2011-07-31

О.Дашбалбар : Биднээс өмнө амьдраад явагсадад!

Бидэнд уул, ус, толгодоо үлдээгээд
Билгүүн орчлонгоос хүмүүс явцгааж байна.
Намрын өдрүүд, хаврын салхи, гөрөөс, улиасы нь
Насан турш би, тэднийхээ дурсгалд харж, хайрлаж явмуу

Ихээ хол явчихсан тэднийгээ унах навчис тоолон
Итгэж үлдээсэн нарлаг хорвоо дээр нь бид дурснам.
Орчлон дэлхийгээ үр ачдаа үлдээсэн хүмүүс
Оддын дундуур тоосрон, буцаад явчихдаг юм шүү! 
Ирсэн бүхнийхээ тоогоор, хүмүүсийн буцсан хорвоод
Инээд, нулимсны нь зайд би амьдарч явнам!
Мөнгөн сарны туяаг Нацагдорж надад үлдээсэн,
Мөрөн голын шуугианыг Равжаа надад хайрласан.


Өвөг дээдсийн үлдээсэн газрын
Өвсөн дундуур би туучиж явна.
Эдлэн газрыг өвлөн үлдэгч адил
Энэ дэлхий дээр амьдарч явна.


Хожим буцахдаа хүүдээ орхих
Хорвоогийн тансгийг бүтээж явна.
Гомерийн үлдээсэн далайн эрэгт амарч
Гоё сайхан давалгаа хүрхрэхийг чагнаж 

Занабазарын үлдээсэн цэнхэр униарт хөндийн
Замаар морьтой хүн шогшин гарч ирэхийг ажиглаж,
Эйнштейний үлдээсэн барс-цагаан үүлсийн сүүдэрт
Энэтхэгийн буурал мэргэн

Таагүүрийн биширсэн Хималайг хайрланам.
Буянт Сүхбаатар дэлхий дээр ирээд,
Монгол улсаа шинээр сүндэрлүүлээд явсан,
Буцахдаа хүмүүс, үр ачдаа
Ихийг бүтээж өгөөд, өөрсдөө юу ч авалгүй явцгаана...
 

2011-07-29

О.Дашбалбар : Би эгэл хүн

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.
Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!
Би-эгэл хүн!

2011-07-28

Биеийн хөдөлгөөний хэл

Биеийн хэл
Бид биеийн хөдөлгөөнөөрөө дамжуулан орчиндоо өөрийн дотоод мэдрэмж, бодол, сэтгэл хөдлөлийн талаар байнга мэдээлэл өгч байдаг. Өөрөөр хэлбэл ярианаас гадна биеийн хэл маань хэлэлцээр, аливаа уулзалтын үеэр бусдад эерэг сөрөг сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгхээр дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулъя!
Биеийн хэлээ хөгжүүлснээр таны харилцаанд томоохон ахиц гарч, хувийн зан араншин тань ч өөрчлөгдөх болно. Харилцаандаа нүүр, болон биеийн хөдөлгөөнийг оролцуулахад тань ямар нэг тусгай заавар зөвлөгөө шаардлагагүй. Өөрийн ярьж буй зүйлийнхээ утга санаанд тохируулан биеэрээ тайлбар хийхэд л хангалттай. Ихэвчлэн сонирхсон залуу эсвэл бүсгүйдээ, захиралдаа юм уу, багшдаа ямарваа зүйлийн тухай ярих үедээ биеийн хэлийг ашигладаг. Тиймээс энэ удаа өөрийн үзэл бодлоо биеэрээ илэрхийлж сурахад тань дөхөм болохуйц энгийн зөвлөгөө өгье. Биеийн хэлээ хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд харилцааны үед ямар байдалтай байдгаа мэдэх шаардлагатай. Тиймээс ямар байдалтай сууж, зогсдог, гар хөлийн хөдөлгөөн зэргээ ажиглаад, энэ бүхнийгээ тэмдэглээрэй. Ингээд өөрийн онцлогийг мэдсэний дараа толины өмнө дадлага хийгээд үзэж болно. Ийм дадлага тэнэг санагдах ч хэн нэгэн таныг харахгүй байгааг мартаж болохгүй. Уг дадлагын ачаар л та бусдын өмнө ямар байдалтай байдгаа, өөрийн алдаа дутагдал, зохимжгүй үйлдэл, хөдөлгөөнөө мэдэх боломжтой. БАС НЭГ АРГА БИЙ. Нүдээ аниад хэрхэн сууж, зогсвол илүү тохиромжтой гэдгээ төсөөлөөд үз. Дараа нь нүдээ нээгээд хэсэг амарсны дараа төсөөлсөн байдлаараа зогсож үзээд хэр оновчтой болохыг нь ажиглаарай. Магадгүй та найз нөхөд, загвар өмсөгчид, кино од ч юм уу илэрхийлэл сайтай гэж бодсон нэгнээ дууриадаг байх. Та ч гэсэн өөрийн онцлогтой хувь хүн учир хувилсан мэт үйлдэл бүрийг давтах нь хиймэл харагдах тул өөрт зохимжтой хэдхэн хөдөлгөөн байхад л хангалттай. Сонгосон хөдөлгөөнөө өөрт тохиромжтой байдлаар өөрчилсөн ч болох шүү дээ. Ингэхдээ дор дурдах хэдэн дүрмийг мартаж болохгүй.

2011-07-26

О.Дашбалбар : Яах юм бэ

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

О.Дашбалбар: Нөхөддөө 2

Хувинтай ус асгах шиг хур их гунигаа юүлээд
Хуучин сайн нөхөр минь наашаа нэг ирээч!
Ажил төрөлдөө түүртсээр хэн нэгнийгээ анзааралгүй
Ахуй хоногийн тоосонд хайнга гэлдэрч яваа юм биш биз?

2011-07-19

Ц.Хулан - Аавдаа

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ

2011-07-17

Амьдралын арван мөрдлөг

1. Өнөөдөр хийж болох юмыг маргааш гэж бүү хойш тавь
2. Өөрөө дөнгөх ажлаар бусдыг бүү зовоо
3. Гартаа ороогүй мөнгийг бүү үр
4. Өөртөө хэрэггүй, хямдхан юм бүү худалдаж ав. Энэ нь авсан үнээсээ хэд дахин үнэтэй олддог.
5. Бахархал – өлсөх, даарахаас ч илүү үнэтэй олддог
6. Бага идлээ гэж бүү гэмш
7. Дурлаж хийсэн ажилд хэцүү байдаггүй
8. Аюул осол, үйл лай бидэнд хичнээн их гаслан зовлон авчрав
9. Аливаа саадыг давчих талаас нь авир
10. Хэрэв та бухимдсан бол ямар нэгэн юм хэлэхийнхээ өмнө 10 тоол, хэрэв дэлбэртэл уурласан бол 100 хүртэл тоол

АНУ-н гуравдахь ерөнхийлөгч Томас Жефферсон 1743-1826

2011-07-01

Л.Өлзийтөгс : Тунирхал

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй

Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм

Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

Л.Өлзийтөгс - Харанхуйн бороо

Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална.

Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харангхуй бөнжигнөнө.

Л.Өлзийтөгс - Гуйлт

Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг

Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг

Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,
харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш
зүрхний минь цохилт жигдэрдэггүй

Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй

Гараад л ирэхийн зуурт чинь
мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд
зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш
амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.