2011-12-07

Титэм үг - Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг.
Баян ядуу хоёр, айл саахалт зэрэгцээд байж байгаагийн учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. Чи баян цатгалан байх уу, ядуу тарчиг амьдрах уу гэдгийг төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг нь зураад заагаад өгчихдөг гэх номлол сургаалыг бишгүйдээ л нэг сонссон байлгүй. Хувь тавилангийн зааж зурчихсан замаас гажих займчих, өөрчлөх тэгшлэх аргагүй гэж бодож итгэн, төөрч мунгинаж яваа хүмүүс өч төчнөөнөөрөө. Ялангуяа өөрт учирсан азгүй тохиолдол бүрийг хувь тавилангийн зурлага мэтээр хүлээн авч, тэрхүү хуурмаг итгэлдээ хүлэгдэн боолчлогдсон байх нь харамсмаар.

Төөрөг тавилангийн гэх нүд чихгүй урсгалыг сохроор даган хүлцэнгүй хөвж явах нь аль ч талаас нь бодсон сайн үйлдэл огт биш. Аливаа хүн өөрийн төрсөн нөхцөл байдлаас бус хөлс хүч, саруул ухаан, хичээл зүтгэлд дөрөөлөн өндийн өсч, дээшлэн дэвждэг гэсэн итгэлийг залуу хүн бүр зүрх сэтгэлдээ өнө үүрд хоногштол тодоос тод сийлж, насан туршдаа даган мөрдөх хэрэгтэй.
Эд баялаг цас бороо шиг үүлнээс бууж ирэхгүй, өвс ногоо шиг газраас урган цэцэглэхгүй. Эд баялгийг толгойгоо гашилган бодож, хөлсөө дуслуулан ажиллаж байж хураан хуримтлуулна. Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана. Зүрх зориггүй, аймхай хулчгар, үлбэгэр дорой нэгэн эд хөрөнгийг өөрөө хураан хуримтлуулж, эзэн суусан байхыг сонссон, харсан хүн байна уу? Тийм тохиолдол урьд хожид байгаагүй, одоо цагт байхгүй, хожим хойно ч байх­гүй нь нэн тодорхой. “Зориг байгаа газар зам нээгддэг” гэх их эртний зүйр үг байна. Зориг дутвал эд хөрөнгөнд хүрэх зам чинь үргэлж хаалттай, давшгүй саадтай, дийлэшгүй бартаатай, хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хөрөнгө мөнгөний тухайд хүмүүс янз бүрийн бодол, араншинтай байдаг нь сонин. Өнгө шилж, мөнгө хөөж явах шиг гутамшиг байхгүй гэж үздэг, ярьдаг хүн цөөн ч гэсэн байна. Мөнгөний төлөө улайрч, яахаас ч буцахгүйгээр харайлгаж явдаг балай этгээдүүд ч бий. Хөрөнгө мөнгөтэй болох хий хоосон мөрөөдлөө нүдээ ширгэтэл харж, хөрөнгө мөнгөнд умбах цаг мөчийг элгээ бэтгэртэл хүлээх мөртлөө хуруугаа ч хөдөлгөх дургүй, билгийн нүд нь сохорч, сэтгэлийн илбэнд хууртсан, эрдэнэсийн санг хэзээ ч эс үзэх залхуучууд газар сайгүй алхайна. Хүний юмаар хүүдэгнэж, олох долоох болохоор ов мэх бүхнийг хэрэглэн оготоны нүхээр ч ороод гарахад бэлэн, ичих нүүргүй хулжин зальхайчуудтай хамт ам бардам, ажил шалдан ойворгончууд ч олширсон. Хүрэх зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээх тэнгэрлиг үйлстэй хайрламаар сайхан хүмүүс ачааны хүндийг үүрч, баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулж байна. Ийм хүмүүс манай үеийн баатрууд, бахархан дуурсах алдартнууд. Эд нар амжилтын цоожтой хаалгыг нээх хувьтай эзэд нь. Энэхүү цоожны шидэт түлхүүр нь тэдний эр зоригийн төмөр авдарт хадгалаастай байдаг юм. Жинхэнэ эр зоригтнууд л тэр шидэт түлхүүрээр амжилтын нууц цоожийг нээн онгойлгох азын тэнгэртэй. Залуус та нарын эр зориг өвсөнд хаясан зүү шиг нуугдмал бус, өвсөнд ассан гал шиг дүрэлзэж байх ёстой. Хийж бүтээх хүсэлдээ шатаж яваа эр зориг хэмжээлшгүй хүч чадлыг агуулсан байдаг. “Зориг гэдэг бол хүч чадлын зэвсэг юм”. Хувь заяа ямагт зоригтны талд байдаг болохоор, зоригтой золбоотой байж л хувь заяагаа өөдрөг жолоодох болно. “Зоригтой хүнд хэцүү зүйл гэж байдаггүй”.
