2013-06-28

Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй


Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.
Тусламж хэрэгтэй бүхэнд сэтгэлээсээ үзүүлэх дэм тус буяны үйлс. Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, өвдсөн хүнийг эмнэх, харанхуй хүнийг гэгээрүүлэх, орох оронгүйд оромж сууц өгөх, бусдын төлөө санаа тавих бүгд л буяны үйлс. Буянтан болъё хэмээн бодож мөрөөдөх нь буянтан болчихлоо гэсэн үг хараахан биш. Буянтай үйлсийн тухай баруун солгойгүй ярьж, эрмэлзэл тэмүүллээ илэрхийлснээ буян хийчихлээ гэж бодож төсөөлж болохгүй. “Хүний буянт үйлсийг түүний эрмэлзэл, тэмүүллээр нь бус, харин өдөр тутмын үйл хэргээр нь үнэлэх хэрэгтэй”. Буянтай үйлсийг дотоод итгэл үнэмшилээрээ ухамсартайгаар үйлддэг. Би бусдын тусын тулд буян үйлдэх учиртай гэж үүргээ ухамсарлах нь бүхнээс илүү чухал. Гуйлга болон шахалтаар хийсэн буян хүртэж байгаа хүндээ хишиг буян болон шингэх ач тусаар бага.
Буяны үйлсийн амин сүнс нь ариун сэтгэл. Ариун сэтгэлээ зориулж үйлдсэн буянт үйлс олны сэтгэлд гэрэл гэгээ, итгэл найдвар, урам зоригийг авч ирнэ. “Хэний зүрх олны төлөө цохилж байна тэр үнэхээр агуу”. Сэтгэлээсээ хийгээгүй буяны үйлс дутуу малтсан худагтай л адил. Ус нь тунаагүй худгаас ууж, усалж болдоггүй шиг сэтгэл дутсан бүхэн шавхагдашгүй ундаргатай байж буян хишгээ бүтэн хайрлахгүй. Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэ цэнэтэй. Тийм буян, хүртсэн хүртээсэн аль алиндаа баяр баясгаланг дуудан дагуулж авчирдаг юм. Буянтай үйлс бүтээснээ сайрхан ярих шаардлагагүй. Булавч бултайна даравч дардайна гэдэг шиг тусыг хүртсэн хүмүүс ойлгон үнэлж, тэр тухай сэтгэлээ нээн сайрхан ярина. Хариу нэхээгүй буяны үйлстэнүүд чин зүрхнийхээ дуудлагаар буяны ажилд оролцох болохоос хэвлэл сониноор гарч нэр хүндээ өсгөх зорилго агуулдаггүй. Хүмүүнлэг нинжин сэтгэл хүний зовлонгоор цэнгэл эдлэх хүйтэн цэвдэг сэтгэлтэй авцалддаггүй юм.
Өөрт тус авчрахын тулд бусдад буян үйлдэгчид бий. Олонд тус хүргэснээр өөрт буян хурна. Сайн үйлийг сайн нэр төр дагадаг шиг бусдад үйлдсэн буяны хэмжээгээр өөрийн чинь нэр хүнд өснө. Тэгэхдээ туулайн чинээ тус хүргэчихээд уулын дайтай буян хураахыг мөрөөдөх хэрэггүй. Бүр өөдгүй хүмүүс ч хувьдаа ашиг олохын тулд хотол олонд буян үйлдэхийг зорино. Тийм буяны үнэ цэн өчүүхэн. Буруугаа булахын төлөөнөө буянтны дүр эсгэгчид ч байна. Хэн нэгэн ёс суртахууны үүргээ ёсчилон биелүүлснээрээ буян үйлдэгч болчихгүй. Буяны зам мөрийг зүрх сэтгэлийнхээ дуудлага болгон эргэлт буцалтгүй сонгож, ядарсанд тусалж, ядсаныг дэмжихийг зорилгоо болгон дэвшүүлж, үйл хэрэг болгон хэрэгжүүлж чадвал бусдын төлөө бүтээх буян арвижин төлжинө. “Хүн өөрийгөө буянтай үйлсийн тухай үг ярианд биш, буянт үйл хэрэг болон үйлдэлд сургах ёстой”. Магтаал сайшаал хүлээхийн тулд буян үйлдэх нь зохисгүй. Тэр зорилгоор бүтээсэн буян бүтэн буян хэзээ ч болохгүй. Шахалт шаардлагаар үйлдсэн буян шалих ялихгүй тусыг авчрахаас хэтрэхгүй. Өөрийн сэтгэл итгэлээр үйлдсэн буяны гэгээ үдийн нар шиг гийгүүлнэ. Хүний захиалга хүсэлтээр үйлдсэн буяны гэгээ хүжийн гал шиг гэрэлтэнэ. Гуйлга түүлгээр хийгдсэн буянт үйлс гутамшиг болохгүй ч гайхамшиг байж чадахгүй.
Хүн өдөр бүр баатарлаг үйлсийг бүтээх боломжгүй. Харин өдөр бүр хүн хэвээрээ байх боломжтой. Хэрвээ чи бусдын зовлонд хайхрамжгүй хандаж байгаа бол хүн байх үүргээ дутуу биелүүлж байна. Хүн хэвээрээ байгаа хүн л ядарсан хүмүүсийн зовлонг нимгэлэх буянтай ажилд гар татаж, сэтгэл дутаадаггүй юм. Хорвоо дэлхий буянтай хүмүүсээр дүүрэн. Гэвч үүнийг чи зовлонд учирч байж л сая анзаарна. Зовж ядарсан цагт буянтнууд чамд тусална. Буянтны буянг шингээх нь буян хайрлахаас дутуугүй чухал. Буянтны буянг бага гэж бүү чамла. Тэвэр дүүрэн буяныг хүртээгүй ч сэтгэл дүүрэн байж сур. Тэгвэл буян хишиг шингэнэ. Балга балгаар уусан ус ангаа цангаа тайлдагийн адил бага багаар хүртээсэн буян зовлон гачаалыг хугаслана. “Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян”.
Ядарч зовсон хүнд л зөвхөн буянтны тус хэрэгтэй гэж бодож болохгүй. “Бусдын дэмгүйгээр болно гэж бодож яваа хүн тун ч эндүүрч байна даа. Гэхдээ өөрийг нь байхгүй бол бусад хүн хэцүүднэ гэж бодож байгаа хүн бүр ч их төөрөлдөж байна”.
Эцэг, эх эгнэшгүй буянтнууд. Буянтны дээд буянтан. Хүмүүн биеийг олж төрнө гэдэг туйлаас бэрх. Үлгэрлэн хэлбээс дээш харуулан хатгасан зүүний үзүүрт будаа цацан тогтоохтой адил гэж сударт өгүүлсэн нь буй. Эрдэнэт биеийг төрүүлж, энхрийлж тойглож өсгөсөн эцэг эхийн буян цаглашгүй. Хүн болох, хүн байх замыг аав, ээж зааж өгнө. Эх үрийн элбэрэлийг сахиж, настныг хүндэлж, нялхасыг асрах арга ухааныг тэд заана. Сурч боловсрохоос эхлээд амьдрах ухаанд сургах бүхий л зам мөрийг эцэг эх чиглүүлнэ. Сайныг дагаж, саарыг жигших сургаал үгийг тэднээсээ л сонсоно. Үр хүүхдээ юугаар ч дутаахгүй хайр энхрийлэлд өлгийдөн өсгөх буянт мөрөөдөл бүх эцэг эхийн сэтгэл зүрхийг эзэмдэн байдаг билээ. Хүн, хүний боломж бололцоо адилгүй болохоор бүх аав ээжийн чин хүсэл, гэгээн мөрөөдөл тэгш биелдэггүй нь алаг хорвоогийн алаг өнгө төрх.
Буяны үйлийг бага боловч бүтээж, хилэнцийн үйлийг бага боловч тэвчиж яв. Буяны үйл бага байлаа ч үрэнд нь маш их амгалан жаргалан ирдэг. Нүглийн үйл бага байлаа ч үрэнд нь маш их зовлон гардаг. Хүнд буян үйлдвэл өөрт буян хурна. Хийж байгаа ажлаа том бага, хар бор ялгаагүй төгс сайн хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Хүний сэтгэлд хүрсэн сайн үйл бүхэн сэтгэл ханамжийг дагуулна. Тогтоол тушаал төлөвлөсөн ч, тогоо тавьж цай чанасан, ч тоос шороо арчсан ч түүнийгээ төгс сайн хий. Төгс сайн үйлдсэн бүхэн хүмүүст буян болно. “Ямар нэгэн ажлыг арвантаа тааруухан хийснээс, багаахан хэсгийг нь төгс сайн гүйцэтгэчих хэрэгтэй”. Дутуу хийснээс хийхгүй байх нь ч дээр. “Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй” нь тэдний агуу чанар билээ.
Худагны уснаас нь ууж байгаа бол худаг гаргасан хүнийг мартаж хэзээ ч болохгүй гэдэг шиг буяны тусыг хэрхэвч мартаж болохгүй. Өглөгийн эзэн байж хишиг буян хүртээх нь мэдээж сайн үйл. Өвдөж зовсон хүнд туслах нь түүнээс илүү буянтай үйл. “Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй” учраас өвдөж шаналсан хүнд туслах нь ач буяны дээд билээ. Буянтай байна гэдэг бурханы хишиг мөн, гэхдээ олондоо буян үйлдэж байж өөрт буян хурна гэдгийг эргэлзээгүй бодож явах учиртай. Буянтай хүний бухнаас тугал гарна гэдэг зүгээр ч нэг уянгын халилтай үг биш. Буян үйлдэж байж гагцхүү буянтан болдоггүй ажээ. “Будаа тариа мэт үржих буян хийгээгүй юмаа гэхэд дарж булж дийлэмгүй нүгэл үйлдэхгүй байх нь буянтай үйлс”.
Хүн чанар сайтай хүн буянтан байдаг билээ. Эрдэм чадлаа харуулахад амар, хүн чанараа харуулахад хэцүү гэдэг. Харин жинхэнэ буянт үйлсийн эздийн хүн чанар жигнэж хэмжих шаардлагагүй илхэн байх нь бахархам.

