2011-11-18

Сайхан сэтгэлээр сайн үйл хий!

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди


Багабанди
Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм.
Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан.
Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг юм”.
Чиний эрхэлж буй ажил үйлс чинь өөдрөг сайн байгаа юу? Хамтран зүтгэгчид, удирдлагын зүгээс ажлыг чинь хэрхэн үнэлдэг вэ? Хийсэн бүтээсэн болгоныхоо үр дүнд сэтгэл тэнүүн, ханамжтай байж чадаж байна уу? Энэ асуултуудад өөрөө чин үнэнээр нь хариулах гээд бодоод үз. Хангалттай бус, сайн биш гэж бодогдвол шалтгааныг нь даруйхан хайж ол. Тэгэхдээ бурууг бусдаас хайлгүй эхлээд өөрийн буруу зөрүүг сайтар тунгаа. Олон, олон учир шалтгаан тодроно байх. Хийсэн ажлын чинь үр дүн тааруу байвал нэг л зүйл түүний үндсэн шалтгаан нь болсон байдаг нь анзаарагдана. Үнэн сэтгэлээ өгч хийгээгүй ажил үйл бүхний үр дүн үжиршиж урагдах дөхсөн бөс даавуутай адил хэврэг байдгийг чи аяндаа ойлгоно. Тиймээс том бага гэлтгүй аль ч ажилд ухаанаа зарахаас дутуугүй сэтгэлээ шингээж төгс сайн хий.


