2013-07-31

Титэм үг - Урагшлах хүний санах сэдэх нь их

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.
Чиний оюун ухаан дотор насан турш цадталаа идэх хоол чинь бэлэн зэхээстэй бий. Гадаа хэвтсэн төмөр зэвэнд идэгддэгийн адил оюун ухаанаа тордон ажиллуулахгүй зөнд нь орхивоос төмөр адил зэвэрнэ. Ашиглаж бай­гаа түлхүүр байнга гялалзаж бай­даг шиг ажиллаж байгаа уураг тархи эзнээ гялалзуулна. Мэл­хий хэчнээн дэвхрээд намгаас холдохгүй. Түүний адил оюун ухаанаа дайчлахгүйгээр урагш ахина гэж үгүй. Чөдөртэй морь шиг дороо дэвхэцсээр цагийг барж, насыг илээнэ.
Хүн бүрийн оюун ухааны сан хөмрөгт урагш ахиж, улам дэвжих нөөц хүч хангалттай бий. Урагш ахихын тулд урагш нь түлхэх хүч хэрэгтэй. Урагш түлхэх эрчит хүч бол санаачлага юм. Хүн бүхэн санаач­лагатай, байнгын ажил хэрэгч санаачлагатай байхыг хичээ. Санах сэдэх дадалтай, санаачлах сэхээрэх ухаантай хүн бусдын дор орж, ард үл­дэнэ гэж үгүй. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундрага билээ. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцорч, ахиж дэвжихгүй орхигддог юм.