2013-06-21

ХИЛОН : Афоризм

Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.

               *               *               *

Найрлан суугаа нөхөдрүүгээ биш,
Зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй

               *               *               *

Өөрийн чинь тухай хүн тэгж ярьвал баярлахгүй үгсийг ойр дотныхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай

               *               *               *

Хэрэв чи хүч чадалтай бол хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно.

               *               *               *

Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор

               *               *               *

Зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай

               *               *               *

Ярьж байхдаа гараа бүү занга.
Энэ бол ухаан мөхөсийн л тэмдэг.

               *               *               *

Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө

               *               *               *

Нууцыг хадгалах; завтай цагаа үр дүнтэй ашиглах; гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү.

               *               *               *

Өөрийгөө л таньж ав. Тэгсэн цагт чи бурхадыг ч, хорвоо ертөнцийг ч таних болно.

               *               *               *

Хүмүүжилтэй, бүдүүлэг ямар ч хүн тодорхой хэмжээгээр найдвар төрүүлдэг.
               *               *               *

2013-06-20

Зүрхнийхээ үгийг сонс - Сургамжит өгүүллэг

Хэнд ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр!
Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс!

Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ. Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв. Хүү багшаасаа “яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ. Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв. Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…

2013-06-19

Бузар буртаг дунд ч ариунаар орш


Сэтгэлээ шүүдрийн ус мэт цэвэр байлгахыг хичээ. Сэтгэлээ цэвэр байлгавал бузар буртаг дунд ч ариунаар орших заяа тавилан сүүдэр эзнээ дагах адил чамайг дагана. Хорон муу санаа, хорсол зүхэл, атаа жөтөө, шунал тачаал зэрэг адгийн бузрыг сэтгэлээсээ арчин хаяж, ариусган цэвэрлэ. Сэтгэл бузартсан хүн зовлонгийн хөлгүй далай, зүдүүрийн элсэн цөлд хаягдсантай адил хөөрхийлөлтэй нэгэн болж, үйлийн үрээ гаслан цөхрөн эдлэнэ. “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адил”.

Магтаал, муушаал хоёрыг адилхан хүлээж ав. Магтаал сонсвол хөөрч сагсуурах, өөлж хэлсэн ганц хоёр үгэнд өрвөлзөн уурлахын аль аль нь тун тааруухан зан. Тэнгэрт тултал магтлаа ч тэсвэртэй сонсож дотроо баярла, газар доогуур ортол мууллаа ч хүлээцтэй сонсож, хүлцэн тэвч. Магтаал сонсоод маадайн зогсох биш, үнэн магтаж байна уу, хөөргөн дэвэргэж байна уу гэдгийг тунгааж цэгнэн хүлээж авч сурвал хүнээ алдахгүй хүн чигээрээ байхад чинь тустай. Буруу бодолтой хүмүүсийн өнгөн дээрээ зөгийн бал мэт амттай уярам зөөлөн үг, үнэн хэрэгтээ өргөс халгайгаар ороолгох мэт ширүүн хатуу үгний өөд урууг ялгаж салгаж сурвал амьдралын их далайг алдаа багатай туулахад итгэлт нөхөр мэт цаг ямагт бат түшиг болно. Хүнийг эвдье гэвэл өөд уруугүй магтаад бай гэх үг бий. Магтаалд бялууран согтох нь архинд шунан согтохоос илүү хорлолтой. Архины хороос дөлж холдоход тийм ч хэцүү биш, магтаалын хороос зайлахад бэрх. Хоосон магтаалын шидэт цалманд оосорлогдсон хүн магтуулахгүйгээр байж сууж чадахаа больж, урьдын зөв төрхөө гээж, удаж төдөлгүй биеэ тоон эвдэрч, буруу зам руу хальтирна. Аливаа юм таарч тохирсон хэмжээтэй байдгийн адил магтаал ч хэмжээ хязгаартай, хамгийн гол нь үнэн бодитой байвал зохистой. Магтуулах сайн үйлс бүтээсэн бол хүмүүс чамайг магтан мандуулна. Харин сайшаал магтаалын сайхан үгсийг сагаж хөөрөлгүй, тайван амгалан, энгийн хэвийн сонсож сураарай. Өөрийг нь шүүмжилсэн үгсийг сонсоход хэнд ч таатай мэдрэмж төрдөггүй. Тэр тусмаа үнэнээс хол буюу ор үндэсгүй шүүмж дотор харлуулж, дургүй хүргэнэ. Муу хэлүүлж муухайгаараа дуудуулах нь ортой оргүй шүүмжлэл сонсохоос долоон дор. Хэн нэгнийг муу хэлэхийн уг үндэс, угсаа язгуур нь ямар боловч сайхан сэтгэл, энэрэл хайраас үүдэлтэй биш, муутгаж дордуулах хорон санааны угшилтай хорт муу зүйл. Муу хэлүүлэх шалтаг шалтгаан аль болох гаргахгүй байхыг хичээ. Бусдыг муулах дон шүглэсэн хүмүүс өндгөн дотроос ч яс олох мэт өөлж муучлах үгээ яаж ийгээд олох болохоор тэдний хэлсэн ярьсанд цочирдон сандарч, сэтгэлээ чилээхгүй байхыг бод. Хийгээгүй зүйл, хэлээгүй үгсийн төлөө буруутган муулж, гүжирдэн гүтгэхэд чихээ таглан, амаа хамхин суух аваас номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг номхчилон улам бүр дээрэлхэх вий. “Хорон хэл ам буунаас ч аймшигтай байдаг юм”. Цусгүй алах гүтгэлэгт таарсан хариуг тохирсон тунгаар өгч, өөрийн нэр төрөө өндгөө дарсан шувуу мэт хамгаалах чадвартай байцгаа. Сэтгэлдээ хорсол занал өвөрлөн хадгалж, шүдээ зуун зүхэж, дуусч дундаршгүй өс санах нь сайн юманд хүргэхгүй, өөрийгөө тамлан зовоохоос өөр юу ч авчрахгүй. Чамайг муулсан үгсийг дам дамаа сонсвол эгдүүцэхээсээ урьд эрэгцүүлэн сайн бодоорой. Магадгүй чамд зайлуулах муу зуршил, засах муухай зан байгаа ч юм билүү? Сайн санаж ил хэлсэн шүүмж үгсийг сайтар тунгаан хүлээж ав. Дотор харанхуйлтал доош хийн чамайг мууллаа ч дээш цойлж, тэнгэрийн одод мэт гялалз. Муу үг модон улаатай ч түүнийг унжийж урвайлгүй, магтаалын нэгэн адил тайван амгалан, энгийн хэвийн сонсож сураарай. Уул толгод салхи шуурганд эс ганхахын нэгэн адил ухаантай хүн сайлах хийгээд муулахад эс автагддагийг сайтар санаж явбал чамд хэрэгтэй.

Цуу үг цулбуургүй гэдэг. Сайн, муу цуу үгийг үл тоомсорло. Хэн хэлсэн нь үл танигдах, хэзээ хэлсэн нь үл мэдэгдэх цуу үгээр үг хийж, бодлоо түйвээж, сэтгэлээ хямруулах хэрэггүй. Салхиар тархах цуу үгсэнд санаа зовж, сэтгэл гутрах бүр ч хэрэггүй. Дамын үг дамжигтай, дамжсан үг сэжигтэй байдаг тул ам дамжсан цуу яриаг чихэр мэт амттай байсан ч, цөс мэт гашуун байсан ч ялгаагүй сэтгэлдээ тогтоон бүү хадгал, нэг чихээр оруулаад нөгөөгөөр гаргаж сурцгаа.

