2013-12-16

Гэгээлэг талаас нь хар

Нэрт сэтгүүлч Аюушийн Авирмэд өөртөө тохиолдсон нэгэн сургамжтай зүйлийг надад ярьсан нь санаанд тод үлджээ. Тэрбээр ярьж байгаа зүйлээ сонсож байгаа хүнийхээ сэтгэлд хоногштол хүргэж чаддаг ховорхон авьяастны нэг. “Би янз бүрийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Нийгмийн муу муухай, бузар булайг зад шүүмжилж шүүрдэн цэвэрлэе гэсэн дэвэргэн санаа төрж, нэвтрүүлэг бэлтгэн, өөрөө хөтөллөө. Бурууд нүд хурц гэгчээр таагүй, тааламжгүй тааралдсан болгоноо баруун солгойгүй шүүмжиллээ. Гэхдээ оргүй хоосон юм уу гүтгэж гүжирдсэн шүүмжлэл хэлээгүй. Бүгд баримттай, нягталж шалгасан, олны нүдэн дээр ил, олон түмэн хавтгайдаа ярьж байгаа тэр л сэдэв.
Нэвтрүүлгийн олз омгоо муу муухай, болохгүй бүтэхгүй дундаас цуглуулдаг болохоор сүүлдээ бүх зүйлийг дан сөрөг талаас нь харж, сайн юм таарлаа ч нэг л итгэж өгөхгүй, эргэлзэх байдалтай болоод ирсэн. Бүхнийг дан болохгүй, бүр бүтэхгүй хар бараан талаас нь харж, зад шүүмжлэн яриад байхаар тодорхой хугацааны дараа түүндээ бүр автаж, донтоно гэдэг нь болж байгаа юм байлгүй, гэрэл гэгээтэй зүйл олж харахаа больж, урам магтаалын буюу аядуу зөөлөн үг хэлье гэхээр ам хэл эвлэж өгөхгүй болчих гээд байсан. Тэгэсхийгээд тэр нэвтрүүлгээ зогсоож, санаа амрав аа, хөөрхий. Юмыг ер нь гэгээлэг талаас нь харж байх хэрэгтэй юм байна лээ шүү” гэж Авираа маань нөгөөх хөгжилтэй инээдээрээ инээн хуучилж билээ. Ухаантай хүний сургамжтай үг яриа ангасан хүнд ус, өвдсөн хүнд эм дөхүүлж өгөх мэт тус болно гэдэг юутай үнэн. Амьдралын алхам бүрт тохиолдож байгаа үйл явдлууд бүгдээрээ сургамж. Хожим чамд тус болох туршлага юм.

2013-12-11

Дэлхийн хамгийн тансаг зочид буудал баригдсан түүх


Шавхагддаг баялагаас 
Шавхагдашгүй бизнест...

Дээхнэ Боловсрол телевизээр Дубай дахь далай дээр баригдсан, тансаг зэрэглэлийн 7 одтой "Бурж Аль Араб" зочид буудлын тухай сонирхолтой нэвтрүүлэг үзсэн юм түүнийгээ сийрүүлье. 
Арабын нэгдсэн Эмират улс орлогын эх үүсвэр, томоохон бизнес ч үгүй их ядуу байж азаар газрын тосны орд олдсоноор орлогын эх үүсвэр бий болж иргэдийнх нь амьжиргаа ч дээшилжээ. Гэвч газрын тос шавхагдашгүй баялаг биш учир удахгүй дуусаж ард иргэдийн амьжиргаа, улс орны байдал ч уналтанд орох төлөвтэй байв. Ингээд газрын тос дуусахаар эргэн байрандаа очих уу? эсвэл газрын тосноос орж ирэх үлдсэн орлогоороо ямар нэг зүйл хийж өөр төрлийн орлоготой болох уу? гэдэг замын уулзварт зогсож байв. Газар зүйн байршлынхаа хувьд тэдэнд нэгэн томоохон давуу тал, боломж байсан нь далай, түүнд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх байв. 
Ингээд Шейх нилээд эрсдэлтэй шийд гаргасан нь "6н жилийн хугацаанд 650 сая долларын хөрөнгөөр усан дээр дэлхийн хамгийн тансаг зочид буудлыг барих" байв. Инженер, Архитектуруудын хувьд шейхийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөөх 6 жилд агаар дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц рестораныг барилгын дээд хэсэгт барих, зочид буудалд ирэх далайн салхи, давалгааны хүчийг бууруулах гээд өмнө хийгдэж байгаагүй томоохон төсөл учир маш олон шинэ шийдэл боловсруулах ажил тэдний толгойг гашилгаж байв. Гэхдээ тэд чадсан, олон бэрхшээл тулгарсан, олон тохиолдолд барилгын ажил бүр мөсөн зогсож ч мэдэл байдал үүсч байсан ч 2000 он гэхэд 200 метр өндөр, 60 давхар, 202 өрөөтэй, далайд тэнгист, агаарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхуйц шийдлүүд бүхий дэлхийн хамгийн тансаг, өвөрмөц зочид буудлыг байгуулж чаджээ. 
Өнөөдөр дэлхийн баячууд "Burj Al Arab"-д 1 хонохын тулд 2'500$-45'000$ төлж тэнд жинхэнэ аялал жуулчлал оргилон хөгжиж, Эдийн засаг нь шавхагддаг баялагаас хамааралтай байхаа больж, шавхагдашгүй бизнест бүхэл улсаараа хөл тавьж чаджээ...

