2013-10-20

Нас их, Ёс ахиуг сонс

Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Үр хүүхдэдээ сайны дээдийг хүсч, сайхны дээжийг хүртээхийг хичээх нь бүх аав, ээжийн чин зүрхний хүслэн билээ. Аав ээжийн амнаас унаж байгаа үг бүхэн үр хүүхдээ зөвд залах, буруугаас халхлах сэтгэл зүрхний шүншигтэй, алт эрдэнэсээс үнэтэй сургаал юм. Тийм ч учраас монголчууд аав ээжийн сургаал сайхан, алтан нарны илч сайхан гэж хэлж ярьсаар ирсэн байна. Аав ээжийн үг бол цаг ямагт ач санаж, хайр шингээсэн, рашаан булгийн ус мэт ариун тунгалаг. Эцэг, эхийн зарим үг өнгөн дээрээ өргөстэй харганаар ороолгох мэт ширүүн хатуу сонсогдлоо ч өрцөн дороо өндгөө дарсан шувуу мэт өмгөөлөл өмөгшил, өрөвч сэтгэл агуулсан, өр зүрхнээс оргилох хайр энэрэл нэвт шингэсэн байдаг юм. Үр хүүхдэдээ хар буруу санаж, мууг хүсч, муухайг зөгнөдөг эцэг эх энэ хорвоод үгүй.
Аав ээжийнхээ зөвлөж сургасан, загнаж зандарч хэлсэн аль ч үгийг тэнгэр бурхны хишиг лүндэн лугаа бодож, мөргөж сөгдөн хүлээж авах хэрэгтэй. Бага залуу насны омголон дэврүүн зан, ой сууж, ухаан тогтоогүйн харгайгаар хатуу зөөлөн үгний ханшийг мэдэхгүй мунхаглаж, хэлсэн ярьсан үгийг нь хэнэггүй царайлан өнгөрөөж байснаа, хэдэрлэн зөрж муйхарласнаа хожим хойно ухааран харамсаж өөрийгөө зүхэн гомдовч, үе үе шаналавч нэгэнт болоод өнгөрснийг буцааж болох биш дээ.
Ер нь аавын ачийг өнгөрсөн хойно, айлын ачийг нүүсэн хойно нь санадаг ухаан дутсан үйлдлээ хожимдож ойлгон гэмших нь хүмүүст нийтлэг байдаг харамсмаар дутагдал. Хожимдсон гэмшилдээ баглуулан хүлүүлж, харамсан халаглаж суухын оронд аав ээжийнхээ ач санасан үгсийг анхааран сонсож, ажил амьдралдаа аль болох хэрэгжүүлэхийг хичээ. Хэлсэн ярьсныг нь хий зайгүй, хэлбэрэлтгүй сахиж явааг нь хараад аав, ээж чинь баярлана, чи өөрөө алхам алхмаар томоожин хэрсүүжнэ. Аав ээжийгээ баярлуулах нь ачлал буяны дээд билээ. Өөрийн чинь төлөө өөлж хэлсэн үгний өнгө үзэнгүүт өрвөлзөн зөрөлдөхгүй байхыг эрхэмлэ. Аав, ээжтэйгээ зөрөлдвөл ачлалыг нь барна, ах дүүстэйгээ муудалцвал асралыг нь барна. Ачлал асралын дээд аав ээж байдгийг эгнэгт санаж явцгаа.
Аль ч хүн урам магтаалын үгэнд зөгий балд дурлах адил дуртай. Харин өөлж шүүмжилсэн, сэтгэлд нь таагүй үгийг сонсох цаанаасаа л нэг дуртай бус. Уурлаж уцаарладаггүй юмаа гэхэд сэтгэл гонсгор үлдэнэ. Өргөст бутанд булбарайхан цэцэг ургадгийн адил халгай мэт шүүмжлэл дотор ч хайр нигүүсэл байдгийг мэдэж ойлгож явбал чамд хэрэгтэй. Шүүмжлэлийн гашуун амтыг мэдэрч, дургүйцэн тамшаалахаасаа урьд шүүмжлэл дотор байгаа балын амтыг түрүүлж амтлан таашааж сур.
