2014-01-23

С.Цагаан: Хөдөлмөрлөвөл амжилтанд хүрч болдогийг ойлгосон тийм л хүүхдүүд төгсгөхийг хичээдэг

Улсын Мэдээлэл зүйн олимпиадын хошой аварга, 17н жилийн дараа нутагтаа Математикийн олимпиадын мөнгөн медаль авчирсан, өдгөө улсын олимпиадаас 6н медаль хүртээд буй, сүүлийн 5 жил түүний шавь нар Баянхонгор аймгийн Математик, Мэдээлэлзүйн өнгийг тодорхойлж, улсын олимпиадад ч чамгүй амжилттай оролцдог гээд түүний тухай яриад байвал дуусахгүй урт амжилтууд цуврана. Юутай ч чадварлаг багш, нутгийнхаа Математик, Мэдээлэлзүйн сургалтын чанарыг сайжруулахаар хичэн зүтгэж буй, Баянхонгор аймгийн "Алгоритм сургалтын төв"-ийн багш Сүхбаатарын Цагаан багштай ярилцлаа...



Нямдаваа багшийн шавь болсноор эргэлт буцалтгүй
математикийн замд гүн орсон

Хоёулаа яриагаа таны математик сонирхож байсан үеэс эхлэх үү? Анх хэддүгээр ангиасаа математик түлхүү сонирхож эхэлсэн бэ? тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

Багаасаа л тоо бодох дуртай хүүхэд байсан. 1-р ангиасаа эхлээд л аймгийн олимпиадад оролцдог, 2-р ангидаа аймгийн аварга болж байсан гэхээр ерөөсөө тоо бодох дуртай хүүхэд байсан л гэж ойлгогдох байх. Зарим хүмүүс дунд ангид ороод олимпиад уралдаанд орж эхэлсэн, өөрийгөө олж нээсэн байдаг. Би бол анхнаасаа л тоо бодох дуртай хүүхэд байжээ.
Бага ангид байхдаа 3-р сургуулийнхаа багаас аймгийн математикийн олимпиадад орохоор бэлдэж байгаад Доржнамжирмаа гээд насан туршийн хамтрагчтайгаа танилцаж байсан нь хамгийн эхэнд санаанд орж байна. 6-р ангид байхад намайг 3-р сургуулийн математикийн багш Очирхуяг багш маань гэртээ аваачаад бэлддэг байсан. Тэднийх том хүүхэдгүй тул хавар гэхэд цагаан сарын боов нь дуусаагүй байсан нь их гоё байдаг байсан даа. 7-р ангидаа Талст сургууль байгуулагдаад тэнд очиж эргэлт буцалтгүй математикийн замд гүн орсон.

Талст сургуульд Нямдаваа багшийн гар дээр ирээд л математикч болох зам тодорхой болсон гэж ойлгож болно. Тийм ээ? Нямдаваа багшийн тухай яриач!

Намайг анх 7-р ангийн сурагч Талст сургуульд очиход багш маань дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн 23 настай залуу манай ангийг дааж авч байлаа. Манай ангид математик, мэдээлэл зүйн хичээл ородог. Өөрөө мэдээлэл зүйгээр бол мэргэшсэн их сайн залуу боловсон хүчин байсан юм. Математикаас гадна мэдээлэл зүй гэж цоо шинэ томоохон салбарт анх хөтлөн оруулсан хүн маань шүү дээ. Тухайн үед бол багш маань үнэхээр сайн багш байсан. Улсын олимпиадаас медаль авч чадах нь ойлгомжтой хэмжээний мэдлэг чадвартай, бид нарын төлөө маш их зүтгэсэн, Одоо ч зааж зөвлөсөөр байгаа сайхан хүн дээ. Багшийн маань шавь нараас Мягмарнаран гэж IT-гийн шилдэг мэргэжилтэн, Доржнамжирмаа гээд одоо оюутны улсын уралдааны бүх том амжилтыг хамсан шилдэг багш, Амаржаргал гээд IT зэрэг олон сайн мэргэжилтэн төрж одоо сайн сайхан ажиллаж яваа даа.
Нямдаваа багшийн тухай Цагаан багшийн бичсэн нийтлэлийг энд дарж уншаарай!