Дуугай байх нь тэнэгийн шинж биш

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Нийтлэлч Н.Багабанди
Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг шиг дуугарах газарт дуугарч, дуугай суух газар амаа хамхиж сурах нь хүн бүрийн эзэмдвэл зохих эрдэм юм. Дуугай байх нь тэнэгийн шинж биш. Дуугарах хэрэггүй юман дээр дуугай байж өнгөрөөх нь харин ч мэргэн ухааны илрэл. “Дуугай байх нь заримдаа хамгийн ариун шударга, хурц гоё үгнээс илүү их учир утгатай, илүү эрхэм дээд байдаг бөгөөд олон тохиолдолд илүү их ухаантайг гэрчилнэ”. Мэдэх юман дээрээ ултай бөгөөд ухаантай, товч бөгөөд тодорхой дуугарч байвал чи олны хүндэтгэл зүй ёсоор хүлээнэ. Мэдэхгүй юман дээр үглээ шаазгай шагшрах мэт ам уралдан дуугараад байвал хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог болно. “Дуугай байх нь ухаантай болохыг дандаа нотолдоггүй ч тэнэг биш гэдгийг баталдаг”. Саргүй шөнө одод илүү гэрэлтэнэ. Ухаантай хүн орчин тойрноо гэрэлтүүлэн гийгүүлнэ. Олны итгэл найдварыг хүлээсэн ухаантан дуугүй байхдаа ч эргэн тойрноо ухаанаараа гийгүүлж, намба төрх, харах харцаараа удирдан зална. Тэдний хэлсэн үгийг ямар ч хууль журам, тушаал заавраас илүүтэй үг дуугүй ёсчилон дагах нь урамтай. Тэд хоосон бөгөөд хэрэггүй үг амнаасаа унагахгүй, хэлж ярих нь ухаалаг бөгөөд оновчтой, хэрэгтэй бөгөөд хүртээмжтэй. “Төлөв даруухан ончтой ярилцах чадвар уран үгнээс илүү үнэтэй”.

2013-12-02

Манж чин улсын төрийг барьж байсан Монгол хатан

1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа Хиад Боржигон овогт бээл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амарлингуй гэнэ. Гэвч түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу гэж тэмдэглэсэн байдаг.

