2013-09-10

Титэм үг - Хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч яв

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Өөрийнхөө явах амьдралын замыг найдвартай сонгон олж, хүний хорвоод байр сууриа баттай эзлэх нь хүний дайтай хүн байгаагийн утга учир билээ. Би чухам ямар замаар явж, чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн чандмань эрдэнээ эрж хайж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол, унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. “Өндөр зорилго биелэгдээгүй ч бай, нэгэнт хүрсэн нам зорилгоос үнэтэй”.
Өндөр зорилго өөд мацахад чамайг шулуун дардан, цэцэг бүрхсэн зам угтан тосно гэж эндүү андуу бодох хэрэггүй. Тэр зам өөдөө уруутай, энхэл донхолтой, донсолгоо доргиотой. Дэгэн догонтой, бартаа саадтай тэр замыг өөрөө засч, амьдралын замаа өөрөө бүтээн дархалж явах нь чиний өөр хэнд ч найдалгүй, хэнтэй ч хуваан үүрэхгүй үүрэг. Чи өөрийн дархлах замаараа өндөр уулын сүмбэр оргилд хад асга, эгц цавчим элгэн хад, цас мөсөн саадыг туулан туучин, аажим зугуухан өөд авирч буй мэт ядаргаа зүдэргээтэй урагшлан дээшилнэ.
Буцаж няцаж, халирч халширч болохгүй. Хүний зассан шулуун замаар хурдлах учир ерөөл амьдралын чинь аль нэг мөчлөгт учран тохиож магад. Гэхдээ хүний замаар хурдалж явснаас өөрийн замаар гэлдэрч явах нь өлзий буянтай. Шулуун замаар гэлдэрч яваа хүн замаасаа гаран, орон займчин гүйж яваа хурдан гүйгчээс түрүүлнэ. “Яаралгүй алгуурхан яваа хүнд ямар ч зам урт байдаггүй. Аян замд хичээнгүй бэлтгэсэн хүн зорилгодоо лавтайяа хүрнэ”. “Хэрэв зам нь зорилго өөд хөтөлж байвал түүний урт ямар байх нь хамаагүй”. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ.
Урагшилж дэвших, ухарч доройтох аль ч үед урагшаа зөвхөн урагшаа гэсэн сэтгэлээр итгэл төгс тэмүүл. Урсгал ус өмхийрдөггүй, ургаа мод хувхайрдаггүй шиг урагшаа ахиж, зорилго өөдөө тэмүүлэн, хичээн зүтгэж байгаа хүн зэвэрч хоцрогдон, бусдаас сүүлдэж, олноос орхигдоно гэж үгүй. Харин “урагшаа явахгүй байгаа хүн арагшаа явж байдаг. Зогсонги байрлал гэж байдаггүй” гэсэн бодит үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй.
Өндөр зорилт дэвшүүлсэн хүн өөртөө өндөр шаардлага тавих ёстой. Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө зогсоо зайгүй, эргэлт буцалтгүй тэмц. Товлосон зорилго өөд жинхэнэ ёсоор тууштай тэмүүлэн тэмцэх нь түүнд хүрэх амжилтын тэн хагас нь. Амьдралдаа том зорилго тавьж, түүнийхээ төлөө бүх хүчээрээ тэмцдэг тэр хүн л гагцхүү аз жаргалтай. Хүрэхийг хүсч байгаа зорилго чинь нэвт харагдах тунгалаг шил адил нэн тодорхой байх учиртай. “Хэрэв юунд хүрэхийг хүсч байгаа нь тодорхой бус бол ямар ч үйл хэргийг сайн гүйцэтгэж чадахгүй”.
Тодорхой зорилготой бол түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгслээ эрж хайж олно. Эрээд олохгүй төөрч будилах үе тохионо. Тэр цагт хэрэгцээт арга хэрэгслийг өөрийн ухаанаар бүтээн бий болгож цогцлооно. Харин суут хүмүүс “эрж явдаггүй, олдог” байна. Зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө зарсан уйгагүй хөдөлмөрийн үнэ цэнийг, ер нь аливаа ажлын ашиг шимийг тэр дор нь бус, хүлээж байж хүртдэг гэдгийг хүүхэд, залуустаа ойлгуулж, тархинд нь суулгаж өгөх нь бидний үүрэг. Бүх юм өөрийн цагтай. Бүх зүйлийг нэгмөсөн шууд хийж чадахгүй. “Бүхнийг нэгмөсөн шууд хийчих гэж оролдох нь юу ч хийхгүй гэсэн үг”. Хамгийн өндөрт хүрэх зорилготой бол хамгийн дороос эхлэх учиртайг мартаж болохгүй. Азгүй явдал–гэмт үйлдэл биш. Харин өөрт байгаа боломжоосоо доогуур зорилго тавих нь зөөлнөөр хэлбэл арчаагүй байдал, хатуугаар хэлбэл гэмт үйлдэл. Хүрч чадахаасаа өндөр, хийж чадахаасаа илүү зорилго тавь. Хүмүүс чамайг хэзээ ч хүрч чадахгүй гэж басамжлан харах тэр оргил руу тэмүүлэн зүтгэ. Ингэж байж чи өөрийгөө аажим аажмаар өөд нь, дээш нь татаж, боломжгүй мэтээр холын хол төсөөлөгдөж байсан зүйл алхам алхмаар ойртсоор бодит биеллээ олохыг биеэр мэдэж, улам цааш урагшлан мацах зориг хүчээ мэдэрнэ.