Шинийг сэдэн хийхэд ч, хуучнаа тордон сайжруулахад ч бүтээлч санаачлага хөдөлгөгч хүч нь болно. Санаа сэдэл байнга өгдөг, шинийг сэдэгч санаачлага нь булгилж оргилсон булгийн ус шиг мөнхийн ундрагатай хүний оюун ухаан ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг. Үр ашигтай санаа сэдлийн үнэ ханш хаана ч, хэзээ ч үргэлж өндөр байна. Санаачилна гэдэг бол бодно гэсэн үг. Оюун ухаандаа бодол юугаа тунгааж, олон хувилбаруудыг урал­дуулан байж аль хэрэгтэйг нь сонгох сонголтоос үр ашигтай санаачлага төрнө.
Зарим хүн юу ярихаа урьдаар сайтар бодож байж ярьдаг. Зарим нь ярьсаны дараа юу ярьсан тухайгаа боддог. Зарим хүн юуг, яаж хийх тухайгаа сайтар бодож байж үйлддэг. Зарим нь хийж, үйлдсэнийхээ дараа юу хийчихэв ээ гэж боддог. Тэр ч бүү хэл өнгөр­сөн борооны хойноос цув нөмрөн халаглан харамсдаг. Юу ярих, яаж хийхээ эхлээд ухаан бодолдоо сайтар эрэгцүүлэн боддог болохыг хичээн эрмэлз. Сайтар тунгаан бодсон яриа, үйл­дэл харайхад хөл, хазайхад түшиг болж, урагш ахих замыг чинь түнэр харанхуйд ч гэрэл гэгээ гарган зааж хөтөлнө. Үйлдэх үйл ажлаа урьдаас эрэгцүүлэн бодохын хамт өнгөрсөн явдлаа сайн муу талаас нь сайтар эргэн бод. Тунгаан дотроо бодохын хэрээр элий мунхгаас салж амарна. Бодох тусам чи ухаанаа улам улмаар хурцлан ирлэнэ. Хурц ухаан л шинийг сэдэх, байхгүйг санаачлах, оргүйг зохион бүтээх шидтэн билээ.
Ухаан бодолдоо тунгааж али­ваа зүйлийг үйлдэх нь онцгой чухал, мэдээж. Гэхдээ ухаан бодол­доо бодож хийсэн бүхэн өөгүй тэгш, алдаагүй төгс гэж үзэж дүгнэж хараахан болохгүй. Бодол ухаандаа бодож ширгээсэн бүхэн алдаа мадаггүй, буруу зөрүү­гүй гэж хэлбэл үнэнд үл нийцнэ. Буруу бодол толгойд эргэлдэх үе бишгүй л байдаг. Алдаж бодохыг алийг тэр гэх вэ. Оюун ухаан өөрөө алдаанаас ан­гид биш. “Бага боддог хүн их алддаг”. Алдаж боддоггүй буюу ерөөсөө алдаа гаргадаггүй хүн ухаантай байдаг гэвэл хэтэрхий хөнгөн гоомой хэрэг. Тийм хүмүүс байхгүй. Байж ч таарахгүй. Ноцтой бус алдаа гаргадаг, түүнийгээ тэр дор нь хялбархан засч чад­даг хүн л ухаантай байдаг.
Алдаагаа хүлээн зөвшөөрч байж л түүнийгээ засна. Алдааг хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийн биеэ засах шалгарсан арга, дараагийн алдаанаас сэргийлэх дархлаа билээ. Алдаагаа өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөхгүй зөрүүдлэх мөртлөө өрцөн дотроо гэмшин санаа зовдог хүмүүс бий. Энэ нь хүний төрөлх араншингийн ил илрэх нэг шинж болохоос адгийн муухай үйлдэл биш. Алдаа нь гарцаагүй үнэн байхад мугуйдлан тас зөрүүдэлж гаднаа ч, дотроо ч өөрийгөө өмөөрөн өрвөлзөх нь л адгийн муухай үйлдэл.
“Алдаа бол буруу бодомжийн нэг уршиг. Харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүд­лэн зүтгэх нь сулхан зантайн шинж”. Урагшаа их ахихын тулд алдаа бага гарга. Алдаа арагш нь чангаахаас урагш нь хөтөлдөггүй юм. Алдаанаас айж бэмбэгнэн га­раа хумхин зүгээр суугаад байх нь алдаа гаргахаас дутуугүй адаг муу үйлдэл мөн. Алдахаас айдаг хүн урагш ахихгүй, эргэж хурган, эргэлзэж тээнэгэлзсээр олохоосоо дутаж, олноосоо хоцорно. Сайн муу нийлж сав дүүрдгийн адил амьд­рал өөрөө алдаа, онооны дэнсэн дээр тогтоно. Алдаа нь жи­жиг, оноо нь том байх өөдрөг сэт­гэлийг ухаан бодолдоо тээн урагшла.
Аливаа зүйлийг аль болох гэ­рэл гэгээтэй талаас нь бодож, гэрэл гэгээтэй талыг нь эрж хайж бай. Гэхдээ гэрэл гэгээг сүү­дэр ямагт дагадгийг мартаж болохгүй. Хэрэв чи амласан төлөв­лөснөө хэрэгжүүлж, ажил хэрэг амжилттай сайн байвал найз нөхөд чинь чамайг бүр их юм хийж чадна гэж урмаар тэтгэн баяр­луулж, чамаар бахархана. Харин өөнтөглөн өрсөлдөгч чинь даахгүй нохой булуу хураана гэгч боллоо гэх байлгүй. Ажил хэрэг чинь бүтэлгүйтвэл арай л хэрээс хэтэрсэн том юм барьж авч дээ гэж найзууд чинь өмөөрөн өмгөөлнө. Харин өөнтөглөн өрсөлдөгчид чинь түүний мэддэг чаддаг гэж юу байсан юм хэмээн гоочлон, хорыг чинь маажна.
Магтаал, шүүмжлэл хоёрыг эн тэнцүүхэн хүлээж авч сур. Цагийг нь олж хэлсэн урам магтаалын цөөн боловч үг урагш ахихад чинь урам зоригийн жигүүр хайрлана. Шүүмжлэл чихэндээ сонсох нь амандаа давс хийсэн мэт гашуун. Аманд орсон давс уусан хайлдгийн адил шүүмжлэл ч гэсэн урсан өнгөрнө. Ажил хэрэгч шүүмжлэлээс ажил амьдралаа урагш­луулах зоримог алхам, золбоо хийморийн эрч хүчийг олж ав. Хүн хор, шартай байна гэдэг муу юм биш. Чамайг урагш хөтлөх бас нэг нөөц хүч бол чиний ухаан бодлын мухарт нууцхан хадгалагдаж байгаа хор шар. Бусад хүний хийсэн бүтээсэн, сайн сайхан бүхэнд хордож шардан өөрийгөө битүүхэн зовоож, байж суух газраа олж ядан хавчигнах биш, өөрийн хор шараа би түүний эн зэрэгт хүрэх ёстой, хүрээд зогсохгүй, илүү гарна гэх эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн хүчит зай цэнэг болгон ашигла. Нэр байна, хор байна чи ингэж чадах ёстой.
Үргэлж урагшлах үлэмжийн их хүсэл тэмүүллээр жигүүрлэхдээ сайныг бодож, сайханд тэмүүлэх санаа бодлоо сааруулан хувиргаж болохгүй. Муудсан хоол ходоод гэдэс өвтгөдөг бол муу бодол оюун ухааныг самууруулна. Сайн, муу хоёрыг салгаж, ялгаж сонгохдоо санаж мэдэж байх нэг зүйл бий. Сайныг бодож үйлдсэн үйл муу үр дагавар авчирч болно. Муу үйл сайны үр авч ирэх ч ёсон бий. Гэхдээ сайны үр суулгасан бол сайн үйл бүрэл­дэнэ, муугийн үр суулгасан бол муу үйл бүрэлдэнэ гэж бодож итгэж явахаас аргагүй. “Өөрийн тарьсан үйлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй. Өөр бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй”.
Оюун ухаанаа зөв зүгт, зөв үйл рүү залан урагшла. Суваг шуудууг буруу зүгт ухвал ус буруу зүгт урсана. Ухааныг буруу зүгт залбал буруу үйлдэлд хөтөлнө. Өөрт бугшин хоргодсон буруу зөрүү үйлдлээ уг үндсээр нь, ул сууриар нь сайтар таньж мэд, дараа нь тэдгээрийг үндсээр нь таслан үгүй хий. Модны үндсийг тасалбал навчис аяндаа хагдарна. Хог ургамлын үндсийг тасалбал иш нь аяндаа хатаж хагдарна. Үнс болж түлэгдсэн буурцагнаас үр соёолох ерөөлгүйн адил муу муухай, буруу зөрүүгийн үрийг тарьчихаад сайн сайхан, зөв зүйтэйн үр дүн хүлээх тавилангүй.
Зөв болгоныхоо үрийг соёолуулж, зөв мөрт нь ургуулж чадвал зөв үйлдэлт, зөв явдалт, бусдын хүндлэлийг хүлээсэн эрхэм сайн хүн байна. Бусдын хүндлэлийг зүй ёсоор хүлээнэ гэдэг нэн сайхан үйлс, нэр төрийн хэрэг. Зохих ёсоор хүртээгүй хүндэтгэл усгүй газар гүүр тавьсантай адил. “Зохих ёсоор аваагүй хүндэтгэлээс түүнгүй байх нь хавьгүй дээр”.
Залуу хүн бүр холыг зорьж, томд тэмүүлэн, ихийг бүтээх хүсэл мөрөөдлийн ноён оргил өөд ширтэн харж, улам улмаар урагшлан ахиж амьдрах ёстой.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.