Талст сургуульд Доржнамжирмаа ах та 2 нэг цэгт уулзжээ? Та 2ыг их сайн андуудаас гадна, сайн өрсөлдөгчид байж нэгийгээ их хурцалсан гэж боддог

Магадгүй ээ. Гэхдээ Доржоогийн дээр орно, доор орно гэж ерөөсөө тооцоо хийж үзээгүй юм байна шүү, Доржоо ч мөн адил байх. Өдөр бүр цугтаа бэлтгэл хийж, бидний эсрэг өрсөлдөх гэж байгаа олон сайн хүмүүсийг дийлэхийг тулд хамтдаа хичээх хэрэгтэй гэдгийг л бид 2 мэдэж байсан.
7,8 жилийн турш өдөр бүр цуг бэлтгэл хийж бие биенийхээ тухайн үед хийсэн бүгдийг мэддэг болсон хүмүүс дээ. Доржоо маань багш болсноос хойш 6 удаа улсын програмчлалын олимпиадад оролцоод 4 удаад багаа түрүүлүүлж цом авсан, сүүлийн 3 жил дараалан түрүүлж, одоо дунд сургуулийн мэдээлэл зүйн олимпиаднаас амжилт гаргасан ихэнх сайн хүүхэд тэдний сургуульд ордог болсон. Ийм зүйлийг л бүтээн бий болгохын төлөө хөдөлмөрлөж үр дүнд хүрсэн, олон газраас шигшигдэж ирсэн шилдэг оюутан залуучуудыг удирдаг Монголын төлөө ажиллаж байгаа сайн багш. Одоо олон улсын давцанд гарсан амжилт үзүүлэхээр зорьж байгаа. Миний дэргэдээс, бидний дундаас, Баянхонгорчуудын дундаас ийм сайн хүн төрж одоо Монголын шилдэг сайн залуучуудыг чиглүүлж яваа нь үнэхээр сайхан.

Хүний амтлах, сонсох ... гээд үндсэн мэдэрхүйнүүдээс хамгийн төгс нь
оюун санааны таашаал авах юм

Хүнд ч юмуу сонирхолтой бодлого шийдхээр Математикийн ШУны амтыг мэдэрдэг. Ямар гоё бодлого вэ? гэх бодол, өөртөө итгэх итгэл төрөөд л улам сонирхол төрөөд явчихдаг. Та хамгийн анх, хамгийн сүүлд тийм мэдрэмжийг ямар бодлого шийдэж, хэзээ мэдэрч байв? 

Яасан гоё асуулт вэ ... бодлого мэдрэх мэдрэмж, түүнд өгөх хариу үйлдлээрээ хамгийн сайн нь манай Далайжаргал байгаа юм. "Хо ямар гоё бодлого вэ? ямар гоё бодолт вэ?" гээд хажуудах хүнийхээ бахархалыг дэврээсэн үйлдэл байнга хийдэг юм.
Хамгийн эхнийх гэхээр санахгүй байх л даа. 2-р ангидаа аймгийн олимпиадад нэг бодлого бодож чадахгүй ширээгээ дэрлэж хэвтэж байгаад найзынхаа надад зурж өгсөн зурагнаас санаа авч гэнэт бодчихоод маш их баярлаж байснаа сайн санаж байна. Сүүлд бол саяхан улсын олимпиадын бэлтгэл дээр их сайн бодож байсан. Улсад бас сайхан бодолтууд хийсэн.
Өчигдөр Програмчлалын лигт нэг бодлого бэлдэж оруулсан, тэрийг бэлдэхэд бас их гоё байсан шүү...
Хүний амтлах, сонсох... гээд үндсэн мэдэрхүйнүүдээс хамгийн лаг нь оюун санааны таашаал авах нь юмаа гэж алдарт Ц.Дашдорж багш хэлсэн байдаг.


Нямдаваа багшийг гадаадад сурч байхад нь түүний нэрэмжит олимпиадуудыг жил бүр зохион байгуулдаг байсан. Би Нямдаваа гэж их хөгшин багш байдаг гэж боддог байлаа. Тэгсэн залуухан багш, шавь нар нь 1,2р курсийн оюутнууд байхдаа аймагтаа 10н жилийн бүх багш сурагчдын дунд олимпиад зохиогоод л.. бас л мундаг бахархууштай байсан шүү. Ер нь Багшийгаа хамгийн ихээр хэзээ баярлуулсан гэж боддог вэ?