Цэцэн, тэнэг хэнийг ч болов ялгалгүй, баян ядуу, дээдэс дордос хэнтэй ч болов алагчлалгүй харьц. Нэрт яруу найрагч нутгийн чинээлэг залуутай салхилж явжээ. Тэдэнтэй нэгэн шударга гүндүүгүй байрын эр зөрж өнгөрөхөд яруу найрагч хүндэтгэн мэндэлж, эелдгээр ярилцав. Тэгтэл хамт явсан омголон залуу нь биднээс зиндаа доогуур энэ хүнд бөхөлзөн тонголзох ямар хэрэгтэй юм бэ гэж зэмлэв. Үүнийг сонссон найрагч чанга дуугаар “чи ер нь ямар балай тэнэг гэгч вэ? Би ноорхой гадуур хувцас, цоорхой малгайд яриа өдөөгүй. Мэдээж маажгий гуталд ам нээгээгүй. Би түүн дотор байгаа эрхэм хүнтэй ярилцсан юм. Тэгээд зогсохгүй тэр эр чи бид хоёр байтугай хэнээс ч илүү жин дарах үнэ цэнэтэй хүн байхыг хэн мэдэх юм бэ?” гэж зандрав. Ил харагдах зүс царай, эгэлдэргэлж өмссөн хувцсаар нь бусдыг алагчлан үзэх нь боловсрол хүмүүжилтэй, боловсон зөв хүний зан араншин яавч биш. Орчлонгийн хүмүүс гаднах төрхөөрөө ондоо өөр байдгийн адил зан ааш нь ч ондоо өөр. Хүмүүсийн муу муухай зан араншингийн дотроос зусар бялдууч зан адгийнх нь. Бялдуучид өөрөөсөө дээших баян чинээлэг болон ихэс дээдсийн өлмийд нь сөгдөж, гутлыг нь долоохоос холгүй тал засан саймширах мөртлөө ядарч зүдэрсэн ядуу доодсыг өчүүхэн өт хорхой мэт үзэх арчаагүй алаг үзэлтэй. Бялдууч нар дарга даамлынхаа хэлж ярьж байгаа буруу зүйл, хийж үйлдэж буй бусармаг үйлдэл бүгдийг бурхны таалал мэт зөв, дарга даамлынхаа эсрэг хэн нэгний хэлж байгаа үнэн үг, хийж байгаа зөв үйлдэл бүхнийг буг чөтгөрийн хорлол мэт буруу гэж үзнэ. Өргөмж нэр төр, өчүүхэн эрх ашгийн төлөө төрсөн ахыгаа ч худалдахад бэлэн, хүн бүхний дургүйг хүргэсэн хөгийн зусарч амьтдаас холын хол явбал чамд өлзийтэй. “Бялангачдаас зугатах хэрэгтэй. Тэд бол зүсээ хувилгасан хулгайчид юм”. Бялдуучлан зулгуйдах тал засагчийг хөндлөнгөөс харахад огиудас хүрэм, ой гутам муухай. Дээрэлхүү зан бялдуучаас дээрдэх юмгүй. Доодсыг дээрэлхэх дээрэнгүй зан дорой ухамсар, буурай боловсролын ил үзэгдэх буртаг. Дээрэлхүү хүнийг хөндлөнгөөс харахад дургүй хүрэм, зэвүү төрөм муухай.

Хүндэтгэх, эс хүндэтгэх алинд нь ч сэтгэл хоёрдохгүй бай. Алдар хүндтэй хүмүүсээ дээдлэн хүндэтгэх нь хаа газрын ариун ёс. Хүндэтгэл эдэлж, хайр татах сайн үйлс бүтээсэн бол хүссэн хүсээгүй чамайг хүрээлэн хүндлэнэ. Хүндэтгэл хүлээнэ гэдэг бахархам сайн үйлс, нэр төрийн хэрэг. Хүндэтгэл хүртэж болно, харин хүндэтгэлийг дааж хадгалах амаргүй. Хаврын цас шиг хайлан алга болох хүндэтгэл байхад хад чулуу мэт бөх бат хадгалагдах хүндлэл бий. Хүндэтгүүлэх учир шалтгаан үгүй болвол хүндэтгэл алга урвуулах төдийд салхинд хийсэх мэт үгүй болно. Хүндэтгүүлэх учир шалтгаанаа хадгалж яваа хүн хайр хүндэтгэлийн нэр төртэй эзэн байсаар байна. Хүндэтгэл хүлээж түүнийгээ хадгалж явна гэдэг хэцүү боловч агуу зүйл. Хүмүүс өөрийг чинь хүндэлж байх үед онгирч хөөрөх хэрэггүй, хүндлэхээ болихын цагт гуниж гутрах бүр ч хэрэггүй. Хүндэтгэлээ ч, эс хүндэтгэлээ ч түүнийг дагаж цагийн дүүжин мэт савлахгүй тайван тогтуун байвал санаа амар, сэтгэл түвшин.

Бусдын гэм алдааг доог тохуу битгий болго. Бусдын гэм алдааг доог тохуу хийгсдийг сайн хүн гэх аргагүй. Сайн хүн хазайсныг түших, хальтирсныг тосох, алдсаныг уучлах өгөөмөр нинжин сэтгэлтэй байдаг юм. Алдаанаас ангид хүн үгүй. Алдаагаа ухаарах нь дахин алдахгүйн урьдач нөхцөл, ухаалаг үйлдэл. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй муйхарлагч дараагийн том алдаандаа эрчимтэй бэлдэж байгаа мунхаг. Бусдын зовлон дээр өөрийн жаргалыг цогцлоож болохгүйн адил бусдын гэм алдааг доог тохуу болгон элэглэж, сэтгэл дотроо баясан цэнгэвэл нүгэл болно. Алдааг ил хэлж, гэмийг засч байгаа хүн итгэлт сайн нөхөр, алдааг нууж ар худрагаар нь ам хэлээ билүүдэж яваа хүн дайсагнах дайсан биш юмаа гэхэд нөхөрлөх нөхөр яасан ч биш.

Сэтгэлдээ хир халдааж, тортог суулгахгүй, бодь сэтгэлтэй, бодол санаа зөв явбал бузар буртаг дунд ч ариунаар оршино.

Титэм үг - Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай. Чиний хамгийн ойрын хүрээлэлд байгаа хүмүүс чинь хэн бэ?
Тэд ямар хүмүүс вэ? Итгэж, найдаж болох хүн үү? Нарийн нандин зүйлээ тэдэнд нууж хаалгүй ярьдаг уу? Чамд бусдын зөвлөлгөө хэрэгтэй үед тэд чин сэтгэлээсээ хэлж, зөвлөдөг үү? Эгзэгтэй мөчид хуурчихгүй, худалдчихгүй байх болов уу? Чамаас хэзээ ч, ямар ч үед урвахгүй хань нөхөр чинь байж чадах уу? Буруу зөрүү зүйлд уруу татах муу зан, зуршилгүй биз? Ойрын хүрээний хүмүүсээ энэ асуултуудын дагуу үе үе шинжиж байхад буруудахгүй.
Чиний хамгийн ойрын хүрээний хүмүүс – гэр бүлийнхэн чинь. “Уг сайтыг харж урагла” гэж залуучуудад хандан захиж хэлдэг үгээ давтан хэлье. Энэ туйлын чухал шүү. “Уг муутыг усан дотроос ч түймэр авна”. Сайн яваа эр болгоны цаана зайлшгүй нэг хүчирхэг эмэгтэй байдаг нь гарцаагүй. Сайн эхнэргүй эр амжилтанд хүрч байсан тохиолдлыг бодож олох гээд үзээрэй. Олдохгүй л болов уу. Олдсон ч өдрийн од шиг ховор үзэгдэнэ биз ээ.

2013-06-13

Сүхээ ирлэ! - Сургамжит өгүүллэг

Нэг ойд хоёр модчин мод бэлтгэж байв. Нэг модчин өглөө эртлэн босч ажилдаа гараад өдөр хоол унд гэлгүй өдөржин ажиллаад орой нар жаргасан хойно харьдаг байв. Харин нөгөөх нь сайхан амарч босоод, унд цайгаа ууж ажилдаа гараад орой харанхуй болохоос өмнө гэртээ харьдаг байв. Сарын дараа хоёр модчины ажилыг дүгнэхэд сүүлчийн модчин эхнийхээсээ түрүүлсэн байв. Эхний модчин уурлаж би энээс эрт босч ажилдаа гараад харанхуй шөнө хүртэл зогсолтгүй ажиллаж байхад яагаад надаас түрүүлдэг билээ гэж заргалдав. Гэтэл нөгөө модчин инээмсэглээд" Та үүнд гайхаад байх хэрэггүй. Таныг зогсолтгүй ажиллаж байхад чинь би заримдаа амарч, амрах хугацаандаа сүхээ ирлэдэг байсан юм. Хурц сүхээр илүү бага хүч зарцуулан их ажил хийдэг юм" гэжээ.

