2013-01-30

[Титэм үг] Ойрын хөрш холын садангаас дээр

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Амь нэгтэй, санаа нэгтэй айл хөршүүд л амгалан тайван амьдарч, ажил төрлөө хамжин хамтран хийж, найрсаг дотно аж төрнө. Айл, саахалт буусан айлууд амь нэгтэй, санаа нэгтэй байж л зүй зохистой, ая тавтай, нийлэн нийцэж хөршилнө. Санаа нэг, амь нэг байж эс чадах аваас салж нүүхэд хүрнэ. Саах тавих газар хөршлөн бууж, хурга ишгээ хониндоо зөрүүлж нийлүүлэн хариулах нь дэм дэмэндээ амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын мал маллагааны хийгээд аж төрөхүйн шал гарсан аргуудын нэг. Саахалт айлын хаа хурга ишгийг саах зөрүүлтэл хоньтойгоо бэлчээж, таргалуулан махлуулж, хөршийн төлийг өөрийнх мэт хариулах бичигдээгүй хууль үйлчилж, харилцан хүлээх үүр гээ нэн хариуцлагатай ухамсарлан хэрэг жүүл дэг байжээ. Малчид хамтарсны буян их гэдгийг яс махандаа хүртэл ойлгодог хүмүүс. Хэнийтэй хаяа хатган айлсаж, хэнийтэй саахалт буухаа сонгохдоо ус бэлчээрээ бодолцохын зэрэгцээ айл өрхийн гишүүдийн ноён нуруу, ам хэл, ажил үйлийг давхар бодолцдог байв.
Айл саахалтын хүүхэд, хөгшидгүй бүгдээрээ ах дүүс мэт ойртон дасаж, жаргал зовлон, баяр хөөр, уйтгар гунигаа хуваалцана. Ахуйн хэрэгцээний дутуу гуцуугаа айл саахалтаасаа залгуулна. Нутаг усандаа нэр хүндтэй, ноён нуруутай, ажилсаг айлтай айл, саахалт буувал аз гийсэн учрал ерөөл. Хаяа муутай айлаас холхон байхыг бодно. Залхуу айлаас зайтай бууна. Хэл амтай хэрүүлч, урт хошуутнуудтай айл буухаас цааргална. Хулгай зэлгий хийдэг, хаяагаа хадардаг буруу гарын хүмүүсээс хол байхыг чухалчилна. Монголчууд эрт дээр үеэс ойрын хөрш холын садангаас дээр, халамжг үй саднаас хар элгийн хүн дээр гэж үзэж ирсэн байна. Дөрвөн улирлын ааш аягт дасан зохицож, аж ахуйгаа эрхлэн аж төрж олон зууныг элээсэн нүүдэлч малчдын хөршөө сонгох нарийн ухаан гайхамшигтай.

2013-01-23

Афоризм - 2

Бурханлиг байя гэвэл өдөрт нэг удаа,
Хvмvvнлэг амьдаръя гэвэл өдөрт хоёр удаа,
Амьтанлаг явъя гэвэл өдөрт гурван удаа хооллож бай.
Бурхан багшийн сургаал
*               *               *

Эрvvл байя гэвэл ногоо ид,
Урт насалъя гэвэл жимс ид,
Удаан жаргая гэвэл хvvхдээ хvмvvжvvл.
Богд зонхово
*               *               *

Мөнгө хамгийн vнэт зvйл гэж одоо vзэхээ больсон цаг.
Хамгийн vнэтэй зvйл бол хvн, хvний оюуны хvчин зvйлvvд юм.
Ерєнхий сайд асан Д.Бямбасvрэн
*               *               *

Хvний сэтгэлгээний гадаад илрэл нь vг бөгөөд зөв сэтгэдэг хvн зөв ярьдаг.
Нэрт нийтлэлч Баабар
*               *               *

Аяа бас эрдмийг суралгvй элдвийг сурагч банди нар ичиг ичиг.
Д.Равжаа
*               *               *

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гvн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт.
Соён гэгээрvvлэгч Ц.Дамдинсvрэн
*               *               *

Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас Хvний хvv эрдмийг өвөрлөн харина.
Д.Нацагдорж
*               *               *

Хvнд чи тус болсон бол дуугvй яв
Хvн чамд тус болсон бол ярьж яв
Б.Лигдэн

*               *               *
Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин тvvнийг өөртөө багтааж амьдар.
Төр нийгмийн нэрт зvтгэлтэн О.Дашбалбар
*               *               *
Мэсний шарх эдгэдэг.
Үгний шарх эдгэдэггvй.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаа
*               *               *

Титэм үг - Өөрийн замаа өөрөө бүтээ

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл. “Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий.
Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм. Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.
Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм.
Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх.