2004 он. Монголын Програмчлалын 14-р олимпиаднаас хүрэл
2007 он. Монголын Програмчлалын 17-р олимпиаднаас хүрэл
2009 он. Монголын мэдээлэл зүйн 23-р олимпиадын багш нарын АЛТ
2011 он. Монголын мэдээлэл зүйн 25-р олимпиадын багш нарын мөнгө
2013 он. Монголын Математикийн 49-р олимпиадын багш нарын МӨНГӨ
2013 он. Монголын мэдээлэл зүйн 27-р олимпиадын багш нарын алт
7-р ангидаа мэдээлэл зүйн аймгийн олимпиадад ороод манай 10-р ангийн Мягмарнаран ах түрүүлээд би 2-д орсон. Багш тэгэхэд л маш их баярлаж байсан, миний шавь ийм жижигхэн байж гээд...
Багш маань бол үнэхээр жирийн биш сайн хүн. Их залуугаараа өөрийн сайн чадвараа ашиглан сайн сайн шавь нар бэлдсэн. Шавь нартаа зөв зөвлөгөө өгч чиглүүлсэн. Жишээ нь намайг "чи одоо математикаа л улам сайжруул тэгвэл сайн алгоритм боловсруулж чаддаг болно" гээд математик сургахаар УБ хотруу сургуульд явуулсан. Доржоог сайн мэргэжилтэн болох ёстой гээд л бэлддэг байсан. Бид хожмоо багш шигээ сайн үйлс бүтээцгээнэ гээд багш болцгооход Нямдаваа багшийн маань бидний ухамсарт суулгасан хүмүүжил их түлхэц үзүүлсэн байх л даа.
Тэр олимпиадын тухай бол багш өөрөө санаачилж, бүх шагналыг нь хувиасаа гаргаад биднээр хийлгэдэг байсан. Бүх санаа нь багшийнх л даа. Уг нь уламжлал болгоод авч явж чадсан бол их сайн нөлөө үзүүлэх байсан байх. Даан ч миний мугаас л тасарчихсан... одоо намраас эхлээд тэр ажлаа илүү сайжруулаад үргэлжлүүлнэ дээ.


Таны бодлоор оюуны потенциал гэдэг төрмөл зүйл үү? Хөдөлмөр зүтгэлээрээ олж авдаг зүйл үү?
Хүмүүс хүчтэй өрсөлдөгчийнхөө тухай энэ угаасаа л толгойтой юм чинь би яаж гүйцэхэв дээ гэж ярьдаг. Иймэрхүү яриа жаахан арчаагүй сонсогддог л доо. Хөдөлмөрлөвөл, хичээвэл юуны ч учрыг олох боломж хүн бүрт байдаг гэж боддог. Таны бодлоор?

Монголын хамгийн авьяаслаг математикч гэж боддог Батцэнгэл багш маань /14 настайдаа улсын аварга болсон/ "авьяас гэж юу байдгийг би ойлгодоггүй" гэдэг юм. Олон улсын математикийн олимпиаднаас өнгөрсөн зун алтан медаль хүртсэн Э.Төрбат "гоц ухаан гэж уйгагүй хөдөлмөрийг хэлнэ" гэж хэлэх дуртай. Миний хамгийн их хүндэлдэг хүн болох В.Адъяасүрэн багш маань өөрийнхөө замналын тухай ярихад нь маш их хөдөлмөрлөж байж доод түвшнээс ийм том амжилт гаргасан, ийм ихийг сурсан юм байна гэж шууд ойлгохоор байдаг.
Тэгэхээр тэвчээртэй их хөдөлмөрөөр л бүхнийг бүтээдэг болж таараад байгаа юм. Би математикч болохоор тэр тухай л ярьж чадна. Математикийг бол маш их цаг гаргаж тасралтгүй хичээллэж, сууринаас нь бүх зүйлийг цоорхойгүй нягт сурч байж л дараагийн зүйлийг сурах боломж нээгддэг.
Өөртөө нэг зорилго тавиад түүндээ бүх цагаа зарцуулаад хичээх хэрэгтэй. Яагаад зорилго байх ёстой гэхээр хүнд “чи Англи хэл сурах хэрэгтэй” гэвэл нөхөр тэгж байгаад сурчихнаа гээд алгуурлана. Харин “6 сарын дараа гадаад улсад суралцах шалгалт өгөх хэрэгтэй чи сайн сур” гэвэл маш их хичээж чаддаг. Улсын олимпиадад амжилт гаргахын төлөө бэлтгэл хий гэдэг нь маш богино хугацаанд улсын топ сайчуудын эгнээнд хүрээ л гэсэн даалгавар шүү дээ. Ийм зорилт өөртөө тавиад хичээллэх нь үр дүнтэй байдаг. Тэрнээс 5 жилийн дараа хэрэглэнэ дээ гэж бодоод математик сурах бол утгагүй, уйтгартай зүйл байх л даа. Яг энэ алдааг гаргасан хүмүүс бол дунд сургуулийн сурагчид юм. Хэзээ хэрэг болохыг нь мэдэхгүй тул математикийн хичээлээ сайн сурахгүй явсаар байгаад маш муудчихсан байдаг, тэгээд цагийг нь тулгаж байж бэлддэг.

