2013-01-17

Хариу Нэхээгүй Буяны Үйлс Хамгаас Илүү Үнэтэй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.
Тусламж хэрэгтэй бүхэнд сэтгэлээсээ үзүүлэх дэм тус буяны үйлс. Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, өвдсөн хүнийг эмнэх, харанхуй хүнийг гэгээрүүлэх, орох оронгүйд оромж сууц өгөх, бусдын төлөө санаа тавих бүгд л буяны үйлс. Буянтан болъё хэмээн бодож мөрөөдөх нь буянтан болчихлоо гэсэн үг хараахан биш. Буянтай үйлсийн тухай баруун солгойгүй ярьж, эрмэлзэл тэмүүллээ илэрхийлснээ буян хийчихлээ гэж бодож төсөөлж болохгүй. “Хүний буянт үйлсийг түүний эрмэлзэл, тэмүүллээр нь бус, харин өдөр тутмын үйл хэргээр нь үнэлэх хэрэгтэй”. Буянтай үйлсийг дотоод итгэл үнэмшилээрээ ухамсартайгаар үйлддэг. Би бусдын тусын тулд буян үйлдэх учиртай гэж үүргээ ухамсарлах нь бүхнээс илүү чухал. Гуйлга болон шахалтаар хийсэн буян хүртэж байгаа хүндээ хишиг буян болон шингэх ач тусаар бага.

Титэм үг - Бага боддог хүн их алддаг

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн.
Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.
Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.

Тэнэг үү? эсвэл Ухаалаг уу? - Сургамжит өгүүллэг

Ухаалаг, Сургамжит
Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв. Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм” гэхэд Жон инээмсэглэн “анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм” гэж хариулжээ.

2013-01-15

КЛЕОБУЛ : Афоризм

Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.
               *               *               *
Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг
Үнэн юм биш л бол түүнээс холуур яв
               *               *               *
Хэмжээ гэдэг бүхнээс чухал
               *               *               *
Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий.
               *               *               *
Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ.
               *               *               *
Өөртэйгээ адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно.
               *               *               *
Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс.
               *               *               *
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай.
               *               *               *
Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж.
Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.
               *               *               *
Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан.
Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
               *               *               *

Титэм үг - Том ажлаас бүү ай, жижиг ажлыг бүү гол

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Аливаа ажил үйлс бүхэн эхлэх, дуусах цагтай, дунд нь үргэлжлэх хугацаатай. Том үйлс бүтээе гэвэл цаг их зарна. Авсаархан жижиг зүйлийг бага цагт амжуулна. Ажлыг эхлэх амаргүй. Янз бүрийн хүмүүсийн төлөвлөсөн ажлаа эхлэх араншин янз бүр. Нэг хэсэг нь зорьсон хэргээ эхэлж чадахгүй, барьж авахаас халган, хойш сууж, цааргалан зүрхшээж цаг алдана. Улмаар энэ зүрх зориггүй үйлдэл нь дадал дасал болж, насан туршид нь хойш чангаана.
Залхуурч хойш суух урагшгүй муу зуршилд хүлэгдсэн хүмүүс хайран цагийг яйран болгон сүйтгэж, өөрийгөө хорлоно. Нөгөө хэсэг нь аажуу алгуур, долоо хэмжиж нэг огтлох хэтэрхий буурьтай хашир зарчмаар хандана. Энэ бол ажилд хандах муу хандлага биш, хөнгөн хийсвэр, тооцоо судалгаагүй гоомой алхмаас сэргийлэх сайн талтай ч үйл явдлын өрнөл их хурдтай, ихэд өрсөлдөөнтэй болсон одоо цагт хөхүүлэн сайшаахад учир дутагдалтай арга барил. Зарим нь шууд ханцуй шамлан барьж авч, зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэх зарчмаар гялалзуулна. Ажлын хувь заяаг шийдвэрлэх нэг гол хүчин зүйл нь хурд. Хурд бол амжилтын үндэс.
Шийдвэр гаргахдаа ч, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ч хурдтай, эрчтэй ажиллаж байж өршөөлгүй өрсөлдөөнт ертөнцөд тэсч үлдэн, сэтгэл тэнүүн урагш тэмүүлнэ. Бага цагт ихийг амжуулах алтан боломжийг хурд хэмээх шидэт туслагч чамд нээж өгнө. Өрсөлдөгчөөсөө дутуу буюу, ижил хурдтай байгаад түүнээс илүү гарч, ялж дийлнэ гэж хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Цагийн үнэлэмжгүй, цаг барих соёлгүй хүн амжилтын төлөөх уралдаанд үргэлж сүүл барин хоцорно. Тийм ч учраас бидний өвөг дээдэс цааз мэдэхгүй хүн эндэж алдах, цаг мэдэхгүй хүн хоцорч алдах гэж сургамжлан захьдаг байж. Гараас нь юм гарахгүй удаан, зүгээр суугаагүй мөртлөө бүтээл нь харагдахгүй хүн үнэхээр залхуутай. Тийм хүмүүсийн яст мэлхийнийх шиг удаан хөдөлгөөн, босож суух нь хүртэл хурдан гавшгүй хүнд дотор бачуурам тээртэй харагддаг юм. Хурдан гавшгай хүн урамтай.

