МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн.
Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун.
Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.