2013-06-12

Афоризм - 5

Тэнэг хүн л өөрийнхөө алдаан дээр суралцдаг.
Ухаантай хүн хүний алдаан дээр суралцдаг.

            *           *           *          
Юу хамгийн сайн үйл вэ?
Хийж байгаа ажилаа сайн хийх
Эртний Грекийн философич хэн ч билээ
            *           *           *          
Дараа нь харамсах сэтгэл төрүүлэхгүйн тулд одоогийн цаг хугацаагаа ашиглан хийх зүйлсээ сайн хий !
Хууль Зүйн сайд асан Мөнхоргил

2013-06-11

Чин сэтгэлийн тус гүн хайраас эхтэй

Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг нь хорвоогийн жам. Дээр дор, баян ядуу, хөгшин залуу ялгаагүй дэм, дэмэндээ явж амьдралын их далайг гаталцгаадаг нь маргашгүй үнэн. Тулах сайн хань, түших сайн нөхөдтэй нь тэрхүү их далайг зовлон багатай, хөл алдалгүй гатална, тулах хань найдваргүй, түших нөхөд итгэлгүй, тусалж дэмжих хүнгүй бол зовлонгийн далайг зүдрэн түүртэн туулна. Бусдын тусыг ямар нэг байдлаар авалгүй дан өөрийн хүчээр дүүлж цойлж яваа тасархай хүн манай ертөнцөд одоогоор төрөөгүй байна. Хэн нэгний тусламж дэмжлэгт найдах мөч өдөр бүр, алхам тутамд хүн бүхэнд нэгэн адил тохионо. Бусдад туслах сэтгэлтэй байж бусдаас сэтгэлийн тус хүртэнэ. Залуус та нар бусдад туслах чин сэтгэлтэй байцгаа. Туслах сэтгэлгүй хүнд бурхан тэнгэр буян хишгээ дутуу хайрлана. Бурхны дутаасныг нүгэлт хүн яаж ч чардайн чармайгаад гүйцээж эс чадна. Сэтгэл дутуу, гар татуу хүн орчлон хорвоогоос олж авч болох байсан юмаа бүрэн гүйцэд авч чаддаггүй, нэг бол аз дутна, үгүй бол үйлс нь хазайна. Өгөө, аваа тэнцэж байдаг энэ хорвоод өгөх туслах сэтгэлээ хав даран нуучихаад, авах завших хүсэлдээ дийлдчихвэл шуналын хорлолд идэгдэнэ. Шуналын хоронд хордсон хүн авах цөлмөх тухай өдрийн бодол, шөнийн зүүд болон хайран биеэ зовооно. Тэдний өгөх туслах бодол санаа нь харандаагаар бичсэнийг баллуурдсан мэт тархи толгойноос нь арчигдаж, ёс зүйн хувьд доош орон доройтно. Ёс зүй засагдахаасаа эвдрэх нь хялбар. Доройтож эвдэрсэн ёс зүйг засч залруулах нэн бэрх. Ёс зүйн доройтолд орж эвдэрвэл хүний ёсноос гадуур гаж үйлдэл хийж эхлэнэ. Хүний ёсноос гажихгүй байх нь амьдралдаа мөрдөх эрхэм зүйлийн нэг. 

Хүмүүст туслах тусч сэтгэлтэй байна гэдэг нь хүнээрээ байгаагийн өнгө төрх. Хүний эрхэм нандин чанарууд дотроос өгье туслая гэсэн өгөөмөр сэтгэл нэн буянтайд тооцогдоно. Бусдад туслахын төлөө төрчихсөн юм шиг өгөөмөр сэтгэлтнүүд-буяны эзэд. Өрөөлд тусалснаар өөрт буян хурж, амны хишиг арвижна. Өгөөмөр сэтгэлээр хүргэсэн тус хүмүүст хэрэг болж, тусыг хүртэгсэд баярлаж байгааг нүдээр харж, чихээр сонсоход сэтгэл сэргэм таатай сайхан. “Өгөөмөр зан төлбөр шаарддаггүй, харин өөрөө өөрийгөө шагнадаг” юм. Тэтгэвэл тэнхэртэл нь, эмнэвэл эдгэртэл нь гэдгийн адил тусалбал тусалсан шиг тусал. Өгч байгаадаа хармын сэтгэлгүй өглөгч, тусалж байгаадаа хариу бодолгүй тусч бай. Хариу бодоогүй тус хамгаас үнэтэй. Гуйлга түйлэггүй, сайн санаж, сайн дураараа тусал. Ээрэн гуйлгаж, шахаж шаардуулан байж өгөхчөөн болсон өглөг авсан хүндээ ээлгүй, өгсөн хүндээ хүндгүй. Найз нөхдөд туслалцаа шаардлагатай цагт нь сайн дураараа санаа тавин өгөөмөр сэтгэлээр тусал. Ойрын хүмүүстэйгээ зорилго нэгтэй байж, зовлонг ойлгон хуваалц. Зорилго нэг бол зовлонг хугаслана. Бусдын зовлонг ухааран ойлгож мэдрэн хуваалцах нь томоос том тус. Гар сунган туслана гэж итгэж найдаж явсан хүн нь гар татаж, хайш хандан, хойш суувал гол гонсойж, гомдлын нулимс гол горхи мэт урсана. 

Аливаа өглөг туслалцаа ихийг өгөхөөсөө урьд хэрэгтэй цагт нь  эзнийг нь олж өгвөл илүү үнэ цэнэтэй. Цагийг нь олж тусалсан туулайн чинээ жижиг тус цагийг нь олоогүй заан мэт том тусаас давуу жин дарна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг хожимдсон тус хэрэгцээ үгүй. Өөрт хэрэггүй болсон зүйлээсээ өрөөл бусдад илүүчилж байгаа хүн өглөгч биш. “Зөвхөн өөрт хэрэгтэй зүйлээсээ өгч байгаа хүн жинхэнэ өглөгч”. 

Өрөөлийн төлөө сэтгэл гарган, санаа тавьж, өрөөлийн зовлонг өр зүрхнээсээ хуваалцаж, өрөөлд өөрийн чадахаар тусалснаар хүн өөртөө тусыг олж, хайр талархал хүртэн, хишиг буяныг даллан дуудна. Бусдыг умартан, хар амиа бодвоос олноос холдон хөндийрч, ганцаардлын гашуун зовлонг эдэлж, буяндаа бузар хийж, байсан бүхнээ гөвж сэгсрэн, хаяж гээнэ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг тусын хариуд тус хэзээ нэгэн цагт ирнэ. Монголчууд алсыг бодвол аминд тустай, өрөөлийг бодвол өөрт тустай, холыг бодвол хожимд тустай гэж ярьдаг нь зүгээр ч нэг үг биш аж. 

Бусдыг өөдлөж дэвжихэд нь өргөн дэмнэн тусал. Өрөөлийг өргөгч өөрийгөө өөд татан өргөдөг юм. Хүний эрхэм нандин чанаруудын нэг нь сэтгэл харамгүй байдал яах аргагүй мөн. “Сэтгэл харамгүй байдал нь сайхан алдар гавьяаг төрүүлдэг хамгийн магтууштай буянт үйлс билээ”. Цаг ямагт олонтойгоо бужигнаж, юугаар баян түүгээрээ дайлж, байгаагаа сэтгэл харамгүй хуваалцдаг зан сайтай, өгөөмөр буянтнуудыг өргөн түмнээрээ хүрээлэн хүндэтгэнэ. Хураан хуримтлуулсан мэдлэг туршлага, мэддэг чаддаг бүхнээсээ булт олонтой сэтгэл харамгүй хуваалцан, зөвийг зөвлөн, сайн ёсыг сахиж яваа сайхан сэтгэлт, тусч хүмүүс үнэхээр бахархам. 

