2012-03-29

Р.Чойном: Жаргал зовлон

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
       Ингэхэд ер нь жаргал гэж
       Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
       Хүндэт тэр жаргал тэгээд
       Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
       Хэтэрхий баян байгаль
       Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
       Хэнд юу сайхан бэ гэдгийг
       Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
       Гэтэл бусдаас харамлах өмчгүй
       Будаж гоодох гоёлгүй
       Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
       Буйдхан тэнэж явахыг
       Эр хүний жаргал гэнэ
       Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
       Гэтэл, хүн тоохгүй унаатай
       Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
       Амьтан тоохгүй эхнэртэй
       Амиа борлуулж суухыг
       Алд биений жаргал гэнэ
       Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
       Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй
       Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй
       Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
       Хал балгүй жаргал гэнэ
       Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим нь ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
       Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг
       Амрагаа болгож аваад
       Ноолуулж эрхлүүлэх ялдамд
       Номорхож томорхож суухыг
       Энэ биений жаргал гэнэ
       Эр хүний зовлон ч гэнэ
Ай, элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
       Ай даа, хожмын үр сад минь дээ
       Хорин зууны бичиг судлахдаа
       Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж
       Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
       Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
       Элс шороотой хөдөөрхүү нутагт    
       Жаргал дунд биш зовлон дунд
       Жаалхан биеэрээ унаж тусаж төрсөн юм
       Унахдаа дуулж төрөөгүй ээ, уйлж төрсөн юм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм
Олон зууны, олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь их ээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
       Үгүй ээ, барагдах нь байтугай, багассан ч үгүй
       Үндсийг нь хүн өөрөө тарьж
       Үр жимс мэт зовлонгоо ургуулж, үржүүлж
       Бие биендээ тараасаар байна
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
       Үстэй, чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
       Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
       Ган халуун зун олны өмнө нэрэлхэж
       Гангалж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огьж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
       Унд хоол байсаар байтал тамхины
       Утаа залгилж, бохь зажилж
       Авсанд ортлоо зэрэмдэг болоод
       Ам чөлөөгүй зовлон тоочино.
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой, мэдрэлийн солио тусдаг
       Элдэв хуулийг өөрөө батлаж
       Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж
       Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
       Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг
       Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
       Өөдгүй, хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
       Хариуд нь тэрэндээ үе удмаараа
       Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил, нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ,
       Хүсэл чинь их, ухаан чинь урт ч гэлээ
       Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
       Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
       Эртнээс эдүгээ хүртэл та нар
       Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
       Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
       Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу?

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.