2013-10-21

Титэм үг - Эрдэмт Хүн Даруу

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Хүмүүс ээ. Даруухан байцгаая! Энгэсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ.
Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

2013-10-20

Нас их, Ёс ахиуг сонс

Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ. Үр хүүхдэдээ сайны дээдийг хүсч, сайхны дээжийг хүртээхийг хичээх нь бүх аав, ээжийн чин зүрхний хүслэн билээ. Аав ээжийн амнаас унаж байгаа үг бүхэн үр хүүхдээ зөвд залах, буруугаас халхлах сэтгэл зүрхний шүншигтэй, алт эрдэнэсээс үнэтэй сургаал юм. Тийм ч учраас монголчууд аав ээжийн сургаал сайхан, алтан нарны илч сайхан гэж хэлж ярьсаар ирсэн байна. Аав ээжийн үг бол цаг ямагт ач санаж, хайр шингээсэн, рашаан булгийн ус мэт ариун тунгалаг. Эцэг, эхийн зарим үг өнгөн дээрээ өргөстэй харганаар ороолгох мэт ширүүн хатуу сонсогдлоо ч өрцөн дороо өндгөө дарсан шувуу мэт өмгөөлөл өмөгшил, өрөвч сэтгэл агуулсан, өр зүрхнээс оргилох хайр энэрэл нэвт шингэсэн байдаг юм. Үр хүүхдэдээ хар буруу санаж, мууг хүсч, муухайг зөгнөдөг эцэг эх энэ хорвоод үгүй.
Аав ээжийнхээ зөвлөж сургасан, загнаж зандарч хэлсэн аль ч үгийг тэнгэр бурхны хишиг лүндэн лугаа бодож, мөргөж сөгдөн хүлээж авах хэрэгтэй. Бага залуу насны омголон дэврүүн зан, ой сууж, ухаан тогтоогүйн харгайгаар хатуу зөөлөн үгний ханшийг мэдэхгүй мунхаглаж, хэлсэн ярьсан үгийг нь хэнэггүй царайлан өнгөрөөж байснаа, хэдэрлэн зөрж муйхарласнаа хожим хойно ухааран харамсаж өөрийгөө зүхэн гомдовч, үе үе шаналавч нэгэнт болоод өнгөрснийг буцааж болох биш дээ.

2013-10-16

Афоризм

Дадал эзэмшихийн тулд

Дургүй юмыг хийж

Дуртай юмаар тэтгэгдэнэ


         *          *         *

Бичгийн ур чадвар нь бидний оюун ухааны хурц байдлыг болоод мэдлэгийн хуримтлалыг тусган харуулдаг.


         *          *         *

Мэдрэмжгүй байдлаас ангижирч чадах юм бол та эрх чөлөөтэй болно.


         *          *         *

Хүний дотоод сэтгэл нүднээс нь харагддаг

Нүдрүү нь харахгүй бол дотоод сэтгэлийг нь олж харахгүй


         *          *         *

Илүү их анхааралтай хүн

Илүү ихийг ойлгодог


         *          *         *

Мөнгө хэрэггүй мэт ажилла
Хэн ч таныг гомдоогоогүй мэт бусдыг хайрла

Хэн ч таныг харахгүй байна гэж бодоод бүжиглэ

Хэн ч таныг сонсоогүй мэт дуул

         *          *         *

2013-10-15

Хувь хүний сэтгэл зүйн темпрамент

Темпрамент
Темпраментийн Холерик, Сангивиник, Плегматик,  Миленхолик гэсэн 4н хэв шинж байдаг.  Хүмүүсийг темпраментийн хэв шинжээр нь ямар зан чанартайг нь тодорхойлж болох бөгөөд зан чанараас нь хамаараад ямар  ажилд илүү тохирхыг нь бас тодорхойлсон байдаг. Багаар ажиллахад эдгээр хэв шинжтэй хүмүүсийг хослуулах нь ажлын үр дүн бүтээмжид эерэгээр нөлөөлдөг ажээ.  Дээрх 4н хэв шинжийн онцлог нь:

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой . мөн Спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик байдаг.

Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай. 

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, Нябо, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог. 

Миленхолик ууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, Програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгэм, массын хөгжлийг урагш чирэгчид байдаг. 

2013-09-30

О.Дашбалбар: Мөн чанар буй аваас ...

Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .

Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .

2013-09-28

"Говийн ноён хутагтын нутгаар..." аялалын тэмдэглэл /1-р хэсэг/

Данзанравжаа
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь аймагийн Сайншанд хотоос холгүйхэн орших Хамрын хийд, дэлхийн энергийн төв гэгдэх Шамбалын орон, хүслийг биелүүлэгч Баянзүрх хан уул гэсэн газруудаар аялаад ирлээ. Анх удаа аялалын тэмдэглэл хийхээр оролдов. Тайлбарлагчийн ярианаас өөрийн ойгосоноор бичиж байгаа учир алдаа мадаг гарсан байвал залруулж тус болоорой!

Бид шөнийн 2 цагийн орчимд Сайншанд хотод бууж нэгэн буудалд очиж 2 цагийн нойр аваад өглөө үүрээр замд гарч, Говийн нар мандахыг харж, Эмэгтэйчүүдийн сүлд овоо болох Мээм хад/үүнийг эрчүүдийн сүлд уултай зүйрлэдэг гэсэн/-нд залбирч сүү өргөн, цааш орчиноо ариусгагч хонх цохин, Дэлхийд 2-хон байдаг Шамбалын орон буюу Энергийн төвд очин, Цагийн хүрдэнд Шамбалын оронд учирхын ерөөл талбин, Үлэмжийн чанар дууг эгшиглүүлэн, бясалгалын агуйнуудыг сонирхон, Эхийн умайд орж дахин төрсөн мэт болон, буухдаа хөтлөлцөн номын ахан дүүсийн барилдлага тогтоох зан үйл үйлдсэн бөгөөд цааш хүслийн уул буюу Баянзүрх хан ууланд очин  хүслээ шивнээд Сайншанд хот дахь ноён хутагтын музейг сонирхон нэг өдрийн дотор гэхэд нилээд их зүйл үзэж, олон олон домог мэт түүхүүд сонссон юм. Ингээд аялалын үеэр  хамт аяласан Нямбаяр эгч болон Солонго эгч нарынхаа авсан зургуудад тайлбар хийх байдлаар аяласан газрынхаа түүх домог, сонин сайханаас хуваалцъя!