Эрс шийдмэг зоригтой шийдвэр хийж бүтээ­хийн амин сүнс. Хүчир­хэг хийгээд ухаалаг шийдвэр гаргаж сурах нь амжилт ололтын ширгэшгүй ундрага. Шийдмэг бусаар дүлэгнэж суугаа хүнээс амжилт аль эрт алслан холдсон байдаг юм. Эд хөрөнгө зоригтой бөгөөд ухаалаг шийдвэрийг дагаж буй болон, арвижин баяжина. Бүтээлч сэтгэл, хомхой сэтгэл хоёр гал ус мэт харш. Бүтээлч сэтгэлийн бороогоор услагдсан цэвэр хөрсөнд эд баялаг бүрэн гэсээгүй хөлдүү шахам газрыг түрэн цасан дороос ургах хаврын яргуй мэт цэцэглэн үржинэ. Хомхой сэтгэлийн бороогоор услагдсан бохир хөрсөнд хог ургамал соёолохоос ховор олдох эд хөрөнгө урган төлжихгүй.
Зоригтой, ухаалаг шийдвэр гаргах чадвар нь зав чөлөөгүй махран ажиллах дадал, шинийг эрэлхийлэх чадвар, санаачилга, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа зэрэг олон сайн шинж чанаруудтай эвсэн нийлж байж баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулах сан хөмрөг бүрэлдэн цогцолно. Шийдвэр гаргахдаа зоригтой бөгөөд хурдан, ажил үйлс эрхлэх хүч нь түүнээсээ илүү зоригтой болоод хурдтай байх юм бол эд баялаг эхийгээ дагасан унага, тугал мэт чамайг бараадан даган урсаж цутгаад ирнэ.
Аливаа томоохон ажлыг хийхээр барьж авахын өмнө би үүнийг ямар ч эргэлзээгүйгээр хийж чадна гэсэн бат итгэлтэй болоорой. Ямар ч хүнд хэцүү ажил байсан түүнийг би заавал хийж чадна гэсэн чанд хатуу итгэл өвөрлөн явсаар ард нь гарч үр шимийг хүртэх тавилантай. Зорьсон ажлаа эхэлж чадахгүй цаг алдаад, эхэлсэн ажлаа дуусгалгүй шантрах зориг мохоо хүмүүс том үйлийг бүтээх хувьгүй. Бусдын хийж чадахгүй үйлсийг бүтээж байж хүсэл мөрөөдлийн ноён оргилд гардаг юм.
Эрсдэлгүйгээр бүтэх том ажил энэ орчлонд үгүй. Эрсдлээс айн хулчийдаг зүрх зориггүй хүний ажил хэргийн ирээдүй бүрхэг харанхуй. Эрсдлийг даах эр зориг их үйл хэргийг бүтээн цогцлоох эрч хүчийг дагуулна. Сүйрвэл би сүйрье гэх эрсдэл даах эр зоригоо хөвчилсөн, ажилч хичээнгүй хүнийг эд баялаг эзнээ дагах сүүдэр мэт ойрхон дагана.