Сайн үйлс бүтээе гэж байгаа бол алгуурлаж хойшлуулах хэрэггүй. Аливаа алгуур нуршуу бүхэн ухаалаг бус, үр дүн нь од шиг хол. Сайн үйл хийе гэж сэтгэлдээ бодон суух нь сайн үйл бүтээчихсэн ч хэрэг биш. “Сайн үйл хийхийн тулд хэтэрхий удаан боддог хүнд сайн хүн байх хугацаа байхгүй” гэж хэлсэн сургамжит үг байна. Сайн хүн байж чадахгүй байсаар насаа барж болох тул алгуурлаж болохгүй. Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь. Эрт боссон шувуухай өт олж иднэ гэсэн үг ч бий. Сайн үйл бүтээх өөдрөг үзлээ ямар ч бэрхшээл тохиолоо гэсэн хаяж гээж бүү орхи. Чамд хэчнээн боломжгүй мэт бодогдсон ч боломж үргэлж байдагт эргэлзэх хэрэггүй. “Өөдрөг үзэлтэн аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг нь олж хардаг”. Та нарыг зөвхөн боломжийг нь олж хардаг өөдрөг үзэлтэн байгаасай гэж үүнийг хэлж байгаа юм шүү.
Яг одоо чамд хэцүү, зүтгүү байвал үүрдийн зовлонт хувь тавилан мэтээр гуниглан бүү хүлээж ав. Нар байнга нэг газраа тусдаггүй. Өнөөдөр сүүдэртэй байгаа чиний эргэн тойронд нар тусч л таарна. Зүүний сүвэгчин чинээ нүхээр ч сайн үйлсийн гэгээ тусна. Гагцхүү сайн үйлс бүтээх хүслээ орхиж болохгүй, залхуурч хэрэггүй. Залхуу хонинд ноос нь хүртэл тээг болдог гэсэн үг бий. Залхуу хүнд тээг болох зүйл захаас аван байна. Юу ч хийхгүй залхуурч суугаа хүн сайн үйл хийх нь байтугай муу юм хийхэд биеэ алгуур бэлдэж суудагаа мэд. Хүн сайн үйлийг шагнуулах захиалгаар юм уу шийтгүүлэх айдсаар хийхийн аль аль нь зохисгүй. Аль ч тохиолдолд сайн үйл нь үнэлгээгүй, ялих шалихгүй зүйл болон үлдэнэ. Чиний тусын тулд сайхан сэтгэлээр үйлдэж байгаа сайн үйлсийг чи ашиглах хэрэгтэй. Гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны алтан дүрмийг зөрчихгүй байх ёстой.
Муу хүмүүс, тэнэг хүмүүст сайн үйл хийснээр чамд сайн зүйл авчирна гэж хүлээх хэрэггүй. Тэнэг хүмүүст сайн зүйл хийх нь нуур цөөрөм рүү аяга ус нэмж хийхтэй л адил. “Муу хүнд сайн үйл хийх нь сайн хүнд муу үйл хийхийн адил аюултай”. Аман дээрээ сайн хүн, ажил амьдрал дээр сайн хүн хоёрыг ялгаж салгаж сур. Зөвхөн аман дээрээ сайн хүн давхар давхар олиггүй байдгийг мэд. Бас, сайн мууг ялгадаггүй хүнд сайхан сэтгэлийн тус хэрэггүйг ойлго.
Ганцхан хар толгойгоо хоохойлоод, хорхойд хоргүй гэлдэрч явах нь тийм ч бахархмаар үйл биш. Хүмүүс чиний төлөө сайхан сэтгэлээр тоолж барахгүй сайн зүйл хийсэн, хийх ч болно. Хамгийн наад зах нь эцэг эх тань улаан нялзрай байхаас чинь өдий хүртэл чиний төлөө хиргүй тунгалаг, ариун хайр сэтгэлээ зориулж ирсэн нөр их хөдөлмөр нь үнэлгээгүй, үнэ байхгүйдээ биш, үнэлэх аргагүй далай мэт том байдагт утга учир нь байгаа юм. Дор хаяж үүнийг ухаар. Тэгэхээр чи юуны урьд “хүний төлөө хийх ажил байдаг” гэдгийг сэтгэлдээ бат суулган тогтоож ав. Тэгээд зогсохгүй хүмүүсийн төлөө хийх ажлаа чин сэтгэлээсээ сайн хий, хүнд тусла! Бусдын тусыг авах, бусдад туслахдаа бодож хэрэгжүүлэх нэг чухал зарчим бий. Энэ нь “өөрт чинь үзүүлсэн тусыг бүү март, харин чи өөрөө бусдад үзүүлсэн тусаа мартах хэрэгтэй” гэсэн зарчим. Өөрийнхөө буянт үйлсээр ихэрхэн бүү гайхуул. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс ихэд болгоомжил. Чиний үзүүлсэн тусыг чи өөрөө бус, тусыг хүртсэн хүн санаж явах ёстой. Зөвхөн санах, санагалзах бус талархаж явах ёс суртахууны үүрэгтэй. Харин чи бусдын үзүүлсэн тус нэмэрт сэтгэл зүрхний угаас талархахаа мартуузай. Өгөөмөр бөгөөд сэтгэл харамгүй байх нь хүний сайн чанаруудын нэг мөн.
Бусдад сайн үйл бүтээж байгаа хүн өөртөө ч сайн үйлийг хамт бүтээж, буян хурааж байдаг. Хүний төлөө хийсэн сайн сайхан үйлийнхээ үр дүнг харж, эрэгцүүлэн бодохоор асар их хөөр баярыг сэтгэл зүрхэндээ хураан мэдэрнэ. Энэ нь өөрт нь ирж байгаа сэтгэл ханамж, баяр баясгалан, сайн сайхан үйл мөн билээ. Сайн хүн муу юм хийнэ гэдэг хамгийн аймшигтай. Тийм болохоор сайн хүнээр муу юм хийлгэж хэрхэвч болохгүй. Хүмүүсийг сайн үйлс бүтээснийх нь төлөө хүндэтгэх ч хэрэгтэй, хайрлах ч хэрэгтэй. Мөн, сайн үйлс төдийлөн бүтээгээгүй боловч хүмүүст хор хүргэж, муу зүйл авчраагүй тэр хүмүүсийг бас хүндэтгэх нь зүйн хэрэг. Сайхан сэтгэлтэй хүний сайн үйлс гагцхүү магтаал хүлээх гавьяатай. Сайн үйлст жижиг зүйл гэж байдаггүй. Бага гэлгүй, сайхан сэтгэлээр сайн үйлийг алхам алхмаар бүтээцгээе.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.