2012-03-03

Хулганы хавх - Сургамжит өгүүллэг

Нэгэн хулгана хананы цоорхойгоор фермэр эхнэрийн хамт боодолтой зүйл задлаж байхыг харлаа. Ямар хоол хүнс байгаа юм бол хэмээн бодоод энэ нь хулганы хавх байхыг олж мэдээд өнөөх хулгана ихэд цочирдлоо.
Хулгана гадагш гүйн гараад “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн бусдад сэрэмжлүүлэн хашгирлаа.
 Үүнийг сонсон тахиа толгойгоо өргөн ингэж донгодов. “Хулгана аа Энэ чинь чамд л тийм чухал асуудал болохоос надад огтхон ч хамаагүй. Энэ чинь миний санааг зовоохгүй байна ” гэлээ.
 Хулгана цааш гүйж гахай дээр очин “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хашгирахад гахай санаа зовсон байдалтайгаар “Хулгана аа намайг уучлаарай. Үнэндээ би чиний төлөө залбирахаас өөр зүйл хийж чадахгүй нь” гэлээ.
Хулгана дахин цааш гүйж үнээн дээр очин дахиад л “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хэллээ. Хариуд нь үнээ “Намайг өршөөгөөрэй. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ?” гэлээ. Энэ бүхэний эцэст ихэд гутарсан хулгана толгой гудайлган байшингийн зүг буцлаа.
 Шөнө хулганы хавх тасхийн буух чимээ байшинд сонсогдож фермэрийн эхнэр хавханд орсон зүйлийг харахаар яаран сандран гүйж хүрлээ. Тэнд харанхуй байсан болохоор тэрээр хавханд хортой могой сүүлээ хавчуулсан байгааг олж харсангүй. Өнөөх уурссан могой ч фермэрийн эхнэрийг хатгаж орхив. Фермэр эхнэрээ яаран эмнэлэгт хүргэж өгчөө. Удалгүй эхнэр нь гэртээ буцаж ирсэн хэдий ч өнөөх могойн хорноос болоод маш ихээр халуурч байлаа. Тахианы шөл халуун бууруулдаг гэдэгийг фермэр мэдэх тул шөл бэлдэхээр хутгаа шүүрэн гарлаа. Гэвч эхнэрийнх нь өвчин улам хүндэрсээр түүний найз нөхөд хөршүүд нь түүнийг ээлжлэн сахиж, сувилж байлаа. Тэдгээр хүмүүсийг хооллохын тулд фермэр гайхайгаа нядлав. Эхнэрийнх нь бие улам доройтсоор нас баржээ. Оршуулганд нь маш олон хүн цугласан тул тэдэнд зориулан хоол бэлдэхээр өнөөх фермэр үнээгээ нядалжээ. Энэ бүх үйл явдлыг өнөөх хулгана ханан дахь цоорхойгоор гунигтайгаар харж байлаа.
 Хэрэв дараагийн удаа хэн нэгэнд ямар нэгэн асуудал тулгарсан бол өөрт хамаагүй гэж бүү хувиа хичээ. Бидний хэн нэгэнд тулгарсан асуудал бид бүхэнд хамаатай. Амьдрал гэж нэрлэгддэг энэ аялалд бид бүгд өөр хоорондоо ямар нэгэн сэжимээр холбоотой билээ. Тиймээс бусдад санаа тавьж, урам зориг хайрлаж явцгаая. 

Сургамжит өгүүллэг ном-с

2 сэтгэгдэл:

Aamregled said...

сайхан өгүүллэг байна баярлалаа

Anonymous said...

Тиймээ бидэнд монголчуудад маань их хамаатай шүү, нийгмийн ороо бусгаа, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон өнөө цагт

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.