2011-08-05

О.Дашбалбар: Нөхөддөө 1

Гавъяа байгуулаагүй ээ
Гайхуулах юм надад үгүй ээ
Шаналсан үед сэтгэлийг чинь засаж
Шартсан үед дотрыг чинь засаж
Өө сэвийг чинь хүн эрвэл
Өмөөрч
Өөр хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж
Харгуй зам дээр гялалзах од шиг
Хайрлаж явлаа даа!
Наадмын хүлэг цоллох шиг
Найран дээр ам халж
Найзууддаа магтаагүй ч
Хэн нэгний төлөө зовниж
Хэлэх үгээ мартаагүй!

Нэг гарын таван хуруу шиг
Хэдэн сайхан нөхөд минь
Нэг насаар ханилах
Хэлцээгүй тангараг бидэнд бий!

Өдөр шөнийн турш бодож
Өр зүрхэндээ хадгалж явах
Тийм хэдэн нөхөдтэйгээ
Тэнгэрийн дор бардам явна!

Алдаагий нь хүртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгүйд нь үгүйлж, галгүй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг
Бодол санаа сэтгэл зүрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нөхөдтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!

Заримдаа би тэднийг эс ойлгож
Зам замаа даган холддог ч
Оройхон бараагий нь харахгүй бол уймарч
Орон гэрт нь уруу царайлсаар очдог.

Хар цай талх, давсаа адилхан хувааж
Харамгүй сэтгэл, шүлэг, ном, мөрөөдөлдөө умбаж
Харуй бүрийд буцахдаа өвөр дүүрэн баяр жаргалтай
Хамаг орчлон сэтгэл дотор багтаж ирдэг учиртай.

Холоос давхисаар ирсэн хүлэг морьд шиг
Хонгор насны хэдэн нөхөд минь
Бүхний сэтгэлд шижир алт шиг нийцээгүй гэмээ нь
Бүлээн дулаан хайраар олныг жаргаах нь магад

Ямар ч өөгүй бурхад биш ээ, тэд минь
Янаг охидоо л харин бурхан шиг хайрлана
Баланд шунасан зөгий шиг амьдралд дурлаж
Баясгалант нарыг цонхон дээрээ угтан зогсдог.

Ойворгон, даруу, гэнэн, ухаалаг
Олон араншинтай ч бие биенээ нөхөж
Нийлээд нэг төгөлдөр хүн шиг болдог юм
Нэг нэгээс нь салгаж болохгүй хэдэн нөхөд минь!

Уулын манан, бороо шивэрсэн өдөр,
Ухаажсан харц, эмгэд, хүүхэд, нарс мод,
Уйтгар сэргээх хүлгийн янцгаалт
Урам бадраах шөнийн оддод дуртай!

Амьдралын хайрласан дээд шагнал-нөхөд минь
Атаатан дайсны эсрэг гартаа барих илд-нөхөд минь
Аяны замыг ивээгч далдын сахиус мэт нөхөд минь
Амьдралд та нар миний өөртөө итгэх шалтгаан юм!

2 сэтгэгдэл:

null
Khulan
бүр найз нараа саначлаа.
Дэвхрэг (зочин)
Тэглээ ...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.