МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурханы авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт “хүслийг хангагч чандмань эрдэнэ” дүүрэн чихээстэй байдаг юм. Гагцхүү авдрынхаа тагийг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр онгичин хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар – энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанарууд. Тэдэнгүйгээр амжилтын оргилд өөрийгөө хөтөлнө гэж бодож санахын ч хэрэггүй. Ямар ч хүн ертөнцөд өө сэвгүй сайн хүн болон бүрэн төлөвшин мэндэлдэггүйтэй адил бүтээлч шилдэг чанар эхээс төрөхөд энэ биед чинь иж бүрнээрээ цогцлон заяахгүй. Тэр бүгдийг хүн бүхэн өөрийнхөө хүчээр, өөртөө цогцлоохыг мэрийн хичээх ёстой. Тэгж баймааж нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа өөрийн гараар итгэл дүүрэн дархлах боломж алхам алхмаар дөтлөн ойртоно.
Гар хумилгүй ажиллахгүйгээр гавьтай амжилтанд хүрч чадахгүй. Оюунаа хөвчлөн дайчилдаггүй хүн олигтой бүтээл туурвиж эс чадна. “Ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг” гэх үгийг суут Моцарт хэлэх дуртай байж. “Ажил бол энэ ертөнц дээрхи миний цорын ганц таатай зүйл” гэж амжилт олсон нөгөө нэгэн алдартан дахин давтан хэлдэг байв. Ажил хөдөлмөр чиний хэмжээлшгүй баяр баясгалан байж, ажил хөдөлмөрийг амьдралдаа тохиох цорын ганц таатай зүйл болгож чадвал амжилтанд хүрч, алдраа мандуулах шидэт түлхүүрээ бат атган зогсож байна гэж бардам бодож болох нь ээ. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл энэ хорвоод үгүй болохыг өглөө болоход наран мандаж, орой болоход шингэхтэй адил гарцаагүй үнэн гэдэгтэй зүйрлэн жишин санаж яв.
Хүмүүс ажил хөдөлмөрийг янз янзаар л хийдэг. Ажилд тааруу, муухан хийдэг, бие дайчилдаггүй залхуу нэгэн байхад ажлаа тааруу, муу хийж чаддаггүй, муу хийнэ гэдгийг мэддэггүй, бахархам бүтээлч чадвартай нөгөө нь байна. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хайрламаар хэсэг байхад эрхэлсэн ажлаа ор нэр төдий хийсэн болж назгайран цаг нөхцөөгсөд цөөнгүй. Ажил бүтээлээ муу хийж чаддаггүй, дутуу дулимаг орхиж сураагүй тэр хүмүүс алдар хүндийн барианд хэзээд ойрхон байна. Хариуцсан ажилдаа зүрх сэтгэлээ өгч махран зүтгэгч, хайр татам хүмүүс олны хүндлэлийг хүлээж, бахархан дурсагдана.
Шинжлэх ухааны ч бай, урлаг утга зохиолын ч бай аль ч салбарт агуу их хэмээн алдаршсан, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бусдаас даван гарч алдраа мандуулсан хэн боловч өрөөл бусдад найдалгүй өөрийгөө дээд зэргээр дайчлан, хичээн зүтгэж байж тэрхүү бахархам амжилтыг олсон байдаг. Тэдний дотор ядуухан бор гэрт өссөн хүн байхад баян тансаг өргөө гэрт төрсөн нь ч байна. Идэж уух, өмсөж зүүх, эрхэлж тоглох бүхнээр бялхаж байгаа мөртлөө өөртөө хатуу шаардлага тавьж, сурч мэдэхийн төлөө, судалж бүтээхийн төлөө махран зүтгэсээр агуу их үйл хэргийг гүйцэлдүүлсэн суут хүмүүс бий. Туйлийн ядуу тавилангаас үл шалтгаалж, өөрийгөө шавдуулан, хүрч болох хамгийн дээд өндөрлөгт өөрийнхөө хүчээр гарч чадсан жишээ захаас аван бий. Хүн амжилтанд хүрэхэд ямар ч хатуу хэцүү бэрхшээл гай тотгор, төвөг саад төдийлөн болдоггүй гэдэг нь гайхамшигт хүмүүсийн намтар цадигаас тодхон бөгөөд нийтлэг харагддаг. Харин ч олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл хүмүүст сэтгэл, итгэлийн хат суулган, хашир таниулж өөд нь татдаг байна. Өөрөөр хэлбэл гачигдал зовлонг шүд зуун тэсвэрлэж, шөрмөсөө сунатал ажиллаж хөдөлмөрлөе гэх чин хүслэн ундран оргилон бий болдог байна. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах зориг хүчийг өгдөггүй. Өнөөгийн ядуу зүдүү, дутуу гуцуу амьдрал үүрдийн золгүй байдал, үзүүргүй зовлон гуниг гэсэн үг хараахан биш. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах гүн итгэл өвөрлөн хичээн зүтгэвээс ядуу гуцуу байдлыг хишиг буян болгон хувиргаж төвөггүй чадна. Зовлон бэрхшээл өөдлөн дэвжихийн төлөөх тулаанд зориг хүчийг өгч туйлдаж сөхөрсөн хүнийг хөл дээр нь баттай босгодог юм. Ийм зориг хүчтэй, хөл дээрээ баттай боссон хүн ялж дийлэн, цаана нь гарч, зорилгоо биелүүлэх нь эргэлзээгүй тодорхой.