Ер нь Математикч хүн ямар байх ёстой вэ?

Хэцүү асуулт байна. Оюун ухааныг гоо сайхныг мэдрэхээр шийдсэн л бол тэвчээртэй, хөдөлмөрч, байнга өөрийгөө сайжруулдаг байх хэрэгтэй. Цаг үе, математикийн хөгжил бол маш хурдацтай болсон. Тэр бүгдээс хоцорч болохгүй. Монголд бол зөвхөн математик хийгээд л амьдардаг хүн гэж би мэдэхгүй юм байна. Алдартай сайн математикчид бүгд л багш болж, өөрийн мэддэг чаддагаа хойч үедаа зааж сургаад л явж байдаг.

Дунд сургуулийн сургалт маш муу байгаа тул тааруухан оюутнууд их сургуульд элсээд тэднийг сургах гэж багш нар маань "дургүй ажлаа" хийж байгаа нь их сургуулийн багш болох замаар явмааргүй сэтгэгдэл төрүүлсэн

Таныг Их сургуулиа төгсөх үед улсын томоохон их дээд сургуулиудаас багшлах урилга ирсэн байх. Гэтэл та нутагтаа очиж ажиллахаар шийдсэн. Ер нь төгсөөд нутагтаа ажиллана гэж хэдийн шийдсэн байв уу? Олон сайхан санал ирсэн байх, эргэлзсэн үү?

Би өөрийнхөө багш нараа хараад бахрахдаг. Цалин мөнгө гэвэл өөрсдийнх нь хийж байгаа хөдөлмөртэй нь харьцуулахад дэндүү өчүүхэн. Тэгсэн хэрнээ Монголын төлөө гээд л багшлаад л явж байдаг. Одоо найзууд, шавь нар бас л их сургуулийн багш нар болчихсон. Үнэхээр бахрахмаар хүмүүс шүү. Би багш болно гэж бол бат шийдээд ажлаа хаанаас эхлүүлэх вэ? л гэж бодсон. Гэвч дунд сургуулийн сургалт маань маш муу байгаа тул тааруухан оюутнууд л их сургуульд элсээд тэднийг сургах гэж багш нар маань "дургүй ажлаа" хийж байгаа нь их сургуулийн багш болох замаар явмааргүй сэтгэгдэл төрүүлсэн л дээ.
Дандаа дуртай ажлаа сэтгэл тэнэгэр хиймээр санагдсан, би тийм л хүн. Их сургуулийн багш нар бол муухан оюутнаа хүчээр төгсгөх л хэрэг гарна гэх жишээний шүү дээ. Нэгэнт өөртөө шийдвэр гаргасан тул аятайхан тайлбарлаад л өнгөрдөг байлаа. Их сургуулийн саналуудаас илүүтэйгээр  хувийн дунд сургуулийн багш болгох хүсэлт их ирсэн. Одоо ч маш ихээр ирдэг. УБ-ын нэг дунд сургуулийн багш болчихоор нэг орчны л багш болох гээд байсан. Нутагтаа бол үнэхээр сайхан л даа. Мэдээж бүх сургалт УБ-тай харьцуулашгүй муу ч үүнийг засч сайжруулахыг зориод бага багаар үр дүнд хүрээд явж байх үнэхээр сайхан байдаг. Төрсөн гэртээ, намайг өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийнхээ дунд амьдрах маш сайхан.
Энэ бүгдэд их нөлөө үзүүлсэн хүмүүс бол манай ээж аав 2 юм шүү. Энийг би заавал хэлэх ёстой. Хэрэв надад байр, машин, амьдрах орчны төлөө ажиллах хэрэг байсан бол би аль нэг баян сургуульд биеэ үнэлэх байсан. Гэтэл надад тийм шаардлага байгаагүй, бүх зүйлийг аав ээж маань бэлэн байлгасан болохоор би зөвхөн ажил хийж, нутгийн хойч үедээ л тус болох, тэднийг өөрөөсөө хавьгүй сайн мэргэжилтэн болгох үйлст зүтгэх л ажил үлдсэн. Хэзээ нэг цагт миний хийсэн ажлууд үр дүнд хүрээд Баянхонгорын залуучууд миний хүсдэгт очиж чадвал тэр үед аав ээж 2-оор маань хүмүүс бахархах байх гэж найддаг. Одоо бол манай сургалтын төвийн сурагчдын ЭЕШ дээр авдаг дундаж дүн нөгөө хотын өндөр төлбөртэй хувийн сургуулиудаас жил бүр л илүү байдаг, бидэнд ердөө 8 сар л бэлтгэх цаг байдаг юм ш дээ.