Тэрээр Манж чингийн анхны их хаан Нурхач баатрын 9 дэх хүү, хаан ширээг залгамжилсан Тай цун буюу “Дээд эрдэмт” хааны хатан нь байв. Анх тэрээр хааны ордонд хаан угсаа залгамжлагчийн 9 дэх татвар эм нь болж очсон байна. Хүүхэд наснаасаа гүйцэд салаагүй түүнд ханхүүгийн татвар эмсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ ордны хуучин бурхинууд үл тоон харьцдаг байв. Амарлингуйд хэдэн шивэгчдээс нь өөр ойр дотны хүн байсангүй. Эдгээр шивэгчидтэйгээ Амарлингуй жинхэнэ найз нөхрийн ёсоор харьцдаг байсан учир тэрээр шивэгчдээ дорд үзэж тэдэнд дээрэнгүй ханддаг байсан бусад хатад болон татвар эмсээс эрс ялгарч байв. Ингэж л өөрийнхөө төлөө яахаас ч буцахгүй хэдэн сайн хүнтэй болж авчээ. Амарлингуйг ордонд ирэх үед нь Ар халхын нэгэн ноён Чибхэмэн, ханхүүд мундаг догшин морь нэгийг бэлэглэсэн байв. Тэр морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадаагүй юм гэдэг. Гэтэл Амарлингуй өнөөх догшин морийг хэдхэн хоногийн дотор үйлийн үргүй номхон морь болгож чадсан төдийгүй омголон Монгол зангаараа өөрөө унан хаа сайгүй хуй салхи шиг давхиж байх болсон учир түүгээр бахархсан ханхүү түүнд өнөөх морийг нь бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, эд эрдэнэ, алт мөнгөөр шагнав. Гэтэл гайхалтай нь өнөөх их эрдэнэсээр Амарлингуй бусдын адил баярхаж хөөрсөнгүй, түүний оронд бүгдийг нь хааны ордны ихэс дээдсүүдэд, тэр бүү хэл доод ажилчдад хүртэл тарааж өгсөн гэдэг. Ингэж л өөрийгөө тойрон хүрээлэгчдийг алхам алхмаар бий болгож байжээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай. Энэ арга ухааныг түүнд эцэг ноён бээл Зайсан нь зааж өгч байсан ч байж магадгүй. Тийм биш бол тэрээр төрөлхийн арга ухааны дээдийг эзэмшигч мөн болой. Түүний энэ арга ухаан, овжин зан нь ханхүүд ихэд таалагдаж эхлээд байсан учир тэрээр 1626 онд буюу Тай цун хаан сууринд суумагц Амарлингуйд "Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Ердөө ганцхан жилийн өмнө хааны ордонд ирсэн тал нутгийн Монгол охин ингэж л 16 хан насандаа ордны их хатнаар өргөмжлөгдсөн түүхтэй...

2013-11-26

Н.Амарсанаа - "Би юу хийв"

Монголчууд мориноосоо бууж төмөр унаа зайдлахад
Малчин ард минь малаасаа салж, нүүдэллэхээ болиход
Монголын хөдөө эзгүйрч, эмгэд хөгшид л хоцорч байхад
Монгол хэмээх сүүлчийн нүүдэлчидийн төлөө би юу хийв

Монгол залуус өөртөө биш өмдөн дэхь бордоо захирагдахад
Монгол охид нь үрээ хөнөөж, оршуулагагүй үхлээр үдэхэд
Монгол даяар дархлалын олдмол хомсдол цэцэглэж байхад
Монголын ирээдүйгээр үлдэх охид хөвгүүдийн төлөө би юу хийв

Эх хэл минь гадаад хэлтэй хутгалдан, ихэнх үг нь мартагдахад
Эзэн богд Чингис хаан шилэн дээр шивэгдэж хог болон хаягдахад
Монгол гэр, морин хуурыг Хятадынхаар бүртгэх гэж байхад
Монголын түүх, бичиг үсэг, урлаг соёлынхоо төлөө би юу хийв

Тусгаар улс, үндсэрхэг үзэл гэж харийнхныг балбан
Тусгаар тогтнол, эрх чөлөө гэж өөрийнхөөрөө авирлаж
Тусгаар тогтнолын тунхагийг буруугаар үлгэрлэж байхад
Тэр бүхний төлөө би юу хийв, нүдэн балай явсан минь буруу

Тусгаар тогтнол гэж хэлээрээ ярьж, хилээ хамгаалах боломж
Тусгаар тогтнол гэдэг нь хуулиа баталж, хувьчлан тогтнох мэдэл
Тусгаар тогтнол гэж өөрийн нутаг, бичиг соёл, түүх, хүн их баялаг
Тусгаар тогтнол гэдэг нь ирээдүй хойчдоо өөрийгөө тунхаглах гавъяа

Монгол хэмээх сүүлчийн нүүдэлчидийн төлөө би юу хийв
Монголын ирээдүйгээр үлдэх охид хөвгүүдийн төлөө би юу хийв
Монголын түүх, бичиг үсэг, урлаг соёлынхоо төлөө би юу хийв
Монгол улс минь дэлхийд тусгаар үлдэхийн төлөө би юу хийв ээ. 



