2013-05-16

Титэм үг - Өөртөө итгэ

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг.
Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу? Хэн бүхэнд гар дор нь байгаа. Өөрийнхөө хүчинд итгэ. Өөртөө итгэхүйд суралц. Өөртөө итгэхгүй байж бусдад яаж итгэх юм бэ? Өөртөө итгэдэггүй хүн өөрийгөө ч хайрлаж мэддэггүй. Өөрт байхгүй юмыг бусдад өгч чаддаггүйтэй адил өөрийгөө хайрлахгүй байж яаж бусдыг хайрлах билээ дээ. Ийм байдлаасаа болоод хүн итгэл хөсөрдсөн, хайр дутсан орон зай руу аажим аажмаар гулсан орж явчихна. Тийм орчинд амьдарч байгаа хүнээс аз жаргал алсын алсад холдож хөндийрөн хүнийсэнэ. Ер нь итгэл хайрыг эвдэн бусниулах нь тэр хүнд учруулж болох хамгийн том хөнөөл гэдгийг ухаантай хүн болгон бодож явууштай.

Өөртөө итгэдэггүй хүн гутранги үзлийн боолчлолд талхигдан зовж явах гунигт тавилантай. Гутранги үзэлтэн амьдралын гэрэл сүүдэртэй аль ч асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь эхэлж хардаг хууч зуршилтай болчихдог зовлонтой. Гутранги хүн өөртөө тамыг л бүтээж насаа илээдэг. Хүний амьдралд төөрөх түмэн сэжүүр, будилах буман салаа бий. Урхи занга энд тэндгүй. Ангал хавцал хаа сайгүй. Өөртөө итгэлтэй хүн энэ бүхнийг тойрч гарах ухаантай, туулж давах зоригтой, тэсч үлдэх тэвчээртэй байна. Өөртөө итгэлгүй хүний хүсэл мөрөөдлийн мод хэзээ ч нахиалахгүй, жимсэлж цэцэглэхгүй, хатаж ёрдойн хоцорно. Өөртөө итгэлгүйгээр хийсэн бүхэн дутуу дулимаг. Төгс төгөлдөр болно гэж хэзээ ч үгүй. Өөртөө итгэлгүй хүний үйлдэл бүхэн дутуу сүнстэй, доголон явдалтай. Өөртөө итгэлгүй хүн биеэ үргэлж голж чамлан, чадахгүй мэдэхгүй гэх зохиомол хүлээсээр өөрийгөө чивчиртэл хүлж багласан байдаг юм.
Өөртөө итгэлгүй хүн шийдмэг бус, зоримог бус. Эрсдэл хийх чадваргүй. Тиймээс бүтээлч бус. Шийдвэр гаргахдаа удаан. Эргэж хургаж, эргэлзэж тээнэгэлзэж байж сая нэг юм шийдэхчээн болдог. Цаг алддаг. Алдсан цагийн хором бүрээр шийдвэрийн үр дүн хорогдоно. Өөртөө итгэлгүй байх нь ямар их хохиролтойг харж байна уу? Тийм хүмүүс эцэс сүүлдээ өөрийгөө нарт орчлонд байх нь хэрэгтэй, хэрэггүйгээ ч ялгаж салгахаа болих хүртлээ донгиордог.
Тэгвэл чи энэ орчлонд хэрэгтэй. Чамгүй бол орчлон ертөнцөд хөг аялгуу дутна. Чиний орон зайг хэн ч нөхөж чадахгүй гэдгийг эхлээд ой тойндоо уусан шингэтэл ойлгон мэдэр. Тэгээд өөртөө итгэх итгэлээ алхам алхмаар сэргээ. Өөрийгөө бусдаас дутуу гэж үнэлж явах нь тийм ч муу, тэнэг адгийн араншин биш. “Би өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж үнэлж явдаг. Тэр маань намайг дандаа ирлэж явдаг байхгүй юу” гэж мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж хэлсэн байна лээ. Сонсож байна уу. Их аварга хүртэл өөрийгөө хүнээс дутуу гэж үнэлэн, дутуугаа гүйцээхийн төлөө ухаан бодлоо чилээж, эр бяраа хөвчилж, өөрийгөө ирлэж суудаг байна шүү дээ. Бусдаас дутуу гэж өөрийгөө голж чамлаад, урвайж унжийгаад суугаад байвал дутуу чигээрээ л үлдэнэ. Тэр ч бүү хэл илүү, дутуугийн хоорондох зай холдон холдсоор байх вий. Чамаас илүү гэж чиний бодож байгаа тэр хүн тийм ч хол илүү биш.