Таныг нутагтаа очоод аль нэг сургуульд багшлах байх гэж бодсон. Яагаад сургалтын төв байгуулахаар шийдсэн бэ?

Би ер нь Монголын улсын боловсролын тогтолцоо, чанар чансаанд шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь Орчлон гээд дунд сургуульд 8 саяын төблөртэй 12 жил сурсан хүүхэд МУИС-д 1,5 саяар 4 жил сурах уу? ийм байж болох уу? Би бол хэзээ ч Орчлон сургуульд багшилж чадна! гэвч одоо бол би МУИС-д багшилж чадахгүй. Ийм л ялгаатай үнэлэмжтэй байх ёстой зүйл байтал одоо бүүр учир утгаа алдчаад байна.
Нэмээд Баянхонгорт дунд сургууль төгсч байгаа нөхдүүдийн маань математикийн хичээлийн дундаж дүн 95% орчим байгаа, улсын ЭЕШ дээрх дундаж дүн 21% дэндүү ичмээр биш гэжүү? Бусад аймгууд болон УБ-д үүнтэй төстэй байгаа. Мөн бусад хичээлүүдийн хувьд ч энэнээс ялгарах зүйл хэр байдаг юм бол доо... би зөвхөн математикийн л тухай ярих эрхтэй байх
Боловсролын үнэлгээний төв бол судалгаа шинэжилгээний үндсэн дээр Монголд тэдэн багш байгаа тэд ийм ийм хичээл заасан байх ёстой, бид цалинг нь төлчихсөн болохоор хүүхдүүд маань ийм зүйл мэддэг байх ёстой гэж үзээд тэр агуулгадаа таарсан шалгалт авч байгаа. Гэтэл нөгөө улсаас багш нарынх нь цалинг нь бүрэн төлөөд хичээл заалгасан хүүхдүүд маань ЭЕШ дээр 22% орчим авч байгаа. 60% авбал D гэдэг биздээ? тэгэхээр дунд сургуулийн одоо явж байгаа байдлаар бол амжилт олоход, бүүр ажил хийхэд ч маш хэцүү. Үүн дээр аав ээж маань дэмжээд сургалтын төв байгуулаад өгч чадсан тул өөрийнхөөрөө ингээд ажиллаад явж байна.

Их сургуульд нэг тэвчээртэйхэн суугаад сурчихсан, хөдөлмөрлөвөл амжилт олж болдог гэж мэддэг тийм хүүхдүүд хүлээлгэн өгөх хүсэлтэй байдаг

Таны шавь нар ЭЕШ-ийн оноогоор ч тэр, Аймгийн олимпиадаар ч тэр толгой цохьдог. Эцэг эхчүүд танай сургалтын төвд л хүүхдээ оруулчихвал дээгүүр жагсаад төгсөнө гэж боддог, хүүхдүүд ч бас таныг нэг нууц заагаад байна гэж боддог байж магад. Хэхэ...
Элсэгчиддээ ямар шалгуур тавьж, сонгож авдаг вэ?

Хэхэ... Их зөв асуудал хөндөөд байна. Би одоохондоо бол ер нь намайг зориод ирсэн хүнийг л шууд сургачихдаг. Мэдээж анги танхимын багтаамжиндаа тааруулна.
Яг чиний хэлээд байгаа шиг над дээр ирээд шууд сайн сургуульд орчихлоо гэж боддог, ямар нэг аргаар орж ирчихвэл тэгээд л залхуураад том толгой гаргаад өөрийнхөө дунд сургууль шиг санаад яваад байдаг хүүхдүүд байдаг. Аль болохоор арга залиа шавхан залхуу ч байсан хүүхдийн арга эвийг олоод хөдөлмөрлүүлэх, нэмээд их хатуу зарчимч байхыг хичээдэг. Их сургуульд нэг тэвчээртэйхэн суугаад сурчихсан, хөдөлмөрлөвөл амжилт олж болдог гэж мэддэг тийм хүүхдүүд хүлээлгэн өгөх хүсэлтэй байдаг. Тэгээд хүүхдүүд заавал их сургуульд орж байж л дунд сургууль маань үнэхээр тааруухан байжээ гэдгийг ойлгодог нь гачлан.
Олимпиадын сурагчид бол их олон жил сурдаг тул тусгайлан хэдэн хоног бие даалган юм хийлгэж шалгадаг. Эцэг эхийг нь хүртэл нилээн ажиглаж байж, хүүхэд нь олон жил хөдөлмөрлөх боломжтой, эцэг эх нь уралдаан тэмцээнд цааргалалгүй явуулчих боломжтой зэрэг үзүүлэлтүүдийг харж байгаад шавиа болгож авна.