Харамч хийгээд сувдаг хүнээс тус дэм хүсэн хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур бороо хүлээхтэй адил. Өчүүхэн төдий хармын сэтгэл төрвөл өгөх туслах бодлоо орхи. Хармын сэтгэлээр үзүүлсэн тус дэм тус биш ус болно. Чин сэтгэлийн тус гүн хайраас эхтэй. Хайр туслах сэтгэлийг төрүүлнэ. Хайрлаж байж л бусадтай хуваалцана. Сувдаг байна гэдэг нь зөвхөн өөртөө авч хураах хүслийг хэлнэ. Харамч бөгөөд сувдаг зан хүний сэтгэлийг хоосруулан ядууруулж, хар толгойгоо хоохойлогч, зөвхөн авахыг хүсэгч болгон хувиргана. Аагим халуун тогтоол усыг амархан ширгээдгийн адил харамч сувдаг зан өгөөмөр сэтгэлийг ширгээнэ. Харамч сувдаг сэтгэлтэн цаг үргэлж олж авах тухай бодож сууна, хэзээ ч өгөх тухай санадаггүй. Хайр бусдад өгөхийн төлөө зориулагдана, хариуд нь юу ч үл нэхнэ. Хайр ямар нэг нөхцөл болзолгүйгээр бусадтай хуваалцаж, түүнээсээ таашаал хүртэнэ. Жинхэнэ сэтгэлээсээ хайрлаж байж л чин сэтгэлийн тусыг үзүүлнэ. Хүргэсэн тус нь хүмүүст хэрэг болж байна гэдгийг мэдрэн, таашаал авах урамтай. Магадгүй, чин сэтгэлээсээ туслагч нь тусыг хүртэгчээсээ илүү их баярладаг байх. Тэд тус хүргэлээ гэж хэзээ ч боддоггүй. Хийх ёстой зүйлээ сэтгэлийн дуудлагаар хийлээ гэдгээ мэдэрч, дотоод сэтгэлийн баяр баясгаланг эдлээд өнгөрдөг. Хэн нэгэнд тус хүргэсэн бол тэр тухайгаа март. Тусыг хүртэгч нь санаж явах учиртай. Тус болсон тухайгаа эргэж бодохын ч хэрэггүй. Тэр тухай ярих бүр ч шаардлагагүй. Тусын тухай үзүүлэгч нь биш, хүртэгч нь ярьж байх ёс зүйн дүрэмтэй. Аливаа тусыг өрөөлийн гуйлгаар биш, өөрийн санаачлагаар үзүүлбэл үнэ цэнэ, үнэлэмж чанар нь эрс өснө. Хайрын галаар сэтгэлээ дулаацуулж яваа хүний хэнд, ямар тус хэрэгтэйг олж харах, хүрч сонсох мэдрэмж нь илт давуу хөгжсөн байна. Хэн нэгэнд туслалцаа хэрэгтэйг мэдэн тусалж, хүргэсэн тус нь тусыг хүртэгчээ баярлуулж байгааг мэдрэх хэмжээ хязгааргүй таатай. Энэ бол хүн ёсны онцгой шинж, ёс суртахууны өндөр чанар мөн. Хайрын сэтгэлээр олон олон хүнд тус болбол хэчнээн их сэтгэл ханамж, аз жаргалыг таашаан амтлана гээч. Бусдад аз жаргалтай болоход нь тусалж байвал эцсийн дүндээ чи өөртөө л аз жаргалтай болохдоо тусалж байна гэсэн үг. Хэрэв чиний эргэн тойронд хүмүүс аз жаргалгүй байвал чи орь ганцаар яаж аз жаргалтай байж чадах вэ? Аз жаргалтай хүмүүсийн уур амьсгалаар хүрээлүүлсэн, аз жаргал бялхсан орчинд л аз жаргалаар дүүрэн амьдрах болно. Аз жаргалтай байж л түүнийгээ бусадтай хуваалцаж чадна. Бусадтай хуваалцсан аз жаргал үржин өсөж, арвижин дэлгэрнэ. Хайраас энэрэн нигүүлсэхүй сэтгэл урган гарна. Энэрэн нигүүлсэхүй сэтгэлтэй байж л бусдыг өрөвдөж, тэднийг хайрлаж, туслалцаа дэмжлэг шаардлагатай хүмүүст хайр шингэсэн тусаа хүртээнэ. Залуус та нар зовж зүдэрсэн хүмүүсийг элбэрч хайрлах, туслан тэтгэх нинж асрахуй сэтгэлтэй, түмний хайр хүндэтгэлийн нэр төртэй эзэн байхыг хичээгээрэй. 

Хүнд туслах тусч сэтгэлтэй байх чухлаас чухал. Тусыг хүлээж авах сэтгэл ханамжийн мэдрэмжтэй байх нь түүнээс дутуугүй чухал. Өөрийн боломж бололцоо шавхагдаагүй цагт хөндлөнгөөс туслалцаа горьдож, хушуу цорвойн, гар сарвайж суух тун эвгүй. Өгөх тусам авч байх ёстой юм шиг улам цааш ахиж, сэтгэл ханамжгүй өлөн нүдний хүйтэн харцаар жиндүүлэн хайраад байх аваас хэн ахин дахин тусалж дэмжихийг бодох билээ дээ. Тус мэддэггүй хүнд туслах тун урамгүй. Гүн хайраас эхтэй чин сэтгэлийн туслалцаа дэмжлэгт үнэнээсээ баярлаж, талархлын халуун дулаан үгийг харамгүй хэлж сураарай.

Зам мөрөө зөв зал


Эрхэм залуус аа! 
Амьдралын их далай өмнө чинь цэлэлзэж байна. Далай хүртэл эх, эцэгтэйгээ явдаг, далайг эхнэр, нөхөр хамт гаталдаг гэх үг бий. Эх, эцэг чинь та нарыг гараасаа хөтлөн зам мөрийг заасаар их далайн эрэг дээр нэгэнт авчирчээ. Одоо та нар өөрийн гэсэн хөлөг онгоцондоо суугаад энэ их далайг гатлан нөгөө эрэгт хүрнэ. Далайд аясын салхи илбэсэн намуун дөлгөөн үе, давалгаалан цалгилах үе, шуурч ширүүлэх үе аль аль нь бий. Амьдралын далай ямар ч ааш араншинтай байсан энэ урт замыг аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээлтэй туулахыг зорих хэрэгтэй. Жаргал, зовлон ээлжлэн байдаг алаг хорвоогийн амьдрал хүн бүрт сайн, саарыг ижилхэн үзүүлж, амтлаг гашууныг адилхан амсуулдаг нь жам. Хэрвээ мод тэнгэрт хүрэхийг хүсч байгаа бол үндэс нь тамд хүрэх ёстой гэж Ницше хэлсэн. Жаргалд ташуурч, зовлонд сөхрөхгүй, зам мөрөө зөв залан авч явах нь хүний дайтай хүн байхын утга учир билээ. Амьдралын их далайг туулахдаа нэр бүтэн, мөр цэвэр байхыг эрхэмлэн хичээ. Явах зам зөв байж үлдэх мөр зөв байна.


Бодь сэтгэлтэй, бодол сэтгэхүй зөв байвал зам мөр зөв зурайна. Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа гэж бурхны сургаалд заасан. “Аливаа харсан сонссон бүхнээ хүсч эхлэх нь зовохын үүдэн” гэж Бурхан багш сургадаг. Хүн элдэв бодол хүслээсээ татгалзаж чадахгүй шунан дурлаж, шунахайран ховдоглосноос зовлонгийн хөлгүй далайд сэлүүргүй завьтай хаягдана. Хүний бодсон, хүссэн дотор биелэх нь ч бий, эс биелэх нь ч байгаа, биелэх нь биелтэлээ зовооно, биелэхгүй нь хүслийн мухарт хүлээстэй бүр их тамлана. Хүслийн эрхэнд хүлэгдэхгүй байх нь зөв сэтгэхүйн үндэс. Аливаа зүйлийг ямагт болох, бүтэх талаас нь эхлэн бодож төлөвлөж хийвэл үр дүн нь хэзээд өндөр. Байхгүй, бүтэхгүй, чадахгүй гэдэг бодол сэтгэхүйнх нь орон зайг эзэлсэн хүний ажил үйлс ямагт бүтэл муутай, бүтэх ажил нь ч мөнхийн садаатай. Өөдрөг үзэл өсөж дэвжихийн даль жигүүр. Сайн сайханд итгэн зорьж, бүтээгч оргилуун хүслээр жигүүрлэн хичээн зүтгэвэл байхгүй зүйлийг бий болгож, бүтэхгүй мэт төсөөлөгдөж байсан зүйлийг бүтээн цогцлооно. Гутранги үзэлтэн даль жигүүрээ гэмтээсэн бяцхан шувуу мэт. Өөдөө хөөрөн нисье гэж бодлоо ч гэмтсэн далавчтай шувуу нисч үл чадахын адил гутранги үзэл нь хад чулуу дээрээс нь овоолсон мэт доош даран хөдөлгөхгүй. Гутранги үзэлтэн бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь эхлэн харж, түүндээ дөрлүүлсэн үхэр мэт хөтлөгдөн, хүсэл бодлоо хүлүүлж, дэвжин хөдлөх итгэл найдвараа гээж хөсөрдүүлнэ. Хөдөлвөл урагшаа биш арагшаа, дээшээ биш доошоо явна. Өөдрөг сэтгэлтэй байцгаа. Өөдрөг сэтгэл зөв сэтгэхүйн хөтөч.