Шинийг сэдэх, байхгүйг санаачлах, шилдгийг бүтээх хүслээр жигүүрлэ. Шинийг сэдэх, шилдгийг бүтээх хүсэл эрмэлзлийн гал дөл чинь бөхөж унтраагүй цагт чи эд хөрөнгийн нэр төртэй эзэн суусан хэвээр байна гэдэгтээ бүрэн итгэлтэй, нүүр бардам бай. Үргэлж шинийг бүтээх хүсэл эрмэлзэл чинь чамайг байнга ирлэн хурцалж, хөгжүүлэн чадваржуулсаар байна.
Хүн авьяастай болоод хөдөл­мөрч бол оюуны том бүтээ­лийг орь ганцаараа суугаад туурвих бололцоотой. Харин эд баялгийн том бүтээлийг дан ганцаар бүтээх боломжгүй. Гар, сэтгэл нийлсэн хамт олноороо махран зүтгэж байж их хэргийг гүйцэлдүүлнэ. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулсан ажил хэрэгч, чадварлаг, дуулбал дуу нэг дугтарвал хүч нэг хамт олон их үйл хэргийг бүтээхэд тулах тулгуур, зүтгэх зүтгүүр нь болно. “Тавьсан зорилгод хүрэхэд ажил хэрэгч байдал мэдлэгээс дутуугүй хэрэгтэй”. Ажил хийж, ачаа үүрэх чадварыг нь тэргүүн эгнээнд тавьж гол үзүүлэлт болгон албан тушаал дэвшүүлдэг зоригтой, эрс шууд үйлдэл нь удирдагч хүний хамгийн шилдэг давуу чанаруудын нэг.
Эрсдлийг сөрөн, чад­варыг дээдлэн, чадвар­лаг хүнийг чадах ажилд нь яаж ажиллуулахаа мэддэг удирдагчийн эр зориг болон удирдахуйн ур дүйг хүндэтгэн бишрэхээс аргагүй. Удирдагчийн мэргэн ухаан, ажиллагсадын хичээнгүй зүтгэл найрал хөгжим мэт найрсан зохицсон газарт амжилт ололт бялхаж байх нь эргэлзээгүй. “Цэргүүдийн гавьяа даргынх нь ухаанаас хамаардаг” гэдэг нь маргашгүй үнэн билээ. Хийх гэж байгаа ажлаа гарын алган дээр байгаа мэт тольдон харж, хийж байгаа ажлаа атгандаа оруулан базаж байж хүсч мөрөөдсөнөө бүтээж, хүлээж бодсон үр шимээ хүртэнэ.
Та нар хатуу ширүүн өрсөлдөөний эргүүлэг дунд ажиллаж амьдарч байна. Та нараас түрүүлж яваа хүмүүстэй адилхан цагт унтаж, дутуухан юм уу ав адилхан ажиллаад тэднийг гүйцэж чадахгүй, тоосонд нь даруулаад хоцорно. Тэднээс бага унтаж, тэднээс илүү хэмнэж, ухаан илүү зарж, уйгагүй махран ажиллаж байж зэрэгцэн очиж, амьдралын чанар адилсана. Ер нь эдийг арвилж олдог, эд байвч өртэй бол эдлэх хувьгүй гэдэг үгийг марталгүй санаж явууштай. Түүнчлэн “хүнийг баян болгодог зүйл бол олж байгаа мөнгө биш, харин үлдэж байгаа тэр мөнгө” байдгийг ухаар.
Саяын тоо нэгээс эхэлдгийг бодож, хийж бүтээснээ бага гэж голохоосоо өмнө барагдашгүй үржихийн ерөөл өргөж, улам ихийг бүтээх урам онгодоо тэтгэ. Сайн сайхан утга төгөлдөр ажил хөдөлмөрөө хайрлан, сайн сайхан амьдралын төлөө уйгагүй хичээн зүтгэ. Уйгагүй хичээл зүтгэл эд баялагт хөл болж хүргэнэ, эрхэм буяныг гар болж хураана.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.