2013-09-19

Онч үгс

Бусдын vгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггvй хvн таг  дvлийтэй_ижил.
Хераклит
             *             *           *
Хvн өөрийгөө хэрхэн vнэлж цэгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг
Франсуа Рабле
             *             *           *
Амьдрана гэдэг амьсгалахын нэр биш, Ажиллаж бvтээхийн нэр.
Ж.Ж Руссо
             *             *           *
Сайн зvйлд vгээр хөтлөх нь хэцvv. Vлгэр жишээ vзvvлж дагуулах нь л vр дvнтэй.
Сенека
             *             *           *
Та эцэг эхтэйгээ хэрхэн харьцаж байна, vр хvvхэд тань хожим тантай яг тэгж харьцах болно гэдгийг санагтун.
Эпиктет
             *             *           *
Орчин vеийн нийгэмд хvмvvжлийн асуудал бол амьдрал, vхлийн асуудал. Учир нь ирээдvй тvvнээс л хамаарна.
Эрнест Ренан
             * * *                   
Хvvхдийн зөв хvмvvжлээс ард тvмний сайн сайхан хамаардаг.
Локк
             *             *           *
«Ээж» энэ бол жаахан хvvхдийн аманд буй Бурхны алдар юм.
Уильям Теккерей
             *             *           *
Төрvvлсэн хvv хэчнээн муу, хvмvvжилгvй, царай муутай, тэнэг, хэсvvлч, өөдгvй байлаа ч гэсэн зvрх сэтгэлийг баяр жаргалаар дvvргэдэг.
Эртний энэтхэгийн зvйр цэцэн vг
             *             *           *
Сайн хvv эцэг эхээ зөвхөн өвдөж л зовоодог.
Кvнз
             *             *           *
Би сэтгэж байгаа учир би оршин байна.
Декарт
             *             *           *
Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур.
Гёте
             *             *           *
Хvмvvн хол бодлогогvй болбоос ойр зовлон буй.
Кvнз
             *             *           *
Сэтгэл санааны тоогvй байдалтай тэмцэж чадаагvй хvмvvс амархан мохдог.
Аристотель
             *             *           *
Шулуун замаар мөлхөж яваа хvн зам гажсан гvйгчийг гvйцдэг.
Фрэнсис бэкон
             *             *           *
Шударга журамтай хэн нэгнийг зодоход бvхий л шударга журамтай хvмvvс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой.
Леонид Aдреев
             *             *           *
Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө бус, цагийг нь олж өгөхдөө л байдаг юм.
Жен де лабрюйер

             *             *           *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдєг чинь л чухал.
Мэгэли дэ Сэрвантэс
             *             *           *
Оюун ухаанаа төгөлдөржvvлэхийн тулд цээжлэхээсээ илvv эргэцvvлэн боддог байх хэрэгтэй.
Р.Декарт
             *             *           *
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай.
Гёте
             *             *           *
Зураачаасаа зураг нь илvv чухал.
             *             *           *
Сэтгэл нийлэхээ болиход алхаа нийлэхээ больдог.
             *             *           *
Хийхээсээ өмнө бодох хийснийхээ дараа бодох ганцхан ялгаатай.
Энэ бол амжилт.
             *             *           *
Урмаар дутаж амьдарснаас усаар цангаж явсан нь дээр.
            *             *           *
Хоолыг удаан биш хурдан ид. Учир нь хэн ч удаан идэж чадна.
*             *           *
Мөнхийн рашаан олох тухай толгойгоо гашлагахаасаа өмнө
Мөхөж буй дэлхийгээ аврах тухай эхлээд гараа хөдөлгөх хэрэгтэй
             *             *           *
Сэтгэлдээ хэн нэгнийг алснаас амьдрал дээр алсан нь нvгэл багатай байж ч магадгvй. Эсвэл уучил.
             *             *           *
Yнэгvй юм гэдэг vнэ хvндгvй байдаг.
             *             *           *
Ядуурах нь залхуурсны шан хөлс мєн
             *             *           *
Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг
             *             *           *
Эгнэгт баатар байж болдоггvй харин эгнэгт хvн шиг байж болно
             *             *           *
Бусармаг явдлыг хараад дуугvй байна гэдэг та тvvнд оролцож байна гэсэн vг.
             *             *           *
Хvн юу ч ярьсан өөрийн замаар яв.
             *             *           *
Энэ ертөнцийг шvvмжилсээр, хvмvvсийг зєв зvйтэй болгох гэж хичээсээр л та энэ амьдралаа завгvй өнгөрөөдөг юм даа.
            *             *           *
Сэтгэлд тань амгалан тайван бус байдал байхгvй бол
Гадна талд тань ямарч догшин ширvvн байдал байхгvй.
             *             *           *