Шуналт сэтгэлийн хөрсөнд бүх муу муухай, зовлон гамшгийн үр соёолон ургана. Шуналын сэтгэл бол шулмын сэтгэл. Нүд ханаж, сэтгэл цадахгүй болтлоо шунах нь сэтгэлд шүглэсэн ад зэтгэрийн хорлолын гай. Буруу сэтгэхүйд хорлогдсон хүнийг шунал нь зугуухан идсээр донтуулна. Шуналын дон туссан донтон архинд донтогсдоос олон дахин илүү хорлолтой, онцгой аюултай. Донтогсдын хүний мөс, нинжин сэтгэл, өгөөмөр зан тоос шороо салхинд хийсэх мэт алга болж, тэдгээрийн гэгээлэг орон зайд хуурч мэхлэх, хулгайлж луйвардах, авах цөлмөх адгийн авир араншин маш түргэн нутагшина. Зөв сэтгэхүйт хүн шуналын занганд орж, хүн чанараа алдахгүй. Зөв бодол сэтгэлтэн шуналын хар савраас зайлж мултрах дархлаатай. Зөв сэтгэхүйгээ зүлгэн тордож, хайрлан хамгаал.

Уур ихтийн ухаан цухал, ухаан сайтын сэтгэл уужим. Зөв сэтгэхүйт хүмүүс уураа барьж, цухлаа дарах чадвартай. Уурын мунхаг өөдлөхийн дайсан байдаг тул уур хүргэсэн үйлдэл бүхэнд уужим сэтгэлээр хандаж, учир шалтгааныг зөв олж, ухаалаг амьдралын хэв шинжийг биедээ цогцлоо. Өвсөнд ассан түймрийн өмнөөс угтуулж цуравдан унтрааж болдог бол сэтгэлд ассан уур уцаарын түймрийн өмнөөс хэчнээн хүчтэй уурлаад ч намжаан номхотгож үл чадна. Уурыг уураар дардаггүй, уурыг ухаан, тэвчээр л номхотгон ялна. Сэтгэхүйгээ зөв залж, уурын тулам, ухааны мунхаг болчихолгүй сэтгэлээ машид ариусган явбал эндүү андуугийн халуун нурман дээр хөл алдан гишгэхээс сэргийлэхэд нэн тустай. Зөв сэтгэхүйт хүн бусдад хор хүргэх муу үйлийг хийх нь бүү хэл ухаан бодолдоо ч ургуулан боддоггүй. Өөртөө хүсүүштэй бус муу зүйлийг бусдад хэзээ ч бүү үйлд.

Аминцар эрх ашгийн сэдлээр хүмүүст хортой үйлдэл хийх нь хэдийгээр санамсаргүй байлаа ч гэсэн тэнгэрийн цээрлэл хүртэнэ. Гэм хоргүй, мөрөөрөө гэлдэрч яваа хүнийг янз янзаар дээрэлхэн, үг хэлээр болон үйлдлээр хорлон түйвээвэл тэнгэр хилэгнэж, нүгэлтний толгой дээр нь гал нурам асган гэсгээнэ. Өөрийг нь хайрладаг ямар ч гэм зэмгүй хүнийг голд нь ортол гомдоовол үйлийн үрээ таарч тохирсон хэмжээгээр хүссэн хүсээгүй амсаж эдлэх нь эргэлзээгүй.

Хэл яриа, хэлэх үг үнэн зөв байж зам мөрөө зөв залж явна. Худал хэлэх нь том нүгэл, их хорлол. Худалчийн үг яриа нь хуумгай, үйл ажил нь хуурамч, үлдээх зам мөр нь ч буруу зөрүү, муруй хазгай. Хурц хутга гарт аюултай, худалч үг хотолд аюултай. Худалчийн үгэнд үнэ үгүй, хувхай модонд навч үгүй. Худалч хүн нэр нүүрээ барна. Худал үг эрт орой хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ. Худал бүхнээс хол, үнэн бүгдэд ойр явахыг эрмэлз.

Хэрэгтэй хэрэггүй, мэдэх мэдэхгүй бүгдийг хольж хутган бантагнуулан ярих чалчаа хүний яриа эхэндээ үнэхээр уйтгартай, яваандаа үнээрэн дургүй хүрэм. Дэмий чалчаа ярианд дэм өгч дэврүүлж хэрэггүй, утгагүй чалчаа яриаг урам өгч сонсох шаардлагагүй. Хэрэгцээ шаардлагагүй чалчаа яриа сонсож буй хүмүүсээ уйтгарт умбуулан, хайран цагийг нь үрэн сүйтгэнэ. Нэг зүйлээ байн байн давтсан чалчаа яриа бүр уйтгартай. Онгироо сагсуу зан, чалчаа зан хоёр бие биенээ дэмнэсэн нэг тэрэгний хоёр дугуй мэт. Ам нь халсан чалчаа хүн бүүр түүрхэн мэддэг зүйлээ ярьж байснаа ор тас мэдэхгүй юмаа ч мэдэмхийрэн ярих нь ичгэвтэр. “Чалчаа хүн бусдын хайрыг татах гээд уурыг хүргэнэ. Тус болох гээд түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана”.

Гэмтэй гэмгүй, том бага хэнийг ч болов хараан зүхэх хэрэггүй. Хараан зүхсэнээс олох олдвор, хожих хожвор үгүй. Хараан зүхэж буй хүнийхээ дургүйг хүргэн, өөртөө өстөн бэлдэж, хараал зүхлийн муу үгсийн цуглуулгыг хариуд нь сонсож бухимдахаас өөр юу ч хүлээгээд нэмэргүй. Хараал хариутай, ерөөл ембүүтэй гэж монголчууд ярьдаг. Хараал хэлбэл нүгэл хурааж, ерөөл хэлбэл буян хураана. Бухимдаж цухалдсан буюу ажил төрөл нь бүтэхгүй үедээ хар буруу санахгүй ч хар аяндаа хараал урсгачихдаг дадал заншилтай хүмүүс цөөнгүй. Өндөр дээд ёс суртахуунт хүн хараал хэлэх нь бүү хэл хазгай муруй үг ч эс хэлнэ. Сэтгэл дотор нь харласан хүний амнаас хараалын муухай үгс бохирын хоолойгоор дамжих муу ус мэт урсана. Сэтгэлд юу байна, тэр нь амаар гадагшилж байгаа хэрэг. Сэтгэлээ цэвэрлэ. Сэтгэлээ дагаад хэл ам чинь цэвэршиж, хараал хэлэх гэсэн хэлээ хазаж, амаа хамхиж чаддаг болно. Өөрсдөд нь хэрэгтэй зүйл хэлж байхад өрвөлзөн сөргөж, хараал хэрүүлийн муу үгээр булах нь эрүүл хүний саруул ухааны үйлдэл яавч биш.

Эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харсан эсрэг тэсрэг этгээдүүдэд бүгдэд нь үнэнч царайлан тал засч, тэгш үйлчлэгч хоёр нүүртэн болчихов зай. Хүний адаг муу чанаруудын нэг нь хоёр нүүрлэх булай зан. Хоёр нүүртэн хоёр үзүүртэй зүү мэт. Хоёр үзүүртэй зүүгээр үйл мэтгэж эс болохын адил хоёр нүүртний үгээр үйлс бүтээх гэж санахын ч хэрэггүй. Өөрт нь хэрэгтэй үед хэнийг ч, хааш нь ч худалдахад бэлэн олиггүй этгээдүүд бол хоёр нүүртнүүд. Бялдуучид нь гэгээ гэрэлтэй, ариун нандин бүхнээ умартсан хоёр нүүрт, хов хутгуурын туламнууд. Тэд зусар зуйлган үйлдлээрээ хэдэн талд ч нэгэн зэрэг үйлчлэх овилгогүй бөгөөд хорлолтой, салхины аясаар хийсэх цаасан дарцаг шиг тогтворгүй, этгээд сонин авиртай хүмүүс. Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадна, зуудаг нохой уяатай боловч хүн айлгана. Зуудаг нохойноос болгоомжилдог шигээ зусарч, хоёр нүүртнээс болгоомжил.

