2012-12-12

Талархал


Титэм үгсийг блогтоо нийтлэх эрх олгосон "Титэм үг" цуврал номын зохиогч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайдаа талархал илэрхийлье!

Эрхэм уншигч та Титэм үгсийг блогийн маань "Титэм үг" булангаас уншаарай!

Л.Өлзийтөгс - Гэм

Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ

Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.

2012-12-03

[Титэм үг] Боломжгүй гэх үгийг бодлоосоо арчиж хая!

Залуу анд минь! 
Боломжгүй гэх билэггүй үгийг бодол санаанаасаа хурдан арчиж хаяарай. Бодол санаа, хүсэл мөрөөдөл нь боломжгүйн хог новшоор дүүрч, чадахгүйн занганд хүлэгдсэн хүний амьдралд утгат юмгүй, гэрэл гэгээт зүйлгүй, үргэлж бүтэлгүйтнэ. Болж ирсэн, бүтэж явсан бүхэн нь хүртэл болохгүйн салхинд хийсч, чадахгүйн шуурганд туугдан одно. Энийг сурах боломжгүй, тэрийг сурч чадахгүй гэсэн хөөтэй бодол тархи толгойд орж ирсэн гайтай мөчөөс сурч болох байсан эрдэм ухаан хүнийсэж холдсоор, давж туулахад бэрх сэтгэл зүйн саад хаалтыг сурч, боловсрох замдаа хөндөлсүүлэн босгоно. Сурч мэдэх замаа таглан хад чулуу овоолсон хүн боломжгүйн намагт урагш хөдлөх аргагүй шигдэх нь харамсалтай. Урагш ахихгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Сурч мэдэх хүслээ боомилон хязгаарлаж хэрхэвч болохгүй. Сурч мэдэхээс хойш суун цааргалах нь өөрийгөө санаатайгаар хорлож байгаа ухаан мулгуу, утга учиргүй хэрэг мөн. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэл, хичээл зүтгэлтэй хүнд сурч болохгүй, мэдэж чадахгүй юм бараг үгүй, мэдлэгийн өргөн дардан зам харгуй өмнө нь үргэлж нээлттэй цэлийнэ. Хэдийчинээ ихийг сурч мэднэ, төдийчинээ ухаан сууж, хүч чадал нэмнэ. Сурч мэдсэн юм бүхэн хэзээ нэгэн цагт хэрэг болж, ач тусаа өгнө.

Чингис хааны сургаалиас...



Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

                              *                    *                    *

Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс
Зүтгэснийх нь бүтнэ
Алгуурласных нь алдагдана

                              *                    *                    *

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар

                              *                    *                    *
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох

                              *                    *                    *
Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй

                              *                    *                    *

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу

                              *                    *                    *

Зорьсон бол бүү цөхөр
Зориглосон бол бүү шантар

                              *                    *                    *

2012-10-23

[Титэм үг] Хүлээцтэй хүн хүссэндээ хүрнэ


Бидний өвөг дээдэс яарвал даарна гэж сургасан. Хурдтай байх их сайн, харин яаруу адгуу байх сайн юманд хүргэхгүй. Бүх юм өөрийн гэсэн эхлэх, үргэлжлэх, дуусах цагтай. Цаг нь болоогүй байхад адган дайрах, цаг нь өнгөрсөн хойно адайран зүтгэхийн аль аль нь адгийн муу. Дөтийг харж дөрөв хонов гэдэг шиг аажуу байж арай болохгүй ч аливаа юманд хүлээцтэй хандаж сурвал амьдралдаа маш их зүйлийг хожно.
Үгэнд хүлээцтэй байж чадвал хараал хэрүүлийн бузраас хол явна. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо. Хэрүүл өдсөн үгний өөдөөс хэдэрлэж хариулахаа хүлээ. Бодол санаанд харван орж ирсэн болчимгүй үгийг амаа хамхин, алдахгүй байхыг бод. Ам алдвал барьж болдоггүй. Сэтгэл сэмрэх хэрүүлийн муу үгийг амны босго давуулалгүй, тас жимийн тэсч дөнгөвөл сэтгэл хямраах сөргөлдөөнөөс сэргийлж өөрийгөө хамгаална. Магтах хийгээд муулах аялгатай үгсийг сэтгэлийн хөөрөл багатай, тайван тогтуун хүлээж авбал чамд хэрэгтэй. Чам руу чиглэсэн шүүмжлэлд хүлээцтэй бөгөөд тэсвэртэй, авах гээхийн ухаанаар хандаж байвал урагшлах замаа зөв засна. Сайн санаж ил хэлсэн, нуруунд хүйтэн хөлс чийхарч, нүүр улайм шүүмжийг ч нөхөр ёсны хатуухан үг надад хэрэгтэй гэдэг талаас нь хүлцэн хүлээж авбал хүнээрээ үлдэхэд тус болно. Бүр адгийн муугийн дотор ч авууштай сайн зүйл байдаг юм. Буруу зөрүүг нүүрэн дээр чинь ил цагаан хэлж байгаа тэр хүн өсөрхөн хагаралдах дайсан биш, өмөг түшиг болох нөхөр мөн. Далдуур муулсан дам үгийг дамжуулж чамд шивнэвэл сэтгэлдээ хадгалалгүй, чихний хажуугаар өнгөрөө. Дамын үг дамжигтай, дамжсан юм сэжигтэй, шивнээ үг сэтгэлд халтай, шиврээ бороо дээлэнд халтайг сана.

