2013-09-10

Титэм үг - Хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч яв

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Өөрийнхөө явах амьдралын замыг найдвартай сонгон олж, хүний хорвоод байр сууриа баттай эзлэх нь хүний дайтай хүн байгаагийн утга учир билээ. Би чухам ямар замаар явж, чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн чандмань эрдэнээ эрж хайж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол, унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. “Өндөр зорилго биелэгдээгүй ч бай, нэгэнт хүрсэн нам зорилгоос үнэтэй”.
Өндөр зорилго өөд мацахад чамайг шулуун дардан, цэцэг бүрхсэн зам угтан тосно гэж эндүү андуу бодох хэрэггүй. Тэр зам өөдөө уруутай, энхэл донхолтой, донсолгоо доргиотой. Дэгэн догонтой, бартаа саадтай тэр замыг өөрөө засч, амьдралын замаа өөрөө бүтээн дархалж явах нь чиний өөр хэнд ч найдалгүй, хэнтэй ч хуваан үүрэхгүй үүрэг. Чи өөрийн дархлах замаараа өндөр уулын сүмбэр оргилд хад асга, эгц цавчим элгэн хад, цас мөсөн саадыг туулан туучин, аажим зугуухан өөд авирч буй мэт ядаргаа зүдэргээтэй урагшлан дээшилнэ.

2013-09-02

Титэм үг - Хүмүүжил хүнийг бүтээдэг

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.
Нэгэн гүн ухаантан “Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. “Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.

2013-09-01

Эхлээд чухлыг нь... /Цаг төлөвлөлтийн талаар/


Бидэнд олон зүйлийг хийх цаг байдаг ч,
Бүх зүйлийг амжуулах цаг байдаггүй...

Тиймээс бидэнд эмх цэгцтэй төлөвлөлт хийх шаардлага алхам тутам тулгардаг. Хийх шаардлагатай бүх ажлуудаа яаралтай, яаралтай бус болон чухал, чухал бус гэж ангилж болно. Ингэж ангилснаар та ажлуудаа эмх цэгцтэй ангилах, эрэмбэлэх боломжтой болно. Жилийн төлөвлөгөөгөө ч гэсэн ийнхүү ангилсанаар та жилийн дараа өөрийн амьдралд чухал болон энэ жил яаралтай хийх ажлуудаа хийж амжуулсан байх болно. 

1. Эхлээд хийх ёстой бүх ажлуудаа жагсаан бич
2. Бүх ажлуудаа чухал болон чухал бус гэж ангилан ард нь тэмдэглэгээ хий
3. Одоо мөн Яаралтай болон Яаралтай бус гэж ангилан тэмдэглэгээ хий

4. 1р категори: Чухал Яаралтай ажилууд. Одоо нэг цаас авч Яаралтай болон, Чухал гэсэн ангилалд хоёуланд нь багтсан ажлуудыг бичиж ав. Энд мэдээж тайлан тооцоогоо өгөх, ажлын цаг дөхсөн үед ажилдаа бэлтгэх, маргааш хэлэлцүүлэх илтгэлээ бэлтгэх, хугацаа нь дөхсөн бие даалтаа хийх, яаралтай цахим шууданд хариу бичих гэх мэтчилэн ажилууд орно. Энэ бол таны ямар ч тохиолдолд бусад ажилаас түрүүнд хийх чухал ажилууд байх болно. 

5. 2р категори: Чухал Яаралтай бус ажилууд. Өөр нэг цаас авч Чухал ангилалд багтсан боловч яаралтай категорид багтаагүй ажлуудаа түүж бичнэ. Энэ бол таны 2 дугаарт хийх ажлууд. Чухал болон яаралтай ажлуудаа хийж дууссан бол энэ ангилалын ажилуудаа хийж эхэж болно гэсэн үг. Энэ ангилалд аялалд явах, ном унших, цаг нь тулаагүй ч чухал хурал, уулзалтанд бэлтгэх, бие даалтаа хийх, шалгалтандаа бэлтгэх зэрэг орно. Энэ ангилалын ажилуудаа хугацаанд нь, эртнээс хийж байх нь чухал. Яагаад гэвэл бид заримдаа эдгээр ажилуудаа залхуу, бүхнийг хойшлуулдаг зангаасаа болж хойшлуулсаар 1р категорируу оруулчихаад яаралтай, чухал ажилууддаа дарагдан яарч сандран өөрсдийгөө зовоож суух нь бий. 

