2012-01-11

Титэм үг - Сайн араншин

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Арын мод алагтай цоогтой байхын адил аавын хөвгүүдийн араншин сайнтай, муутай байна. Хүүхэд, залуус та нар сайн араншинтай хүн болохыг сэтгэлийн гүнээсээ хичээ. Сайн, муу араншинг салгаж ялгахад түвэггүй. Жинхэнэ сайн араншинтай хүн мөн үү, биш үү гэдгийг жишиж харьцуулах арга, хэмжиж нягтлах хэмжүүр олон янз. Тэдгээрийн дотроос алдаа мадаггүй арга нэг бий.
Өөрөөсөө доорд хүнд хэрхэн хандаж байна вэ гэдгээр нь хүний сайн, муу араншинг хөдөлгөөнгүй тодорхойлж болно.
Эмэгтэй хүнийг ээж шигээ хайрлаж, эгч шигээ хүндэлж байгаа эр хүн бүр сайн араншинтан мөн. Эмэгтэй хүнийг дээрэлхдэг, элдэвлэж доромжилдог эр хүнийг сайн араншинтан гэж хэн ч хэлэхгүй. Дээр ч бай, дор ч бай албан тушаалтантай, дээр дорын ялгаагүй нэг л зангаар харьцах нь сайн араншинтны нийтлэг төрх. Доорд тушаалын хүмүүсээ дооглон тохуурхахгүй, дээрэлхэн доромжлохгүй, хүнийг хүн ёсоор үзэх нь сайн араншинтны шинж. Доорд тушаалын хүмүүстээ эелдэг зөөлөн, өрөвч нинжин сэтгэлээр ханд. Энэ нь чиний сайн араншинг улам тодруулан бэхжүүлж өгнө. Эсэргүүцэх чадалгүй хөөрхий хүнийг элдэвлэн доромжлогчийг сайн араншинтан гэж хэн ч үзэхгүй. Ханилж явсан нөхрөө нэмэр болохгүй гээд түлхдэг, нөмөр болохгүй гээд хөндийрдөг хүнийг сайн араншинтан гэж хүндлэх үндэсгүй. Бяд, чадал муутай нэгнийг басамжлан дээрэлхэж байгаа бол сайн араншингийн үртэс ч санаа сэтгэлд чинь үлдсэнгүй ээ гэж мэд. Багш нь шавьдаа, дарга нь цэрэгтээ хандаж байгаа хандлагаас жинхэнэ сайн араншингийн жишиг янзыг харж болно. Бага тушаалын хүмүүстэй бар арслан мэт бархирч архирч харьцах мөртлөө дээд тушаалтны өмнө мууранд базуулсан хулгана мэт эвхэрдэг хүнээс сайн араншин салан холдсон байдаг.