Арц зандны үнэр сайхан, ахмад хүний сургаал сайхан. Өвөг дээдсийн оюуны бор авдарт дуусаж дундаршгүй өв хөрөнгө хадгалаастай бий. Ахмадууд олон он жилийг үдэхдээ сайныг ч их үзсэн, мууг ч хангалттай туулсан, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хат суун хатуужсан хүмүүс. Тэд ой санамжиндаа ойгүй ихийг хурааж, амьдралын асар их туршлага хуримтлуулж, олон оймс элээжээ. Амьдралын хөлгөн судрыг уншиж, нэвтэрхий толь мэт болсон хүмүүсийн ухаан далайгаас хувь хүртэх нь цаглашгүй их хишиг буян гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Өмнө алдсан алдаандаа дахин бүдрэхгүй тойрч гарах аргыг эд маш сайн мэднэ. Хийж дадсан ажил үйлээ хэнээс ч харамлахгүй зааж сургахад бэлэн. Дуулж мэдсэнээ хэлж ярихаас цааргалахгүй. Тиймээс ч манай дээдэс ардын үгийг шинж, ахмадын яриаг чагна гэж сургасан байна.
Ахмадын яриаг шимтэн чагна. Тэвчээртэй сонс. Буурлын буянаас хишиг хүртэнэ. Буруу зөрүүгээ ойлгож мэднэ. Алдаа мадгаас тойрч гарна. Егзөр ухаанаас нь нялх ухаанаа сэлбэнэ. Хэлэхийн өмнө бодох хэрсүү ухаанд суралцана. Аргыг олж, бэрхийг давах сургамж авна. Тэдний хэлсэн үг зуун зууныг дамнан, ам дамжин яригдах онч мэргэн үгсийн санг арвижуулан тэтгэж байдаг нь бахархам. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт малчин С.Цогтгэрэл “Хужир шүү малыг таргалахад ташуур, турахад тушаа болдог юм шүү” гэж хэлсэн үг хойч үеийн малчдад хэзээ ч хуучрахгүйгээр бурхны сургаал мэт сонсогдсоор байх болно. Алдарт тариаланч, хөдөлмөрийн баатар М.Алтангэрэлийн хэлсэн “Тариаг талбайд тарихын өмнө тархиндаа тарьдаг юм” гэх үг үе үеийн тариаланчдын ой санамжинд мөнхөд хадгалагдан, алтан гадас од зүг заах адил тариан талбай руу хөтлөх нь дамжиггүй.
Ахмадуудын үгийг дуртай дургүй ямар ч байдлаар сонсоод өнгөрөх нь нэг их чухал биш. Ядаж л арван үгнээс нэгийг тогтоо, арван хүнээс нэгийг тань. Ёс бодож сонссон дүр үзүүлэх нь хайран цагаа дэмий үрэхийн нэмэр. Авах хүнд нэг үг ч эрдэнэ, орхих хүнд мянган сургаал ч улиг. Хамгийн гол нь тэдний ярьснаас чамд байгаа нь юу байна, дутуу нь юу байна гэдгийг тунгаан, хэлсэн ярьсныг нь эргэцүүлэн бодож заншвал тун их хэрэг болно доо. Бодож тунгаан бодлогошрон бясалгаж, дотор хүнтэйгээ зөвлөлдөн ярилцаж сурвал өөрийгөө хөгжүүлэн боловсрох шинэ боломжийн үүд хаалгыг нээж байна гэсэн үг.
Уураг тархиа билүүдэж, ухаан бодлоо сэлбэх барагдашгүй эх ундарга бол ахмадын үг сургаал. Тэдний ухааны сан хөмрөг, амьдралын арга туршлагаас нь дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж авахаар чармай. “Хөгшин, залуу хоёр хамт явбал ан олз их”. Залгамж хойч үеийнхээ төлөө амьдарч, гандаж гундаж явсан ахмадууд, залуус та нар минь эндүүзэй, гэнэдүүзэй гэсэндээ алтан сургаалаа хайрладаг билээ. Ахмадуудаа хуучирсан хоцрогдсоноор нь дуудаж, үгийг нь үл сонсон, үйл хэргийг нь эс хэрэгсэн, андуу эндүүгийн замаар орвоос үндэснээсээ таслагдсан цэцэг мэт хатаж хагдран хаягдахыг ухаарагтун. Ахмадуудаа хүндэл. Ахмадаа ойшоон хүндлэх нь цэцний тэмдэг. Ахмадаа үл ойшоон, эс хэрэгсэх нь тэнэгийн шинж.