Багш болсноороо хэзээ хамгийн их бахархаж байсан бэ?

За байнга л шахуу баярладаг юм даа. Том том олимпиадуудад амжилт гаргахад нь, сорил дээрээ бүгд таслалгүй ирээд тачигнатал бодож байгаа нь ч сайхан харагддаг. Хавар ЭЕШ дөхөөд шавь нар маань хүнд, хүнд бодлогуудыг машиндаж өгч байгааг нь харах үнэхээр сайхан, том олимпиадуудад амжилт гаргах, багахан азгүйтлээ "дараа баллаад өгнөө..." гэж хэлээд зогсч байгаа шавиа харах ч сайхан, туршлагажсаар байгаад нэг л өдөр хүрэх ёстой цолондоо хүрнэ. Өмнө нь миний бодож чадаагүй өдий хүрсэн бодлогыг бодоход нь ч их бахархдаг, Эх орноо төлөөлөөд олон улсын олимпиадад шавь нараа модоход ч их баярладаг.

Шилдэг, сайн шавь нараасаа дурсвал...

Г.Нямдаваагийн нэрэмжит Мэдээний цаг бүлгийн гишүүд
Зүүн гар талаас П.Далайжаргал, С.Цагаан, С.Мөнгөншагай, Б.Доржнамжирмаа
Аан Доржоотойгоо цуг бэлтгэл хийж байсан үеэс л эхэлнэ дээ. Далайжаргал гэж бидний дундаас төрсөн улсаас 3 медаль авсан анхны хүн болсон хүү байна. Одоо бидний дундаас төрсөн анхны доктор болохоор Хятад улсад суралцаж байгаа.
Мөнгөншагай гэж улсын аварга болсон, Монголын анхны үндэсний аварга шалгаруулах багийн олимпиадны аварга болсон багийн ахлагч байна. Жамсрандорж гээд дунд сургуульд байхдаа улсын том олимпиадаас 2 медаль авч чадсан одоо Япон улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтыг давж чадаад тэнд сурч байгаа хүү байна. Баянхонгорчууд олон улсын олимпиадад оролцож чадна гэж үзүүлсэн хүмүүс. Нэмээд ОУ том шалгалтанд ч бид тэнцэж чадна гэж харуулчихсан. Тэгэхээр бид тэдний замаар хичээх л үлдээд байна.
Гончигдорж гээд миний мэргэжлийг өвлөж авч байгаа, удахгүй миний хажууд ирж багшилах ирээдүйтэй сайн хүү бий. Мужаан хүн харуулаа бариад үлдэх хүүдээ л хайртай байдаг юм.
Буяннэмэх гээд ЭЕШ дээр 98% авсан том том газруудын атаархал төрүүлэхээр амжилт гаргасан охин байна. 
Одоо сайчуудын залгаа болж хэдхэн хоногийн дараа амжилт гаргахаар хчиээж байгаа Эрдэнэмаа тэргүүтэй энэ жилийн сайчууд маань эцсийн бэлтгэлдээ орсон байгаа.
Ирээдүйд биднийг залгамжлах бүсийн олимпиадуудаас 4 медаль авсан, сая улсын олимпиадад шагналт байрт шалгарсан Чимэдширчин тэргүүтэй багачууд маань одоо ч бэлтгэлээ тасралтгүй хийсээр, сайжирсаар л байгаа. ЭЕШ-ийн сургалтаар бол 70-80 хүүхэд төгсгөсөн, дурдаад барахгүй олон сайн хүн байна. Гадаадад сурдаг, робоконд амжилт гаргадаг, маш олон уралдаан тэмцээнд амжилт гаргасан, сайн сайн сурдаг оюутнууд ч хангалттай олон байдаг болохоор нэрийг нь дурдаж барахгүй л дээ.
Зөвхөн сургалтын төв байгуулагдаснаас хойш гэхэд ЭЕШ дээр Баянхонгорчуудын авсан 47 ширхэг 60%-аас дээш дүнгийн 30-ыг нь авсан шавь нар маань, 90% орчим нь Монгол улсын болон гадаадын сайн сайн сургуулиудад сурч байгаа. Улс болон бүсийн олимпиадуудаас 30 гаруй медаль цуглуулаад өдөр бүр л сайжирсаар байгаа олон сайн шавь нар бий. Бүх шавь нарын маань хамгийн сайн зан чанар нь өөрсдийн замаар замнаж байгаа дүү нараа маш сайн ойлгож дэмждэг нь юм.

