2011-08-29

Үл таних эмэгтэй киноны дуу

2011-08-26

Эмүжин - ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″

Эмүжин
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

Ц.Хулан : Би - Цагаан Дарь Эх

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо

Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болноо…
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!

2011-08-25

ЭПИХАРМ - Афоризм

Цаашид хэд наслах чинь чамд ямар ч ялгаагүй байвал тун сайн сан
               *               *               *
Хүний төрөлх чанар гэж юусан билээ?
Үлээж хийлсэн арьсан туламнаас ялгаа юун
               *               *               *
Хэзээ ч юу ч оршин байдаггүй , гэхдээ ямагт шинээр бий болж байдаг
               *               *               *
Сайн үйлсэд суралцсаныхаа үр дүнд л шудрага сайн хүн болно.
               *               *               *
Ямар ч хүн сайн дураараа зовж шаналдаггүй
               *               *               *
Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө!
               *               *               *

2011-08-24

Анхны хайр {Өгүүллэг}

Хайр
Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдаг юмаа.
…1997 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон тийм зэврүүхэн өдөр байж билээ. Ааваараа хүргүүлээд сургуульруугаа ирж явах замдаа би нэгэн улаан өдөн хүрэмтэй, цагаан ороолттой, малгайгүй нэгэн охиныг олж харлаа. Их ч хөөрхөн охин санагдаж билээ. Манай ангийн шинэ охин гэж би яахан мэдэх билээ. 1 давхарын мухрын нэг ангийн хаалган дээр 6г гэсэн хаяг байх нь манай анги билээ. Ангидаа явж орлоо.

2011-08-22

Хан хэнтий нутгаар

"Зөвхөн монголдоо" бүлгийн 2011 оны зуны аялалын хүрээнд 3 дахь аялал болгон Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгаар аясан юм.
Бид 7р сарын 30нд замд гарч УЛААНБААТАР – ЦОНЖИН БОЛДОГ – БАГАНУУР – ХЭРЛЭНГИЙН ГҮҮР – МЯНГАНЫ ЗАМЫН ОВОО – ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР – ИХ БАГА ХААДЫН ЦОГЦОЛБОР – АВАРГА ТОСОН – ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛ - УЛААНБААТАР гэсэн маршрутаар аяласан бөгөөд аялалын үеэр авсан зургуудаа толилуулж байна.

2011-08-21

ЭЗОП - Афоризм

Эзоп
Муу хүн сайн болдоггүй харин
Сайн хүн муу болчих нь амархан
               *               *               *
Зовох цагтаа сэтгэлээр бүү уна.
Чи ганцаараа зовоогүй л байж таарна.
Юутай ч болов, амьд явна гэдэг үхэхээс дээр.
               *               *               *
Бусдад аз дайрхад бүү атаарх харин түүнтэй хамт баярла.
Тэгэх юм бол , түүний аз чинийх болно.
               *               *               *
Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг.
               *               *               *
Баяжихыг бус боловсорч гэгээрхийг мөрөөд.
               *               *               *
Эд баялагийг үрэн таран хийх амархан,
Эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй.
               *               *               *
Муу хүнийг засч залруулах аргагүй юм.
Тийм хүмүүс дүр төрхөө өөрчилхөөс биш зан суртахуунаа өөрчилдөггүй.
               *               *               *
Хүн бүхэнд ноогдсон ажил гэж байх бөгөөд
Ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий.

2011-08-19

Хэрээ - Сургамжит өгүүллэг

80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа. - Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад - "Хэрээ гэдэг юм" гэж хүү хэллээ.
 Хэсэг хугацааны дараа эцэг нь хүүгээсээ 2 дахь удаагаа - Энэ юу вэ? гэхэд хүү нь - Ааваа "Энийг хэрээ гэдэг юм" гэж би танд хэлсэн шүү дээ гэв.
 Өвгөн 3 дахь удаагаа - "Энэ юу вэ?" гэж асуув. Энэ үед хүү нь "Үүнийг хэрээ, хэрээ гэдэг юм" хэмээн дуугаа өндөрсгөхөд түвэгшээсэн өнгө түүний дуунд илт мэдрэгдэж байлаа .
 Жаахан байзнаад аав нь "Энэ юу вэ?" хэмээн 4 дэх удаагаа асуултаа давтлаа. Энэ удаа хүү нь "Би танд олон удаа үүнийг хэрээ гэдэг юм гэж хэлээд байхад та ойлгохгүй яагаад нэг асуултыг дахин дахин асуугаад байгаа юм бэ?" хэмээн эцэг рүүгээ хашгичлаа.
 Эцэг нь өрөөрүүгээ ороод буцаж ирэхдээ хүүгээ төрсөнөөс хойш хөтлөж байсан өдрийн тэмдэглэлээ барьсан байлаа. Тэгээд нэг хуудасыг нь хүүгээ уншихыг хүсэв. Уг өдрийн тэмдэглэлд дараахи зүйл бичээтэй байлаа...

