Нэрт сэтгүүлч Аюушийн Авирмэд өөртөө тохиолдсон нэгэн сургамжтай
зүйлийг надад ярьсан нь санаанд тод үлджээ. Тэрбээр ярьж байгаа зүйлээ
сонсож байгаа хүнийхээ сэтгэлд хоногштол хүргэж чаддаг ховорхон
авьяастны нэг. “Би янз бүрийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Нийгмийн муу
муухай, бузар булайг зад шүүмжилж шүүрдэн цэвэрлэе гэсэн дэвэргэн санаа
төрж, нэвтрүүлэг бэлтгэн, өөрөө хөтөллөө. Бурууд нүд хурц гэгчээр
таагүй, тааламжгүй тааралдсан болгоноо баруун солгойгүй шүүмжиллээ.
Гэхдээ оргүй хоосон юм уу гүтгэж гүжирдсэн шүүмжлэл хэлээгүй. Бүгд
баримттай, нягталж шалгасан, олны нүдэн дээр ил, олон түмэн хавтгайдаа
ярьж байгаа тэр л сэдэв.
Нэвтрүүлгийн олз омгоо муу муухай, болохгүй бүтэхгүй дундаас
цуглуулдаг болохоор сүүлдээ бүх зүйлийг дан сөрөг талаас нь харж, сайн
юм таарлаа ч нэг л итгэж өгөхгүй, эргэлзэх байдалтай болоод ирсэн.
Бүхнийг дан болохгүй, бүр бүтэхгүй хар бараан талаас нь харж, зад
шүүмжлэн яриад байхаар тодорхой хугацааны дараа түүндээ бүр автаж,
донтоно гэдэг нь болж байгаа юм байлгүй, гэрэл гэгээтэй зүйл олж харахаа
больж, урам магтаалын буюу аядуу зөөлөн үг хэлье гэхээр ам хэл эвлэж
өгөхгүй болчих гээд байсан. Тэгэсхийгээд тэр нэвтрүүлгээ зогсоож, санаа
амрав аа, хөөрхий. Юмыг ер нь гэгээлэг талаас нь харж байх хэрэгтэй юм
байна лээ шүү” гэж Авираа маань нөгөөх хөгжилтэй инээдээрээ инээн
хуучилж билээ. Ухаантай хүний сургамжтай үг яриа ангасан хүнд ус, өвдсөн
хүнд эм дөхүүлж өгөх мэт тус болно гэдэг юутай үнэн. Амьдралын алхам
бүрт тохиолдож байгаа үйл явдлууд бүгдээрээ сургамж. Хожим чамд тус
болох туршлага юм.