2013-06-01

Туйлбартай хүн туйлд нь хүргэнэ

Залуу анд минь! 

Аливаа зүйлд туйлбартай байхыг хичээгээрэй. Хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, хичээл сурлага, ажил хөдөлмөр бүхэндээ туйлбартай байвал аз жаргалын хаалга үргэлж нээлттэй, амжилтын наран чамайг ямагт гийгүүлнэ. Суут хүмүүст адил нэгэн онцгой шинж байдаг нь намтар цадигаас нь харагддаг. Энэ бол туйлбартай зан чанар. Ямар нэг үйлийг хийхээр эхэлсэн л бол эргэж буцах, эргэлзэж тээнэгэлзэх гэдгийг мэдэхгүйгээр тууштай бөгөөд туйлбартай эцсээ хүртэл явж, туйлд нь хүргэн дуусгадаг нь тэднийг суутан болоход хөтөлсөн гайхамшигт чанар. Хүн бүр толгой дараалан суутан болж чадахгүй ч хүн болгон тодорхой амжилтад хүрч лавтай чадна. Амжилт олоход түших сайн хань, тулах сайн нөхөр чинь туйлбартай байх эрхэм чанар. Туйлбартай хүн зорьсон зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө зориг шантрам, зүрх үхэм зовлон бэрхшээлийг үл ажран, үлшгүй зоригоор тэмцэн хөдөлмөрлөнө. Ажил хийвэл дуустал нь, давс хийвэл уустал нь гэх үг туйлбартай хүмүүсийн ажил хөдөлмөртөө баримталдаг гол зарчим. Гэхдээ эхэлсэн ажлаа яаж ийгээд дуусгах биш, хийсэн шиг хийж, дуусгасан шиг дуусгах итгэл найдварын нүүр бардам эзэд байдаг нь бахархам.

Ажлаа дутуу орхих, нүд хуурч оромдох, чанаргүй хийх зэрэг нь тэдний хувьд гал ус мэт харш ойлголтууд. Том зүйл сэдэж, их үйлсийн аянд мордох хүн бүр эр зоригоо эрслэн, хүч чадлаа эрчлэн, эрс туйлбартай, эрэмгий чадамгай байх ёстой. “Аугаа их үйл хэрэгт цуцалтгүй туйлбартай байдал хэрэгтэй” гэж их сэтгэгч ухааруулсан байна. Үзэл санаа, итгэл үнэмшилдээ гуйвж дайвахгүй, бат туйлбартай байх нь хүн байгаагийн нэг утга учир. Улааныг үзээд урвах, шарыг үзээд шарвах үзэл санаа нь тогтворгүй хүн салхины аясаар зүг чигээ өөрчлөн, сэрчигнэн дэрвэж байдаг цаасан дарцагтай л адил. Тогтож төлөвшсөн үзэл санаагүй хүмүүс ч бий. “Үзэл санаагүй амьдарч байгаа тэр хүн хөөрхийлөлтэй”. Үзэл санааныхаа үнэнд итгэх нэг хэрэг, үзэл санаагаа хамгаалан тэмцэх эр зоригтой байх хэрэгтэй. Хамгаалан тэмцэж байсан үзэл санаанаасаа няцах юм бол өөрөөсөө хамгийн шившигтэйгээр урваж байгаа ичгүүрт хэрэг мөн. Үзэл санаа эрүүл саруул байж үйлдэл хөдлөл зөв чигтэй байна. Хүн эцэг эхийн оноож өгсөн овог нэртэй байдгийн адил тогтож төлөвшсөн итгэл үнэмшилтэй байх ёстой. Эцэг эхийн хайрласан нэрийг байн байн солиод байдаггүй шиг итгэл үнэмшлээ үе үе солиод байж таарахгүй. Итгэл үнэмшил нь хүний дотоод ертөнцийн гүнд бүрэлдэн тогтдог үнэт зүйл билээ.

Итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байгаа нь өөртөө үнэнч байгаагийн нотолгоо. Хүн өөртөө туйлбартай үнэнч байж л бусдад тогтвортой үнэнч хандах болно. Ичгүүр дагуулах зүйлсийг нууж хаах нь зүйн хэрэг, харин итгэл үнэмшлээ бусдаас нууж хаахын шаардлагагүй. “Өөрийн итгэл үнэмшлийг хэлчих зоригтой байх хэрэгтэй”. Тогтож төлөвшсөн итгэл үнэмшилтэй байгаагийн чинь төлөө чамайг баалж шоолох, басамжилж доромжлох эрх хэнд ч байхгүй. Өөрөө үнэн зөв гэдэгт нь итгэсэн үзэл бодол, итгэл үнэмшилдээ ямар ч үед чин үнэнч яваа хүн хүндлэл хүлээж, магтаал хүртэнэ. Үерхэл нөхөрлөлдөө бат туйлбартай, ханилгаа сайтай байх нь хүн чанарын хүндтэй том үзүүлэлт. Хүн мөс сайтай, хүн чанартай эрхэм хүн найзынхаа зовох цагт ч, жаргах үед ч нэгэн зангаараа туйлбартай байж, нөхрийн чанараа таниулна. Туйлбар бол үерхэл нөхөрлөлийн байнгын хүсэл мөрөөдөл. “Хэрэв бидэнтэй хамт хэн ч баярлан баясдаггүйсэн бол аз жаргал маань хэчнээн олон сайхан зүйлээ алдах байсан бол оо! Бидний зовлонг өөрсдөөс маань илүү хүчтэй мэдэрдэг найз нөхөргүйгээр түүнийг туулахад ямар их хэцүү байх бол оо!” хэмээн гүн ухаантан дуу алдсан нь бий. Нөхөрлөлдөө туйлбартай байя гэвэл найз нөхөддөө эргэлзээгүйгээр итгэх хэрэгтэй. “Итгэл нөхөрлөлийн эхний нөхцөл” мөн. Итгэл эвдэх нөхөр эвдрэлцэх дайснаас дор. “Нөхөддөө итгэхгүй байх нь тэдэнд хууртахаас ч шившигтэй”. Жаргалдаа ташуурсан хүн зугаа цэнгэл, наадам наргианаас бусад зүйлд туйлбартай байж чаддаггүй, туйлбаргүйтэн буцаж няцах нь тэдний хувьд ичгүүртэй биш, ердийн зүйл. Туйлбаргүй хүн буцахдаа амархан, тугалган жад шантрахдаа амархан. Бэрхийг үзэж, зовлон туулан ард нь гарсан хүн буцаж няцахгүй, аливаа зүйлд нэн туйлбартай. Хүн зовох үедээ сайн мууг ялгах чадвар нь илүү хөгжиж, хүний нинжин сэтгэл, нандин чанарыг тод томруун мэдэрдэг болдог. ХХ зууны суутнуудын нэгэнд Альбер Камю яах аргагүй тооцогдоно. Хойт Африкийн бөглүү сууринд төрсөн түүний багад нь эцэг нь нас барж, хагас өнчрөн, цэвэрлэгч эхийнхээ олсон даруухан мөнгөөр амь зуугаад зогсохгүй, түүнээс нь илүүчилж боловсрол эзэмшин, хүнд өвчинд шаналж байсан ч туйлбартай хичээн зүтгэсээр гүн ухаан, уран зохиолын нэрт төлөөлөгч болж чадсан. Тэрбээр хүний нандин чанарыг харуулсан зохиол бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн манай үеийн алдартан байсан юм. Суут хүмүүсийн туулсан амьдрал, жаргал зовлон, оргилд гарсан замналын талаарх зохиол бүтээлийг уншиж судлан, урам орж бахархах нь зүйн хэрэг, түүнээс санаа сэдэл, санамж сургамж авч, өсөж ахих, өөдөлж дэвжих хөшүүрэг болгон хэрэглэх нь илүү чухал гэдгийг залуус та нар санаж явах хэрэгтэй.

