2013-12-16

Гэгээлэг талаас нь хар

Нэрт сэтгүүлч Аюушийн Авирмэд өөртөө тохиолдсон нэгэн сургамжтай зүйлийг надад ярьсан нь санаанд тод үлджээ. Тэрбээр ярьж байгаа зүйлээ сонсож байгаа хүнийхээ сэтгэлд хоногштол хүргэж чаддаг ховорхон авьяастны нэг. “Би янз бүрийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Нийгмийн муу муухай, бузар булайг зад шүүмжилж шүүрдэн цэвэрлэе гэсэн дэвэргэн санаа төрж, нэвтрүүлэг бэлтгэн, өөрөө хөтөллөө. Бурууд нүд хурц гэгчээр таагүй, тааламжгүй тааралдсан болгоноо баруун солгойгүй шүүмжиллээ. Гэхдээ оргүй хоосон юм уу гүтгэж гүжирдсэн шүүмжлэл хэлээгүй. Бүгд баримттай, нягталж шалгасан, олны нүдэн дээр ил, олон түмэн хавтгайдаа ярьж байгаа тэр л сэдэв.
Нэвтрүүлгийн олз омгоо муу муухай, болохгүй бүтэхгүй дундаас цуглуулдаг болохоор сүүлдээ бүх зүйлийг дан сөрөг талаас нь харж, сайн юм таарлаа ч нэг л итгэж өгөхгүй, эргэлзэх байдалтай болоод ирсэн. Бүхнийг дан болохгүй, бүр бүтэхгүй хар бараан талаас нь харж, зад шүүмжлэн яриад байхаар тодорхой хугацааны дараа түүндээ бүр автаж, донтоно гэдэг нь болж байгаа юм байлгүй, гэрэл гэгээтэй зүйл олж харахаа больж, урам магтаалын буюу аядуу зөөлөн үг хэлье гэхээр ам хэл эвлэж өгөхгүй болчих гээд байсан. Тэгэсхийгээд тэр нэвтрүүлгээ зогсоож, санаа амрав аа, хөөрхий. Юмыг ер нь гэгээлэг талаас нь харж байх хэрэгтэй юм байна лээ шүү” гэж Авираа маань нөгөөх хөгжилтэй инээдээрээ инээн хуучилж билээ. Ухаантай хүний сургамжтай үг яриа ангасан хүнд ус, өвдсөн хүнд эм дөхүүлж өгөх мэт тус болно гэдэг юутай үнэн. Амьдралын алхам бүрт тохиолдож байгаа үйл явдлууд бүгдээрээ сургамж. Хожим чамд тус болох туршлага юм.

2013-12-11

Дэлхийн хамгийн тансаг зочид буудал баригдсан түүх


Шавхагддаг баялагаас 
Шавхагдашгүй бизнест...

Дээхнэ Боловсрол телевизээр Дубай дахь далай дээр баригдсан, тансаг зэрэглэлийн 7 одтой "Бурж Аль Араб" зочид буудлын тухай сонирхолтой нэвтрүүлэг үзсэн юм түүнийгээ сийрүүлье. 
Арабын нэгдсэн Эмират улс орлогын эх үүсвэр, томоохон бизнес ч үгүй их ядуу байж азаар газрын тосны орд олдсоноор орлогын эх үүсвэр бий болж иргэдийнх нь амьжиргаа ч дээшилжээ. Гэвч газрын тос шавхагдашгүй баялаг биш учир удахгүй дуусаж ард иргэдийн амьжиргаа, улс орны байдал ч уналтанд орох төлөвтэй байв. Ингээд газрын тос дуусахаар эргэн байрандаа очих уу? эсвэл газрын тосноос орж ирэх үлдсэн орлогоороо ямар нэг зүйл хийж өөр төрлийн орлоготой болох уу? гэдэг замын уулзварт зогсож байв. Газар зүйн байршлынхаа хувьд тэдэнд нэгэн томоохон давуу тал, боломж байсан нь далай, түүнд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх байв. 
Ингээд Шейх нилээд эрсдэлтэй шийд гаргасан нь "6н жилийн хугацаанд 650 сая долларын хөрөнгөөр усан дээр дэлхийн хамгийн тансаг зочид буудлыг барих" байв. Инженер, Архитектуруудын хувьд шейхийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөөх 6 жилд агаар дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц рестораныг барилгын дээд хэсэгт барих, зочид буудалд ирэх далайн салхи, давалгааны хүчийг бууруулах гээд өмнө хийгдэж байгаагүй томоохон төсөл учир маш олон шинэ шийдэл боловсруулах ажил тэдний толгойг гашилгаж байв. Гэхдээ тэд чадсан, олон бэрхшээл тулгарсан, олон тохиолдолд барилгын ажил бүр мөсөн зогсож ч мэдэл байдал үүсч байсан ч 2000 он гэхэд 200 метр өндөр, 60 давхар, 202 өрөөтэй, далайд тэнгист, агаарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхуйц шийдлүүд бүхий дэлхийн хамгийн тансаг, өвөрмөц зочид буудлыг байгуулж чаджээ. 
Өнөөдөр дэлхийн баячууд "Burj Al Arab"-д 1 хонохын тулд 2'500$-45'000$ төлж тэнд жинхэнэ аялал жуулчлал оргилон хөгжиж, Эдийн засаг нь шавхагддаг баялагаас хамааралтай байхаа больж, шавхагдашгүй бизнест бүхэл улсаараа хөл тавьж чаджээ...

