүй анхиагүй, залхуу хойрго, ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг хүн цөс шиг гашууныг ярвайн амталж, ганцхан олдох амьдралаа гуниг зовлонгоор дүүрэн, утга учиргүй өнгөрөөнө. Эрчимтэй хөдөлмөрийн үрээр л амьдрал амьд бөгөөд амттай сайхан байна. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай, цэвэр сайхан амьдрал байхгүй”.
Аль ч газар оронд ажлаа эзний ёсоор сайн хийдэг хүмүүс агаар ус мэт хэрэгтэй. Улс орон яавал хөгжих вэ? гэдэг асуултыг хүмүүс байнга тавьж, бэлэн хариултыг тэр дор нь сонсохыг хүсдэг. Уулын ам бүрээс урсах жижиг булаг горхи нийлэн том гол болдогийн адилаар түмэн янзын, олон хүчин зүйл нэгдэж, хүн ард нь хамтдаа нэг зорилготойгоор нэгэн буулганд орон зүтгэж байж улс орныг хөгжил дэвшилд хөтөлнө. Төр засгийн зөв мэргэн бодлого, хөрөнгө мөнгө, дэд бүтэц, мал сүрэг, тариа будаа, байгалийн баялаг бүгд мэдээж чухал. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь боловсролтой, чадавхитай, дадлагатай дээр нь нэмээд сэтгэлтэй монгол хүн шийдвэрлэх үүрэгтэй. Хүн бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн бол. Жинхэнэ ёсоор эзэн бол. Хүн бүр өөрт ногдсон ажлаа эзний ёсоор, нүүр бардам, хэний ч дор орохгүй, чадмаг хийчихдэг болсон цагт улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Тэр цагт ард олон ч хүний гар харж, алгаа тосолгүй амьдрах тэгш таван хүслээ гүйцэлдүүлэх болно. Хэрэв чи ямар нэг юм хийвэл маш сайн хий. Тэгж чадвал хүний дор орохгүй амьдарч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гагнуурчинаас чи юу хийж чадах вэ гэж биш, юу чадахгүй вэ гэж асуу. Би муу гагнаж, муухай гагнаж, удаан гагнаж чадахгүй, дутуу хийж, гологдол гаргаж сураагүй гэж омог бардам хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж чадаж байвал тэр гарцаагүй сайн гагнуурчин. Алтан гартай гагнуурчин алтнаас дутахгүй үнэлгээтэй. Тэгвэл хоолой давахын эцэсгүй хоол хийхчээн болдог тогооч хэнд ч хэрэггүй. Төв аймагт бага ангийн гоц сайн багш нар цөөнгүй байлаа. Багшлах ажлаа маш сайн хийдэг тэдний нэгнийх нь ангид хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийн цуваа хэдэн анги дүүргэх хэмжээнд хүрдэг сэн. Бүх хүн энэ багш шиг, дээрхи гагнуурчин шиг ажилладаг сан бол улс орон удаж төдөлгүй хурдан түргэн хөгжинө.
Том ч бай, бага ч бай, албаны ч бай, амины ч бай хариуцсан ажлаа ямар ч үед яс сайн, хэний ч дор орохооргүй, хэн ч өөлж голохооргүй чанартай сайн хийж сур. Энэ бол залуу хүн бүрийн хувьд мах цусандаа шингэтэл ойлгон хэрэгжүүлэх ажилсаг сайн чанар, насан туршид хэлбэрэлтгүй мөрдөх зарчим байх ёстой. Ажлаа ингэж хийдэг хүний амьдрал бал шиг амттай, бахдам амжилтаар дүүрэн байна. Хариуцсан ажлаа сайн хийх үүргээ хүн болгон хатуу ухамсарлах хэрэгтэй. Үүргээ хатуу ухамсарлах нь хүний зан араншингийн ноён оргил нь байдаг юм.