2011-08-18

О.Дашбалбар - ″ Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ! ″

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ухаан - Сургамжит өгүүллэг

Ухаан
Эрт урьд цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарахад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггvй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв.

2011-08-16

С.Ганбаатар: Англи хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг 200 үг

1. Achieve /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч
6. dream /дрийм/-зvvд, мөрөөдөх,сайхан зvйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй
8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай vнэгvй
11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нйид/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хvрэх
16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг,чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа vйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгvй, чөлөөгvй
20. consider /консийдэр/- бодох, vзэх,….дагуу хэлэлцэх
21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикvлд/- хvнд хэцvv, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгvй
25. efficient /эфийшнт/- vр дvнтэй, чадварлаг
26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон

2011-08-15

Девидийн түүх - Сургамжит өгүүллэг

Хүү
Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь "Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай." гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь "Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй." гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь "Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө." гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь "Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг." Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа "Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна." гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст "Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш" гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь "Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа" гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд "Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ" гэв.

2011-08-10

Та гадаад хэл сурах авъяастай юу?

Англи хэл
Энэхүү сорилыг doctorganaa.com сайт дээр The Sunday Times сэтгүүлээс орчуулж тавьсан байна лээ.  doctorganaa.com их хэрэгтэй сайт шиг санагдлаа.  Хэл сурах гээд чиггүй яахаа ч мэдэхгүй яваа над мэт хүмүүст бол бүр ч хэрэгтэй. Та бүхэн тухайн сайтаар зочлон хэл сурч өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй!

2011-08-08

Цагийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

Цаг ашиглалтЦаг хугацаа бол хийсвэр ухагдахуун ч буцааж, зогсоож, нэмж болдоггүй билээ. Хүн бүрт ижилхэн 7 хоног, хоногт 24 цаг байдаг. Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлсээ эргэж харах юм. Үүний эцэст хэр их, бага байгаагаас нь хамаарч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдэгээ хэмжиж болно.

АНУ-ын компаниудад худалдааны ажилтан болон мэргэжилтэн сонгох талаар боловсрол олгодог StaffingU компанийг үндэслэгч Скотт Винтрип "цагийг удирдах" сэдвээр өнөөг хүртэл бичигдсэн зүйлс хэр их бэрхшээлд хүргэдэг талаар нотолсон тухайгаа хэлж байна. Тэрээр өгүүлэхдээ цагийг "удирдах" талаар хэчнээн их арга хэлбэр байдаг ч үнэндээ хувь хүн өөрөө цагаа хэрхэн өнгөрүүлж, юу хийхээ сонгохоос их зүйл шалтгаална" гээд дараах 10 зүйлсийг санал болгож байна.

1. Эрүүл мэнддээ илүү их анхаарч, өөрийгөө өөрчил. Эрүүл хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж, өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийх нь ажлын талбарт эрч хүчтэй, илүү үр дүнтэй байхад тусалдаг. Үүнийг машинтай адилтгаж болно. Машинаа анхаарч арчлан, сайн бензин хийж байвал ашиглах хугацаа нь төдий чинээ урт байх болно.

Г. Аюурзана - ″Өнөөдрийн тухай″

Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах өдөр.
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнцхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж байхгүй.
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна.

2011-08-06

Г.Аюурзана - ″Мод шарлах нь″

Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ үл таних баярыг түрнэ.
Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгүй бодол сэрчихнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ болсон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэр бүсгүйн сүрчигний үнэр,
Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэг л салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.
Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.