Үйл хэрэг, үйлдэл хөдлөлөө өөрийн ухаанаар жолоод. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх сургамжтай үг бий. Бусдын ухаанаар өөрийн замыг бүтээнэ гэж санахын ч хэрэггүй. Эзэн хичээвэл заяа хичээдэг болохоор оюун ухаанаа зөв зарж жолоодон хувь заяаны зам мөрөө зөв засч хөтөлж яв. Агуу уужим далайн усыг алгаараа хутган хэмжиж болдоггүй шиг амьдралын зам мөрийг яг таг урьдчилан харж, яс тооцоолох боломжгүй. Гэхдээ барагцаа баримжаагаа төсөөлж тооцож байх хэрэгтэй. Нэг үндэснээс ургасан бут хүртэл урттай богинотой байдаг шиг нэг эцэг эхээс төрсөн хүмүүсийн амьдралын түвшин дээр дор, сайн муу аль аль нь бий. Үүнийг хувь тавилан, заяа төөрөгтэй холбон тайлбарлах хүмүүс байдаг ч энэ нь тэдний сурсан эс сурсан, хичээн зүтгэсэн, хичээл зүтгэлээ дутуу дайчилсан, амьдралын замаа зөв сонгосон эсэх зэргээс голлон шалтгаалсан байдаг.
Амьдралаа сайн авч явахын тулд амьдралын замаа зөв сонго. Уул, толгой хоёрыг ижил зайнаас харж болдоггүй. Жижиг толгойг харахыг хүсвэл түүн рүү ойрт, том уулыг харахыг хүсвэл түүнээс холд. Түүний нэгэн адил жижиг зорилт тавьсан бол ойрын зайнаас хар. Том зорилт дэвшүүлж, алсын замыг сонгосон бол холын зайнаас харж, хүрэх аргаа тооц. Залуу хүн бүр холыг баримжаалж, томд зорих хүчит тэмүүлэлтэй, ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн амьдрах учиртай. “Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахад л хүний амьдралын аугаа их утга учир оршино”. Юуны төлөө амьдарч, юуг хүсч, юунд тэмүүлж байгаагийнхаа утга учрыг мэдэхгүй таамгаар яваа хүмүүс нэн эмгэнэлтэй. Юу болж, яаж ч байсан байгаа орчиндоо сүүдэр тусгаж харлуулан бүү харанхуйл. Байгаа орчноо нар шиг гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд зул шиг ч болов гэрэлтүүлэхийг эрмэлз. Амьдралын зам мөрөө хөөж явахад алдаж онох, төөрч будилах учир явдал хэнд ч тохиож магад. Замын хаана зогсож байгаагаас хаашаа ямар чиглэлд хөдөлж байгаа нь илүү чухал. Зөв зүгт, зөв замаар урагшла. “Амьдрах гэдэг бол зогсолтгүй урагшлахыг хэлнэ”. Өөрийн зам мөрөө зөв олохын зэрэгцээ буруу зам мөр хөөсөн хүмүүст туслах нь зөв хүний хүлээх ёстой үүрэг. Түүнчлэн өөрийг чинь буруу чиглэлд чангаах өрөөлийн буруу үйлээс сэрэмжлэн хамгаалах сэтгэлийн тэнхээ, итгэлийн дархлаатай бай. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Сайны мөр дагаж, муугаа засч явах нь амьдралын замаа тэгшлэх ухаалаг алхам. Явах зам тодорхой бус, гарах гарц тодорхойгүй бол цэцэн мэргэд, хянуур хашруудыг дагавал тэд боломжтой гарцыг заагаад өгнө гэх сургамжтай үг бий.
Хүний амьдралын замд өөдлөх уруудах, урагштай урагшгүй, бүтэх бүтэхгүй их бага хэмжээгээр бүгд тохионо. Унах ойчих үе ч ирж магад. Хүн унах бүр ухаан орж, ойчих бүр оюун тэлэх чадвартай байх ёстой. Урагштай явахдаа биеэ магтаж, урагшгүй явахдаа бусдыг хараах нь сайн араншингийн шинж төрх биш. Ажил төрөл чинь бүтэмжгүй үед урам хугарах хэрэггүй. Уруу дорой үедээ намрын навч шиг чичрэн, өөрийгөө муу заяанд төрснийг гайхан хараан зүхэх бүр ч хэрэггүй. Амьдралаа гэгээлгээр харж, маргаашийн сайн сайханд итгэх итгэл бишрэлээ дээдлэн, санасан зорьсондоо хүрэхийн төлөө чармайн зүтгэ. Эс тэгвээс уруу дорой, үхээнц арчаагүй байдал харах нүдийг чинь халхалж, алсын байтугай айл саахалтын чинээхийг ч харахгүй хараа харалган нэгэн болгон хувиргана. Уруу царай, урагшгүй явдал урагшлах замд чинь хөндөлсөн тээглэнэ.
Бидний дээдэс санасан бодсондоо хүрч чадахгүй халирхай, хүрэхээр тэмүүлэхгүй залхуу хүнийг “санах нь сарнаар, явах нь нарнаар” хүн дээ гэж чамлан, тоож үздэггүй байсан юм. Ямагт хэн нэгний мөрөөр сажилж явахаас аргагүй болтлоо дор орж болохгүй. Өөрийн замаа өөрөө бүтээх насандаа бусдыг сохроор дагах, бусдаар хөтлүүлэн газарчлуулах амар дөт замыг сонгохгүй байхыг хичээ. Бусдын зам тусдаа, чиний зам өөртөө. Зуун зам төөрөгдөл рүү, ганц зам үнэн рүү хөтөлдөг гэдэг. Үнэний замаар, шударга шулуунаар мөлхөөд ч болов урагшла. “Юу шударга болохыг ойлгож, юу сайхан болохыг мэдэрч, юу сайн болохыг хүсэх нь ухаалаг амьдралын зорилго мөн” гэдгийг залуу хүн бүр дотор ухаандаа бодож тунгааж яваг.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.