6. 3р категори: Чухал бус Яаралтай ажилууд. Бүх чухал ажилууд дээрхи 2 ангилалд багтсан учир үлдсэн чухал бус ажлуудаас яаралтайг түүж бичээрэй. Энэ бол таны 3рт хийж ажилууд. Бид эмх цэгцгүй цаг төлөвлөлтөөсөө болж ихэвчилэн чухал болон яаралтай эсвэл чухал болон яаралтай бус ажилуудаа хийхийн оронд чухал бус боловч яаралтай эдгээр ажлуудыг хийсээр жил, улирал, саржингаа завгүй, махруу ажилласан ч үүний эцэст эргээд харахад юу ч хийгээгүй мэт байдалд орон бодол болон суух нь чухал ажилуудаасаа илүүтэйгээр яаралтай ажилдаа анхаарлаа хандуулсантай холбоотой байдаг. Та чухал бусыг жижиг сажиг ажилд биш чухал ажилууддаа илүү их ач холбогдол өгч ажиллаарай! 

7. 4р категори: Чухал бус Яаралтай бус ажилууд. Хамгийн сүүлд яаралтай бус болон чухал бус ажлууд үлднэ. Эдгээрийг мөн нэг цаасан дээр бичээд дээрхи 3н ангилалын ажлуудаа хийж дууссаны дараа хийж амжуулаарай! Хүн бүрийн эрхэм нандин, чухал зүйлс өөр өөр тул дээрхи 4-н ангилалд алинд нь юу оруулахыг та өөрөө л шийднэ шүү дээ. Энэ аргаар өдөр, сар, жилийн магадгүй амьдралын томоохон зорилтуудаа ч төлөвлөж болно. 

2013-08-29

БИАНТ : Афоризм

Биант
Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр.
Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.

               *               *               *

Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа тэр хүн л хамгаас золгүй

               *               *               *

Залуу наснаасаа мэргэн ухааныг нөөцөлж ав.
Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй юм.

               *               *               *

Ихэнхи хүн ажил хэрэгтээ улайраад эхэлбэл, сайн сайхан юм орших газаргүй болдог.

               *               *               *

Далайн хөлөг онгоц дээр яваа хүмүүсийг амьдын ч тоонд, үхэгсдийн ч тоонд тооцох аргагүй.

               *               *               *

Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа ( Олонхи нь хэзээд муу уршигтай)

2013-08-23

О.Дашбалбар - Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

2013-08-22

Урьдчилан дүгнэлт бүү гарга

doctor
Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадахгүй, нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж унтдаг. Тэр үед нь хэн нэг нь мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд гэнэт орилж хашгиран хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй байдаг ч гэсэн заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна. Доктор ярьж дуусаад, оюутнуудаас ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув. Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв. Харин доктор өөрөө ийм нэгэн хүнийг сайн дураараа асардаг, мөн сэтгэл хангалуун байдгаа хэлж байв. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж хэлэхэд оюутнууд ихэд гайхаж байв. Доктор энэхүү хүнийхээ зургийг харуулахад зураг дээр түүний 6 сартай охин нь байв. Доктор хэлэхдээ “Хүн хүнээ сайн сонсоогүйгээс мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог юм” гэжээ. 

2013-07-31

Титэм үг - Урагшлах хүний санах сэдэх нь их

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.
Чиний оюун ухаан дотор насан турш цадталаа идэх хоол чинь бэлэн зэхээстэй бий. Гадаа хэвтсэн төмөр зэвэнд идэгддэгийн адил оюун ухаанаа тордон ажиллуулахгүй зөнд нь орхивоос төмөр адил зэвэрнэ. Ашиглаж бай­гаа түлхүүр байнга гялалзаж бай­даг шиг ажиллаж байгаа уураг тархи эзнээ гялалзуулна. Мэл­хий хэчнээн дэвхрээд намгаас холдохгүй. Түүний адил оюун ухаанаа дайчлахгүйгээр урагш ахина гэж үгүй. Чөдөртэй морь шиг дороо дэвхэцсээр цагийг барж, насыг илээнэ.
Хүн бүрийн оюун ухааны сан хөмрөгт урагш ахиж, улам дэвжих нөөц хүч хангалттай бий. Урагш ахихын тулд урагш нь түлхэх хүч хэрэгтэй. Урагш түлхэх эрчит хүч бол санаачлага юм. Хүн бүхэн санаач­лагатай, байнгын ажил хэрэгч санаачлагатай байхыг хичээ. Санах сэдэх дадалтай, санаачлах сэхээрэх ухаантай хүн бусдын дор орж, ард үл­дэнэ гэж үгүй. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундрага билээ. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцорч, ахиж дэвжихгүй орхигддог юм.

2013-07-24

Шунал - Сургамжит өгүүллэг

Мөнгө
Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.
Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.
Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.

2013-07-17

Сахиусан тэнгэр - Сургамжит өгүүллэг

Сахиусан тэнгэр
Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд ... БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:
-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг "ЭЭЖ ЭЭ" гэж дуудаж болно гэлээ.

2013-07-08

Сэгсрээд Үсэр! - Сургамжит өгүүллэг

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсанаас живсэнгүй.  Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв. Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болхоор шороогоор дүүрэгцгээе гэв. Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байжээ. Тиймээ ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргасанаар ийнхүү аврагдсан юм гэнэ.
Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л "Сэгсрээд Үсэр! "

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.