2013-08-29

БИАНТ : Афоризм

Биант
Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр.
Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.

               *               *               *

Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа тэр хүн л хамгаас золгүй

               *               *               *

Залуу наснаасаа мэргэн ухааныг нөөцөлж ав.
Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй юм.

               *               *               *

Ихэнхи хүн ажил хэрэгтээ улайраад эхэлбэл, сайн сайхан юм орших газаргүй болдог.

               *               *               *

Далайн хөлөг онгоц дээр яваа хүмүүсийг амьдын ч тоонд, үхэгсдийн ч тоонд тооцох аргагүй.

               *               *               *

Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа ( Олонхи нь хэзээд муу уршигтай)

2013-08-23

О.Дашбалбар - Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

2013-08-22

Урьдчилан дүгнэлт бүү гарга

doctor
Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадахгүй, нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж унтдаг. Тэр үед нь хэн нэг нь мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд гэнэт орилж хашгиран хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй байдаг ч гэсэн заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна. Доктор ярьж дуусаад, оюутнуудаас ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув. Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв. Харин доктор өөрөө ийм нэгэн хүнийг сайн дураараа асардаг, мөн сэтгэл хангалуун байдгаа хэлж байв. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж хэлэхэд оюутнууд ихэд гайхаж байв. Доктор энэхүү хүнийхээ зургийг харуулахад зураг дээр түүний 6 сартай охин нь байв. Доктор хэлэхдээ “Хүн хүнээ сайн сонсоогүйгээс мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог юм” гэжээ. 

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.