2011-06-07

А.Эрдэнэ-Очир : Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

2 сэтгэгдэл:

Гантулга said...

Хуучин блог дээрх уншигчдын сэтгэгдэл

5 сэтгэгдэл:

Төгөлдөр (зочин)
Сайхаан сайхан...
2011 оны 05-р сарын 09

nayanaa (зочин)
shn shuleg shu, ene eegii ah gehde shine hsuleg oird bichee yum boly
2011 оны 05-р сарын 09

Ицми
энэ Анимэд зааж өгүүштэй шүлэг байна :Р
2011 оны 05-р сарын 09

Урсогүухидду
Арлааны Эрдэнэ-Очир. Яруу найраг хэмээх нэгэн том түүдгээс үсэрсэн тодхон дөл билээ...
2011 оны 05-р сарын 31

Н.Амарсанаа
Wow uneheer shn shuleg shuuu blogoor chin daraa l shn zugaalii
2011 оны 06-р сарын 01

Anonymous said...

хөтлөгч Гантигмаад дурлаж энэ шүлгийг бичсэн гэдэг....

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.