2012-10-12

Р.Чойном - Үгүй

Өлгийд минь буцааж аваачих шидтэн гэж үгүй
Өвгөрсөнийг минь залуу болгох хүчтэн гэж үгүй
Өөрийн минь ээжийг ахиж төрүүлж өгөх увдистан гэж үгүй

Үгүйгээр дүүрсэн хорвоо юм уу тэгвэл
Үгүйрлээ нөхдөггүй хотол юм уу тэгвэл
Үгүй огт үгүй хүслээр тасардаггүй хорвоо
Үгүй огт үгүй хүнээр дундардаггүй орчлон

Үхэх үгүйгээр төрөх гэж үгүй
Өтлөх үгүйгээр залуу гэж үгүй
Үгүй гэж байхгүй бол байна гэж байхгүй
Үгүй гэж байхгүй бол за гэж бас байхгүй

Хар цагаан хоёр харшилдсан
Нөхөр дайсан хоёр нүдэлцсэн
Зөв буруу хоёр зөрөлцсөн
Амаргүйхэн орчлонд амьдарч явна даа би

Зүгээр сууж чадахгүй
Зүрхээ хүнд бэлэглэхгүй байж чадахгүй
Адал бэртэгчинд өшрөхгүй байж чадахгүй
Анд нөхөртөө баярлахгүй байж чадахгүй

Үгүй
Тэнгэргүй аргаа баран сажилж чадахгүй
Үгүй
Тэмцэлгүй ая тал засан амьдарч чадахгүй
Үгүй
Үгүй гэдэг үг үнэтэй байна

За гэж Засдаг үгээр хуурсанаас
Үгүй гэж Үнэнээ хэлсэн нь дээр

Үгүй
Нүглээ цаасанд савлаж хов зөөж би чадахгүй
Нүднээс далдуур хүнийг муучилж би чадахгүй

Үгүй
Өөрийгөө өндөрт гаргах гэж
Өрөөлийг би хөнөөж чадахгүй

Үгүй үгүй Үгүй

[Титэм үг] Амжилтаараа ялгар


“Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч хаяж чаддаггүй” гэдэг. Амьдралаа зөвхөн дээшлүүлэхийг чармайгаад зогсохгүй утга учиртай, баяр баясгалантай, алсын хараатай цогцлоохын төлөө эрчимтэй ажиллаж, тууштай тэмцэх хэрэгтэй. Амьдрал утга учиргүй, угтах зорилгогүй тусмаа зовлон зүдүүртэй, хүнд бэрх байна. Аж амьдралаа одоо байгаагаас нь илүү утга учиртай болгох маш тодорхой зорилго тавьж мэрий. Хүн чиглэсэн зорилготойгоор хүчээ шавхан хичээн зүтгэвэл хүссэн амжилтандаа зайлшгүй хүрнэ. Амжилтанд цагаан эсгий, улаан хивс дэвссэн замаар шулуухан алхсаар хүрч очно гэж амар хялбар төсөөлбөл алд дэлэм алдана. Асар их саад тотгорыг даван туулж, хөлөө холгож, хөлсөө урсгаж байж амжилтын хаалганы бариулаас атгана. Амжилтанд хүрсэн хүний амжилтын үнэнхүү хэмжүүр нь гагцхүү давж туулсан саад тотгорын нийлбэр.