Цаг бол алт

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө.Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно.Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ?
Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад.Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий.Энэ бол ЦАГ ХУГАЦАА.
Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.
Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ.Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа.Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.
Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.

Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.
Нэг САРЫН үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу.
Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч эрхлэгчээс асуу.
Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.
Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.
Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу.

2013-01-18

Танихгүй эмэгтэйн захидал

Эмэгтэй
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав. Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас Танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч Танихгүй чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. ...
Миний хүү өчигдөр нас барлаа. Түүнийхээ үхэлтэй тэмцэж буй бяцхан биеийг аврах гэж гурван өдөр гурван шөнө сахив. Халуу шатсан духан дээр нь мөсөн жин тавьж, жижигхэн гарыг нь өдөр шөнөгүй атгаж, дөчин нэгэн цаг орноос нь ч холдолгүй биеийг нь хөртөл хамт байсан. Гурав дахь өдрийн шөнөөс нь миний тамир барагдаж өөрийн мэдэлгүй нүд анилдан хатуу сандал дээр суугаагаараа гурав дөрөвхөн цаг цурамхийх чөлөөнд үхэл хүүг маань аваад явчихсан юм. Одоо хүү маань өөрийнхөө нарийхан орон дээр намайг сэрэхэд хэвтэж байсан тэр л чигтээ цагаан цамцтайгаа, ухаалаг хархан нүд нь аниастай хэвтэж байна. Хүүгийн минь бяцхан нүүрэнд туссан лааны гэрэл хөдлөхөд тэр минь амьд ч юм шиг харагдан, одоохон босож ирээд хүүхдийн гэнэн хонгор дуугаар ээждээ ямар нэгэн юм хэлнэ дээ гэж итгэхэд ч бэлэн сууна. Гэвч хүүгийнхээ хэзээ ч сэрэхгүйг мэдэж байгаа болохоор өөртөө тэгж бүтэлгүй найдлага төрүүлэхгүйн тулд тийшээ харахыг ч би хүсэхгүй байгаа юм.
Миний хүү өчигдөрхөн нас барж, одоо надад ганцхан чи, миний амьдралын тухай юу ч мэдэхгүй, амьдралаар ажиггүй тоглож яваа ганцхан чи л үлдлээ. Миний үргэлж хайрлаж явсан, намайг хэзээ ч мэдэхгүй ганцхан чи минь л надад байна. Би тав дахь лаагаа асааж, захидал бичиж буй ширээнээ тавив. Энэ аймшигт хоромд нас барсан хүүгийнхээ дэргэд уй гашуугаа хэнтэй ч хуваалцаж чадахгүй ганцаараа байхдаа чамаасаа өөр хэндээ ч хандах билээ. Одоо надад ганцхан чи л бүхнийг орлон үлдлээ. Би бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй ч байж мэднэ. Яагаад гэхээр толгой минь өвдөж ухаан санаа минь самууран байна. Хэрвээ хүүгийнхээ адил томуу хүрээд халуурч байгаа бол айх ч юм алга, хүүгийнхээ хойноос яваад л өгнө.

2013-01-17

Програмистуудийн онигоо - Wife 1.0

Програмист
Сайн байна уу? Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнүүд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгүй юм. Надад туслаач!!! Гүнээ хүндэтгэсэн: Асуудалд орсон хэрэглэгч 
ХАРИУ Эрхэм Хэрэглэгч минь ээ, Энэ бол байнга эрчүүдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчүүд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зүгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагүй, ан-инстол хийгддэггүй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгүй болгодог юм. Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн үүсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зөв үйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг. Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай үйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо үйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхүү барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгүй бол болохгүй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгүй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал үүссэн бол Wife 1.0 үйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгүй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно. АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгүй. Энэ апликэйшн Wife 1.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаггүй ба үйлдлийн системийг дахин засаршгүйгээр гэмтээх аюултай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Амжилт хүсье! Техникийн тусламжийн хэлтэс

Хариу Нэхээгүй Буяны Үйлс Хамгаас Илүү Үнэтэй

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.
Тусламж хэрэгтэй бүхэнд сэтгэлээсээ үзүүлэх дэм тус буяны үйлс. Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, өвдсөн хүнийг эмнэх, харанхуй хүнийг гэгээрүүлэх, орох оронгүйд оромж сууц өгөх, бусдын төлөө санаа тавих бүгд л буяны үйлс. Буянтан болъё хэмээн бодож мөрөөдөх нь буянтан болчихлоо гэсэн үг хараахан биш. Буянтай үйлсийн тухай баруун солгойгүй ярьж, эрмэлзэл тэмүүллээ илэрхийлснээ буян хийчихлээ гэж бодож төсөөлж болохгүй. “Хүний буянт үйлсийг түүний эрмэлзэл, тэмүүллээр нь бус, харин өдөр тутмын үйл хэргээр нь үнэлэх хэрэгтэй”. Буянтай үйлсийг дотоод итгэл үнэмшилээрээ ухамсартайгаар үйлддэг. Би бусдын тусын тулд буян үйлдэх учиртай гэж үүргээ ухамсарлах нь бүхнээс илүү чухал. Гуйлга болон шахалтаар хийсэн буян хүртэж байгаа хүндээ хишиг буян болон шингэх ач тусаар бага.

