2011-07-26

О.Дашбалбар: Нөхөддөө 2

Хувинтай ус асгах шиг хур их гунигаа юүлээд
Хуучин сайн нөхөр минь наашаа нэг ирээч!
Ажил төрөлдөө түүртсээр хэн нэгнийгээ анзааралгүй
Ахуй хоногийн тоосонд хайнга гэлдэрч яваа юм биш биз?

Амин зуулгын тэмцэлд морь нохой мэт зүтгэсээр
Амтат сайхан бүхний хажуугаар өнгөрөөгүй биз?
Алсын уулын оргилыг ширтэх сэхээгүй явахад
Алим зуусан хараацай дэргэдүүр нисээгүй биз?
Дэмий нэгийг мөрөөдөж, хэтэрхий бодолдоо хууртан
Дэргэдээ яваа сайн ханиа гомдоогоогүй биз
Адилхан л хүний үр, амьтны заяа ижилхэн шүү дээ
Амьдын хорвоод нэгий нь дутуу хайрлаагүй биз?
Алив сайн сайхан юм бүхэн цаг цагтаа өнгөрдөг,
Арчаагүй нэг нь түүнээс зууралдсаар хоцордог!
Алсын зуунууд өөдөөс эгнэн, бороон хөшиг намирч
Айлын минь охид өсч хадамд гарахаар явж байна...
Эмээгийнхээ хормойноос чангаах хоёр настай хөвгүүн
Энэ амьдралаас гээгдэлгүй, унан тусан хөллөнө...
Энгүүн үнэнийг тоолгүй зоогийн газар халамцаж
Ээжийнхээ цагаан сүүг архитай адилтгаагүй биз?
Та нартайгаа би илэн далангүй нэг ярих сан,
Тамхины утаа нэвтлэн дотоод ертөнц рүү нь өнгийхсөн!
Амирлангуй тайван өдрүүдийг аяархан нэг цочроож
Амиан бодохын торноос алдуурсан шувуу шиг нисэхсэн!
Анд минь, энэ өдрийг өөрсөддөө зориулъя, наашаа суу!
Агшин бүр үнэтэй ч ашиггүй өнгөрөөснөө харамсах мөч байг!
Алив бүхнийг мартаж, бие биеэ нэг харъя!
Аль эртний цог золбоогоо он жилийг туулан авчирсан уу?
Цалин хөлс, талх давс, түлээ түлш, аар саарханыг орхиж
Цаг хугацаанаас жааханыг тасалж амьдралаа эргэж нэг шүүе!
Олсон зөв бодол, явсан буруу зам, гомдоосон хүмүүсээ саная
Оройтоогүй дээрээ ээжийгээ асарч, гэргийгээ жаахан тайвшруулья!
Ажил, ажил... гэж явсаар нөхөддөө очилгүй жил тойрлоо
Анзааралгүй өнгөрөөсөн хэчнээн олон нүд хариу нэхнэ вэ?
Түмэн сайхныг хийе гэвч, түүнийхээ хажуугаар одохоо зогсож
Түгших зүрхээ бусдын төлөө хямгадах ёстойгоо мэдье!...
Бага үд хаалга тогшиж, залуу нас хэвийлээ
Бадрангуй халуунаа сэтгэлдээ авч үлдье!
Амь хохирохоос буцалгүй, бусдыгаа хайрлах сэтгэл
Амьдралын үнэ цэнийг нэмж, өөрийгөө бодохоос аварнам,
Он жилүүд ухаарлын хаалгыг сэм сэмхэн тогшиж
Оройтосхийж ирэхдээн хөршийнхнөө сэрээчих вий гэж зөөлхөн өгснөм.
Ядарсан эмгэн нойр нь хүрэхгүй эргэж хөрвөсөөр, арайхийж зүүрмэглэхэд
Явдал ширүүдэж, хөлийнхоо чимээгээр цочоох вий гэж айнам.
Гэрэлтэй цонхны дэргэд намайг харуулдсан хань ижлээ өрөвдөж
Гэм хийсэн юм шиг зововч, гэгээн төрх сэтгэлд минь баярланам.
Хүлээж цөхрөөд нойрондоо автсан үрсээ сэмхэн үнсэхээр бөхийхдөө
Хүү минь том болсныг сая л ухаарч, санаа алдан зулайг нь илбэнэм,
Айсуй яваа галт тэрэг шиг өдөр хоногуудад
Авснаан бус, өгснөөн тооцох нас минь ирлээ...
Амин зуулга бус, алс хойчийн сэтгэлээр амьдрах
Аугаа хүслэн биднийг мөн чанартаа дуудлаа...
Хумхийн тоосыг мөрнөөсөө сэгсрэх шиг
Хувийн өчүүхэн бодлуудыг орхилоо би!
Эрэл, үнэний урт зам өмнөөс минь тослоо...
Эзэмшилдээ би эр зориг, хүн чанараа л авч үлдлээ!

1 сэтгэгдэл:

zzz (зочин)
Эзэмшилдээ би эр зориг, хүн чанараа л авч үлдлээ!

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.