2011-11-30

Титэм үг - Үнэн юм үнэнээрээ сайхан

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Залуус та нар үнэн, худлыг ялгаж салгаж сурахыг хичээ. Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай. Цаг хугацаа бүхний шалгуур байдаг болохоор үнэний шалгуур мөн л цаг хугацаа. “Хугацаа өнгөрөх тусам аливаа үнэн илэрдэг” юм.
Үнэний хамгийн маргашгүй бол энгийн, тодорхой байдал мөн.
Худал ямагт нарийн, дэндүү гоёмсог бөгөөд нуршмал байдаг гэж бичгийн их хүн Л.Н.Толстой үнэн худлыг зааглах аргыг хэлж зааж өгсөн байна.
Энэ арга үнэн худлыг төгс зааглаж өгөх боломжгүй мэт чамд бодогдож магад. Тэгсэн ч үнэн худлыг ялгаж салгах боломж өөрт чинь бий. Үнэн үү, худал уу гэдгийг өөрийн ухаанаар тунгаан бод. Үзсэн харсан, дуулсан сонссон бүхэн чинь үнэн худлыг ялгахад тус болно. Юм үзэж нүд тайлсан хүнд үнэн худлын зааг ялгааг тогтоох чиг баримжаа тогтсон байна. Боловсрол мэдлэг чинь болох болохгүйг зааглахад тусладагийн адилаар үнэн худлыг ялгахад мэдээж туслана. Итгэл үнэмшил чинь үнэний хөтөч болно. Гэхдээ сохор итгэл нь биш. Үнэн худлыг ялгахад өөрийн чинь төрөлх мэдрэмж илүү тус болно. Үнэн худлыг ялгах нь юунд хэрэгтэй юм бэ? Үнэний төлөө тэмцдэг, үнэнийг дагадаг, үнэнийг ярьдаг, үнэнийг хүндэтгэдэг, үнэнийг биширдэг, амьдрал чинь бүхэлдээ үнэн байхын тулд чи үнэн худлыг ялгаж сурах хэрэгтэй. “Үнэн бол бидний хамгийн үнэтэй хөрөнгө зоорь. Түүнд ариг гамтай хандацгаая” гэж их зохиолч Марк Твен уриалсан байна. “Үнэнд дуртай хүнд яруу найрагч юм уу аугаа их хүн байх хэрэгцээ үгүй. Тэрээр өөрийн зүгээс аливаа чармайлт гаргахгүйгээр яруу найрагч, аугаа их хүн байдаг”. Аль ч залуу хүн “түүний амьдралд худлаа юм үнэхээр байхгүй” гэж хэлэгдэхээр амьдрахыг хичээх хэрэгтэй. Хатуу ширүүн ч гэсэн зөвхөн үнэнийг ярьж байхыг амьдралдаа мөрдлөг болго. Хатуугаар илэрхийлэгдсэн ч бай, үнэн нь хэнд ч аймшигтай байх ёсгүй гэдгийг мэд. Хэрэв тэр бүр үнэнийг ярьж болохгүй бол худал хэлэх хэрэгтэй юм байна гэсэн хэрэг огт биш гэдгийг санаарай.