Титэм үг - Бага боддог хүн их алддаг

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Багабанди
Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн.
Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.
Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.

Тэнэг үү? эсвэл Ухаалаг уу? - Сургамжит өгүүллэг

Ухаалаг, Сургамжит
Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв. Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм” гэхэд Жон инээмсэглэн “анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм” гэж хариулжээ.

2013-01-15

КЛЕОБУЛ : Афоризм

Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.
               *               *               *
Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг
Үнэн юм биш л бол түүнээс холуур яв
               *               *               *
Хэмжээ гэдэг бүхнээс чухал
               *               *               *
Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий.
               *               *               *
Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ.
               *               *               *
Өөртэйгээ адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно.
               *               *               *
Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс.
               *               *               *
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай.
               *               *               *
Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж.
Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог.
               *               *               *
Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан.
Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.
               *               *               *

Титэм үг - Том ажлаас бүү ай, жижиг ажлыг бүү гол

МУ-ын Еранхийлөгч асан Нацагийн Багабанди

Аливаа ажил үйлс бүхэн эхлэх, дуусах цагтай, дунд нь үргэлжлэх хугацаатай. Том үйлс бүтээе гэвэл цаг их зарна. Авсаархан жижиг зүйлийг бага цагт амжуулна. Ажлыг эхлэх амаргүй. Янз бүрийн хүмүүсийн төлөвлөсөн ажлаа эхлэх араншин янз бүр. Нэг хэсэг нь зорьсон хэргээ эхэлж чадахгүй, барьж авахаас халган, хойш сууж, цааргалан зүрхшээж цаг алдана. Улмаар энэ зүрх зориггүй үйлдэл нь дадал дасал болж, насан туршид нь хойш чангаана.
Залхуурч хойш суух урагшгүй муу зуршилд хүлэгдсэн хүмүүс хайран цагийг яйран болгон сүйтгэж, өөрийгөө хорлоно. Нөгөө хэсэг нь аажуу алгуур, долоо хэмжиж нэг огтлох хэтэрхий буурьтай хашир зарчмаар хандана. Энэ бол ажилд хандах муу хандлага биш, хөнгөн хийсвэр, тооцоо судалгаагүй гоомой алхмаас сэргийлэх сайн талтай ч үйл явдлын өрнөл их хурдтай, ихэд өрсөлдөөнтэй болсон одоо цагт хөхүүлэн сайшаахад учир дутагдалтай арга барил. Зарим нь шууд ханцуй шамлан барьж авч, зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэх зарчмаар гялалзуулна. Ажлын хувь заяаг шийдвэрлэх нэг гол хүчин зүйл нь хурд. Хурд бол амжилтын үндэс.
Шийдвэр гаргахдаа ч, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ч хурдтай, эрчтэй ажиллаж байж өршөөлгүй өрсөлдөөнт ертөнцөд тэсч үлдэн, сэтгэл тэнүүн урагш тэмүүлнэ. Бага цагт ихийг амжуулах алтан боломжийг хурд хэмээх шидэт туслагч чамд нээж өгнө. Өрсөлдөгчөөсөө дутуу буюу, ижил хурдтай байгаад түүнээс илүү гарч, ялж дийлнэ гэж хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Цагийн үнэлэмжгүй, цаг барих соёлгүй хүн амжилтын төлөөх уралдаанд үргэлж сүүл барин хоцорно. Тийм ч учраас бидний өвөг дээдэс цааз мэдэхгүй хүн эндэж алдах, цаг мэдэхгүй хүн хоцорч алдах гэж сургамжлан захьдаг байж. Гараас нь юм гарахгүй удаан, зүгээр суугаагүй мөртлөө бүтээл нь харагдахгүй хүн үнэхээр залхуутай. Тийм хүмүүсийн яст мэлхийнийх шиг удаан хөдөлгөөн, босож суух нь хүртэл хурдан гавшгүй хүнд дотор бачуурам тээртэй харагддаг юм. Хурдан гавшгай хүн урамтай.

2013-01-10

Н.Гантулга: "Уулсын сэтгэлгээний тэлэлтийг..."

"Болорцом-30" наадмын тэргүүн шүлэг


Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.