Амар хялбар, дөт ойр замаар үсрэн дүүлэн явсаар эрхэлсэн ажилдаа эзэн болох хэмжээнд оччихно гэвэл хэтэрхий хөнгөн гоомой төсөөлөл. “Очих ёстой газарт чинь хүрэх дөт зам ер байдаггүй” гэдгийг мэдэж ав. Тэвчээр шалгасан хүнд бэрхийг даван туулж байж очих ёстой газраа арайхийж дөхөж очно. Харин “Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг” гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж болно. Залуус та нар эрдэм боловсролд шамдахтайгаа хамт тэсвэр тэвчээртэй болох зан чанарт биеэ дайчлан суралцах хэрэгтэй. Тэсвэр тэвчээр эрдэм боловсрол эзэмшихэд чинь хөтөч болон хөтлөхийн хамт сурсан эрдмээ ажил амьдралдаа хэрэглэх үед чинь тулгуур болон түшиж өгнө. Тийм болохоор “тэвчээртэй хүн навчнаас торго, сарнайн дэлбээнээс бал гаргаж авч чадна” хэмээн Азийн нэгэн нэрт яруу найрагч онож шүлэглэсэн байна. “Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг” болохоор чихэр мэт амтыг амтлахын тулд тэвчиж сурах л хэрэгтэй. Ялангуяа удирдагч хүн маш их тэвчээртэй байх шаардлагатай. Болгоомжгүй, бодлогогүй хэлсэн үг хүний урам зоригийг мохоож, тэр ч бүү хэл амьдаар нь алж чадах учраас удирдагчид илүү тэвчээртэй байх үүрэгтэй. Ер нь ялалт амжилт өөрөө гүйгээд ирдэггүй, харин чамайг тэвчээртэй нь аргагүй хүлээж байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эрхэлсэн ажилдаа эзэн байна гэдэг нь зөвхөн дуулгавартай үнэнч гүйцэтгэгч байхын нэр биш. Гүйцэтгэх чадвар сайтай хүн хаана ч үнэлгээ сайтай байдаг. Тэд найдвартай сайн хүмүүс. Гэхдээ өгсөн үүргийг яг таг ёсчлон биелүүлээд түүнээс илүү гардаггүй ажилтан өнөө үед хангалттай бус. Сайн гүйцэтгэх чадвар, гүйцэтгэх ухамсрын зэрэгцээ хүн бүрт шинийг эрэлхийлэх чадвар, санаачлага, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа, бие даах чадвар гээд олон сайн шинж чанар зайлшгүй хэрэгтэй. Цаг үе харавсан сум шиг хурдан өөрчлөгдөж байна. Бид дор хаяж өөрчлөгдөж байгаа цаг үеэсээ хоцрохгүй байж наад захын амжилтанд хүрнэ. Цаг үеэ мэдрэх мэдрэмж суларвал өөр ертөнцөд өнө удаан байгаад буцаж ирсэн мэт төсөөрнө. Түргэн өөрчлөгдөж байгаа орон зайд сурч дадсан хуучин аргаараа, хуучин байдлаараа ажиллаад олигтой амжилтыг олохгүй. Шинэ, дэвшилтэт бүхний эрэл хайгуулыг цаг ямагт хийж, шинэчлэгч сэтгэлгээгээр бүхий л асуудалдаа хандах нь ононо. Яавал илүү сайн хийж, яаж богино цагт ихийг амжуулах вэ гэдэг бодлыг тархи толгойноосоо хэзээ ч салгаж болохгүй. Санаачлага, бас дахин ажил хэрэгч санаачлага. Энэ үнэхээр чухал шүү. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундарга юм. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцордог. Буцалж бургилсан санаачлагатай, шинийг сэдэгч ухаан нь булгийн ус шиг мөнхийн ундаргатай ажилтан ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг мөн. Өнөөдөр бусдын энтэй буюу бусдаас илүү байгаагаа маргааш, түүнээс цааших он жилүүдэд үргэлж тийм байх мэтээр сэтгэн, хэтэрхий эрт, хий хоосон цадаж болохгүй. Хүн байнга өөртэйгөө ажиллаж, хоцрохгүйн тулд мэргэжил чадвараа тасралтгүй дээшлүүлж байх хэрэгтэй.
Удирдлагынхаа үгийг сонсож, үүргийг биелүүлэлгүй яахав. Гэхдээ аливаа асуудалд дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөх бус өөрийн бодолтой байж сур. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдын санаа бодлыг ямагт сөрж байх муйхар бодол огтхон ч биш. Зөвийг хүлээн зөвшөөрөх чадвартай, бурууг сөрөн буруушаах тэнхээтэй байхыг хэлж байгаа хэрэг. Бусдын бодлоор хүн хэзээ ч хол явж, хосгүйг бүтээж чаддаггүй юм. Бусдын тус дэмэнд найдалгүй яахав, гэхдээ ямар ч үед бие даах чадвартай байх нь залуус та нарын хувьд зайлшгүй эзэмших дадал шүү. Бие даах чадвартай хүн л амжилтанд хүрнэ. Хайртай, халамжтай эмээ нар гал дээр гарсан зээдээ бүхнээ зориулдагийн адилаар бусад хүмүүс чиний сайн сайхны төлөө санаа тавина даа гэж төдийлөн найдах хэрэггүй. Ихэнх хүмүүс чамд ашигтай зүйлийн төлөө бус харин өөсдөдөө ашигтай зүйлийг л бодож түүний төлөө л тэмүүлж байдаг гэдгийг мартаж болохгүй.
Амьдрал нэгэнт амтат бал, гашуун цөс хоёрын хослол болохоор өөдлөн дэвжих, уруудан доройтохын аль аль нь тохионо. Аль алинд нь бэлэн байх хэрэгтэй. Өөдлөн дэвжих үедээ биеэ тоож, бялуурч сагсуурч хэрэггүй. Уруудан доройтох цагтаа унжийж урвайх хэрэггүй. Бэлтгэлтэй, бэлэн байхаар тооцоолсон бол хамгийн хэцүү хар үеийг ч амжилттай даван гарч дөнгөнө. Ажлаа бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэх явцдаа гарцаагүй учрах бэрхшээл саадыг урьдчилан харж тооцож сурвал туйлаас сайн. Тэгж сурвал эрч хүч, хөрөнгө мөнгө, цаг заваа дэмий үрэхээс сэргийлэн, саад бэрхшээлийг тойрч чаддаг болно. Ажилдаа дуртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнээс бүтээл гарах нь тодорхой. Эрхэлсэн ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болсон хүн урамтай, бахархалтай, үлгэр дууриалтай. Тийм хүмүүс л хөгжил дэвшлийн хөтлөгч байх тавилантай.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.