2013-06-28

Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй


Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.
Тусламж хэрэгтэй бүхэнд сэтгэлээсээ үзүүлэх дэм тус буяны үйлс. Өлссөн хүнийг хооллох, цангасан хүнийг ундаалах, өвдсөн хүнийг эмнэх, харанхуй хүнийг гэгээрүүлэх, орох оронгүйд оромж сууц өгөх, бусдын төлөө санаа тавих бүгд л буяны үйлс. Буянтан болъё хэмээн бодож мөрөөдөх нь буянтан болчихлоо гэсэн үг хараахан биш. Буянтай үйлсийн тухай баруун солгойгүй ярьж, эрмэлзэл тэмүүллээ илэрхийлснээ буян хийчихлээ гэж бодож төсөөлж болохгүй. “Хүний буянт үйлсийг түүний эрмэлзэл, тэмүүллээр нь бус, харин өдөр тутмын үйл хэргээр нь үнэлэх хэрэгтэй”. Буянтай үйлсийг дотоод итгэл үнэмшилээрээ ухамсартайгаар үйлддэг. Би бусдын тусын тулд буян үйлдэх учиртай гэж үүргээ ухамсарлах нь бүхнээс илүү чухал. Гуйлга болон шахалтаар хийсэн буян хүртэж байгаа хүндээ хишиг буян болон шингэх ач тусаар бага.
Буяны үйлсийн амин сүнс нь ариун сэтгэл. Ариун сэтгэлээ зориулж үйлдсэн буянт үйлс олны сэтгэлд гэрэл гэгээ, итгэл найдвар, урам зоригийг авч ирнэ. “Хэний зүрх олны төлөө цохилж байна тэр үнэхээр агуу”. Сэтгэлээсээ хийгээгүй буяны үйлс дутуу малтсан худагтай л адил. Ус нь тунаагүй худгаас ууж, усалж болдоггүй шиг сэтгэл дутсан бүхэн шавхагдашгүй ундаргатай байж буян хишгээ бүтэн хайрлахгүй. Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэ цэнэтэй. Тийм буян, хүртсэн хүртээсэн аль алиндаа баяр баясгаланг дуудан дагуулж авчирдаг юм. Буянтай үйлс бүтээснээ сайрхан ярих шаардлагагүй. Булавч бултайна даравч дардайна гэдэг шиг тусыг хүртсэн хүмүүс ойлгон үнэлж, тэр тухай сэтгэлээ нээн сайрхан ярина. Хариу нэхээгүй буяны үйлстэнүүд чин зүрхнийхээ дуудлагаар буяны ажилд оролцох болохоос хэвлэл сониноор гарч нэр хүндээ өсгөх зорилго агуулдаггүй. Хүмүүнлэг нинжин сэтгэл хүний зовлонгоор цэнгэл эдлэх хүйтэн цэвдэг сэтгэлтэй авцалддаггүй юм.
Өөрт тус авчрахын тулд бусдад буян үйлдэгчид бий. Олонд тус хүргэснээр өөрт буян хурна. Сайн үйлийг сайн нэр төр дагадаг шиг бусдад үйлдсэн буяны хэмжээгээр өөрийн чинь нэр хүнд өснө. Тэгэхдээ туулайн чинээ тус хүргэчихээд уулын дайтай буян хураахыг мөрөөдөх хэрэггүй. Бүр өөдгүй хүмүүс ч хувьдаа ашиг олохын тулд хотол олонд буян үйлдэхийг зорино. Тийм буяны үнэ цэн өчүүхэн. Буруугаа булахын төлөөнөө буянтны дүр эсгэгчид ч байна. Хэн нэгэн ёс суртахууны үүргээ ёсчилон биелүүлснээрээ буян үйлдэгч болчихгүй. Буяны зам мөрийг зүрх сэтгэлийнхээ дуудлага болгон эргэлт буцалтгүй сонгож, ядарсанд тусалж, ядсаныг дэмжихийг зорилгоо болгон дэвшүүлж, үйл хэрэг болгон хэрэгжүүлж чадвал бусдын төлөө бүтээх буян арвижин төлжинө. “Хүн өөрийгөө буянтай үйлсийн тухай үг ярианд биш, буянт үйл хэрэг болон үйлдэлд сургах ёстой”. Магтаал сайшаал хүлээхийн тулд буян үйлдэх нь зохисгүй. Тэр зорилгоор бүтээсэн буян бүтэн буян хэзээ ч болохгүй. Шахалт шаардлагаар үйлдсэн буян шалих ялихгүй тусыг авчрахаас хэтрэхгүй. Өөрийн сэтгэл итгэлээр үйлдсэн буяны гэгээ үдийн нар шиг гийгүүлнэ. Хүний захиалга хүсэлтээр үйлдсэн буяны гэгээ хүжийн гал шиг гэрэлтэнэ. Гуйлга түүлгээр хийгдсэн буянт үйлс гутамшиг болохгүй ч гайхамшиг байж чадахгүй.