2013-09-18

Афоризм - 4

Бүлээхэн амьд явснаас
Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч
* * *
Хийхээсээ ємнє бодох хийснийхээ дараа бодох ганцхан ялгаатай.
Энэ бол амжилт
* * *
Маргааш үхэх юм шиг амьдарч, мөнх наслах юм шиг суралц.
Ганди
* * *
ЮУ Ч БҮҮ ИЛҮҮДҮҮЛ, ЭРТ УНТАЖ, ЭРТ БОС хүнийг ЭРҮҮЛ, БАЯН, УХААЛАГ байлгадаг зүйл бол ердөө энэ
Франклин
* * *
Таны амьдралд алтан боломж олгодог 3 багш бий. Тэдгээр нь Бэрхшээл, Хариуцлага, Зүтгэл
* * *
Залуу хүн нь хүсэл мөрөөдөлгүй бол эх оронд нь ирээдүй үгүй.
* * *
Хэрвээ чи хөвчийн хөх чоно юм бол
Хүйтэн жавар сөрж хүч сэлбэх ёстой.
* * *
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.
Күнз
* * *
Амьдрана гэдэг амьсгалахын нэр биш, Ажиллаж бvтээхийн нэр.
Ж.Ж Руссо
* * *
Хvн өөрийгөө хэрхэн vнэлж цэгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг
Франсуа Рабле
* * *
Сайн хvv эцэг эхээ зөвхөн өвдөж л зовоодог.
Кvнз
* * *
Би сэтгэж байгаа учир би оршин байна.
Декарт
* * *
Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур.
Гёте
* * *
Шулуун замаар мөлхөж яваа хvн зам гажсан гvйгчийг гvйцдэг.
Фрэнсис бэкон
* * *
Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө бус, цагийг нь олж өгөхдөө л байдаг юм.
Жен де лабрюйер
* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдєг чинь л чухал.
Мэгэли дэ Сэрвантэс
* * *
Оюун ухаанаа төгөлдөржvvлэхийн тулд цээжлэхээсээ илvv эргэцvvлэн боддог байх хэрэгтэй.
Р.Декарт
* * *
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай.
Гёте
* * *
Ядуурах нь залхуурсны шан хөлс мєн
* * *
Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг

Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
XIX зууны төгсгөл XX зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Р.Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг” (Ф.Юкичи). Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай.
Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тиим байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч бий , Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм.
Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцдуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун. “Илд жаданд ижилсвээс баатар болюу. Ном гэгээрэлд ижилсвээс цэцэн болюу” хэмээн сургасан эзэн богд Чингис хааны билиг сургаал та нарын амьдралын замыг гийгүүлж байг.
Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн олон арван жилд цогцдуулах оюуны сац суварганыхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу үзэсгэлэн төгөлдөр байх болно.
Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцахдаа түүнээс залгаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж авахгүи бол үргэлж дутмаг, ямагт гологдмол хүн болж, ажилгүичүүдиин армид сайн дураараа алба хаах бэлтгэлээ сайтар базааж авна гэсэн үг. Надтай уулзсан их, дээд сургуулийн багш нарын амнаас сэтгэл гонсойлгосон, санаа алдмаар үг сонсогдох болсон. Одоо цагт сурч мэдье гэж үнэнээсээ мэрийж байгаа, сурах эрмэлзлээр шатаж яваа залуус тун ховор болсон шүү. Яахав дээ ихэнх нь тэгж ингэсхийгээд нэг юм төгссөн болж байна гэж багш нар ярих юм. Энэ надад гунигтай, халагламаар, харамсалтай сонсогддог. Залуус ирээдүйдээ иймэрхүү байдлаар бэлдэж огт болохгүй ээ. Тэдний амьдрах эрин зуун бол мэдлэг мэдээллийн эрин зуун, оюун ухааны хатуу ширүүн өрсөлдөөний он жилүүд. Энэ эрсөлдөөнд бэлэн бус бол сайн сайхан, тэгш дуүрэн амьдрал хоосон мөрөөдөл төдий л өнгөрнө. Би залуудаа мөн мунхаг байжээ гэж хожмын нэгэн өдөр харамсан халаглахгүйн тулд одоо мэрийн хичээж суралцах хэрэгтэй. Төр улсаас, эцэг эхээсээ өч төчнөөн өртөг зардап, урлэг сүйтгэл гаргуулж сурчихаад үр шимийг хүртэхгүй бол утга учиргүй явдал болно. “Урьдаар мэд, дараа нь хий” (Җу-Сй). Сурснаа ажил амьдрадд хэрэглэж чадахгүй, өөрийнхөө бие даасан амьдралыг ч босгож, тордож дийлэхгүй байгаа мэргэжилтнийг орчин цагийн эрдэм ухаанд нэвтэрсэн хүн гэж үзэж, дүгнэж болох уу? Амьдралд хэрэг болох зүйлийг нэн түрүүн сурахыг хичээх хэрэгтэй. “Сурсан эрдмийг хэн ч булааж чаддаггүй юм” (Д.Тудэв). Эдийн засагч мэргэжил эзэмшсэн мөртлөө өрх гэрийнхээ орлого зарлагыг ч зөв тооцож, зохицуулж, төлөвлөж чадахгүй байгаа.хүнийг “мэдлэгиЙн хүйтэн агуулах” гэж нэрлэхээс аргагүй. Хүн мэргэжлээ хэний ч өмнө нүүр улайж, нүд бүлтэлзэхгүйгээр эзэмших хэрэгтэй. Тиим мэргэжилтэн хаана ч газардахгүй. Би хэдэн жилийн өмнө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм. Дээд сургуульд орж чадаагүй гэж сэтгэл дундуур явдаг нь заримынх нь үг ярианаас мэдрэгдэж байлаа. Тэдний нэлээд нь тогоочийн мэргэжил эзэмшихээр сурч байсан. Хоол иддэггүй хүн гэж байхгүй, амттай сайхан хоолонд дургүй хүн байхгүйгээс эхлээд тогоочийн мэргэжил хэчнээн чухал болохыг би тодорхой жишээн дээр тайлбарлаж, сайн тогооч болчихвол та нар ажил олох гэж дугаарлан зогсох биш, та нарыг авч ажиллуулахаар ажил олгогчид өрсөлдөн дугаарлах болно гэдгийг хэлж өглөө. Бээжинд өндөр цалинтай хүмүүсийн жагсаалтын нэлээд дээгүүрт сайн тогооч нар байдаг гэсэн. Японд тогооч болохын тулд сургууль төгсөөд 10 гаруй жил шат шатанд ажиллаж, шат шатны шалгалтыг давж байж үйлчлүүлэгчийн нүдэн дээр далайн хоол хиих эрхийг олж авдаг, цалин хөлс маш өндөр байдгийг сонссон тухайгаа ярьсан. Бидний уулзалтын төгсгөлд тэр хүүхдүүдийн нүдэнд ирээдүйдээ итгэх итгэлийн оч гялалзан, сэтгэл хөдлөн баяртай суугаа нь илт харагдаж байлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцаж байгаа хүүхдүүд амьдралдаа зөв сонголт, зүйтэй алхам хийжээ. Сургууль төгсмөгц шууд сайн мэргэжилтэн болчихгүй ээ. Тэд ажилд нухлуулж, өөрснөө хичээж байж алтан гартай ажилчин болж лавтайяа чадна. Алтан гартай ажилчин аль ч нийгэмд, хаана ч эрэлт хэрэгцээтэй. Цалин хөлс. ходөлмөрийн үнэлэмж ч харьцангуй өндөр байх болно. Гэр бүлдээ нэртэй хүндтэй, нийгэм олонд хэрэгтэй алдартай сайн хүн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү ӨӨРӨӨ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ.

“Эр хүмүүн биеэн эдээр чимэхээс эрдмээр чим. Эхнэр хүмүүн биеэн өнгөөр чимэхээс оюунаар чим” {Н.Инжиниааш) хэмээсэн их хүний сургаалыг амьдралдаа мордлог болгоорой.

Уучлах гэдэг ухааных - Сургамжит өгүүллэг

Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв. Багш ангируу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.