Хорхойд ч хоргүй зам мөрөөрөө, зөв амьдрахыг зорь. Өөрийгөө болгочихоод бусдад тус хүргэж, буян үйлдэж амьдарвал үйлс заяа чинь өөдөө, үлдэх мөр чинь цагаан байна гэдэгт итгээрэй. Хор хүргэж, нүгэл үйлдэхээс зайлсхий. Тус удаан дурсагдана, хорлол бүр удаан хадгалагдана. Ажиллаж хөдөлмөрлөн, хичээн зүтгэж амьдрах нь зөв амьдралын сонгодог хэв шинж. Аминдаа арчаатай, бусдаас ичиж зовохгүй нүүр бардам, харц дээгүүр амьдрах нь хүн болж төрсний утга учир. Хөдөлмөр бол хүний сайн үйлсийн дээд хэлбэр мөн. Ажил хийж хүн болно, ажилсаг хүн амны хишигтэй.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2013-06-10

Авахыг бодолгүй Өгөх сэтгэлтэй бай

Авах өгөхийн хэмжээ харьцаа, наадах цаадахыг тааруулж тохируулж сурах нь амьдралын бартаат замаар зөв явах нэг нөхцөл мөн. Авах, өгөхийн тухайд хорвоогийн хүмүүс янз бүрийн бодол үйлдэлтэй. Бусдаас тусламж авахыг л бодохоос, бусдад тус хүргэхийг мэддэггүй хувиа хичээгсэд байна. Бусдаас тусламж авах дургүй, бусдад туслахыг боддогүй тэрүүхэндээ хар амиа хоохойлох үзэл бодолтой хүмүүс цөөнгүй тохиолдоно. Бусдаас авсны хэрээр бусдад өгөөд, өгснийхөө хэрээр авах, эхийг эцээж, тугалыг тураахгүй бодолтон мундахгүй. Бусдаас авах тухайгаа бодолгүйгээр өгөх сэтгэлтэй байх нь сайн санааны үйл хэрэг. Авах тухай бодолгүйгээр өгөх сэтгэлтэй байх нь хүн төрөлхтний хамгийн өндөр, эрхэм дээд ёс суртахуун юм. Хүүхэд, залуус та нарыг авах тухай бодолгүй өгөх сэтгэлтэй эрхэм дээд ёс суртахуухны жинхэнэ эзэд байгаасай гэж хүсэж байна.

Хэн нэгэнд ямар нэг юм өгөх гэж байгаа бол нүд хуурч, ээлж өнгөрөөсөн байдлаар бүү ханд, их бага нь хамаагүй сэтгэлээ шингээсэн зүйл өгөхийг хичээ. Сэтгэл гаргаж өгсөн юм бүхэн үнэ цэнэтэй, өгч байгаадаа баяртай, авч байгаадаа ээлтэй. Хариу нэхээгүй буянлаг тус хамгаас илүү үнэтэй. Буян бодож, сэтгэлээ зориулан бусдад тусалсан бол аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг чиний хүргэсэн буяны тус өсөн арвижаад хожмын өдөр буцаад чамд ирнэ. Байгаагаа бусадтай хуваалцах хүмүүжилтэй хүмүүс өгөөмөр зан, энэрэнгүй сэтгэлтнүүд. Тэд олон түмэнд хайрлагдан хүндлэгдэх заяа тавилантай, сайн хүмүүс. Ядарсан нэгэнд сохор зоос ч хялаалгахгүй гар татах мөртлөө, чадарсан нөгөөд тал засан байгаагаа барихад бэлэн зулгуйдах  бэртэгчингүүд бусармаг үйлдлийнхээ хариуд халаглаж харамсам их хохирол амсана. Энэ орчлонд сайн муугийн өр төлөөсгүй юм гэж нэг ч байхгүй. Өглөгч сайн үйлийнхээ буяныг эрт орой хэзээ нэгэн цагт хүртэнэ. «Барцад гэм зовлонгийн оронд баяр жаргал цоцлоож  ирдэг, сайхан үрийг ямагт дагуулагч сайн үйлийг үйлдэх нь чухаг аа» гэж Богд Зонхов айлджээ. Харамч муу үйлийн нүглийн төлөөсийг хожуу хойно ч гэсэн төлж л таарна. «Үйлийн үрээс нуугдах газар үнэнийг хэлэхэд хаана ч үгүй,  сансраас ч, далайгаас ч чамайг олно, сарьдаг хясаанд нуугдсан ч олно» гэж сударт өгүүлжээ. Авахдаа уургын морь шиг, өгөхдөө ургаа хад шиг хүнээс хөршлөх хөрш жийрхэн, нөхөрлөх нөхөр дайжна. Авахдаа алгаа тосох, өгөхдөө өрцөө татах хүмүүсээс ширгэж хатсан тойром цөөрмөөс шувууд нисэн одохын адил түншүүд зай барин холдоно.

2013-06-06

Титэм үг - Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Н.Багабанди
Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно. Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс “биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу” хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. “Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй” гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг” хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” гэдэг үнэн аж. Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрхбиш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг”. Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх булгууд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх. Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. “Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй” юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв. Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж, байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.

2013-06-01

Туйлбартай хүн туйлд нь хүргэнэ

Залуу анд минь! 

Аливаа зүйлд туйлбартай байхыг хичээгээрэй. Хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, хичээл сурлага, ажил хөдөлмөр бүхэндээ туйлбартай байвал аз жаргалын хаалга үргэлж нээлттэй, амжилтын наран чамайг ямагт гийгүүлнэ. Суут хүмүүст адил нэгэн онцгой шинж байдаг нь намтар цадигаас нь харагддаг. Энэ бол туйлбартай зан чанар. Ямар нэг үйлийг хийхээр эхэлсэн л бол эргэж буцах, эргэлзэж тээнэгэлзэх гэдгийг мэдэхгүйгээр тууштай бөгөөд туйлбартай эцсээ хүртэл явж, туйлд нь хүргэн дуусгадаг нь тэднийг суутан болоход хөтөлсөн гайхамшигт чанар. Хүн бүр толгой дараалан суутан болж чадахгүй ч хүн болгон тодорхой амжилтад хүрч лавтай чадна. Амжилт олоход түших сайн хань, тулах сайн нөхөр чинь туйлбартай байх эрхэм чанар. Туйлбартай хүн зорьсон зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө зориг шантрам, зүрх үхэм зовлон бэрхшээлийг үл ажран, үлшгүй зоригоор тэмцэн хөдөлмөрлөнө. Ажил хийвэл дуустал нь, давс хийвэл уустал нь гэх үг туйлбартай хүмүүсийн ажил хөдөлмөртөө баримталдаг гол зарчим. Гэхдээ эхэлсэн ажлаа яаж ийгээд дуусгах биш, хийсэн шиг хийж, дуусгасан шиг дуусгах итгэл найдварын нүүр бардам эзэд байдаг нь бахархам.

Ажлаа дутуу орхих, нүд хуурч оромдох, чанаргүй хийх зэрэг нь тэдний хувьд гал ус мэт харш ойлголтууд. Том зүйл сэдэж, их үйлсийн аянд мордох хүн бүр эр зоригоо эрслэн, хүч чадлаа эрчлэн, эрс туйлбартай, эрэмгий чадамгай байх ёстой. “Аугаа их үйл хэрэгт цуцалтгүй туйлбартай байдал хэрэгтэй” гэж их сэтгэгч ухааруулсан байна. Үзэл санаа, итгэл үнэмшилдээ гуйвж дайвахгүй, бат туйлбартай байх нь хүн байгаагийн нэг утга учир. Улааныг үзээд урвах, шарыг үзээд шарвах үзэл санаа нь тогтворгүй хүн салхины аясаар зүг чигээ өөрчлөн, сэрчигнэн дэрвэж байдаг цаасан дарцагтай л адил. Тогтож төлөвшсөн үзэл санаагүй хүмүүс ч бий. “Үзэл санаагүй амьдарч байгаа тэр хүн хөөрхийлөлтэй”. Үзэл санааныхаа үнэнд итгэх нэг хэрэг, үзэл санаагаа хамгаалан тэмцэх эр зоригтой байх хэрэгтэй. Хамгаалан тэмцэж байсан үзэл санаанаасаа няцах юм бол өөрөөсөө хамгийн шившигтэйгээр урваж байгаа ичгүүрт хэрэг мөн. Үзэл санаа эрүүл саруул байж үйлдэл хөдлөл зөв чигтэй байна. Хүн эцэг эхийн оноож өгсөн овог нэртэй байдгийн адил тогтож төлөвшсөн итгэл үнэмшилтэй байх ёстой. Эцэг эхийн хайрласан нэрийг байн байн солиод байдаггүй шиг итгэл үнэмшлээ үе үе солиод байж таарахгүй. Итгэл үнэмшил нь хүний дотоод ертөнцийн гүнд бүрэлдэн тогтдог үнэт зүйл билээ.

Итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байгаа нь өөртөө үнэнч байгаагийн нотолгоо. Хүн өөртөө туйлбартай үнэнч байж л бусдад тогтвортой үнэнч хандах болно. Ичгүүр дагуулах зүйлсийг нууж хаах нь зүйн хэрэг, харин итгэл үнэмшлээ бусдаас нууж хаахын шаардлагагүй. “Өөрийн итгэл үнэмшлийг хэлчих зоригтой байх хэрэгтэй”. Тогтож төлөвшсөн итгэл үнэмшилтэй байгаагийн чинь төлөө чамайг баалж шоолох, басамжилж доромжлох эрх хэнд ч байхгүй. Өөрөө үнэн зөв гэдэгт нь итгэсэн үзэл бодол, итгэл үнэмшилдээ ямар ч үед чин үнэнч яваа хүн хүндлэл хүлээж, магтаал хүртэнэ. Үерхэл нөхөрлөлдөө бат туйлбартай, ханилгаа сайтай байх нь хүн чанарын хүндтэй том үзүүлэлт. Хүн мөс сайтай, хүн чанартай эрхэм хүн найзынхаа зовох цагт ч, жаргах үед ч нэгэн зангаараа туйлбартай байж, нөхрийн чанараа таниулна. Туйлбар бол үерхэл нөхөрлөлийн байнгын хүсэл мөрөөдөл. “Хэрэв бидэнтэй хамт хэн ч баярлан баясдаггүйсэн бол аз жаргал маань хэчнээн олон сайхан зүйлээ алдах байсан бол оо! Бидний зовлонг өөрсдөөс маань илүү хүчтэй мэдэрдэг найз нөхөргүйгээр түүнийг туулахад ямар их хэцүү байх бол оо!” хэмээн гүн ухаантан дуу алдсан нь бий. Нөхөрлөлдөө туйлбартай байя гэвэл найз нөхөддөө эргэлзээгүйгээр итгэх хэрэгтэй. “Итгэл нөхөрлөлийн эхний нөхцөл” мөн. Итгэл эвдэх нөхөр эвдрэлцэх дайснаас дор. “Нөхөддөө итгэхгүй байх нь тэдэнд хууртахаас ч шившигтэй”. Жаргалдаа ташуурсан хүн зугаа цэнгэл, наадам наргианаас бусад зүйлд туйлбартай байж чаддаггүй, туйлбаргүйтэн буцаж няцах нь тэдний хувьд ичгүүртэй биш, ердийн зүйл. Туйлбаргүй хүн буцахдаа амархан, тугалган жад шантрахдаа амархан. Бэрхийг үзэж, зовлон туулан ард нь гарсан хүн буцаж няцахгүй, аливаа зүйлд нэн туйлбартай. Хүн зовох үедээ сайн мууг ялгах чадвар нь илүү хөгжиж, хүний нинжин сэтгэл, нандин чанарыг тод томруун мэдэрдэг болдог. ХХ зууны суутнуудын нэгэнд Альбер Камю яах аргагүй тооцогдоно. Хойт Африкийн бөглүү сууринд төрсөн түүний багад нь эцэг нь нас барж, хагас өнчрөн, цэвэрлэгч эхийнхээ олсон даруухан мөнгөөр амь зуугаад зогсохгүй, түүнээс нь илүүчилж боловсрол эзэмшин, хүнд өвчинд шаналж байсан ч туйлбартай хичээн зүтгэсээр гүн ухаан, уран зохиолын нэрт төлөөлөгч болж чадсан. Тэрбээр хүний нандин чанарыг харуулсан зохиол бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн манай үеийн алдартан байсан юм. Суут хүмүүсийн туулсан амьдрал, жаргал зовлон, оргилд гарсан замналын талаарх зохиол бүтээлийг уншиж судлан, урам орж бахархах нь зүйн хэрэг, түүнээс санаа сэдэл, санамж сургамж авч, өсөж ахих, өөдөлж дэвжих хөшүүрэг болгон хэрэглэх нь илүү чухал гэдгийг залуус та нар санаж явах хэрэгтэй.

Хэлсэн үгэндээ эзэн болдог хүн хийх ажлынхаа төлөө туйлбартай зүтгэнэ. За гэвэл ёогүй, ярьж хэлснээ ямар ч нөхцөлд ажил хэрэг болгодог тулхтай бөгөөд туйлбартай хүмүүс урамтай сайхан. Үг хэл нь туйлбартай хүний үйл ажил нь ч туйлбартай. Хүн болгон том бага нь хамаагүй зорьсон зорилготой амьдрах учиртай. Зорилгогүй амьдарна гэдэг нүдээ боочихоод тэмтчиж яваатай адил. Аз дайрвал тэмтчин алхаад байна, аз нь дутвал шургаж ойчно. Жижиг зорилгоор том үйлс бүтээж чадахгүй нь үнэн. Их үйлсийн аянд мордох хүн томоос том зорилго тавьж, зорьсон зорилгынхоо оргил өөд зоригтой бөгөөд туйлбартай мацах ёстой. Хүрч чадахгүй оргилд авирах гэсний хэрэггүй, цаг үрж, биеэ зовоохын нэмэр. Хүрч чадахгүй зүйлийг хоосон мөрөөдөж, хүслийнхээ мананд төөрч явснаас чадах зүйлээ хүсэх нь ухаалаг үйлдэл. Бага хэрэгцээтэй хүн багыг хүсдэг. Багыг хүсдэг хүн хүслээ биелүүлэхэд төвөгтэй биш. Үл хүрэх том зорилго өвөрлөж хий хоосон мөрөөдөж сууснаас уулын оргил руу бэлээс нь өгсдөг шиг бага багаар өөд нь ахиулж, томд алхам алхмаар ойртохыг зорих нь илүү үр дүнтэй. Туйлбартай хүн зорьсон зорилгоо туйлд нь хүргэн хэрэгжүүлж байж санаа амарна. Хүн амьдралаа өөрөө өөд нь татаж, аз жаргалаа өөрөө бүтээх үүрэгтэй. “Хэн ч бай бусдын өглөгөөр амь зуух ёсгүй”.

Хүчиндээ итгэж, ухаандаа найдаж, хийх бүтээх хүслээр жигүүрлэн, утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Хүний хийж болсон юмыг чи яагаад хийж болохгүй гэж, хүний хүрсэн амжилтад чи яагаад хүрч болохгүй гэж? Туйлбартай хүн туйлын бүтээлч. Зорилго өөдөө туйлбартай зүтгэж байгаа хүний бүтээгч ухаан нь урган төлжиж, бүтээх хүсэл нь оргилон ундарч, бүтээсэн үйлсээрээ бахархан урамшиж, улам ихийг бүтээх эр зориг, чадал хүчээ сэлбэнэ. “Хүний бүх үйл хэрэгт туйлбар нь хүч чадлын хамгийн дээд илрэл байдаг”. Элбэг хангалуун амьдрахын тулд хулгай дээрэм хийж болохгүйтэй адил зорилгоо буруу арга хэрэгслээр биелүүлж болохгүй. Худал хэлэх, хуурч мэхлэх, хов хутгаж яс хаях, өөрийн бус зүйлд шунахайран шүлэнгэтэж өөрийн болгох зэрэг зорилгодоо буруу замаар хүрэхээр нэр нүүргүй улайран зүтгэх нь ёс бус үйлдэл, бузар муухай хэрэг. Буруу арга хэрэгсэл шаарддаг зорилго зөв зорилго байдаггүй гэдгийг мэдвэл зохино.

Зөв үйлсийн төлөө ухралт няцалтгүй туйлбартай тэмцэхийн хамт буруу зүйлтэй тэмцэхдээ эргэлт буцалтгүй туйлбартай байх шулуун шударга, эрч хүчтэй зан чанарыг өөртөө өвч шингээ. Хатуу байх юман дээр хатуурхан хана хэрэм мэт хаалт болон зогсож чадах хүчтэй зан чанарыг эзэмдэн, зориг зүрхээ хатамжил. Хүний зан авир хэдийчинээ хүчтэй байна, амьдралд тохиож болох туйлбаргүйтэх байдалд төдийчинээ бага өртөнө. “Туйлбар нь буянтай үйлийн үндэс”. Буянтай үйл нь бусдын төлөө сайныг бодож, сэтгэлээсээ үйлдсэн сайн үйлс юм. Бусдад чадах, мэдэхээрээ тус болох хүн ёсны үүргээ ухамсартайгаар биелүүлдэг хүмүүс буяны эзэд байдаг. Буянтай үйлсэд албадлага захиалгаар буюу гуйлга түүлгээр оролцох бус, дотоод итгэл үнэмшил, сайхан сэтгэлийн дуудлагаар зүтгэвэл жинхэнэ буянт үйл болно. Бусдад чин сэтгэлээсээ туслах туйлбартай бодол санаа л буянтай үйлсэд эргэлт буцалтгүй хөтөлнө. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Хүнд тус хийвэл өөрт тус ирнэ. “Туйлбаргүйгээр хайр сэтгэл ч, нөхөрлөл ч, буянтай үйлс ч байж боломгүй”.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.