Дуугай байх нь тэнэгийн шинж биш

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Нийтлэлч Н.Багабанди
Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг шиг дуугарах газарт дуугарч, дуугай суух газар амаа хамхиж сурах нь хүн бүрийн эзэмдвэл зохих эрдэм юм. Дуугай байх нь тэнэгийн шинж биш. Дуугарах хэрэггүй юман дээр дуугай байж өнгөрөөх нь харин ч мэргэн ухааны илрэл. “Дуугай байх нь заримдаа хамгийн ариун шударга, хурц гоё үгнээс илүү их учир утгатай, илүү эрхэм дээд байдаг бөгөөд олон тохиолдолд илүү их ухаантайг гэрчилнэ”. Мэдэх юман дээрээ ултай бөгөөд ухаантай, товч бөгөөд тодорхой дуугарч байвал чи олны хүндэтгэл зүй ёсоор хүлээнэ. Мэдэхгүй юман дээр үглээ шаазгай шагшрах мэт ам уралдан дуугараад байвал хүн амьтны шившиг, хүүхэд нохойн доог болно. “Дуугай байх нь ухаантай болохыг дандаа нотолдоггүй ч тэнэг биш гэдгийг баталдаг”. Саргүй шөнө одод илүү гэрэлтэнэ. Ухаантай хүн орчин тойрноо гэрэлтүүлэн гийгүүлнэ. Олны итгэл найдварыг хүлээсэн ухаантан дуугүй байхдаа ч эргэн тойрноо ухаанаараа гийгүүлж, намба төрх, харах харцаараа удирдан зална. Тэдний хэлсэн үгийг ямар ч хууль журам, тушаал заавраас илүүтэй үг дуугүй ёсчилон дагах нь урамтай. Тэд хоосон бөгөөд хэрэггүй үг амнаасаа унагахгүй, хэлж ярих нь ухаалаг бөгөөд оновчтой, хэрэгтэй бөгөөд хүртээмжтэй. “Төлөв даруухан ончтой ярилцах чадвар уран үгнээс илүү үнэтэй”.

2013-12-02

Манж чин улсын төрийг барьж байсан Монгол хатан

1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа Хиад Боржигон овогт бээл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амарлингуй гэнэ. Гэвч түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу гэж тэмдэглэсэн байдаг.

Тэрээр Манж чингийн анхны их хаан Нурхач баатрын 9 дэх хүү, хаан ширээг залгамжилсан Тай цун буюу “Дээд эрдэмт” хааны хатан нь байв. Анх тэрээр хааны ордонд хаан угсаа залгамжлагчийн 9 дэх татвар эм нь болж очсон байна. Хүүхэд наснаасаа гүйцэд салаагүй түүнд ханхүүгийн татвар эмсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ ордны хуучин бурхинууд үл тоон харьцдаг байв. Амарлингуйд хэдэн шивэгчдээс нь өөр ойр дотны хүн байсангүй. Эдгээр шивэгчидтэйгээ Амарлингуй жинхэнэ найз нөхрийн ёсоор харьцдаг байсан учир тэрээр шивэгчдээ дорд үзэж тэдэнд дээрэнгүй ханддаг байсан бусад хатад болон татвар эмсээс эрс ялгарч байв. Ингэж л өөрийнхөө төлөө яахаас ч буцахгүй хэдэн сайн хүнтэй болж авчээ. Амарлингуйг ордонд ирэх үед нь Ар халхын нэгэн ноён Чибхэмэн, ханхүүд мундаг догшин морь нэгийг бэлэглэсэн байв. Тэр морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадаагүй юм гэдэг. Гэтэл Амарлингуй өнөөх догшин морийг хэдхэн хоногийн дотор үйлийн үргүй номхон морь болгож чадсан төдийгүй омголон Монгол зангаараа өөрөө унан хаа сайгүй хуй салхи шиг давхиж байх болсон учир түүгээр бахархсан ханхүү түүнд өнөөх морийг нь бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, эд эрдэнэ, алт мөнгөөр шагнав. Гэтэл гайхалтай нь өнөөх их эрдэнэсээр Амарлингуй бусдын адил баярхаж хөөрсөнгүй, түүний оронд бүгдийг нь хааны ордны ихэс дээдсүүдэд, тэр бүү хэл доод ажилчдад хүртэл тарааж өгсөн гэдэг. Ингэж л өөрийгөө тойрон хүрээлэгчдийг алхам алхмаар бий болгож байжээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай. Энэ арга ухааныг түүнд эцэг ноён бээл Зайсан нь зааж өгч байсан ч байж магадгүй. Тийм биш бол тэрээр төрөлхийн арга ухааны дээдийг эзэмшигч мөн болой. Түүний энэ арга ухаан, овжин зан нь ханхүүд ихэд таалагдаж эхлээд байсан учир тэрээр 1626 онд буюу Тай цун хаан сууринд суумагц Амарлингуйд "Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Ердөө ганцхан жилийн өмнө хааны ордонд ирсэн тал нутгийн Монгол охин ингэж л 16 хан насандаа ордны их хатнаар өргөмжлөгдсөн түүхтэй...

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.