Улсын олимпиад бол уралдаан тэмцээн гэхээсээ илүүтэй мэргэжил нэгт ахан дүүс, багш нар болон найзуудтайгаа уулзалддаг баяр наадам шүү дээ

Энэ жилийн улсын олимпиад ямархуу байв? Бодлогын хүнд, хөнгөн, өрсөлдөгчид гээд...

2013оны Мэдээлэл зүйн улсын олимпиадын үеэр
Улсын олимпиад бүхэн л сайхан байдаг. Тэр чинь уралдаан тэмцээн гэхээсээ илүүтэй бидний баяр наадам байхгүй юу. Өөрийн мэргэжил нэгт ахан дүүс, багш нар болон найз нөхөдтэйгээ уулзалддаг зүйл. Энэ жилийн олимпиад болдог ном журмынхаа дагуу л дэлгэр сайхан болсон. Хүн амжилт гаргах, улсаас медаль авахын тулд хүлээн зөвшөөрөгдсөн, амжилт гаргахад хэн ч гайххааргүй болсон байх хэрэгтэй.
Монголын Математикийн багш нарын олимпиад бол их хүнд өрсөлдөөн л дөө. Олон жил дараалан амжилт гаргасан, шавь нар нь олон улсын түвшинд байнга өндөр амжилт гаргадаг олон том багш нартай өрсөлдөх хэрэг гардаг. Бид бол хүүхдүүд шиг гэнэн алдаа гаргана гэж байхгүй, ёстой л байдаг бүх хүчээ шавхан өрсөлддөг. Тэр дунд нягт сайн бодож бусдаас илүү гарна гэдэг үнэхээр хэцүү. Олон удаа тэр түвшинд өрсөлдсөн хүмүүс л ойлгож чадахаар тийм хүнд өрсөлдөөн. Миний хувьд Математикийн улсын олимпиадад сүүлийн 3 жил дараалан 6, 7-р байранд шалгарчихаад байсан, өөрөөр хэлвэл 3 дараалан шөвгийн 8-д үлдэж харцага цолоо баталсан байсан болохоор цолоо нэмж ЗААН болох хүсэлтэй байлаа. Тэгээд төрийн наадамд багштайгаа цуг үзүүр түрүүнд хүрэхэд үнэхээр сайхан байсан, шагнал гардуулах ёслол дээр багш маань их баярлаж байгаа нь илт байсан, тэвэрч үнсэхэд нь хэзээ нэг өдөр шавьтайгаа ингэж зогсохыг хүсдэг юм билээ.
Мэдээлэл зүйн олимпиад бол харьцангуй хөнгөн л дөө. Өмнө нь амжилт гаргаж байсан туршлага арвинтай. Сүүлийн 3 жил математикийн олимпиадтай давхцаад түрүү авч чадахгүй байсан, энэ жил 2 хоногийн зөрүүтэй болсон тул сэтгэлдээ хүртэл сайхан амжилт гаргаж чадлаа.
2013 он Улсын Математикийн олимпиад
Зүүн гар талаас: Улсын 5 удаагийн аварга Б.Баяржаргал
Улсын дэд аварга С.Цагаан

Математикийн олимпиадын хувьд бол үнэхээр үнэ цэнэтэй. 17 жилийн өмнө Баянхонгорчууд өөрийнхөө нутагт улсын олимпиадыг авч зохион байгуулаад медальд хүрснээс хойш маш олон жилийн дараа ирж байгаа медаль. Энэ хугацаанд Баянхонгорыг төлөөлж олон хүмүүс хүч хөдөлмөрөө гарган амжилтын төлөө зүтгэсэн нь ойлгомжтой. Би болон миний шавь нар медальд хүрэхэд хэд хэд удаа ойртсон ч тухай бүрд арай л болж өгөхгүй байсан. Учир нь математик бол Монголд маш өргөн дэлгэр хөгжсөн, манайх бол ОУ-д их дээгүүр үнэлэгддэг олимпиадчидтай улс. УБ-д гэхэд зөвхөн математикийн сургалт явуулдаг өндөр төлбөртэй сургууль хэдэн зуугаар тоологдохоор олон байдаг. ЭЕШ дээр гэхэд 80% нь математикийн хичээл оролцсон групээр сонголт хийдэг гэхээр математик болон математикийн олимпиад бол Монголд маш өндөр хөгжсэн зүйл. Нэр хүнд цар хүрээний хувьдбусад олимпиаднаас хэтэрхий хол тасарчихсан, өрсөлдөөн үнэхээр өндөр түвшинд болдог л доо. Одоо бол хүссэн медалиа авчихсан, бидэнд улсаас медаль авдаг уламжлал, тийм түвшний сургалт байна гэдэг бол маш чухал, цаашдаа олон том амжилтын эхлэл болж шавь нарын маань урам зоригийг нэмсэн гэж бодож байгаа.

