2013-06-06

Титэм үг - Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно. Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс “биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу” хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. “Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй” гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг” хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” гэдэг үнэн аж. Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрхбиш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг”. Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх булгууд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх. Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. “Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй” юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв. Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж, байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.