Чи тууштайхан, хичээж чармайгаад оролдоод үзвэл илүү дутуугийн зааг ялгаа тун багасаж байгаа нь аяндаа ойлгогдоно. Нэг л өдөр эн зэрэгцэн ирж, өөрийгөө дутуу биш гэдгээ мэдэрч, хол илүү гарах хүслийн жигүүр чамайг өд шиг хөнгөн хөтлөх болно. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Итгэл байваас бүх юм амьд, бүх юм утга төгс болдог. Өөрийн итгэлийг сэргээж чадсан хүн бусдад ч итгэж эхэлнэ. Бусдын итгэлийг хүлээх нь хэн бүхэнд жаргал, таашаал болдог. Тэр тусмаа танихгүй хөндлөнгийн хүнээс хүлээх итгэл чухам гэнэтийн бэлэг шиг мэдрэмж төрүүлдэг. Түмэн хүн холхисон олон хөлийн газар хэн нэгэн таньж мэдэхгүй хүн та миний ачааг түр харж байхгүй юу гэж олны дундаас чамд итгэн хандвал чи өөрийнхөө ачаа бараанаас илүү тэр хүнийхийг нүд цавчилгүй ширтэн, өндгөө дарсан шувуу мэт хамгаалах болно.
Олны дундаас чамд итгэлээ шүү дээ. Энэ итгэл чамд баяр баясал, таашаал мэдрэмж, хариуцлагыг хамт авч ирнэ. Итгэл бол асар их хүч гэдгийг чи тохиолдлын энэ жижиг үйлээс төвөггүй ойлгоно. Хэн нэгэнд үнэн голоос итгэх аваас тэр чамайг хуурч чадахгүй. Насан туршдаа итгэлийг чинь найдвартай, нандигнан хадгалагч, итгэлт хүн чинь байсаар байна. Үнэн голоосоо итгэсэн гэдгийг мэдэрсэн зүрх хуурах алхамд хэзээ ч жолоодохгүй. Аман дээрээ нэгийг яриад, ачир дээрээ нөгөөг хийдэг хүн олны итгэлийг хүлээдэггүй. Түмний итгэлийг дааж явья гэвэл ам, ажил хоёр адил ижил байх учиртай. Өнгөн дээрээ инээд, өрцөн дотроо хорсол тээсэн хүн бусдын итгэлийг удаан хүлээдэггүй. Өрцөн доторхи хорсол өнгөн дээр ил харагдахгүй ч үйлдэл хөдлөлөөр нь ил болж танигдана. Тэр цагт ямар ч хөгжилтэй цагаан инээд итгэл төрүүлж, өрцөн доторхи хорсол заналыг хаацайлж чадахгүй.
Алдаа дутагдлаа ухаардаггүй хүн амьтан хүний итгэлийг олдоггүй. Алдаагаа ухаарах нь амжилт бүтээлийн нөхөр, алдаагаа хаацайлан тайлбар тавих нь уруудал доройтлын хань хамсаа. Алдаа гаргаж болохгүй гэсэн байнгын дарамтан дор байдаг хүмүүс аймхай үхэнц болдог. Тэд хаашаа ч хөдөлж чадахгүйгээр алдаагаа отон суух тавиланд хөтлөгдөнө. Хөдлөх л юм бол ямар нэг байдлаар буруудчихна. Тэгээд нэг л байрандаа ургаа хад шиг хөшиж суусаар насыг илээхэд хүрдэг. Алдаанаас айж уйтан давчуу нүхэнд өөрийгөө бүү хорь. Аль болох баялаг, халгиа цалгиатай амьдар. Алдаанаас ангид хүн тоост орчлонд үгүй. Гагцхүү нэг алдаагаа давтаж болохгүй. Тэгж чадвал чи жинхэнэ утгаар өсч хөгжинө. Алдаан дээрээс оноог ухаарна. Буруу гэдгийг ойлгож байж зөвийг танина. Алдаа дутагдлаа ухаарч ахин давтахгүй байгаа хүнд итгэж болно.