Хэлсэн үгэндээ эзэн болдог хүн хийх ажлынхаа төлөө туйлбартай зүтгэнэ. За гэвэл ёогүй, ярьж хэлснээ ямар ч нөхцөлд ажил хэрэг болгодог тулхтай бөгөөд туйлбартай хүмүүс урамтай сайхан. Үг хэл нь туйлбартай хүний үйл ажил нь ч туйлбартай. Хүн болгон том бага нь хамаагүй зорьсон зорилготой амьдрах учиртай. Зорилгогүй амьдарна гэдэг нүдээ боочихоод тэмтчиж яваатай адил. Аз дайрвал тэмтчин алхаад байна, аз нь дутвал шургаж ойчно. Жижиг зорилгоор том үйлс бүтээж чадахгүй нь үнэн. Их үйлсийн аянд мордох хүн томоос том зорилго тавьж, зорьсон зорилгынхоо оргил өөд зоригтой бөгөөд туйлбартай мацах ёстой. Хүрч чадахгүй оргилд авирах гэсний хэрэггүй, цаг үрж, биеэ зовоохын нэмэр. Хүрч чадахгүй зүйлийг хоосон мөрөөдөж, хүслийнхээ мананд төөрч явснаас чадах зүйлээ хүсэх нь ухаалаг үйлдэл. Бага хэрэгцээтэй хүн багыг хүсдэг. Багыг хүсдэг хүн хүслээ биелүүлэхэд төвөгтэй биш. Үл хүрэх том зорилго өвөрлөж хий хоосон мөрөөдөж сууснаас уулын оргил руу бэлээс нь өгсдөг шиг бага багаар өөд нь ахиулж, томд алхам алхмаар ойртохыг зорих нь илүү үр дүнтэй. Туйлбартай хүн зорьсон зорилгоо туйлд нь хүргэн хэрэгжүүлж байж санаа амарна. Хүн амьдралаа өөрөө өөд нь татаж, аз жаргалаа өөрөө бүтээх үүрэгтэй. “Хэн ч бай бусдын өглөгөөр амь зуух ёсгүй”.

Хүчиндээ итгэж, ухаандаа найдаж, хийх бүтээх хүслээр жигүүрлэн, утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Хүний хийж болсон юмыг чи яагаад хийж болохгүй гэж, хүний хүрсэн амжилтад чи яагаад хүрч болохгүй гэж? Туйлбартай хүн туйлын бүтээлч. Зорилго өөдөө туйлбартай зүтгэж байгаа хүний бүтээгч ухаан нь урган төлжиж, бүтээх хүсэл нь оргилон ундарч, бүтээсэн үйлсээрээ бахархан урамшиж, улам ихийг бүтээх эр зориг, чадал хүчээ сэлбэнэ. “Хүний бүх үйл хэрэгт туйлбар нь хүч чадлын хамгийн дээд илрэл байдаг”. Элбэг хангалуун амьдрахын тулд хулгай дээрэм хийж болохгүйтэй адил зорилгоо буруу арга хэрэгслээр биелүүлж болохгүй. Худал хэлэх, хуурч мэхлэх, хов хутгаж яс хаях, өөрийн бус зүйлд шунахайран шүлэнгэтэж өөрийн болгох зэрэг зорилгодоо буруу замаар хүрэхээр нэр нүүргүй улайран зүтгэх нь ёс бус үйлдэл, бузар муухай хэрэг. Буруу арга хэрэгсэл шаарддаг зорилго зөв зорилго байдаггүй гэдгийг мэдвэл зохино.

Зөв үйлсийн төлөө ухралт няцалтгүй туйлбартай тэмцэхийн хамт буруу зүйлтэй тэмцэхдээ эргэлт буцалтгүй туйлбартай байх шулуун шударга, эрч хүчтэй зан чанарыг өөртөө өвч шингээ. Хатуу байх юман дээр хатуурхан хана хэрэм мэт хаалт болон зогсож чадах хүчтэй зан чанарыг эзэмдэн, зориг зүрхээ хатамжил. Хүний зан авир хэдийчинээ хүчтэй байна, амьдралд тохиож болох туйлбаргүйтэх байдалд төдийчинээ бага өртөнө. “Туйлбар нь буянтай үйлийн үндэс”. Буянтай үйл нь бусдын төлөө сайныг бодож, сэтгэлээсээ үйлдсэн сайн үйлс юм. Бусдад чадах, мэдэхээрээ тус болох хүн ёсны үүргээ ухамсартайгаар биелүүлдэг хүмүүс буяны эзэд байдаг. Буянтай үйлсэд албадлага захиалгаар буюу гуйлга түүлгээр оролцох бус, дотоод итгэл үнэмшил, сайхан сэтгэлийн дуудлагаар зүтгэвэл жинхэнэ буянт үйл болно. Бусдад чин сэтгэлээсээ туслах туйлбартай бодол санаа л буянтай үйлсэд эргэлт буцалтгүй хөтөлнө. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Хүнд тус хийвэл өөрт тус ирнэ. “Туйлбаргүйгээр хайр сэтгэл ч, нөхөрлөл ч, буянтай үйлс ч байж боломгүй”.

1 сэтгэгдэл:

Anonymous said...

🌝

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.