Өөрөөсөө доод байр суурьтай хүнтэй дотносон өөриймсөж нөхөрлөхөөс цэрвэн цээрлэх хэрэггүй. Өнөөдөр эзэлж байгаа өндөр байр суурь өнө мөнхийнх биш. Халаа сэлгээтэй албыг хамаг насаараа хаших мэт бүү андуур. Олдсон бүхэн хорогдож, хураасан бүхэн барагддаг болохоор өнөөгийн тарган цатгалан, баян чинээлэг байгаагаа өнө мөнхийн мэт битгий бод. Харин дээр ч бай, доор ч бай, баян ч бай, ядуу ч бай хүнийг хүн ёсоор үзэн, хүн хүндээ нөхөр байх нь сайн араншинтны мөнхөд дагах ариун ёс журам мөнөөс мөн билээ.
Хорвоогийн гэгээн цагаан, эрээн бараан аль ч өдрүүдэд хүмүүстэй хэзээд л нэгэн зангаараа өөриймсөг нөхөрлөж, үерхэн дотносож явах нь сайн араншинтны үйлдэл. Өчүүхэн жижиг зүйл дээр ч хүний араншин толинд туссан дүрс шиг тов тод илэрч байдаг юм.
Өөрийгөө бөөцийлж, өөртөө анхаарал халамж тавих нь зүйн хэрэг. Тэгэхдээ бусдын төлөө гэх сэтгэлээ ямар ч нөхцөлд орхиж болохгүй. Жинхэнэ сайн араншинтны бодит төрх нь нэг талаас, том жижиг гэлтгүй аль ч юман дээр бусдыг анхаарч, тэдэнд санаа тавьж байгаагаар ил илэрч, тод мэдрэгдэж байдаг юм. Нөгөө талаас, өөрөөс нь дээр байр суурьтай хүн байлаа ч, өөрөөс нь доор байр суурьтай хүн байсан ч тэдний төлөө санаа тавих сэтгэл нь огтхон ч өөрчлөгддөггүй, ив ижилхэн, хүн л бол хүн гэсэн байдлаар хандана. Тэд эгээтэй л бусдын төлөө төрчихсөн юм шиг өөрийгөө хойш тавин хүний төлөө зүтгэж, сэтгэл зүрхээ зориулна. Хүний төлөө хийсэн сайн үйлээ журамт үүрэг мэт үзнэ. Бусдад муу санаж, муу үйл хийх нь бүү хэл тэр тухай бодол ч толгойд нь орж ирэхгүй гэгээн цайлган сэтгэлтэн. Тэд настныг хүндлэн дээдэлж, нялхасыг асран тэтгэнэ. Өөрөөсөө илүүтэйгээр, хувьгүй тавиланд нухлагдаж яваа хүмүүсийг өгөөмөр сэтгэлээр дэмнэнэ. Тийм хөөрхий хүмүүсийн сул тал хийгээд алдаа мадагт уучлан нигүүлсэх сэтгэлээр хандахыг зорино. Сайн араншинтай хүн эд баялаг, хөрөнгө мөнгөндөө саган сагсуурч, дэврэн хөөрнө гэж үгүй. Хүч чадалдаа эрдэн бярдаж, авьяас билэгтээ ташууран ихэрхэх ойворгон ааш авиргүй, дөлгөөн тогтуун. Авьяас билгийнхээ хүчээр алдар хүндийг олж од болон дээш цойлж гялалзах нь амархан ч олны итгэлийг даалгүй доош унах нь бүр ч амархан гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Надаас хамаагүй илүү хүч чадалтан, надаас хавьгүй илүү авьяас билэгтэн бишгүй бий гэдгийг олж харах билгийн мэлмий нь нээлттэй, ухаж ойлгох ухааны сүв нь онгорхой байдаг юм. Тэд амжилт оллоо ч тэнгэрт хөөрөн үүл мананд төөрөхгүй, алдаанд орлоо ч доош унан шавар шавхайд хутгалдахгүй. Жинхэнэ сайн араншинт хүмүүс бусдын хийсэн буруу зөрүү үйлдлийн төлөө өөрөө хийчихсэн мэт гэмшин, өмнөөс нь яс хавтайн зовно. Тэд хүний өмнөөс өөртөө гал дуудаж, биендээ том бага шарх авахаас ч сийхгүй, зөв үйл хэргийн төлөө хүний урдуур орж халуун чулуу долоох сонголтыг ч эргэлзэлгүйгээр хийж чадна. Тэд хэзээ ч өөрийн санаа бодлыг өөр хүмүүст хүчээр тулган хүлээлгэхийг оролдохгүй. Шаардлагатай хүндээ, шаардлагатай үед нь өөрийн санаа бодлыг ихэрхэж сагсууралгүй, төв түвшин, сэтгэлээ уудлан хэлдэг юм. Хүмүүсийн сэтгэлээ онгойтол ярих яриаг тэвчээртэй нь аргагүй сонсч, тэдэнд урам зориг хайрлах нь жинхэнэ сайн араншинтнуудын л хийж чадах ажил.
Сул дорой хүмүүсийг гадуурхан хавчиж, шоглон дээрэлхдэг хүнийг сайн араншинтан гэхгүй. Жинхэнэ сайн араншинтай хүн сул дорой нэгнийхээ өмөг түшиг, зовох цагт нь чанараа таниулдаг нөхөр нь болж байдаг. Өрөвч тусч сэтгэл жинхэнэ сайн араншинтай хүний сүүдэр мэт мөнхийн дагуул нь. Тэд буянтнууд. Зовлон зүдүүр, аюул занал болуут буянтнууд язгуур чанараа бүрэн дүүрэн нээж, өгөөмөр гараа дэлгэн сунгадаг билээ. Ядарч зовсон хүмүүст туслах нь тэдний сэтгэлийн дуудлага. Хүмүүст тус нэмэр болсон бол тэр тухайгаа ам нээж дуугарна гэж үгүй. Хүнд хэрэг тус болох сайн үйлийг хийсэн бол нэг их зүйл хийгээд өгчихсөн мэт байдлыг огтхон ч үзүүлэхгүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж л бодно. Харин “сүүдэрт нь суувал модыг нь бүү март” гэдэг шиг тусыг хүртсэн хүн нь тус хүргэсэн өгөөмөр ачтаныг мартаж үл болно.
Жинхэнэ сайн араншинт хүн бусдад сайнаар харагдахаасаа урьд гаднаас хэн ч харж эс чадах сэтгэл доторхи тунгалаг толиндоо өөрийгөө зөв сайнаар харж байхыг үргэлж эрмэлзэнэ. Тэд өөрийгөө эрхэмлэн хүндэтгэх эрхэм дээд чанарыг биедээ өвч шингээсэн байна. Түүнийхээ жишиг жаягаар бусдыг эрхэмлэн хүндэтгэж явдаг билээ. Өрөвч нинжин сэтгэл сайн араншинт хүмүүнийг хээр талыг бүрхэн алаглах цэцэгс мэт чимэглэн байдаг юм. Хүн чанарыг тодорхойлоход нэг чухал хэмжүүр болдог эелдэг зөөлөн сэтгэл хийгээд өөриймсөг сэтгэл сайн араншинтай хүнд байх зайлшгүй шинж мөн билээ.
Сайн араншинт хүний итгэл үнэмшилийн магнайд үнэнч шударгаар ажиллаж амьдрах чинхүү хүсэл эрмэлзэл мөнхөд гэрэлтэж байна. Эцэст нь хүртэл шударга байх нь тэдний хувьд эцэг эхийнхээ нэр алдраар дээд тэнгэрт тавьсан андгай тангараг мэт хүч чадалтай байдаг билээ. Худал хэлэх, хуурч мэхлэх, үл бүтэх үйлдэл, өөдгүй булхайтай явдлыг үл үйлдэх хийгээд үл тэвчих нь сайн араншинт хүний хөдөлшгүй зан чанар, хөдөлгөөнгүй зарчим.
Өдөр тутмын ялих шалихгүй зүйлээс эхлээд томоос том асуудалд өөрийгөө зөнд орхиод өрөөл бусдын тусын тулд бүхнээ зориулах энэхүү чанарт л жинхэнэ сайн араншинт хүнд байх ёстой дүр төрх тов тодхон илэрч, тодорхой мэдрэгдэж байдаг болой. Сайн араншинтай хүн ямар шинж төрхтэй байх талаар цухас боловч ярилаа. Жинхэнэ хүн чанартай байхын тулд жинхэнэ сайн араншинтай байх ёстой.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.