2013-05-23

Цуурай - Сургамжит өгүүллэг

Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон "ёо ёо" гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас "ёо ёо " гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
"Чи хэн бэ" гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
"Чи хэн бэ?"
Харин хүү бухимдан:
"Хулчгар" гэв.
Хариу бас л ижилхэн:
"Хулчгар " гэж ирэв.
Хүү аавдаа:
"Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна." гэв
Аав нь:
"миний хүү сонсож бай" гээд,
"Бүх юм сайхан" гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
"Бүх юм сайхан" гэв.
Аав:
"Би чамд хайртай"
Уулнаас ирэх дуу:
"Би чамд хайртай"
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: "Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай". гэж хэлжээ.

2013-05-16

Титэм үг - Өөртөө итгэ

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг.
Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу? Хэн бүхэнд гар дор нь байгаа. Өөрийнхөө хүчинд итгэ. Өөртөө итгэхүйд суралц. Өөртөө итгэхгүй байж бусдад яаж итгэх юм бэ? Өөртөө итгэдэггүй хүн өөрийгөө ч хайрлаж мэддэггүй. Өөрт байхгүй юмыг бусдад өгч чаддаггүйтэй адил өөрийгөө хайрлахгүй байж яаж бусдыг хайрлах билээ дээ. Ийм байдлаасаа болоод хүн итгэл хөсөрдсөн, хайр дутсан орон зай руу аажим аажмаар гулсан орж явчихна. Тийм орчинд амьдарч байгаа хүнээс аз жаргал алсын алсад холдож хөндийрөн хүнийсэнэ. Ер нь итгэл хайрыг эвдэн бусниулах нь тэр хүнд учруулж болох хамгийн том хөнөөл гэдгийг ухаантай хүн болгон бодож явууштай.

Г.Аюурзана - Шvлгvvд

Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...
               *               *               *
Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн...
               *               *               *
Чи намайг Мөн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон...
               *               *               *
Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас минь илүү амттай...
               *               *               *
Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг...
               *               *               *
Дээвэрт чимээ дуулдахгүй
Борооны төлөө ууя
Нам гүмийн төлөө...
               *               *               *
Манан хөшиглөх уулын жимд
Зовлон мартагдана...
               *               *               *
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...
               *               *               *
Дээвэрт бороо
Буцлах мэт үсчинэ
Гуниг минь чанагдана...
               *               *               *
Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...
               *               *               *

2013-05-15

Л.Өлзийтөгс: Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...

2013-04-25

Боломж

Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгонийхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдарлаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ. Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. За би чамд сануулая надтай уулзаад явсаны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх бодол төрсөн үү гэж асуухад нөгөө эр тиймээ гэв. Чи тэгэхэд заа над шиг амьтан яаж тийм зүйл хийж чадахав гээд юу ч хийгээгүй. Хэрвээ чи бодсоноо хэрэгжүүлсэн бол миний хэлснээр баян худалдаачин болж сайхан амьдрах байлаа. Харин тосгоны баяраар чиний дэргэдүүр ганган хээнцэр хувцастай, үзэсгэлэн гоо төгс бүсгүй зөрж өнгөрөхөд чи өөрийн эрхгүй татагдаж түүнтэй гэрлэхийн тулд амиа ч өгөхөд бэлэн мэт санагдаж байсан тиим үү гэж асуухад нөгөө эр тиймээ би тэр эмэгтэйг сайн санаж байна гэв. Хэрэв чи тэгэхэд тэрэн дээр очисон бол хожим чиний насны чинь хань болох бүсгүй байсан юм. Гэвч чи мөн л энэ сайхан амьтан яаж над шиг ядуу хоосон эрийг тоохов гээд очоогүй. За чи харав уу би хэлсэн бүхнээ өгсөн харин нэгийг нь ч чи авсангүй тэгэхээр надад гомдох хэрэггүй өөртөө л гомд гэжээ.

2013-04-24

Сайныг сийлж үлдээ - Сургамжит өгүүллэг

Найз
Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан." Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь: "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ" "Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

2013-04-19

Хулс мод - Сургамжит өгүүллэг

Хулс мод
Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм. Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй. Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй. Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.

Л.Өлзийтөгс - Залуу нас

Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан

Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдоггүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан

Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан

Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан

2013-03-28

Өр - Сургамжит өгүүллэг

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. 
Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж: - Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв. 
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн: Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв. 
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан: - Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд: 
Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан: - Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би ... гээд чимээгүй болов. Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа. 
Өвгөн гунигтайгаар: - Тавиад жилийн өмнө ... гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар ...
Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв. 
Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа: -Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг о надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

2013-03-21

О.Дашбалбар : Залуус, дүү нартаа хүргэх шүлэг

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! 
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.


Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!


Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!


Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!


Өвлийн шөнө талд яваа аавыгаа бодоорой
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд харамгүй илгээх юм!


Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггүй
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол эх орноо хайрлах ч юу л бол


Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан шүү !

Yр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Yс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай !
 

Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан амьтан хүний хэл ам
Орон нутгийн утаа униараас холдож
 

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
 

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандачна.

Аав чинь гэрийн хойморт Алтай уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
 

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөн нудрагаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.

Төрсөн гэр чинь дулаахан галын илчинд нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
 

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан
 

Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдрэнэ чи.

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
 

Өвгөн хорвоод зуун жил амьдрахүй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно, чи!

Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно, чи!
 

Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна, чи!

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
 

Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр чинь юм шүү

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх агуу их сэтгэлтэй болгожээ.


Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй


Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж аав хоёртоо хүргэж оч
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй!



Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа


Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэгмөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.


Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэд
Орчлонгийн тоглоом даанч хатуу

Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү !
 

Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй


Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаая!
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй!


Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!


Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.