2011-08-05

О.Дашбалбар: Нөхөддөө 1

Гавъяа байгуулаагүй ээ
Гайхуулах юм надад үгүй ээ
Шаналсан үед сэтгэлийг чинь засаж
Шартсан үед дотрыг чинь засаж
Өө сэвийг чинь хүн эрвэл
Өмөөрч
Өөр хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж
Харгуй зам дээр гялалзах од шиг
Хайрлаж явлаа даа!
Наадмын хүлэг цоллох шиг
Найран дээр ам халж
Найзууддаа магтаагүй ч
Хэн нэгний төлөө зовниж
Хэлэх үгээ мартаагүй!

Нэг гарын таван хуруу шиг
Хэдэн сайхан нөхөд минь
Нэг насаар ханилах
Хэлцээгүй тангараг бидэнд бий!

Өдөр шөнийн турш бодож
Өр зүрхэндээ хадгалж явах
Тийм хэдэн нөхөдтэйгээ
Тэнгэрийн дор бардам явна!

2011-08-04

О.Дашбалбар : Би Талын хөх чоно

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно!
Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин
Хурдан буутай эрс алах гэж занана
Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн
Араатан намайг зогсоо зайгүй мөрденө.. 

Байгаль намайгтөрүүлж, байдал төрхийг минь урлаж
Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!
Гэвч хүн намайг үзэн ядна, хаа явсан
Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!
Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би
Өртөе газар давхиад ч заримдаа хоосон!...
Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!
Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ

2011-08-03

Шар шувуунууддаа зөвлөхөд...

Амжилт
Өглөө эрт босч орой эрт унтдаг хүнийг бор шувуу , Өглөө айжуу босч орой айжуу унтдаг өөрөөр хэлбэл шөнө ажиллахад илүү үр бүтээлтэй байдаг нөхдүүдийг шар шувуу гэдэг. Энэ өдрийн хэмнэл  нь анхнаасаа хүнд заяагдчихсан байдгийм гэсэн.  Гэхдээ би итгэдэггүй юмөө. Хүн өөрөө өөрийгөө өөрчлөхийг хүсвэл өөрчлөгдөнө л гэж боддог.
Манай гөүгөү-д олон шар шувуу байдаг бололтой. Би ч бас нэгэн үе шар шувуу байсөөн. Байсан ч гэж дээ ер нь шар шувуу л даа. Оюутны байранд амьдарч байхад ер нь л өдөржин оюутны байраар найз нөхдүүдтэйгээ уулзаж учирч нтр гэж явсаар нэг мэдэхнээ 12 цаг болчихсон бна шүү дээ. Өрөөндөө ороол хичээлээ хийгээд суучихдаг шөнө 3,4 гэж унтдаг байлаа. Шөнө суухаар сатаарах зүйлгүй болхоороо ч юмуу их үр бүтээмжтэй санагддаг байлаа. Өглөө бол эрт босно гэж бодхын ч хэрэггүй. 12, 1 гээл өндийнө. Эхний ганц хоёр цаг бол байнгын пялаастай. Ингээд хэдэн сар болсны эцэст гэнэт хөл өвдчихвөө. Нээг их тоосон ч гүй яваад бсан чинь сүүлдээ бүр явж чадхаа больвоо. Шалгалт нтрээ өгөх гэж хоёр найзаасаа зүүгдээстэй сургууль орно. Тийм үед түргэхэн амраасай ижий аавдаа түргэн очхиймсан гэхээс өөр зүйл бодогддгүйм бна лээ.. Зиа тэгээд эм, тан авч уугаад нэмэр байдгүй. Жил гаруй доголж явсны эцэст уламжлалт анагаан ухааны нэг эмнэлэгт үзүүлсэн чинь ядаргаа гэжугаам даа тэгээд хэд хэд зүү тавиулж, бас орой эрт унтах гэдэг дэглэм барьж байж гайгүй болсон шүү. Эцэст нь зөвлөхөд манайхаан аль болох шөнө суухгүй байсан дээр шүү. Би нь 21, 22 жилийн туршлагаараа хэлжийн.:-P

О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй

2011-08-02

О.Дашбалбар : Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

2011-08-01

Р.Чойном - Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа


Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа


Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ

Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна


Хүний мөс гэж би хүнд сайныг боддог сон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?


Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддог сон


Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа


Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм.


Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ.

Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо муу нэрийг ч хүртлээ


Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсон оо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж…


Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа


Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.


Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.


Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна.


Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив.


Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй яамай бие нь л бүтэн бол


Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна


Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарнаа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай


Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.


Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй


Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана.


Буруу ч бай зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно.


Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье!

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.