Аливаа улс үндэстэн өөр өөрийн онцлогтой ёс журам, хэв суртал, ёс заншлыг баримтлан амьдарч, аж төрдөг. Бидний өвөг дээдсийн нэн баялаг ёс заншил ард түмэндээ бичигдээгүй хууль болон үйлчилсээр олон зууныг элээв. Улс үндэстэн бүр, гагцхүү өөрөөрөө байж л өнө удаан оршин тогтнох хувь заяатай. “Өөрөөрөө байж эс чадах ард түмэн, бусдыг дуурайсан соёл иргэншил, бусдын түүхээр сэтгэл ханадаг үндэстэн сүйрэх мөхөх, мартагдах тавилантай”. Тиймээс уламжлалт ёс заншлаа дээдлэн хүндэлж, буухиалан залгамжилж, хэлбэрэлтгүй сахин, өөрөөрөө байх нь үе үеийнхний эрхэмлэх ариун үйлс мөн. Нас илүү, ёс ахиу хүмүүсээ хичээнгүйлэн сонс. Тэдний дагаж баримталж байгаа хэв хууль, журам зарчим, заншил суртлыг ёсчлон дагадаг ёс сахисан, журамтай хүн байхыг эрмэлзэх нь хүүхэд залуусын зорьж тэмүүлэх тэмүүлэл байх учиртай. Аливаа ёс заншлыг ёсчлон дагах арга ухааныг эцэг эх, ёс ахиу хүмүүсээс хичээнгүйлэн суралцаж, мэндлэх хүндлэх ёсон мэт хэвшил болгон тогтоох хэрэгтэй. Уламжлалт ёсыг зүй зохистой гүйцэтгэх нь ёс төртэй, боловсролтой боловсон хүний заавал эзэмшсэн байх учиртай урлаг юм. Хүндэтгэлийн ёсыг огоорч, зүй журмаас зөрүү гажуу явж, ёс алдахаас сэрэмжил.
Алдуурсан үг, алдсан ёс аль аль нь эзэн хүнийхээ эрэмбийг доошлуулж, ханшийг бууруулан нэр хүндэд харшилна. Зүй журмыг дагалгүй, ёс бусаар авирлах буруу хазгай үйлдэл гаргаж, ёс бусчлахгүй амьдарвал үлдэх зам мөр зөв, үйлс заяа өөдрөг байна. Хэвшиж тогтсон ёс журам, дэглэм зарчимд эс нийцсэн, ёсноос гажуу үг хэл, үйлдэл хөдлөл бүхэн түмэн олонд эвэртэй туулай үзсэн мэт гайхашрал төрүүлж, өөрийнхөө далд байсан бүдүүлэг харанхуйг ил гарган илчилсэн увайгүй хэрэг болдгийг бодож явах нь зохистой. Олон үндэстний ёс журам, ёс заншил нь уламжлагдахын зэрэгцээ шинэчлэгдэж байдаг зүй тогтолтой. Он цагийн уртад зуун зууныг элээн амь бөхтэй оршин амьдарсаар үргэлжлэх ёс байхад цагийн болоод амьдралын шалгуурыг давахгүй мартагдаж орхигдох нь ч байна. Цаг үе өөрийн гэсэн өнгө төрх, дэг жаяг бүхий ёс журмыг шинээр буй болгон хэвшүүлэх нь байх ёстой, хэвийн зүйл. Шинээр бий болж, хэвшиж тогтон байгаа одоо цагийн ёсыг уламжлалт ёс заншилтай ухаалаг зохицуулан авч явах нь улс үндэстэн өөрөөрөө оршин тогтнох нэг гол нөхцөл мөн.
Хүүхэд залуус та нар уламжлалт ёс заншлаа хүндэтгэн сахихын хамт шинэ цагийн ёсыг соргог мэдрэмжтэй тусган авч, өдөр тутмын үйл хэрэг, амьдрал ахуйдаа хэвшүүлэх хэрэгтэй. Ёс журмыг сахих гэж байгаа бол сахисан шиг сахина уу гэхээс ёс төдий оромдох нь утга учиргүй хэрэг. Ёс журмыг ёс төдий сахих, ажил төрлийг ёс төдий гүйцэтгэхийн аль аль нь сайн үйлс бүтээж, сайхан амьдрахыг зорьж байгаа залуу хүний замнах зам харгуй биш гэдгийг мэдээрэй.
Нас илүү, ёс ахиу хүмүүсийнхээ үг сургаалыг сонсон хэрэгжүүлж явбал амжилтад үргэлж ойр, алдаанаас ямагт хол байх болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.