2013-03-28

Өр - Сургамжит өгүүллэг

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. 
Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж: - Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв. 
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн: Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв. 
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан: - Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд: 
Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан: - Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би ... гээд чимээгүй болов. Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа. 
Өвгөн гунигтайгаар: - Тавиад жилийн өмнө ... гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар ...
Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв. 
Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа: -Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг о надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

2013-03-21

О.Дашбалбар : Залуус, дүү нартаа хүргэх шүлэг

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! 
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.


Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!


Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!


Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!


Өвлийн шөнө талд яваа аавыгаа бодоорой
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд харамгүй илгээх юм!


Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггүй
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол эх орноо хайрлах ч юу л бол


Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан шүү !

Yр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Yс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай !
 

Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан амьтан хүний хэл ам
Орон нутгийн утаа униараас холдож
 

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
 

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандачна.

Аав чинь гэрийн хойморт Алтай уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
 

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөн нудрагаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.

Төрсөн гэр чинь дулаахан галын илчинд нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
 

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан
 

Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдрэнэ чи.

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
 

Өвгөн хорвоод зуун жил амьдрахүй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно, чи!

Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно, чи!
 

Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна, чи!

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
 

Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр чинь юм шүү

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх агуу их сэтгэлтэй болгожээ.


Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй


Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж аав хоёртоо хүргэж оч
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй!



Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа


Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэгмөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.


Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэд
Орчлонгийн тоглоом даанч хатуу

Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү !
 

Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй


Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаая!
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй!


Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!


Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

2013-03-20

Үүнийг үзээд өөрийнхөө тухай нэг эргэцүүлээрэй !



  • Амьдралдаа байгаа юмандаа байнга талархаж бай!
  • Хатуужил тэвчээртэй бай!
  • "Чиний хэзээ ч би хангалттай биш" гэж боддог чинь ХУДЛАА!
  • "Чи ямар ч үнэ цэнэ хүрэхгүй" гэж боддог чинь ХУДЛАА!
  • Идэхийн гажиг өвчтэй охидуудыг харахад АЙМШИГТАЙ
  • амьдралдаа гутаад уурлаж байгаа хүмүүсийг харахад АЙМШИГТАЙ
  • мөн бусдад уураа гаргаж байгаа хүмүүсийг харахад АЙМШИГТАЙ
  • "би юу ч биш" гэж боддог хүмүүсийг харахад АЙМШИГТАЙ
  • Хэзээ ч битгий бууж өг!
  • Хөл, гар байхгүй ч гэсэн бүү санаа зов!

2013-03-15

Хурд ба амь нас - Сургамжит Өгүүллэг

Хурд
Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/цаг хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа. Жек машинаа баруун талд зогсоолоо. “Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх” гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ. – Сайн байна уу, Боб. Ингээд уулзаж байгаа минь ямар сайхан хэрэг вэ?”
– Сайн байна уу Жек! Боб инээмсэглэх ч үгүй байв.
– Гэр рүүгээ явж байхад минь саатууллаа.
– Тийм ээ, гээд тоосон шинжгүй байлаа.
– Би сүүлийн үед гэртээ их орой харьж байгаа. Хүүхдүүд минь намайг ойрдоо хараагүй. Бас Диана орой шарсан махтай төмс хийнэ гэсэн. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ.
– Тийм ээ, ойлгож байна. Гэхдээ хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг чинь ч мэдэж байна гэж Боб хариуллаа. “Энэ арга маань ч бүтэхгүй бололтой, өөрчлөе” гэж Жек санаад
– Би хэр их хурдтай явж байсан бэ?
– 70, Жек машиндаа суу.
– Боб, хүлээ л дээ. Чамайг хармагцаа хурдны хэмжүүрээ харахад 65 байсан шүү дээ.
– Жек машиндаа суу.

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.