2013-05-23

Цуурай - Сургамжит өгүүллэг

Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон "ёо ёо" гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас "ёо ёо " гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
"Чи хэн бэ" гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
"Чи хэн бэ?"
Харин хүү бухимдан:
"Хулчгар" гэв.
Хариу бас л ижилхэн:
"Хулчгар " гэж ирэв.
Хүү аавдаа:
"Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна." гэв
Аав нь:
"миний хүү сонсож бай" гээд,
"Бүх юм сайхан" гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
"Бүх юм сайхан" гэв.
Аав:
"Би чамд хайртай"
Уулнаас ирэх дуу:
"Би чамд хайртай"
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: "Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай". гэж хэлжээ.

2013-05-16

Титэм үг - Өөртөө итгэ

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг.
Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу? Хэн бүхэнд гар дор нь байгаа. Өөрийнхөө хүчинд итгэ. Өөртөө итгэхүйд суралц. Өөртөө итгэхгүй байж бусдад яаж итгэх юм бэ? Өөртөө итгэдэггүй хүн өөрийгөө ч хайрлаж мэддэггүй. Өөрт байхгүй юмыг бусдад өгч чаддаггүйтэй адил өөрийгөө хайрлахгүй байж яаж бусдыг хайрлах билээ дээ. Ийм байдлаасаа болоод хүн итгэл хөсөрдсөн, хайр дутсан орон зай руу аажим аажмаар гулсан орж явчихна. Тийм орчинд амьдарч байгаа хүнээс аз жаргал алсын алсад холдож хөндийрөн хүнийсэнэ. Ер нь итгэл хайрыг эвдэн бусниулах нь тэр хүнд учруулж болох хамгийн том хөнөөл гэдгийг ухаантай хүн болгон бодож явууштай.

Г.Аюурзана - Шvлгvvд

Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...
               *               *               *
Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн...
               *               *               *
Чи намайг Мөн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон...
               *               *               *
Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас минь илүү амттай...
               *               *               *
Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг...
               *               *               *
Дээвэрт чимээ дуулдахгүй
Борооны төлөө ууя
Нам гүмийн төлөө...
               *               *               *
Манан хөшиглөх уулын жимд
Зовлон мартагдана...
               *               *               *
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...
               *               *               *
Дээвэрт бороо
Буцлах мэт үсчинэ
Гуниг минь чанагдана...
               *               *               *
Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...
               *               *               *

2013-05-15

Л.Өлзийтөгс: Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.