Н.Амарсанаа
2013.11.24

2013-11-22

Найз

Би нэг удаа ангийнхандаа энэ өгүүллэгийг ярьж өгсөн юм. Даанч бүгд ийм нөхөрлөл гэж юу байсан юм бэ? гэцгээгээд л өнгөрсөн дөө. 
Яагаад ийм нөхөрлөл байж болохгүй гэж? Би бол болно л гэж бодож байгаа. Та ч бас өгүүллэгийг уншаад өөрийн бодлоо хуваалцаарай! :-)

Маш эелдэг сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгоод түүнийг гомдоохыг хүсээгүй учир өөртөө байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд урьдынхаасаа ч илүү ашигтай амжилттай ажиллав. Хэсэг хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагдсан тухай хэлээд түүнээс гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байгаа учраас үгүй гэж хэлэлгүй бүсгүйгээ өгчээ. Цаг хугацааны явцад гэнэн сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унан явтал гэнэт хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийджээ. “Би түүнийг ядарч явахад нь тусалсан гээд” найзынхаа ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсэхийг асуужээ...

2013-11-13

Аль талаас харах нь чухал

Аргентиний алдарт голфчин Роберт Де Винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ...

2013-11-01

Эрчүүдийн дэлгүүр

Эрчүүдийн дэлгүүр
Нэгэн хотод олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй.
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал:
Нэгдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг." 
Өнөөх эмэгтэй хаягийг уншаад дотроо бодож гэнэ. "За яахав. эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол арай л дээр юм. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд бүсгүй дээш өгсөв.
Хоёрдугаар давхар: 'Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай". 
Бүсгүй дотроо их баяртай байлаа. "Энэ ч сайхан л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд тэр дахиад дээшээ өгсөв.
Гуравдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай". 
"Хөөх! Бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд бүсгүй дахиад дээш өгсөв.
Дөрөвдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг"
Бүсгүй: "Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшигтай юм бэ? Гэхдээ дээшээ бүр ч илүү юм байх ёстой доо" гээд бүсгүй дахин дээш өгсөв.
Тавдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, сайхан царай зүстэй, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй"
Бүсгүй: "Ээ бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?" гээд зургадугаар давхарт гарав.
Зургадугаар давхар: "Та энэ давхарт ирсэн 3456789012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн танд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй!" гэжээ.

Мөн тус хотын өөр нэг дүүрэгт үүнтэй ижил үйлчилгээтэй Эмэгтэйчүүдийн дэлгүүр нээгдхэд эрчүүд ихэвчлэн 1 болон 2р давхраас ирээдүйн ханиа сонгон гардаг бөгөөд 6н давхарт гарч үзсэн хүн нэгээхэн ч үгүй гэнэ.

2013-10-21

Титэм үг - Эрдэмт Хүн Даруу

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Хүмүүс ээ. Даруухан байцгаая! Энгэсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ.
Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

2013-10-20

Нас их, Ёс ахиуг сонс

Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Үр хүүхдэдээ сайны дээдийг хүсч, сайхны дээжийг хүртээхийг хичээх нь бүх аав, ээжийн чин зүрхний хүслэн билээ. Аав ээжийн амнаас унаж байгаа үг бүхэн үр хүүхдээ зөвд залах, буруугаас халхлах сэтгэл зүрхний шүншигтэй, алт эрдэнэсээс үнэтэй сургаал юм. Тийм ч учраас монголчууд аав ээжийн сургаал сайхан, алтан нарны илч сайхан гэж хэлж ярьсаар ирсэн байна. Аав ээжийн үг бол цаг ямагт ач санаж, хайр шингээсэн, рашаан булгийн ус мэт ариун тунгалаг. Эцэг, эхийн зарим үг өнгөн дээрээ өргөстэй харганаар ороолгох мэт ширүүн хатуу сонсогдлоо ч өрцөн дороо өндгөө дарсан шувуу мэт өмгөөлөл өмөгшил, өрөвч сэтгэл агуулсан, өр зүрхнээс оргилох хайр энэрэл нэвт шингэсэн байдаг юм. Үр хүүхдэдээ хар буруу санаж, мууг хүсч, муухайг зөгнөдөг эцэг эх энэ хорвоод үгүй.
Аав ээжийнхээ зөвлөж сургасан, загнаж зандарч хэлсэн аль ч үгийг тэнгэр бурхны хишиг лүндэн лугаа бодож, мөргөж сөгдөн хүлээж авах хэрэгтэй. Бага залуу насны омголон дэврүүн зан, ой сууж, ухаан тогтоогүйн харгайгаар хатуу зөөлөн үгний ханшийг мэдэхгүй мунхаглаж, хэлсэн ярьсан үгийг нь хэнэггүй царайлан өнгөрөөж байснаа, хэдэрлэн зөрж муйхарласнаа хожим хойно ухааран харамсаж өөрийгөө зүхэн гомдовч, үе үе шаналавч нэгэнт болоод өнгөрснийг буцааж болох биш дээ.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.