2012-04-30

Гэрийн эзэгтэй

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав. Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ. Хоосон халтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ… Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв. Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв. Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом, хувцас хунар…. Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой. Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв. Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ. Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож,эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ… 
Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав. Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув. Өнөө залуу Жирийн өдрүүд шиг л гэж хариулав. Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар Өнөөдөр юу болсон юм бэ? гэж асуув. 
Эхнэр нь дахин инээмсэглээд Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй! гэж хариулжээ.

2012-04-25

Стив жобс: Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав!

Apple компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх. 

1. Эхний түүх зангилааны гол цэгийн тухай Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр бүлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлэхээр бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа. 

2. Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай. Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй ! Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол! Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай!Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав! Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно. 

 3. Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга гэдгийг ойлгосон.. Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр тэр хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар! Бусдын бодол санаагаар битгий яв! Өлсгөлөн амьдар, жолоогүй яв!

2012-04-11

Эрчүүдийн дэлгүүр

Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийнх гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнэ.Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
  1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ. 
  2. Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам “барааны” /эрчүүдийн.орч/ чанар сайжирна.
  3. Үйлчлүүлэгч /эмэгтэйчүүд.Орч/ аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй. 
  4. Доод давхар руу буцахыг хориглоно.
Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя. Нөхөр хайж буй эмэгтэйг 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд 2 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа. Хүүхэн 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө...

2012-04-09

Б.Лхагвасүрэн : Хуримын зар

Гүүний сүүл шуургалсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо.
Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан
Худгийн асгарт хэллээ .
Уулзаж учирч байсан манхан толгоддоо дуулгалаа .
Найран дээр нь очлоо .
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд , азын цолмон өеөджээ
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ .
Эрхэлж унасан намрын манаг яран
"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсан тавья ! Гэж бодсон юм
Ухаант ардын дуундаа хүлээтэй байгаад чадсангүй

2012-04-07

Б. Лхагвасүрэн - Боржигины бор тал

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосон

Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

2012-04-01

Б.Ичинхорлоо "Зуун намар"

Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно                    
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.