Хүн өдөр бүр баатарлаг үйлсийг бүтээх боломжгүй. Харин өдөр бүр хүн хэвээрээ байх боломжтой. Хэрвээ чи бусдын зовлонд хайхрамжгүй хандаж байгаа бол хүн байх үүргээ дутуу биелүүлж байна. Хүн хэвээрээ байгаа хүн л ядарсан хүмүүсийн зовлонг нимгэлэх буянтай ажилд гар татаж, сэтгэл дутаадаггүй юм. Хорвоо дэлхий буянтай хүмүүсээр дүүрэн. Гэвч үүнийг чи зовлонд учирч байж л сая анзаарна. Зовж ядарсан цагт буянтнууд чамд тусална. Буянтны буянг шингээх нь буян хайрлахаас дутуугүй чухал. Буянтны буянг бага гэж бүү чамла. Тэвэр дүүрэн буяныг хүртээгүй ч сэтгэл дүүрэн байж сур. Тэгвэл буян хишиг шингэнэ. Балга балгаар уусан ус ангаа цангаа тайлдагийн адил бага багаар хүртээсэн буян зовлон гачаалыг хугаслана. “Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян”.
Ядарч зовсон хүнд л зөвхөн буянтны тус хэрэгтэй гэж бодож болохгүй. “Бусдын дэмгүйгээр болно гэж бодож яваа хүн тун ч эндүүрч байна даа. Гэхдээ өөрийг нь байхгүй бол бусад хүн хэцүүднэ гэж бодож байгаа хүн бүр ч их төөрөлдөж байна”.
Эцэг, эх эгнэшгүй буянтнууд. Буянтны дээд буянтан. Хүмүүн биеийг олж төрнө гэдэг туйлаас бэрх. Үлгэрлэн хэлбээс дээш харуулан хатгасан зүүний үзүүрт будаа цацан тогтоохтой адил гэж сударт өгүүлсэн нь буй. Эрдэнэт биеийг төрүүлж, энхрийлж тойглож өсгөсөн эцэг эхийн буян цаглашгүй. Хүн болох, хүн байх замыг аав, ээж зааж өгнө. Эх үрийн элбэрэлийг сахиж, настныг хүндэлж, нялхасыг асрах арга ухааныг тэд заана. Сурч боловсрохоос эхлээд амьдрах ухаанд сургах бүхий л зам мөрийг эцэг эх чиглүүлнэ. Сайныг дагаж, саарыг жигших сургаал үгийг тэднээсээ л сонсоно. Үр хүүхдээ юугаар ч дутаахгүй хайр энхрийлэлд өлгийдөн өсгөх буянт мөрөөдөл бүх эцэг эхийн сэтгэл зүрхийг эзэмдэн байдаг билээ. Хүн, хүний боломж бололцоо адилгүй болохоор бүх аав ээжийн чин хүсэл, гэгээн мөрөөдөл тэгш биелдэггүй нь алаг хорвоогийн алаг өнгө төрх.
Буяны үйлийг бага боловч бүтээж, хилэнцийн үйлийг бага боловч тэвчиж яв. Буяны үйл бага байлаа ч үрэнд нь маш их амгалан жаргалан ирдэг. Нүглийн үйл бага байлаа ч үрэнд нь маш их зовлон гардаг. Хүнд буян үйлдвэл өөрт буян хурна. Хийж байгаа ажлаа том бага, хар бор ялгаагүй төгс сайн хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Хүний сэтгэлд хүрсэн сайн үйл бүхэн сэтгэл ханамжийг дагуулна. Тогтоол тушаал төлөвлөсөн ч, тогоо тавьж цай чанасан, ч тоос шороо арчсан ч түүнийгээ төгс сайн хий. Төгс сайн үйлдсэн бүхэн хүмүүст буян болно. “Ямар нэгэн ажлыг арвантаа тааруухан хийснээс, багаахан хэсгийг нь төгс сайн гүйцэтгэчих хэрэгтэй”. Дутуу хийснээс хийхгүй байх нь ч дээр. “Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй” нь тэдний агуу чанар билээ.
Худагны уснаас нь ууж байгаа бол худаг гаргасан хүнийг мартаж хэзээ ч болохгүй гэдэг шиг буяны тусыг хэрхэвч мартаж болохгүй. Өглөгийн эзэн байж хишиг буян хүртээх нь мэдээж сайн үйл. Өвдөж зовсон хүнд туслах нь түүнээс илүү буянтай үйл. “Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй” учраас өвдөж шаналсан хүнд туслах нь ач буяны дээд билээ. Буянтай байна гэдэг бурханы хишиг мөн, гэхдээ олондоо буян үйлдэж байж өөрт буян хурна гэдгийг эргэлзээгүй бодож явах учиртай. Буянтай хүний бухнаас тугал гарна гэдэг зүгээр ч нэг уянгын халилтай үг биш. Буян үйлдэж байж гагцхүү буянтан болдоггүй ажээ. “Будаа тариа мэт үржих буян хийгээгүй юмаа гэхэд дарж булж дийлэмгүй нүгэл үйлдэхгүй байх нь буянтай үйлс”.
Хүн чанар сайтай хүн буянтан байдаг билээ. Эрдэм чадлаа харуулахад амар, хүн чанараа харуулахад хэцүү гэдэг. Харин жинхэнэ буянт үйлсийн эздийн хүн чанар жигнэж хэмжих шаардлагагүй илхэн байх нь бахархам.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.