Ил магтаж, далд муулдаг авиртай хүн бусдын итгэл хүлээдэггүй. Тийм хүмүүсийг танимагцаа зайгаа барьж холдох нь өлзийтэй. Харин хайраа дотроо хадгалж, халаа гаднаа гарган, хатуу ширүүн шүүмжилж байгаа хүнтэй холын зайгаа ойртуулан дотнос. Хүмүүс хов живэнд чихэр бурам шиг дуртай. Хов жив амнаас аманд дамжихдаа өөлж муулах хачир чимгээр баяжаад байдаг. Их мөрний усыг элсээр хааж болдоггүйтэй адил ам дамжин яригдах хов живийг хааж хорих аргагүй. Харин багасгаж болно. Багасгах хамгийн сайн арга нь чи өөрөө хов жив ярихгүй байх. Хов жив шимтэн дурлаад байх сайхан зүйл ердөө ч биш. Хамгийн хорлонтой нь хов жив хайран цагийн дайсан.
“Хов жив хорт могойн толгойтой байдаг” учир түүнээс хол байх нь дээр. Хов жив ярих дуртай хүнээс сэтгэлээ нээж, итгэлээ даатган ярих сайн нөхөд нь холдон холдсоор орхин одно. Хов жив ярих дуртай хүмүүс бусдыг өөлж муулахдаа гаргууд байдаг. Хэн нэгний ар хударгаар нь өөлөн тохуурхаж, бах таваа хангах нь сайн хүний шинж биш. Зигмунд Фройдийн бодлоор бол хэн нэгнийг шоолж шоглохын цаана түүнийг үзэн ядсан уур хорсол нуугддаг. Дайран довтлох гэсэн хүсэл тачаадлаа шууд бус аргаар буюу наргианч аясаар ханган түүнээсээ таашаал авдаг гэнэ. Тийм хүмүүс мэр сэр бий. Бурхан дүрт тийм мангасаас сэргийл. Ер нь хүмүүст сайн сайхан юм бэлэглэж чадахгүй бол ядахдаа муу муухай юм битгий хий.
“Итгэлгүй хүнтэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу”. Итгэлийг даана гэдэг хүний шилдэг чанаруудын нэг яах аргагүй мөн. Өөртөө итгэлтэй хүн л бусдын итгэлийг дааж чадна. Өөртөө итгэлгүй хүн бусдын амыг харж, дохио заавараар хөдөлж, эцэс сүүлдээ дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөн явах болдог. Өөртөө итгэлгүй хүн ямагт айдас болгоомжлолын шүхэр дор нуугдаж амьдрахад хүрнэ. Өөртөө итгэлгүй хүн нүдтэй мөртлөө сохор, чихтэй мөртлөө дүлий амьдарч байгаа хүнээс онцын ялгаа үгүй.
Өөртөө итгэлтэй хүн өнгөнд мансуурч, мөнгөнд донтож, шалиг балигт живж, эрх мэдэлд улайрах адгийн замыг хэзээ ч сонгохгүй. Тэд үүрдийн золыг умартан, зуурдын жаргалыг хөөцөлдөхгүй. Өөртөө итгэлтэй хүнийг хэн ч цагдаж чадахгүй. Өөртөө гүн бат итгэ. Чи чадахгүйгээ чадна. Сурахгүйгээ сурна. Бэрхийг гэтэлнэ. Хүндийг үүрнэ. Зовлонг туулна. Жаргалыг даана. Өөртөө итгэлтэй болчихвол бусдыг аялдан дагалдахгүй, өөрөө өөртөө зам нээж, итгэл төгс алхана. Ийн алхаж байхдаа жинхэнэ амьд ахуйн эрх чөлөөг сэтгэл тэнүүн мэдэрнэ. Өөртөө итгэлтэй хүн жинхэнэ хувьтай хүн.
Жинхэнэ хувьтай хүн жаргаж байхдаа ч сэрэмж алддаггүй, зовлон дунд ч сэхээ алддаггүй хүн билээ. Өөртөө итгэлтэй, жинхэнэ хувьтай хүн байх боломж хүн бүрт нээлттэй байгаа шүү!

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.