Хүн хамгийн сайн чадах зүйлээ хийж байж амжилтанд хүрнэ. Дургүй ажлаа хийсээр дуулимд цуурайтах амжилтанд хүрсэн хүнийг олъё гэвэл өвсөн бухал дундаас хаяж гээсэн зүү хайж олохтой адил юм болох байх. Насаараа алх барьж, дөш нүдсэн дархан хүнийг мэргэжлээ сольж хийлчин болоод хөгжмийн ертөнцөд алдраа мандуул гэвэл юу гэх бол? Хүн дуртай ажлаа хийсээр амжилтанд хүрэхийн гадна бас өөрийнхөө хүчинд итгэж байгаа газартаа чадах юмаа хийж байж зорьсон зорилгодоо хүрэх нь тодорхой. Нэгэн алдартай бөх, дэнж нь хотойхгүй бол би энэ наадамд түрүүлнэ гэсэн утгатай үг хэлж аархсан тухай ам дамжин яригддаг. Энэ бол онгироо сагсуу хүний дэмий үг биш, өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэж, эр бярандаа багтаж ядсан, бөхийн амжилтандаа бардам байгаа зоримог үг байжээ.

Хөнгөн хялбар олдох амжилт ховор. Ойгүй газар араатан ховор, уулгүй газар чулуу ховор, усгүй газар загас ховор гэдэгтэй адил. Хөнгөн олдож байгаа амжилт удаан тогтохгүй. Хаврын цас сэмрэн хайлан урсах мэт тун удалгүй алга болно. Амжилтын оргилд мөчит дөрвөн хөлтөн хүрч эс чадах өндөр уулын халилд үүрэндээ нисэн очих өл бүргэд мэт нисч очихгүй, мэдээж. Амжилтын оргил өөд мацаж байгаагаа өндөр уулын оргил өөд авирч байгаатай л зүйрлэ. Уулын оргилд бэлээс нь мацна. Салхи шуурга, цас мөс, хүйтэн нойтоныг туулж, амь эрссэн эр зоригийн тулаан хийж байж бүргэд өндөглөсөн өндөр халилд дөхөж очно. Уулын оргилд авирахад туулах тэр л бэрхшээл зовлон, бэрх хатууг даван, эр зоригийн тулаан хийж, ялан урагшилсаар амжилтын оргилд дөхнө. Амжилтанд хүрэх өөр дөт бөгөөд шулуун дардан замыг хэнд ч, хэн ч засаж бэлдээгүй. Тийм бэлэн зассан зам хүсч мөрөөдөж байгаа бол амжилтын оргил мөрөөдсөний гарз.

Амжилт өөд ганцхан зам хөтөлнө. Энэ бол ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн зам. Энэ зам өргөн нарийнтай, дэгэн догонтой. Зарим хүнд нарийн бүдэг зөрөг зам ч тохиож магад. Ийм замаар өгсөж яваа хүн үнэнхүү их ухаан, үлэмж их хүч чадал зарж, бусдаас шаргуу хөдөлмөрлөж, илүү хичээх хэрэгтэй болно. Амжилтанд хүрэхийн тулд ажил хөдөлмөр хичээл зүтгэлийн замаас өөр зам хайж байгаа бол бүтэлгүй буруу зүйл бодож төлөвлөж байна гэсэн үг. Тийм хүмүүсийг сэргээш хэрэглэсэн тамирчин шиг цахилгаан цахиад өнгөрөх төдийд баярлуулаад гомтгосон гунигтай амжилт хүлээнэ. Сэргээш хэрэглэсэн тамирчин шагналаа буцаан хураалгаж, нэр төрөө баллах болохоор юуных нь ч амжилт байх билээ дээ. Зөв явбал зөрөг замаар ч ахиж гэлдэрсээр амжилтын эзэн болох боломж бий.

2012-09-21

Эмүжин - Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй!

Эмүжин
Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ

2012-09-13

Хүү - Сургамжит өгүүллэг

Хүү
Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ залгалаа.
- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болхуу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.
- Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно.
- Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархтаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болхоор бидэнтэй хамт амьдрахыг  зөвшөөрөөч.
- Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь түүнийг байж болох өөр газар олоход нь туслаж болох юм.
- Үгүй ээ би түүнийг бидэнтэй хамт байхыг хүсэж байна.
- Хүү минь түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс ийм мэт зүйлс бидний амьдралд төвөг дарамт болхыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа орхиод хүрээд ир.
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа хүүг нь өндөр байшин дээрээс унаж нас барсан болхыг цагдаа нар утасдаж мэдэгдэв. Цагдаа нар үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ. Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр тэр дороо хүүгийхээ цогцсыг танихаар эмнэлэгийн моорог гуу очив. Аав ээж хоёр хүүгээ тэр дор нь танив. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

Гэрээслэл

Сайхан хайр байдаг юм шүү!
Олдвол бүү алдаарай!

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.
Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ.
Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:
- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув.
-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.