Өөрийнхөө хүч чадал, бололцоо нөөцөнд бүхнээс илүү итгэн найд. Өөрийн чинь гутлыг чиний өмнөөс хэн ч өмсөхгүйтэй адил өөрийн чинь өмнөөс суралцан, чиний оронд хөдөлмөрлөж, чиний нэрээр бүтээн туурвиж өгөх хүн хорвоод үгүй. Чамайг өвдөж зовбол чиний төлөө сэтгэл гарган, санаа тавьж эмчилж тордох хүн байх боловч чиний өмнөөс эм тангий чинь ууж, эмчилгээ засал хийлгэж эдгээн илааршуулж чадахгүй. Тиймээс өөртөө эргэлзэж тээнэгэлзэлгүй найдан, өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах нь хүн бүрт оногдсон заяа тавилан. Ингэж хэлэхдээ бусдын тус дэмийг бүхэлд нь орхигдуулан үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш. Хэн ч хөндлөнгийн тус дэмгүйгээр амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Ямар ч ухаантай, гайхамшигтай хүн бусдаас хишиг тусыг байнга хүртэж байдаг нь мэдээж. Сэтгэл санааны дэм хийгээд, журамт андын сэтгэлээ салшгүй сайн нөхрийн төлөө өргөх нь зүйрлэшгүй том тус нэмэр. Бусдын тусламж, өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудран зүтгэх хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залуу зандан насанд ч, замаа олж, биеэ даасан үед ч нэгэн адил хамаатай. Гэхдээ л өөрийн хүч чадалдаа эргэлзэлгүй итгэн, бололцоо нөөцөө шавхан дайчилж, бүтээлч шаргуу хөдөлмөрлөн, их хэргийн төлөө эргэж хургалгүй зорь.
Амьдралаа үнэ цэнэтэй, утга төгөлдөр, ухаантай зөв авч явахыг залуу хүн бүр хичээх хэрэгтэй. “Ухаангүй, ёс суртахуунгүй, цэнгэлд автсан хүмүүсийн амьдрал ямар ч үнэ цэнэгүй байдаг” гэнэ. Зуурдын жаргалд хөтлөгдөн, зугаа цэнгэлд ташуурч, түмэнд нүүрээ барах ичгэвтэр бүхнээс татгалз. “Ичгэвтэр зүйл хийсэн хүн юуны түрүүн өөрөөсөө ичих ёстой”. Өөрөөсөө ичих мэдрэмжтэй хүн алдаж гишгэх нь ховор. Алдлаа ч хор холбогдол нь гайгүй. Өөрөөсөө ичдэг хүн нэг бүдэрсэн гадсандаа дахин бүдэрдэггүй юм. Архи, тамхинд шимтэн дурлах буруу зуршилд автваас амьдралдаа санаатай хор хүргэж байгаа мунхаг үйлдэл. “Архидалт бол бүх гажигийн эх”. Энэ гажигуудыг засахын тулд жигтэйхэн сайн хууль баталчихвал хүмүүс хорт зуршлаа тэр дор нь таягдан хаячих мэт гэнэн төсөөлөл байдаг. Ямар ч хүчирхэг хатуу чанга хууль гарлаа гэсэн залхуу этгээд гэнэт ажилсаг болон төрөл арилжиж, үрэлгэн хүн жигтэйхэн тооцоотой болон нарийлж, архичин архиа жигшин шууд орхиж, тамхичин тамхиа хаях нь юу л бол? Харин өөрийнхөө гэмийг өөрөө ухаарч, өөрийгөө өөрчлөхөөр сэтгэлээ хатамжлан шулуудаж, хэмнэж гамнахын утга учрыг ойлгож, архинд живсэн гаслант амьдралаа өөрөө ухамсартайгаар буруушааж эхэлбэл хүн сайн тал руугаа өөрчлөгдөх үүрийн гэгээ туяарч эхэллээ гэсэн үг. Өөрийнхөө сэтгэл итгэлийн хүчээр буруу зуршлаас ангижрах нь өөрийгөө аврах хамгийн дөт зам. Буруу үйл үйлдэж байна гэдгээ юуны өмнө өөрөө ухамсарлаж, түүнээс татгалзах сэтгэлийн хүчээ хураан хуримтлуулж, тэсвэр тэвчээр заан, эргэлт буцалтгүй эрс зориглож чадвал нүүрлэн буй зовлон гамшигаас биеэ хамгаалж, өөрийгөө аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө аврах төдийгүй хамгийн хайртай хүмүүсээ уур уцаар, уйтгар гуниг, гутрал доромжлолын занал зүхлээс ангижруулж байгаагаа ухаар.
Бусдын тус дэмэнд найдалгүй яахав. Гэхдээ өөрөө өөртөө туслагч байх нь бүхнээс илүү чухал. Өөртөө туслах оюун ухаан бол хүний өсөж дэвжих өөдлөн хөгжихийн тулгын чулуу юм. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа, гэгээн ухаан л хүмүүсийг алхам тутам зоригжуулж, алс ирээдүйгээ өөдрөгөөр харах хүсэл тэмүүллийг цогцлоож байдаг. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун!
2 сэтгэгдэл:
blog link listend gegeen.wordpress.com blogoo nemuuleh gesiin
Сануулсанд баярлалаа!
Post a Comment