Энэ жил улсын олимпиадад ямар зорилго тавьж оролцсон бэ?

Би сүүлийн 5 жилийн хугацаанд аймгийн математик мэдээлэл зүйн олимпиадны багийг дангаараа бэлтгэлээ. 2 олимпиадныхаа хувьд багаараа 3-аас 4 медаль авч чадна гэсэн тооцоотой байсан. Мөн улсын математикийн олимпиадад сүүлийн 2 жил 4-р байрт орсон багийнхаа амжилтаа бататгана гэж зорьсон.
Олон сайн хүүхдүүд өрсөлддөг бөгөөд хүүхдүүд бол багш нарыг бодвол алдаа мадаг гаргадаг, байр суурь нь өөрчлөгддөг тул шавь нар маань энэ жил арай зорьсондоо хүрч чадаагүй. Багаараа ч 6-р байрт орсон, үүнд нөлөөлсөн шалтгаанууд байгаа. Тэдгээрийг дараа дараагийн жилүүдэд засна.
Мэдээлэл зүйн хувьд шавь маань медальд хангалттай хүрэхээр чадвартай байсан ч том олимпиадны туршлага дутаж алдаа гаргаж яг медалийн ард тусгай байранд орж бидний 3 4 медаль авах зорилт 2 болж буурлаа. Гэхдээ ирээдүй гэрэлтэй сайхан байнаа. Намраас эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд маань хойтонгийн олимпиадны үр дүнг өндөрт өргөх болно, бид хичээнэ.

Жил бүр сурах арга барил сайтай, ажиллах чадвар өндөртэй, тэмцэх чадвар сайтай хүүхдүүд их сургуульд нийлүүлэх зорилготой ажиллаж байна

Ойрын зорилго ?

Архангайн бүсийн олимпиадад нийт багийн дүнгээр түрүүлэх, өмнө жил багийн халз уралдаанд авсан цомоо хадгалах. Бусад бүсийн олимпиадуудад амжилттай оролцох. Хойтон жил олон улсын олимпиадад шавиа явуулах... товчхондоо ийм л байна. Хамгийн ойр гэвэл 20 хүрэхгүй хоногийн дараа болох ЭЕШ дээр 100% авахыг хүсч байна.

Урт хугацааны зорилго ?

Улсын математикийн олимпиаднаас байнга медаль авдаг СУРГАЛТЫГ цогцлоох. Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад амжилт гаргах, байнга амжилт гаргах алгоримтыг боловсруулах. Математикаар бол улсад амжилт гаргаад байхад ОУ бол амжилт гаргаж болно.
Маш сайн сургалттай жижигхэн сургуультай болж жил бүр сурах арга барил сайтай, ажиллах чадвар өндөртэй, тэмцэх чадвар сайтай хүүхдүүд их сургуульд нийлүүлэх. Гадаад орнуудад суралцах шалгалтанд энэ жилээс оюутнууд дээр нэмээд дунд сургуулийн хүүхдүүд маань оролцож эхэлнэ, энэ ажлыг маш өндөр түвшинд хүргэх.
Мөн олон газар бүсийн олимпиадууд гэж хийдэг. Тэдгээр шиг нэр хүндтэй сайхан олимпиадтай болох, мөн айматаа математикийн лиг нэртэй цуврал олимпиад хийж хүүхдүүдийг багаас нь системтэй бодлоготойгоор сайжруулах гэсэн ажлуудыг төлөвлөж байна.
Шавь нар маань одоогоор улс бүсийн олимпиаднаас 30 гаруй медаль авсан байдаг, багаараа ч амжилтууд их гаргасан. Үүнийг баталгаажуулж, шавь нараа сайн бэлдэж, зорьсон бүхэндээ тууштай байх болно. Та бүхэн боломж бололцоогоороо миний шавь нарыг дэмжээрэй...
Баянхонгорчуудын алгоритм нь оновчтой, агуулга нь өргөн байх болтугай!

Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа! Таны цаашдын ажилд амжилт хүсье!

За баярлалаа!

Ярилцсан: С.Гантулга

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.