2013-05-16

Г.Аюурзана - Шvлгvvд

Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...
               *               *               *
Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн...
               *               *               *
Чи намайг Мөн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон...
               *               *               *
Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас минь илүү амттай...
               *               *               *
Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг...
               *               *               *
Дээвэрт чимээ дуулдахгүй
Борооны төлөө ууя
Нам гүмийн төлөө...
               *               *               *
Манан хөшиглөх уулын жимд
Зовлон мартагдана...
               *               *               *
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...
               *               *               *
Дээвэрт бороо
Буцлах мэт үсчинэ
Гуниг минь чанагдана...
               *               *               *
Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...
               *               *               *

Борооны үнэр сэтгэлд анхилавч
Зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ үед өнгөрсөн байна.
Амтыг нь мартсан уруул ямархан аттайг
Эргээд нэг санъя гэтэл зүүд дууссан байна.
Арван жилийн өмнөх дуугүйхэн үнсэлт минь
Нээрээ, арван жил өнгөрчихсөн гэж үү?
Амьдралын буухиа дэндүү хурдан
Аймшигтай, өршөөлгүй ажээ.
Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цусыг
Тэнгэрт хийссэн энэ он жилүүд юүлээд
Оронд нь бусдын цус сэлбэсэн юм шиг
Ондоон хүн болжээ, би
Ондоон бүсгүй эхнэр минь болжээ.
Алсад үлдсэн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсжээ
Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад, хэн нэгнийг минь дайраад алжээ.
               *               *               *
Надаас дэндүү хол хүмүүс
Дэргэд сууна
Насаар хэдэн зуу ах хүмүүс
Зэргэлдээ амьдрана.
Тэд даана ч балчир,
Хөлд ороогүй охин шиг минь!
Тэвэрч гэвч болохгүй
Хөл дээрээ зогсоцгооно.
Тийм харь, ойлгомжгүй
Эдний өөдөөс ширтээд
Тэвчээрээ шалгаж би
Эвэр хундага өргөөд
Хайран нэгэн оныг
Хөсөр үдэж дарс ууна
Халуу шатсан биеэр минь
Хөлдүү цус гүйнэ
Дарсанд нуугдсан Үнэн
Барьсан хундага бүрийг нь
Хаалга мэт тогшиж үзээд,
(Хүмүүс минь, хүмүүс минь!)
Даана ч миний үе тэнгийнхэн
Хаана ч алгыг зарлана.

2 сэтгэгдэл:

null
tashuuriinsur (зочин)
ok goe
болор
Г.Аюурзаныг би хүндэтгэдэг. Манай үеийн сод хүмүүсийн нэг гэж боддог. Хамгийн сүүлд Аюурзанын Бөөгийн домгийг уншсан. Дурлалгүй ертөнцийн блюз бол ширээний ном гэж хэлж болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.