Хүн өөрийгөө худал зүйлээр гайхуулах ямар ч хэрэггүй. Энэ нь эргээд өөрт чинь хор болно. “Хүн хэдийчинээ их ухаантай, боловсролтой байна, түүний худал хуурмаг өөрт нь болон бусдын хувьд төдийчинээ их хортой байна”. Үнэн үйл хэргийн төлөө туйлбартай зогс. “Үнэн үйл хэрэг нэгэнт л зөв бол дийлдэшгүй байдаг” юм. Үнэн өөрөө туйлбартай байхыг шаарддаг. Халирхай, няцамхай хүн үнэнийг хамгаалан, үнэн үйл хэргийн төлөө туйлбартай зогсч чаддаггүй. Үнэн гэдэгт бат итгэж, зүрх сэтгэлээрээ мэдэрч, өөрийн нүдээр олж харсан бол түүний талд тууштай, туйлбартай зогсох хэрэгтэй. Ямар ч байсан “Хамгийн гашуун үнэн чихэр шиг худлаас ямагт дээр байдгийг” залуус та нар зайлшгүй мэдэх учиртай.
Үнэнийг түр зуурхан л нууж, хааж болно. Үнэнийг үүрд нууна гэж байхгүй. “Үнэн нь нар шиг үүл мананд халхлагдаж болох авч, тэр нь түр зуурын халхлалт байдаг”. Үнэнийг нуух гэж өөрийгөө болон өрөөлийг зовоогоод хэрэггүй. Тэртэй тэргүй цаг хугацаа үнэнийг усны гадаргуу дээгүүр хөвөх тос адил ялгаж салгаад гаргаад ирнэ.
Худал гэдгийг нь мэдсээр байж түүнтэй эвлэрэн сууж болохгүй. Энэ бол үнэний эсрэг утга учиргүй тэмцэж байгаагаас ялгаа байхгүй. “Илэрхий худал үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй”. Худлаас айх хэрэггүй. “Үнэнээс айдаггүй хүнд худлаас айх явдал үгүй” гэх нэгэн нэрт хүний хэлсэн үгийг залуу хүн бүр санаж яваасай гэж хүснэ.
Үнэн хүчтэй. Үнэн чадалтай. Түүнийг юу ч зогсоож чадахгүй. Үнэн ямар ч орон зайг туулдаг бөгөөд ямар ч хил заагт хоригддоггүй. “Хэрэв та үнэнийг нээгээд, улмаар газарт булчих юм бол тэрээр маргаангүйгээр соёолон ургаж, өөрийнхөө замд тааралдсан бүхнийг түрж чадахуйц тийм хүчийг олдог”. Түүнчлэн “худал зүйлийг хүчээр ургуулаад ч хэзээ ч үнэн болон урган цэцэглэж чадахгүй”.
Худал хуурмаг хэтэрхий их болсон өнөө үед үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх хэрэгтэй. Эс тэгвээс үнэний орон зайг худал хуурмаг түрэн эзлэх болно. “Үнэний төлөө зогсч буй бүх хүн нэг зорилго өөд тэмүүлдэг”. Нэг зорилго өөд тэмүүлж буй энэ их хүчийг нэгтгэн тэмцэж чадвал худал хуурмагийн амьдрах орчин шахагдан багасах болно.
Хур бороо өвс ногоог сэргээдгийн адил үнэн хүний сэтгэлийг сэргээнэ. Харин царцаа өвс ногоог, зэв төмрийг, худал сэтгэлийг иддэг юм. Үнэн өөрийгөө хамгаалах чадвартай. Үнэн нь худал хуурмагийн эсрэг төдийгүй түүнийг тараадаг тодорхой хүмүүсийн эсрэг эрэлхэгээр тэмцдэг. Худал хуурмаг хэчнээн хүчтэй, хэчнээн далайцтай байлаа ч үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэх тавилантай. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ярьдаг манай өвөг дээдсийн мэргэн үг тун гүн гүнзгий утга учиртай.
Үнэн үгийг хүмүүс чих тавин сонсдог юм. Үнэн үгтэй хүн өргөн олны хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч олно. Үнэн үгтэй хүн өргөн олныг араасаа дагуулна. “Үнэний дуу хоолойгоор надтай ярилцдаг тэр хүний хойноос би тээнэгэлзэлгүй явах болно” гэсэн нэрт яруу найрагчийн шүлгийн энэ бадгийг манай залуус ой ухаандаа тогтоож аваг.
Хүн үхэл амьдралын заагт очоод сонголт хийх бол амьдралыг сонгох нь тодорхой. Түүнтэй адил үнэн худлын заагт очвол үнэнийг сонгож байх нь чиний хувьд нэн тодорхой байх ёстой. Үнэн үг заримдаа чихэнд хатуу ч түүнийг сонсож сурах хэрэгтэй. Үнэн билэгтэй, худал балагтайг, үнэн юм үнэтэйг, үнэн юм үнэнээрээ сайхан байдгийг манай залуус маш сайн ойлгог.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.