2011-08-06

Г.Аюурзана - ″Мод шарлах нь″

Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ үл таних баярыг түрнэ.
Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгүй бодол сэрчихнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ болсон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэр бүсгүйн сүрчигний үнэр,
Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэг л салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.
Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.

4 сэтгэгдэл:

null
болор
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан. Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан... Үнэн таалагдсан бадаг нь энэ байлаа.
Simple
Энэ ч угаасаа лаг л даа...
nabaa (зочин)
би шүлэг сонирходгүй л дээ гэхдээ энэ шүлэг гайхалтай юм
Шувуухай
Энэ хүнтэй сайхан танилцаж олоон жилийг найзын хүрээнд нь үдэхсэн...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.