2013-01-10

Н.Гантулга: "Уулсын сэтгэлгээний тэлэлтийг..."

"Болорцом-30" наадмын тэргүүн шүлэг


Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

2012-12-12

Талархал


Титэм үгсийг блогтоо нийтлэх эрх олгосон "Титэм үг" цуврал номын зохиогч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайдаа талархал илэрхийлье!

Эрхэм уншигч та Титэм үгсийг блогийн маань "Титэм үг" булангаас уншаарай!

Л.Өлзийтөгс - Гэм

Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ

Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.

2012-12-03

[Титэм үг] Боломжгүй гэх үгийг бодлоосоо арчиж хая!

Залуу анд минь! 
Боломжгүй гэх билэггүй үгийг бодол санаанаасаа хурдан арчиж хаяарай. Бодол санаа, хүсэл мөрөөдөл нь боломжгүйн хог новшоор дүүрч, чадахгүйн занганд хүлэгдсэн хүний амьдралд утгат юмгүй, гэрэл гэгээт зүйлгүй, үргэлж бүтэлгүйтнэ. Болж ирсэн, бүтэж явсан бүхэн нь хүртэл болохгүйн салхинд хийсч, чадахгүйн шуурганд туугдан одно. Энийг сурах боломжгүй, тэрийг сурч чадахгүй гэсэн хөөтэй бодол тархи толгойд орж ирсэн гайтай мөчөөс сурч болох байсан эрдэм ухаан хүнийсэж холдсоор, давж туулахад бэрх сэтгэл зүйн саад хаалтыг сурч, боловсрох замдаа хөндөлсүүлэн босгоно. Сурч мэдэх замаа таглан хад чулуу овоолсон хүн боломжгүйн намагт урагш хөдлөх аргагүй шигдэх нь харамсалтай. Урагш ахихгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Сурч мэдэх хүслээ боомилон хязгаарлаж хэрхэвч болохгүй. Сурч мэдэхээс хойш суун цааргалах нь өөрийгөө санаатайгаар хорлож байгаа ухаан мулгуу, утга учиргүй хэрэг мөн. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэл, хичээл зүтгэлтэй хүнд сурч болохгүй, мэдэж чадахгүй юм бараг үгүй, мэдлэгийн өргөн дардан зам харгуй өмнө нь үргэлж нээлттэй цэлийнэ. Хэдийчинээ ихийг сурч мэднэ, төдийчинээ ухаан сууж, хүч чадал нэмнэ. Сурч мэдсэн юм бүхэн хэзээ нэгэн цагт хэрэг болж, ач тусаа өгнө.

Чингис хааны сургаалиас...



Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

                              *                    *                    *

Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс
Зүтгэснийх нь бүтнэ
Алгуурласных нь алдагдана

                              *                    *                    *

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар

                              *                    *                    *
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох

                              *                    *                    *
Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй

                              *                    *                    *

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу

                              *                    *                    *

Зорьсон бол бүү цөхөр
Зориглосон бол бүү шантар

                              *                    *                    *

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.